Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/221

 

 

 

 

 

      2022         02            24                                         2022/ДШМ/221                                                                                 

           Ү.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч А.П-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Цэцэгсүрэн,

цагаатгагдсан этгээд Ү.А-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/852 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.П-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ү.А-д холбогдох 2005031660536 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            А-,

 

            Ү.А- нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цогцолбор” байранд иргэн А.П-тэй “хууль бус хурал зохион байгууллаа, хуралд оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ү.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч А.П-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаас нь дүгнэлт хийгээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн улмаас шүүгдэгч Ү.А-г цагаатгаж, хэргийг үндэслэлгүй, буруу шийдвэрлэсэн.

хх 17-19 тал хохирогч А.П- 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг өгсөн, хх 36-37 тал хохирогч А.П- 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн, хх 41-42 тал хохирогч А.П- 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг өгсөн, хх 43-44 тал хохирогч А.П- 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг өгсөн, хх 47-49 тал гэрч П.Б- 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлэг өгсөн. Мөрдөгчөөс асуулт: А-, П- нар хоорондоо хэрэлдэж маргалдах үед хажууд нь хэн хэн байсан бэ? гэх, хариулт:” ....А-, П- хоёр шатны хэсэгт хоёулахнаа байсан. Би шатны дээд хэсэгт харж байсан, иргэний танхимын үүд хэсэгт хэсгийн ахлагч Г- мөн харж байсан"

хх 50 тал П.Б- гэрчийн мэдүүлэг үнэн зөв өгсөн тухай баталгаа гаргасан.

хх 51-53 тал гэрч С.Г- 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгсөн.

“Мөрдөгчөөс асуулт: Ү.А- гэгч нь А.П-гийн биед халдаж өшиглөсөн гэлээ тухайн үед А-тэй хамт байсан гэх залуучуудаас хажууд нь байсан уу? Хариулт: “...А- ганцаараа хорооны байранд орж ирээд засаг дарга Э-гийн өрөөнд маргалдсан, дараа нь өрхийн эмнэлгийн шатаар доош П-тэй маргалдаж бууж байсан. А-тэй хамт явсан залуучуудаас хажууд нь байгаагүй гэх”

хх 54 тал С.Г- гэрчийн мэдүүлэг үнэн зөв өгсөн тухай баталгаа гаргасан.

хх 55-56 тал гэрч Д.Э- 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг өгсөн. “...П- оруулахгүй гээд буруу хараад гараа алдлаад хашиж зогсож байхад араас нь нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд П- шатнаас зуурч авсан. Тэгэхээр нь чи ямар зэрлэг юм бэ эмэгтэй хүн өшиглөөд байхдаа яадаг юм бэ гэхэд энэ чинь миний утсыг булааж авах гээд байна гээд надтай маргалдаад доошоо иргэний танхим руу буусан. Тэгээд доор очиж маргаан үүсгээд байхаар нь хөөж гаргачихаад байж байхад цагдаа нар ирээд А-г болиулсан”.

Мөрдөгчөөс асуулт: тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байсан уу? Хариулт: тухайн үед А-тэй ирсэн 10 гаран хүмүүсээс дийлэнх нь архи үнэртүүлсэн байхаар нь бид нар дотогшоо согтуу хүн оруулахгүй гэж хэлээд оруулаагүй.

Мөрдөгчөөс асуулт: тухайн үед өөр хэн байсан бэ? Хариулт: “...А- ганцаараа дотогшоо орж ирсэн. Тэгээд П-г өшиглөсний дараа надтай маргалдаж байхад хамт ирсэн хүмүүс нь ирсэн. Тухайн үед хэсгийн ахлагч Н-, Б- нар хажууд нь зогсож байсан. Мөн хороон цагдаа Д- гадна хаалган дээр ирсэн хүмүүсийг зохицуулаад зогсож байсан” гэх

хх 57 тал Д.Э- гэрчийн мэдүүлэг үнэн зөв өгсөн тухай баталгаа гаргасан.

хх 58-59 тал гэрч С.Н-н 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг.

Мөрдөгчөөс асуулт: тухайн үед өөр хэн байсан бэ? Хариулт: “...тухайн үед Б- бид хоёр шатны дээд талд байсан. Тэгээд П-г А- өшиглөх үед засаг дарга Э- хажууд нь байсан гэх”

хх 60 тал С.Н- гэрчийн мэдүүлэг үнэн зөв өгсөн тухай баталгаа гаргасан.

хх 61-62 тал гэрч Л.Э- 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг.

Мөрдөгчөөс асуулт: тухайн үед өөр хэн байсан бэ? Хариулт: “...тухайн үед манай хэсгийн ахлагч Г- бид хоёр шатны доод талд байсан”

хх 63 тал Л.Э- гэрчийн мэдүүлэг үнэн зөв өгсөн тухай баталгаа гаргасан.

Дээр дурдсан нэр бүхий гэрч, хохирогч нар нь хэрэг болсон гэх Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байран дотор 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрчийн эрх, үүрэгтэй танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх талаараа бичгээр баталгаа гарган мэдүүлсэн ба тэдгээрийн мэдүүлгийг бодит байдалд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь шалгаж, яллах, цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү цуглуулсан.

Анхан шатны шүүх цагаатгах дүгнэлтийн үндэслэл болгож буй баримтууд нь:

хх 80-82 дугаар талд гэрч Ц.Д- 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг, хх 157-158 талд гэрч Э.Д- 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг, хх 160-161 талд гэрч Б.Л- 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг, хх 170-171 талд гэрч Ц.Н- 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг, хх 173-174 талд гэрч Т.М-ын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг, хх 176-177 талд гэрч Д.Б- 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг, хх 179-180 талд гэрч С.Н- 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг, хх 166-168 талд гэрч Н.Б- 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг. Дээрх гэрч нарын мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд хэрэг гарснаас хойш 5-6 сарын дараа өгсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар бусад нотолгооны эх сурвалжаар тогтоогдоогүй байна. Хохирогч А.П- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээр мэдүүлэгт зөрүү байхгүй, гэрч П.Б-, С.Г-, Д.Э-, С.Н-, Л.Э- нарын мэдүүлгээр нотлогдох ба гэрч нар нь тусгайлан үнэн зөв мэдүүлэг өгсөн талаараа бичгээр баталгаа гаргаж өгсөн нь нотолгооны ач холбогдолтой байна. Нэр бүхий гэрч П.Б-, С.Г-, Д.Э-, С.Н-, Л.Э- нар нь тухайн цаг үед хэрэг гарсан Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны цогцолбор байрны шатны хэсэгт Ү.А- нь хохирогч А.П-г өшиглөсөн цаг хугацаанд өөр хүмүүс байгаагүй ба түүнээс хойш цагдаа болон бусад хүмүүс ирсэн гэдгийг мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлгээр хэрэг учрал болсон газарт тухайн цаг хугацаанд цагдаагийн алба хаагч Ц.Д- үүдний хаалганы цаана ирсэн хүмүүсийг зохицуулж байсан, Э.Д-, Б.Л- нар нь байгаагүй, хэрэг гарснаас хойно орж ирсэн болохыг мэдүүлсэн байна. Харин Ц.Н-, Т.М-, Д.Б-, С.Н-, Н.Б- нар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд мэдүүлэг өгсөн ба 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байранд байсан эсэх нь бусад нотлох баримтын түвшинд тогтоогдоогүй, гэрч нар нь мөн бусад гэрч нарыг тухайн газарт байсан эсэх талаар мэдүүлээгүй, хэрэг гарснаас хойш 7 сарын дараа мэдүүлэг өгсөн зэрэг нь тухайн мэдүүлгүүдийг үнэн зөв эсэхэд бодит эргэлзээ үүсгэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, тайлбарыг үнэлж дүгнэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь дүгнэлтийг хийх ёстой ба дээр дурдсан гэрч нарын мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхдээ хэн, хэзээ, хэрхэн ямар үйл явдлыг гэрчилж мэдүүлж байгааг анхаарч үзээгүй байна. Зүй нь Ц.Д-, Э.Д-, Б.Л-, Ц.Н-, Т.М-, Д.Б-, С.Н-, Н.Б- нар нь зөвхөн Ү.А-г хохирогч А.П-г өшиглөсөн үйл явдал болоогүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэг гарсан газар буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байранд шүүгдэгч Ү.А- нь нэвтэрч засаг дарга Д.Э-гийн өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэсэн эсэх, тухайн өрөөнөөс гарч иргэний танхим руу буюу зоорийн давхар луу бууж орсон эсэх, тухайн иргэний танхимаас гаран дахин дээшээ гарч хэрүүл маргаан үүссэн эсэх, түүний дараа дахин иргэний танхим руу буюу зоорийн давхар луу буусан эсэх зэрэг тухайн цаг хугацаанд хэн, хэн байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг хангалттай бүрэн илэрхийлдэггүй, зөвхөн хохирогч А.П-г буруутгах, харлуулах өнгө аястай үйл явдлыг мэдүүлдэг. Түүнчлэн насанд хүрээгүй гэрч Б.А- мэдүүлэхдээ “...манай ээж А.П- 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө цагдаа дээр мэдүүлэг өгөөд ирлээ гээд 01 цаг өнгөрөөд гэртээ ирсэн. Тэгээд ахар сүүл хатгуулж өвдөөд байна гэж хэлээд өрөө рүүгээ алхаад явсан. Би маргааш нь хичээлдээ яваад өдөр 17 цаг өнгөрөөгөөд ирэхэд ээж орноосоо босохгүй бие өвдөөд байна гээд хэвтэж байсан. Маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед ээж алхаж чадахгүй өвдөөд байна гээд оцон шувуу шиг удаан алхаад байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд тэндээсээ шүүх эмнэлэг рүү явсан. ...ээж шүүх эмнэлгийн эмчид үзүүлэх гээд би гадаа машиндаа 3 цаг орчим хүлээгээд ээж гарч ирээд буцаад гэртээ харьсан. Тэр шөнөдөө халуураад ёолоод унтаж чадахгүй байсан. Маргааш өглөө нь ээж гэмтлийн эмнэлэг рүү явлаа гээд би бэлтгэлдээ явсан. Ээж гэмтлийн эмнэлэгт хоёр шөнө гурван өдөр хэвтээд гарсан. Тэрнээс хойш гэртээ хэвтрийн дэглэм сахиж  2-3 сар гэрээсээ гараагүй. Тухайн хугацаанд карантинд байсан учраас би бас гараагүй. Эмнэлэг явахдаа ээж надтай нэг өдөр явсан” гэх мэдүүлэг. Хавтас хэргийн 74-75 дугаар талд авагдсан ба хохирогчийг маргааш өдөр нь зүгээр явж байсан гэх гэрч Н.Б-гийн мэдүүлэгтэй зөрүүтэй буюу гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Дээрх насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр хохирогч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гэрээсээ гараагүй, гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэг рүү явснаас ажлын байр болон бусад газраар яваагүй, гэртээ дэглэм барьж байсан нь нотлогдож байх ба ахар сүүлний хугарал гэмтлийн зовиур их байсан болох нь тогтоогдож байна. Энэхүү мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн бусад бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн гэрч Ц.Д-, Э.Д-, Б.Л-, Ц.Н-, Т.М-, Д.Б-, С.Н-, Н.Б- нараас хэн нь ч бусад гэрч нарын адил үнэн зөв мэдүүлэг өгсөн талаараа бичгээр баталгаа гаргаагүй байх ба эдгээр гэрч нарын мэдүүлгээр гэрч П.Б-, С.Г-, Д.Э-, С.Н-, Л.Э- нарын мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үндэслэл болохгүй юм. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу бодит эргэлзээ үүссэн гэж үзэж шүүгдэгч Ү.А-г цагаатгаж шийдвэрлэснээрээ хохирогч А.П-г бусдыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэх шууд бус дүгнэлтийг хийжээ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 852 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч А.П-гийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэрэгт авагдсан баримтуудаас А-гийн үйлдлийг үгүйсгэсэн байдлаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Харин түүний гэм буруутай үйлдлийг харсан гэрч нарын мэдүүлгүүдээс хэн, хэний мэдүүлгийг, хэрхэн үгүйсгэж байгаа талаарх үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэг болсон цаг хугацаанд байгаагүй нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. А-гийн гэмт үйдлийг харсан байх бүрэн боломжтой гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн байдлаа тодорхой тусгаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлж байгаа хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэж байгаа бол хохирогч, гэрч нар А-г гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж гүтгэсэн юм уу, эсхүл хэн, хэн худал мэдүүлэг өгсөн бэ гэдэг талаар тодорхойлж, дүгнэлт хийх ёстой. Худал мэдүүлэг өгсөн гэдэг нь баримтаар нотлогдож байгаа гэдгийг тодорхой заагаад өгсөн бол худал мэдүүлэг өгсөн этгээдүүд хариуцлага хүлээх ёстой байсан. Шинжээчийн дүгнэлтүүдээр П-гийн биед гэмтэл учирсан гэдэг нь тогтоогддог. Шинжээч нар “хүн бүрийн тэсвэрлэх чадвар нь өвдөлтөөс хамааран хүн бүрт адилгүй байдаг. Өвдөлтийн босгоос хамаараад үйл хөдлөл нь хязгаарлагдах эсэх нь тухайн хүний өвдөлт, тэсвэр, тэвчээрээс шалтгаална” гэж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх “10 дугаар сарын 29-ний өдөр П- явж байгаа бичлэгүүд байна. Энэ бичлэгээс харахад үйлдэл нь ямар нэгэн байдлаар хязгаарлагдсан шинжгүй байгаа учраас тухайн өдөр гэмтээгүй байна” гэж дүгнэсэн. Хохирогч П- 10 дугаар сарын 29-ний орой 23 цагт цагдаагийн байгууллага дээр очиж мэдүүлэг өгөхдөө “миний нуруугаар өвдөөд байна. Ууц, нуруу, бүсэлхий орчимд өшиглөсөн” гэсэн байдаг. Шүүгдэгч 11 дүгээр сарын 2-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн байна. Уг хугацаанд гэмтсэн байх боломжтой гэж тайлбарладаг. Хохирогчийн өгсөн мэдүүлэг хэргийн 36 дугаар талд авагдсан. 11 дүгээр сарын 2-ны өдөр хохирогчоор тогтоогдон дахин мэдүүлэг өгөхдөө “Шатан дээр хүмүүст маск тараагаад зогсож байхад А- дахин гүйж орж ирээд Засаг даргын өрөөнд орж хэрүүл хийгээд, коридорт Засаг даргатай хэрэлдээд, маргалдаад, түлхэлцээд байсан. А- миний ахар сүүлны орчим өшигөөд, би шатны бариулаас зуурч аваад тогтсон” гэсэн байдаг. Энэ талаар тэнд байсан гэрч нар тодорхой мэдүүлдэг. П-д А-ээс өөр гэмтэл учруулсан хүн байхгүй, өөр хүнтэй маргалдаагүй. Хэд хоног өвчтэй гэртээ хэвтэж байгаад 11 дүгээр сарын 2-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн, томографийн зураг авахуулсан гэдгээ мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ү.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ үйл явдал нь орон нутгийн сонгуулийн дараа болсон. Орон нутгийн сонгуулиар Ардын нам 4, Ардчилсан нам 10, Хүн нам 2, МАХНам 1 суудалтай болсон. Хорооны даргыг сонгох хууль бус хурал хийсэн. Очиж шаардлага тавьсан, харин хэрүүл, маргаан, зодоон хийгээгүй, хууль бус үйлдлийг баримтжуулан гар утсаараа бичлэг хийж байсан. Надад хүн зодох үндэслэл байгаагүй. Э-, П- нар нь “хорооны хурал хийгээгүй, Ардчилсан нам хурлаа хийж байна” гээд намайг гар гэж хөөсөн. Бичлэг хийж байсан миний гар утсыг П- булааж аваад цагдаа нар ирэхээс өмнө бичлэгийг устгасан. Цагдаа нар ирээд, би цагдаа нартай хамт хорооны байр луу ороод П-гээс булаалгасан утсаа авсан. Миний биед халдаж, утас булааж авсан учраас захиргааны арга хэмжээ авч өгнө үү гэж гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага дээр П- бид хоёр хамт очсон. Түүний биед хүрсэн зүйл байхгүй. Цагдаа дээр хоёр цаг орчим болоход П-д өвдсөн, эмзэглэсэн зүйл байгаагүй. Өмгөөлөгч нарын хэлж байгаа гэрч нарын мэдүүлэг үндэслэлгүй. Тухайн өдрөөс 5 хоногийн дараа хувийн эмнэлэгт зураг авахуулсан байсан. Уг зурагт үндэслэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн хэрэг болсон гэх өдрөөс хойш 6 хоногийн дараа П- гэнэт сэхээнд хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхээс өмнө зүгээр явж байсан гэдгийг гэрч нар нотолдог. Шинжээч “Ахар сүүлэнд маш их мэдрэлийн систем байдаг, гэмтэл авсан даруй маш их өвддөг, шокийн байдалд ордог” гэж хэлсэн. Тухайн үйл явдал болсны дараа цагдаа нар ирэхэд П- ямар нэг байдлаар хөдөлгөөн нь хязгаарлагдаагүй,  гадаа гүйж явсан бичлэг нь байдаг. Хохирогчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй байна. Хорооны байр П-гийн мэдэлд байсан. Хорооны байр нь бүх газартаа камертай, хэрэг нээгдээд камерын бичлэгийг шүүлгэх гээд очиход уг үйл явдал болсон хоёр цагийн бичлэгийг устгасан байсан. Хохирогч талаас бичлэгийг устгасан. Хурал хийж байхад Ардчилсан намынхан завсарлага авсан. Маргааш нь хуралд очиход хурлыг орхиж гарч явсан. Нэг хоногийн дотор гэмтлийг эмчлэх боломжгүй. Улс төрийн зорилготой гэдэг нь харагддаг. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэлтэй дүгнэсэн учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ү.А-гийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Яллагдагч өмгөөлөгч аваад хүсэлт гаргасны үндсэн дээр бусад гэрч нарыг асуусан. Үүнээс нэг талыг барьсан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан гэдэг нь харагддаг. Тухайн үед нам бус, хорооны оршин суугч нар очсон байсан. Зөвхөн Ардчилсан намын гишүүдийг асуугаад бусад гэрч нарыг асуугаагүй байсан. М-, Ш- гэх хүмүүсийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа баримтыг анхан шатны шүүх зөв үнэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйл явдал болсноос 5 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. Асуумжид явганаас унасан гэсэн. Бусдад өшиглүүлсэн бол гэмтлийн эмнэлэг цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Мөн бусдад өшиглүүлсэн, унасан гэх бэртлүүд нь өөр байдаг бөгөөд асуумж нь хэн нэгний хөндлөнгийн оролцоогүйгээр явагдсан. Эрдэнэболор, Мөнхзул, Эрдэнэбаатар нарын мэдүүлэг хэрэгт авагдсан. Тухайн цаг хугацаанд энэ гэмтлийг авсан бол шокийн байдалд орж хөдөлгөөн нь хязгаарлагдаж, босч, сууж, түргэн алхах боломжгүй гэж шинжээч нар мэдүүлсэн. Камерын бичлэгийг гаргуулах талаар хүсэлт гаргахад бичлэг нь устсан байсан. Нуруу луу нь өшиглөсөн бол тухайн үед энэ талаараа хэлэх байсан. А-г орж ирснээс эхлээд хэсгийн байцаагч, цагдаа нар дагаж явсан. Хохирогч нь маш их хэл амтай хүн учраас өшиглүүлсэн бол тухайн үедээ шууд хэлэх байсан. Олон хүн байсан учраас өшиглүүлсэн бол маргаан үүсэх байсан. Гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. ...” гэв.

 

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цагаатгагдсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ү.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокуророос Ү.А-г 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цогцолбор” байранд иргэн А.П-тэй “хууль бус хурал зохион байгууллаа, хуралд оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдан ахар сүүлэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь ахар сүүлний 3 дугаар нугалмын зөрүүтэй хугарал, ууц, зоо хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Ү.А-г 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны байранд “хууль бус хурал зохион байгууллаа, хуралд оруулсангүй” гэх шалтгаанаар маргалдан ахар сүүлэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь ахар сүүлний 3 дугаар нугалмын зөрүүтэй хугарал бүхий гэмтэл учруулсан хэмээн хохирогч А.П-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогч А.П-д учирсан гэх гэмтлийн талаар шинжээч эмч Б.Ариунзулын “...гэмтэл авсан даруйд тухайн хүний биед өвдөлт үүсэж ихэнх тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдана. Хурдан алхах, гишгэх, сууж босоход хүндрэлтэй, инээх, ханиах, дүлэх, орилж хашгирах үед өвдөлт өгч дээр дурдсан хөдөлгөөн хязгаарлагдана. ...Тус бичлэгт А.П- нь ахар сүүл хугарсны улмаас үүсэх зовиур шаналгаагүй болон хөдөлгөөн хязгаарлагдсан зүйл харагдахгүй байна. ...” /1хх 111, 112/, шинжээч эмч Ч.Эрдэмболорийн “...өвдөх, хөндүүрлэх, сууж босох, хурдан алхах, гүйх зэрэг үйлдэл хийх боломжгүй. Ахар сүүл хугарсан хүн удаан баацаганаж явах бөгөөд идэвхтэй хурдан хөдөлгөөн хийх боломжгүй. Чанга орилж хашгирах зэрэгт өвдөлт нэмэгдэх учраас уг үйлдлүүд хязгаарлагдана. ...Хугарал үүссэн даруйд өвдөлт хүчтэй мэдрэгдэнэ. Тус бичлэгт А.П- нь өвдөж зовиурласан шинжгүй үйлдэл хөдөлгөөн хийж байна. Ахар сүүл хугарсан хүн ийм үйлдэл хийх боломж огт байхгүй. ...” /1хх 114-115/, шинжээч эмч Г.Энхбаатарын “...тус гэмтлийг авсан даруйд хүчтэй өвдөлт өгнө. Мөн өвдөлтийн үед хөдөлгөөн хязгаарлагдаж удаан алхах, сууж босоход бэрхшээлтэй. Тэр үед өвдөлт улам нэмэгдэх зэрэг шинж илэрнэ. Өвдөлтөөс хамаарч хурдан алхах, гүйх, сууж босох, дүлэх зэрэг үед хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байна. Тус бичлэгийг үзэхэд А.П- нь ямар нэгэн зовиур, өвдөлтийн шинжгүй, хөдөлгөөн хязгаарлагдаагүй байна. Энэ үйлдлийг хийж, гүйж идэвхтэй хөдлөх боломжгүй. ...” /1хх 118-119/, гэрч Ж.Б-н “...ахар сүүлний гэмтлийг халтирч унасны улмаас биедээ авсан гэх өгүүлэмжтэй байсан. Өөр байдлаар гэмтсэн бол өвчний түүх дээр энэ талаар нарийн тусгаж тэмдэглэсэн байх ёстой. ...” /1хх 150-151/,

Ү.А-, А.П- нарын хэрэлдэж маргалдсан талаар гэрч Ц.Д-гийн “...тэр хоёр хоорондоо нэлээдгүй хэрэлдэж, орилолдоод байсан. Тэрнээс нэг нэгэндээ гар хүрсэн зүйл байхгүй. Учир нь гар хүрсэн бол тэнд байсан хүмүүс зодолдож эхлэх байсан. ...” /1хх 80-82/, гэрч Э.Д-гийн “...би А- болон хэсгийн ахлагч нарыг хоорондоо зодолдчихож магадгүй гэж бодоод ерөнхийдөө хянаад шатны дээр зогсож байсан. ...А- хэсгийн ахлагч гээд махлаг 35-40 орчим насны эмэгтэй хүнтэй хэрүүл хийгээд яваад байсан. Миний харахад нэгнийгээ цохиж зодсон зүйл болоогүй. Хэрвээ хэн нэгнийгээ цохиж, зодсон үйлдэл гарсан бол тэнд зодоон болох байсан. ...” /1хх 157-158/, гэрч Б.Л-гийн “...Энэ үед нүдний шилтэй эрэгтэй болон махлаг эмэгтэй нар хоорондоо хэрэлдээд шатан дээр зогсож байсан. ...Хэрвээ А- тэр эмэгтэйг өшиглөсөн бол тухайн үед бөөн юм болох байсан. ...Тэр хүнд маш их эмзэглэлтэй болон явж чадахгүй зүйл огт анзаарагдаагүй. ...” /1хх 160-161/, гэрч У.Энх-Эрдэнийн “...намайг ороход ямар нэгэн зодоон огт болоогүй. П- А-г чирч гадаа гаргасан. ...П-гийн биед ямар нэгэн гэмтэл шарх огт харагдаагүй. Харин тэнд гарч ирээд хэрүүл хийгээд орилоод гүйгээд байсан. ...” /1хх 69-70/, гэрч Б.Лхамсүрэнгийн “...тухайн үед эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. ...П-гийн биед ямар нэгэн зовиуртай зүйл анзаарагдаагүй. ...” /1хх 71-72/, гэрч Ц.Н-ийн “..А- нь П-г цохиж зодсон зүйл огт байхгүй...” /1хх 171/, гэрч Т.М-ын “...цохиж зодсон зүйл огт болоогүй...” /1хх 174/, гэрч Д.Б-ийн “...цохиж зодсон зүйл огт болоогүй, би өөрөө яг хажууд нь байсан. ...” /1хх 177/, гэрч С.Н-ын “...А- П-г зодсон гэх зүйл огт болоогүй. ...” /1хх 180/, гэрч Н.Б-гийн “...А- П-г цохиж, зодсон зүйл болоогүй. Учир нь би яг ард нь дагаад орж таарсан ба цуг хөөгдөж яваад тэд нарыг цагдаагийн машинд суух хүртэл тэр орчимд нь байсан. ...П- маргаан болсон өдөр хэрүүл хийгээд явж байсан, мөн маргааш нь зүгээр гудамжаар явж байсан. ...Гэнэт 7 хоногийн дараа ГССҮТ-д хэвтээд зурагтаар гарсан. ...” /1хх 166-168/, гэрч Д.Д-гийн “...хорооны гадаа үүдэн дээр нэг махлаг эмэгтэй орилж чарлаад нэг харсан чинь А-тэй заамдалцаад зогсож байсан. ...2 хоногийн дараа хороон дээр Өрхийн эмнэлэгт очиж эм бичүүлэх гэж байхад нөгөө махлаг эмэгтэйтэй хорооны гадаа таарахад зүгээр явж байсан. ...” /1хх 65-66/, гэрч Л.Э-ийн “...П-г эргэж харахад А- араас нь өшиглөж харагдсан. ...” /1хх 61/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...А-гийн хөлийн үзүүр гозолзохыг харсан. Тэрнээс биш яг өшиглөж байхыг хараагүй. ...” /2хх 94/, гэрч П.Б-ийн “...А- П-гийн ар нуруу хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн П- шатны уруу унангаа алдаад шатны төмөр бариулаас бариад тогтсон...” /1хх 47-49/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...П-г эргээд алхах үед нь өшиглөчихсөн бөгөөд П- хөл алдаад завсрын хана тулаад хана түшээд унахаас сэргийлж зогссон. ...” /2хх 101-103/, гэрч С.Г-ийн “...А- П-гийн ар нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж байгааг харсан...” /1хх 52/, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...А-гийн хөлийн үзүүр доошоо бууж байхыг харсан...” /2хх 110/ гэх мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-26-27/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 70-91/ зэрэг баримтууд авагджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “...улсын яллагчийн яллаж буй баримтууд нь шинжээч эмч Б.Ариунзул, Ч.Эрдэмболор, Г.Энхбаатар болон гэрч Ж.Б-, Ц.Д-, Э.Д-, Б.Л-, У.Энх-Эрдэнэ, Б.Л-, Б.Лхамсүрэн, Ц.Н-, Т.М-, Д.Б-, С.Н-, Н.Б-, Д.Д- нарын мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ш.А-г А.П-гийн араас өшиглөж байхыг харсан” гэж мэдүүлсэн гэрч нар болох Л.Э-ээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “А-гийн хөлийн үзүүр гозолзохыг харсан. Тэрнээс биш яг өшиглөж байхыг хараагүй. ...”, П.Б-ээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...П-г эргээд алхах үед нь өшиглөчихсөн бөгөөд П- хөл алдаад завсрын хана тулаад хана түшээд унахаас сэргийлж зогссон. ...”, С.Г-ээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “...А-гийн хөлийн үзүүр доошоо бууж байхыг харсан. ...” гэх мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр хохирогч, шүүгдэгч, гэрч нар тухайн үед маргаан болж өшиглүүлсэн гэх газрыг заасан байх бөгөөд хохирогчийн “намайг өшиглөсөн” гэж заасан газар нь шүүгдэгч болон гэрч Ц.Д- нарын “маргаан болсон" гэж заасан газраас өөрөөр заасан, зөрүүтэй гэх бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ү.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, Ү.А-г хохирогч А.П-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй байх бөгөөд Ү.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр А.П- нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Ү.А-д өшиглүүлж гэмтсэн гэх боловч анх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр компьютер томографын зураг авахуулсан байх ба хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч А.П- нь тус гэмтлийг авсан даруйд хүчтэй өвдөлт өгч, хөдөлгөөн хязгаарлагдах буюу 11 дүгээр хорооны байрны гадна гаргаж буй идэвхтэй үйлдлийг хийх боломжгүй тул тухайн цаг хугацаанд гэмтэл авсан эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Нөгөөтэйгүүр тэрээр хэрэг гарсан гэх цаг хугацаанаас 6 хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 4-ний 00 цаг 17 минутын үед Гэмтэл, Согог судлалын үндэсний төвд хэвтэхдээ “явганаас халтирч унаж гэмтэл авсан” гэх өгүүлэмж өгсөн нь хохирогчийн өвчний түүхэнд тэмдэглэгдэж /1хх 209/, энэ талаар эмчлэгч эмч Ж.Б- “...ахар сүүлний гэмтлийг халтирч унасны улмаас биедээ авсан гэх өгүүлэмжтэй байсан. Өөр байдлаар гэмтсэн бол өвчний түүх дээр энэ талаар нарийн тусгаж тэмдэглэсэн байх ёстой. ...” мэдүүлсэн зэргээс үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч А.Пүрэсүрэнгийн эрүүл мэндэд нь ахар сүүлний 3 дугаар нугалмын зөрүүтэй хугарал, ууц, зоо хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ү.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүссэн тохиолдолд тэдгээрт ашигтайгаар шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт тул анхан шатны шүүхийн энэ заалтыг баримтлаж шийдвэрлэсэнийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...” гэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч А.П-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Цэцэгсүрэн нарын “...цагаатгах тогтооыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/852 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...” гэснийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч А.П-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН