| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2026/0232/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/231 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /цахим/,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2608000000023 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны *** сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, аав, ээж, охины хамт, *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө овгийн Э-ийн Э /РД:***/,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 12 сарын 05-ны өдөр *** дүүргийн ***-р хорооны нутаг *** хотхоны хажуугийн авто зам дээр *** улсын дугаартай тоёота сай маркийн тээврийн хэрэгслийн арын гэрлийг гараараа цохиж, хагалсан үйлдлийн улмаас бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л Э.Э нь 2025 оны 12 сарын 05-ны өдөр *** дүүргийн ***-р хорооны нутаг *** хотхоны хажуугийн авто зам дээр *** улсын дугаартай тоёота сай маркийн тээврийн хэрэгслийн арын гэрлийг гараараа цохиж, хагалсан үйлдлийн улмаас бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Э-ийн “Тухайн асуудал болох үед би байгаагүй, манай төрсөн хүү Б.Т нь 2025 оны 1-р сарын 05-ны орой над руу залгаад машины арын гэрэл рүү нэг эмэгтэй цохиод хагалчихлаа гэсэн миний эзэмшлийн *** хохирлын үнэлгээгээр 500,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 55,000 төгрөг нийт 555,000 төгрөгийн хохирол учирсан тухайн буруутай этгээдээр энэ төлбөрийг гаргуулан авна өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, гэрч Б.Т-гийн “*** дүүргийн ***-р хороо *** хотхоны авто зам дээр ээжийн эзэмшлийн *** улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх явцад халтиргаа гулгаатай байх үед туслах замаас өөр нэг машин орж ирсний улмаас осол гарсан юм. Улмаар тус машины жолооч бид хоёр маргалдаж байтал тухайн мөргүүлсэн машины жолоочийн хамаатан гэх хүн сүүлд ирж надтай маргалдаж улмаар машины баруун талын арын гэрлийг цохиж хагалсан учир би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 20 ху/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, *** улсын дугаартай Toyota Sai загварын тээврийн хэрэгсэлд нийт 500.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-37 ху/, яллагдагчийн “Би 2025 оны 12-р сарын 05-ны өдөр 18 цагийн үед өөрийн гэртээ байж байтал 18 цагийн үед манай хамаатны ах А хүү Б руу залгаад машин шүргэчихлээ хүрээд ир гэсэн. Тэгээд би манай дүү Бй бид 2 *** хотхон хорооллын хажуугийн зам дээр очсон. Тэгээд нөгөө машины хүнтэй маргасан чинь манай дүү та машиндаа очоод сууж бай гэсэн. Тэгээд би Б-н машинд сууж байсан чинь нээх удаагүй над дээр ирээд та тэр хүний машины арын гэрлийг нь цохиод хагалсан байна гэсэн тэгэхээр нь би очоод харсан чинь хагарчихсан байсан.Тэр жолооч хэл амаар доромжлоод байхаар нь машиндаа суусны дараа арын гэрэл рүү нь гараараа цохисон чинь хагарчихсан” гэсэн мэдүүлэг /хх 49 ху/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа ойлгож байгаа. Миний буруу. Хохиролд 562.000 төгрөгийг төлсөн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.Э-н бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Э-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-д 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Миний данс руу 555.000 төгрөгийг шилжүүлсэн тул одоо надад гомдол санал байхгүй” /хх 78 ху/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Э-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА