| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0932/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/866 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/866
2026 04 01 2026/ШЦТ/866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч Д.Э,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Г” танхимд танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Д.Эт холбогдох эрүүгийн 2511032340297 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-455 тоот өөрийн гэрийн хашааны гадаа иргэн Д.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Өмнөговь Улаанбаатар хот хоёрын хооронд ачааны машин барьдаг. Манай компаниас машинаа аваад ир гэхээр нь гэр рүү авах гээд ирсэн. Гэрийн үүдэнд цагаан дунд оврын жийп байсан бөгөөд цонх нь онгорхой машин нь асаалттай, ард талд нь хоёр хүн унтаж байсан. Манай эсрэг талын урд талын хашаанд хүмүүс төмөр буулгаад байж байсан. Энэ тэрэгний жолооч байна уу? гэхэд наадах чинь жолооч нь байхгүй гэж биеийн тамирын хослолтой залуу хэлсэн. Машинаа хашлагаар машин давуулж байтал машин дотор 1 эмэгтэй нь сэрчихсэн байхаар нь жолооч нь хаана байна вэ? гэтэл наад хашаан дотор байгаа гэсэн. Тэгээд ортол 3-4 залуу өөдөөс инээгээд байсан тэгээд инээгээд байхаар нь овоо бацаанууд вэ? гээд хэлчхээд би эргээд хаасан машины түлхүүрийг аваад хашаа руугаа орсон. Тэгээд байж байтал машинаа холдуул энэ тэр гээд ална тална гээд хашааны цаанаас орилоод байсан. Манай хашаа гүйдэг хаалгатай тул эд нартай маргалдахгүй гээд машиных нь түлхүүрийг шидсэн. Удалгүй энэ хэд дахиад хашааны хаалга нүдээд байсан. Эхлээд айлгах гээд бетоны хагархай хашаа давуулж шидсэн. Гэтэл нэг нь хаалга түлхээд онгойлготол шууд завсраар нь нүүр лүү цохисон. Эргээд хартал банзны хугархай байсан бөгөөд цохих гэтэл бултсан. Хашаан дээгүүр хартал хоёр нь хаалга түлхчихсэн нэг нь машины хажууд зогсож байсан. Тэгээд би машинаа холдуул гээд төмөр авч шидсэн. Миний шидсэн төмөр замын голд байж байсан бөгөөд төмрөө авч байтал саарал биеийн тамирын хувцастай нөхөр араас цохих гэж байхаар нь хохино шүү гээд төмрөөрөө далайсан. Төд удалгүй цагдаа ирсэн, намайг төмөр авч байхад хашааны үүдэнд нэг нөхөр толгойгоо барьчихсан сууж байсан...” гэв.
Эрүүгийн 2511032340297 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ЕГ0725/12698 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-йн 50-51/,
Хохирогч Д.Эын “сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52/,
Шүүгдэгч Д.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-48/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-455 тоот өөрийн гэрийн хашааны гадаа иргэн Д.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед найз Х.А надтай холбогдоод хамт төмөр буулгаад өгөөч гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо сургуулийн 24-н тэнд найз Х.А, О, тэнд байсан жолоочийн хамт төмөр буулгаж байсан. Төмөр буулгаж байх явцад нэг залуу ирээд машины эзэн ирээд явсан тухайн үед мэдэхгүй гэж хэлээд төмрөө буулгаж байх явцад тэгээд Х.Аын машин болох RX загварын машины алга болсон байхаар түлхүүрээ хайж байх явцад гудамжаар явж байсан эгч наад айлын чинь машины түлхүүрийг чинь авч яваад гэр лүүгээ орсон гэж хэлсэн. Тэгээд тэр хашааны хаалгыг нүдэх үед тэр айлын эзэн машинаар дайрна шүү гэж хэлсэн тэгээд бид чи мэдрэл муутай юм уу түлхүүрээ авья гэж хэлэх үед хашааныхаа цаанаас луу бололтой зүйл шидсэн. Би хашааны завсраар харж байх үед гадаа юм бариад хаалгаар гарах гээд байх үед би хаалга дарж зогссон. Тэгээд хаалгаар гарч ирээд миний толгой руу нэг зүйл цохиод би хэсэг ухаан балардсан миний толгойноос цус гараад хашааны тэнд сууж байх үед түргэн ирсэн. Тэгээд хэсэг ухаан алдсан байсан гэмтэл орж байх замдаа сэрсэн толгойндоо цохиулсны дараа хэсэг зүйлээ санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-455 тоотод гэртээ ирсэн тэгэх үед хашааны хаалга хаагаад саарал өнгийн LEXUS загварын машин байсан. Тэгээд сигналдах үед машин дотор хоёр хүн байсан бөгөөд тэр хоёр унтаж байсан. Тэгээд манай гэрийн урд байрлах айлын хаалга онгорхой 4 хүн хашаан дотор машин дээр юм ачиж байсан. Тэгээд тэр LEXUS-ийн жолооч байна уу? гэж асуусан. Жолооч нь байхгүй гэж саарал биеийн тамирын хослолтой залуу надад тэгж хэлсэн. Тэгээд би өөрийн хашааны хаалга давж ороод хашааны хаалгыг онгойлгоод хашлага даваад хашаа руу оруулах гээд явж байсан чинь LEXUS-ийн хойно удаж байсан нэг нь сэрсэн байхаар машины холдуулаач эз гээд хэлхээр нь тэр эмэгтэй жолооч нь наад урьдлын хашаа буюу юм зөөж байсан хашаа руу заагаад тэнд жолооч байгаа гэж хэлсэн. Тэгээд би уурлаад LEXUS машины түлхүүрийг аваад өөрийн машиндаа суугаад хашаа руугаа ороод хашааны хаалгаа хаасан. Тэгээд би өөрийн гэрийн хаалга онгойлгох гэж байх үед хашааны хаалга нүдсэн. Тэгээд хашааны хаалга нүдсэн нэг залуу "Чи яахаараа машины түлхүүр авдаг юм бэ гэж хэлэхэд. Тэгээд би "Та хэд өөрсдөө наад машинаа зөв байрлуулаад сурчихаа гэж хэлээд машины түлхүүрийг нь хашааны доогуур шидсэн. Тэгээд би гэр лүүгээ орох гэж байхад хашааны хаалга хүчтэй нүдээд байхаар нь би хашааны хаалганы араас гарах гэсэн боловч хаалга дараад зогссон байсан тэгээд тэр хаалга барьж байсан залуу эвдэрдэггүй хаалгатай гэж бодоо юу гэсэн. Тэгээд хашааны цаана байсан хэд намайг ална гэх үгээр олуулаа хэлж хашааны хаалга нүдсээр байсан. Тэгээд би буцаж гэрийнхээ үүдэн дээр очоод хаалганы урд байх битоны хагархайг аваад хашаа давуулаад шидсэн мөн гарт таарсан нэг төмрөө хашаа давуулаад шидсэн. Тэрний дараа хашаан дээгүүр өндийж харах үед нэг залуу нь доошоо тонгойгоод толгойгоо бариад суусан байсан тэр үед хоёулаа байсан. Тэгээд тарний дараа хаалга онгойлгох гэсэн боловч онгойгоогүй тул дахиад нэг төмөр аваад шидсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2025 оны 10 дугаар сарын 02-ны 13 цагийн үед Хайлаастын 15-р хороо тухайн тоот хаяг руу найз Ггийн хашаа руу төмөр оруулж тавихаар О, Э, Жолоочийн хамт байсан. Тэгээд тухайн төмрийг буулгах гэж 5-8 минут болсон юм тэгээд өөрийн унаж явж байсан тээврийн хэрэгсэл болох RX загварын машиныг тухайн төмөр зөөж байсан хашааны эсрэг талд тавьсан юм. Тухайн үед миний машин хонх нь онгорхой асаалттай онгорхой байсан бөгөөд машин дотор манай хоёр дүү болох Очирбат болон Э дүү нар сууж байсан. Төмрөө буулгаад жолооч ахыгаа явуулаад төмөр буулгасан хашааны хаалга хаачихаад машиндаа суух гэсэн боловч машины түлхүүр байгаагүй тэгээд дүү Очирбат хэлэхдээ нэг ах жолооч нь хаана байгаа гэж үү манай дүү жолоочийг нь дуудаад ир гэж хэлсэн боловч тэр хашааны эзэн дахин гарч ирээд машины түлхүүр аваад өөрийн хашаагаа онгойлгоод машинаа хашаандаа оруулсан байсан. Тэгээд хашааны хаалгыг сонсохгүй байгаа бол уу гэж хэлээрээ нүдэхэд хашааны эзэн гэрээсээ гарч ирээд хашааны хаалга руу төмөр шидсэн юм. Тэгээд тэр хооронд бид муудалцаж. Хашааны хэд хэдэн удаа миний машины түлхүүр болон хэд хэдэн чулуу аваад шидсэн. Тэгээд чулуу шидээд байхаар нь түлхүүрээ авсан болхоор машинаа холдуулсан. Тэрний дараа ирээд Э хашааны хаалга хааж зогсож байх үед тэр хашааны эзэн хашааны цаанаас давж толгой руу төмрөөр цохьсон. Э толгойгоо бариад холдон тэр үед хашааны эзэн гарж ирээд Эын нүүрлүү цохиод тэгээд би очоод салгах үед тэр залуу төмрөө бариад намайг хөөсөн. Тэрний дараа хэд хэдэн удаа бид нар луу чулуу шидсэн" гэх мэдүүлэг /хх-24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ЕГ0725/12698 дугаартай... “Д.Эын биед баруун нүдний ухархайн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, зүүн даланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-йн 50-51/,
Хохирогч Д.Эын “сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.
Шүүгдэгч Д.Эын үйлдлийн улмаас хохирогч Д.Эын биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Д.Э нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Эын биед баруун нүдний ухархайн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, зүүн даланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд Д.Эаас өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 3.144.000 төгрөгийг шүүгдэгч Д.Э нь төлжээ.
Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 829.931 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдааны үед төлсөн тул цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” санал гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР