Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0701

 

     2023         09          19                                     128/ШШ2023/0701

 

      

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Барловорлд Монголиа” ХХК

Хариуцагч: “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Үнэлгээний хороо

Маргааны төрөл: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах,

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирлыг бөгөөд тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 8*,***,*** төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай,

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/1** дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахыг даалгахыг тус тус хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлээс учирсан хохирол тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81,056,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай,

3. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 2077361 дугаарын регистрийн дугаартай, гадаадын хөрөнгө оруулалттай “Барловорлд Монголиа” ХХК нь "Эрдэнэс таван толгой" ХК-аас зарласан тендер шалгаруулалтын Багц №13 (Утгуурт ачигч 2 ширхгийг нийлүүлэх) ЭТТХК/202201685 шалгаруулалтын дугаартай тендерт оролцож "Барловорлд Монголиа" ХХК нь шалгарсан боловч "Эрдэнэс таван толгой" ХК-н 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар албан бичигт "Гэрээ байгуулахаас татгалзах тухай" мэдэгдлийг хүргүүлснийг "Барловорлд Монголиа" ХХК хүлээн авсан юм. Энэхүү мэдэгдэл нь тендерт оролцогчийн гэрээгээр хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн, заавал биелэгдэх шинжийг агуулсан, тендерт оролцогчид хохирол үүсгэсэн, тэгш бус харилцааг агуулсан шийдвэр байсан. Мөн энэхүү мэдэгдэл нь Сангийн яамны тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журамд заасан үндэслэл хамаарахгүй байсан тул "Барловорлд Монголиа" ХХК 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Тендерийн баталгааг үндэслэлгүй хураасан тухай" тус тус гомдлоо гаргасан. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2461 дугаар хариу мэдэгдэх албан бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 27-нд Монгол шуудангаас хүлээж авсан. Тус албан бичигт тендерийн хүчинтэй хугацаа 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон, компани гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй, санал тохиролцоонд хүрээгүй тул хуулийн ТБОНӨХБАҮХА тухай хуулийн дагуу тендерээс татгалзаж, тендерийн баталгааг улсын орлого болгох зөвлөмжийг хүргүүлсэн. Шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд хуульд заасны дагуу холбогдох байгууллагад гомдлоо гаргах боломжтой гэж хариу өгсөн. "Барловорлд Монголиа" ХХК нь Катерпиллар. Инк-ийн Монгол дахь албан ёсны цорын ганц дилер компани юм. Үүнийг Катерпиллар үйлдвэрийн албан ёсны цахим хуудаснаас харж болно. Манай компани хуучин нэрээр “Вагнер А** Т** Т*****ж” ХХК нь 1996 оноос хойш Монгол Улсад уул уурхайн салбарт Катерпиллар үйлдвэрийн сэлбэг, тоног төхөөрөмж нийлүүлсээр ирсэн билээ. Kapuz раб "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны 05/1492 дугаар албан бичгээр ЭТТХК/202201685 дугаар тендер шалгаруулалтын Багц №13 (Утгуурт ачигч 2 ширхгийг нийлүүлэх) тендерт "Барловорлд Монголиа” ХХК шалгарсан болохыг, ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг хангасан тул гэрээ байгуулах эрх "Барловорлд Монголиа" ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. "Барловорлд Монголиа" ХХК нь тендерийн саналаа тодорхой байдлаар өгсөн байдаг. Тендерийн баримт бичгийн дагуу илгээсэн "Барловорлд Монголиа" ХХК- нь тендерийн саналыг Захиалагч хүлээн зөвшөөрч шалгаруулсан гэж бид ойлгосон. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-д "Барловорлд Монголиа" ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 тоот албан бичгээр мэдэгдсэн. Бараа нийлүүлэх хуваарь, үнийн хувьд тендерийн баримт бичигт заасны дагуу манайх саналаа өгсөн бөгөөд манай саналыг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулсан байгааг мөн мэдэгдсэн. Тендерийн нөхцөл болон саналын дагуу Гэрээ байгуулах төлбөрийн хуваарь болон нийлүүлэх хугацааг Гэрээний талууд гэрээ байгуулах үед харилцан тохиролцохоор заасан байгаа. Төлбөрийн хуваарийн хувьд Захиалагч нь Гэрээний үнийн дүнгийн 50%- ийг Нийлүүлэгчид төлбөл тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрийн захиалга баталгаажна гэсэн саналыг хүргүүлсэн. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж, Монгол Улс руу тээвэрлэгдэх нь бэлэн болмогц үлдэгдэл 50% төлбөрийг Нийлүүлэгчид төлснөөр тоног төхөөрөмжийн тээвэрлэлт эхэлнэ гэсэн. Үйлдвэрийн захиалга баталгаажсанаас хойш тоног төхөөрөмжүүд нь 42-44 долоо хоногийн хугацаанд үйлдвэрлэгдэх ба үйлдвэрлэснээс хойш 22-24 долоо хоногийн хугацаанд тээвэрлэгдэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь ЭТТ ХК-ны уурхайд хүргэж угсралтын ажлыг эхлүүлнэ. Үйлдвэрлэлийн хугацаа болон тээвэрлэлтийн хугацаанууд нь дэлхий нийтээр үүсээд байгаа цар тахал, дайн байлдаан, эдийн засгийн хоригууд, хил гаалийн нөхцөл хэвийн болсон тохиолдолд болон бусад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл үүсээгүй тохиолдолд хүчинтэй байна. Тендерийн баримт бичигт үнийн тохируулж болно гэсний дагуу манайх тендерт тодорхой саналаа өгсөн байсан. Манай Тендерийн үнийн санал нь болон тендер нь нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байсан. Үнийн тохируулга хийж болох нөхцөлийн дагуу Тендерийн баримт бичигт зааснаар бичиг баримтын гэрээний тусгай нөхцөлд тусгагдсан 2023 болон 2024 онд нийлүүлэх техникийн худалдан авах үнэд тохируулга хийх томьёо-ны F0 бөгөөд гэрээ байгуулсан өдрийн монгол банкны валютын албан ханшийг тендер зарласан өдрийн Монгол банкны валютын албан ханш болгох саналтай байсан. Тендерийн саналд гуравдагч санхүүгийн байгууллагын таатай нөхцөлтэй санхүүжилтийг санал болгох боломжтойг мэдэгдсэн. Тендерийн баримт бичгийн дагуу Гүйцэтгэлийн баталгааны хувьд багц тус бүрийн тухайн онд санхүүжих үнийн 3 хувьтай тэнцэхээр байгаа тул уг дүнг тодорхой болгож гүйцэтгэлийн баталгааг байршуулахаар байсан. "Барловорлд Монголиа" ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 тоот албан бичгээс гадна “Барловорлд Монголиа" ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн АБ/2209/178 тоот албан бичгээр гэрээний талаар дахин санал хүргүүлэхийн зэрэгцээ гэрээний төслийг боловсруулж хүргүүлсэн байдаг. Мөн, "Эрдэнэс Тавантолгой” ХК болон "Барловорлд Монголиа" ХХК-ийн албан Хариу тушаалтан нарын хоорондын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн уулзалтын талаар хэлэлцсэн зүйлийг тусгасан байдаг. Тус уулзалтаар төлбөрийн нөхцөл урьдчилгаа төлбөр 30%, 65%-г тоног төхөөрөмж хүлээн авсны дараа төлөх, 5%-г тоног төхөөрөмжийн баталгаа дууссаны дараа олгох боломжтой гэж үзсэн. Нийлүүлэх хугацаа нь хамгийн багадаа 2023 оны 8-р сард байвал тохиролцох магадлалтай гэж уулзалтын үеэр “Эрдэнэс Тавантолгой" ХК нь мэдэгдсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дээрх саналын хариуд "Барловорлд Монголиа" ХХК нь Тендерийн баримт бичиг болон тендерийн саналд зааснаар харилцан тохиролцоно гэснийг үндэслэн, анх санал болгосон төлбөрийн нөхцөлийг өөрчлөх нөхцөлгүй, үндэслэлгүй гэж мэдэгдсэн. Учир нь үйлдвэрлэгчээс дилерт өгдөг төлбөрийн нөхцөл нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бидний өгсөн нөхцөлөөс хамаагүй хатуу байдаг бөгөөд манай байгууллага хамгийн боломжит нөхцөлөөр сайжруулж өгөх боломжтой нөхцөлөө санал болгож байгаа гэдгийг мөн мэдэгдсэн. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санал болгосон төлбөрийн нөхцөлөөр явах тохиолдолд нийлүүлэх үнэ өсөхөөс өөр арга үгүй нөхцөл үүснэ гэдгийг урьдчилан мэдэгдсэн. Худалдагчийн анхны гаргасан тендерийн саналуудын тайлбарыг Худалдан авагчид доорх байдлаар нэмж тодруулж өгсөн: Тоног төхөөрөмжийг нийлүүлэх хугацаа нь үйлдвэрлэгч буюу Катерпилларын зүгээс 44-48 долоо хоног гэж мэдэгдсэн ба Худалдагчийн (дилер буюу Барловорлд Монголиа ХХК-ийн) зүгээс дур мэдэн үйлдвэрлэх хугацааг өөрчилж болохгүй байна. Тоног төхөөрөмжийн захиалга баталгаажсанаар тоног төхөөрөмж үйлдвэрлэгдэж эхэлмэгц Худалдагчийн зүгээс үйлдвэрлэх хугацааг тодорхой хэмжээгээр богиносгох талаар Үйлдвэрлэгч бөгөөд Катерпилларт хүсэлт гаргах боломжтой бөгөөд ийм туршлага байгаа болно. 2023 болон 2024 онд нийлүүлэх техникийн худалдан авах үнэд тохируулга хийх томьёоны Fo буюу гэрээ байгуулсан өдрийн монгол банкны валютын албан ханшийг тендер зарласан өдрийн монгол банкны валютын албан ханш болгох саналын тайлбар: Худалдагч үйлдвэрлэгч рүү тоног төхөөрөмжийн төлбөрийг ам.доллароор шилжүүлдэг, Худалдан авагчтай төлбөрийг МУ-ын хуулийн дагуу төгрөгөөр гүйцэтгэдэг. Дурдсан тендер нээсэн өдрөөс өнөөдрийг хүртэл ам.долларын ханш төгрөгийн эсрэг 4.8% нэмэгдээд байна. Энэхүү долларын ханшийн өсөлтийн улмаас Худалдагч үлэмж хэмжээний алдагдалд орохоор байгаа тул дээрх саналыг хүргүүлснийг Худалдан авагчид дахин тус тус мэдэгдсэн байдаг. Тендерийн баримт бичгийн дагуу харилцан тохиролцоно гэдгийг үндэслэн Худалдагч өөрсдийн саналаа Худалдах-худалдан авах гэрээний төслийг хавсралтаар Худалдан авагчид 2022 оны 09 дүгээр сарын 29-нд илгээсэн. Худалдан авагчийг үзэж танилцаад хариу илгээхийг хүссэн байсан. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК нь хариу өгөхгүйгээр, 2022 оны 10 дугаар сарын 13-ны 05/2189 дугаар албан бичгээр цахим дээр нийтэлсэн байгааг, тендерийн банкны баталгааг үндэслэлгүйгээр "Эрдэнэс Тавантолгой" ХК нь хураан авч байгааг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Барловорлд Монголиа” ХХК нь олж мэдсэн. Гэвч тендерийн банкны баталгааны хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй, хүчинтэй байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны 05/2189 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан байдаг. Харин Худалдагч гэрээ байгуулахаас татгалзсан зүйл байхгүй бөгөөд харин ч гүйцэтгэлийн баталгааг байршуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн үнийг тохируулахаар саналаа илгээж гэрээний төслийг хавсарган хүргүүлсэн ба тендерийг хүлээн зөвшөөрөөгүй, тендерээс татгалзсан нөхцөл тус тус байхгүй байгаа. Харин Захиалагч нь Тендерийн баримт бичгийн дагуу төлбөрийг нүүрсээр төлөх нөхцөл нь Тендерт оролцогчийг хэт их шахсан, түрэмгийлсэн шинжтэй байгаа бөгөөд гэрээний талууд эрх тэгш байдлаар, гэрээг харилцан тохиролцож байгуулах нөхцөл зөрчигдсөөр байна. Тендерийн баримт бичгийн 39.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 20.7.2 дахь хэсэг Тендерийн баталгааны Маягт 3 зааснаар тендерийн баталгааг Улсын орлого болгох нөхцөл үүсээгүй байсан. Гэрээ байгуулахаас Захиалагч татгалзсан байгаа тул, Худалдагч гэрээ байгуулахаас татгалзаагүй тул холбогдох тендерийн банкны баталгааг "Эрдэнэс Тавантолгой" ХК хурааж авсан нь хууль бус гэж үзэж байна. Тендерийн баталгааны хүчинтэй хугацаанд худалдах худалдан авах гэрээний саналаа хүргүүлсэн байхад гэрээ байгуулахаас татгалзсан гэж үндэслэлгүйгээр буруутгасан байна. Гэтэл тус байгууллага нь гаргасан гомдлын дагуу судалж, тендерийн бичиг баримт болон хууль тогтоомжид заасны дагуу шударга үндэслэлтэй үнэн зөв шийдвэр гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх байтал Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, ил тод нээлттэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хангах тус тус зарчимтай нийцэхгүй шийдвэрлэсэн. “Иймд "Эрдэнэс таван толгой" ХК-аас зарласан тендер шалгаруулалтын Багц №13 (Утгуурт ачигч 2 ширхгийг нийлүүлэх) ЭТТХК/202201685 шалгаруулалтын дугаартай тендерт "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар "Гэрээ байгуулахаас татгалзах тухай" мэдэгдэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2 дахь хэсэгт зааснаар тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Хариуцагчаас ирүүлсэн Үнэлгээний хорооны дүгнэлттэй танилцахад, нэхэмжлэгч компанийн оролцсон тендерийн багц №13-т ганцхан оролцогчтой байсан болох нь тогтоогдож байна. Энэ нь тендерийн бичиг баримтын ТШЗ 28.2, 29.2, 35.3.3, 36-д заасныг Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл Худалдан авах ажиллагааны зарчим, 8.7, 8.7.2, 8.7.3, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 13, 17, 27, 28 тус тус хууль дүрэм журамд заасныг зөрчсөн илтэд хууль бус тендерийн сонгон шалгаруулалтад манай компани оролцож улмаар "хамгийн сайн" гэж үнэлэгдэж, сонгон шалгаруулсан нь анхнаасаа илт хууль бус ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тендер байсан байна. Нэхэмжлэгчийн хувьд дээрх илт хууль бус тендерийн нөхцөл байдлыг мэдэх боломжгүй байснаас уг тендерт оролцож, банкны баталгааг байршуулж улмаар “хамгийн сайн” гэж үнэлэгдэж гэрээ байгуулах мэдэгдлийг хүлээн авсан байна. Нөгөө талаас хариуцагч компани тендерийн бичиг баримт болон холбогдох хууль дүрэм журмаа илт зөрчсөн үйл ажиллагаа хийж, сонгон шалгаруулалтыг явуулснаар тендерт оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үр дагавар үүсгэн илт хууль бус шийдвэр нь гаргасан үндэслэлгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн заасны дагуу "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах тухайд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны 05/1492 дугаар албан бичгээр ЭТТХК/202201685 дугаар тендер шалгаруулалтын Багц №13 (Утгуурт ачигч 2 ширхгийг нийлүүлэх) тендерт "Барловорлд Монголиа" ХХК шалгарсан тухай болон мөн манай компаниас ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг хангасан тул гэрээ байгуулах эрх "Барловорлд Монголиа" ХХК-д албан ёсоор мэдэгдсэн юм. "Барловорлд Монголиа" ХХК нь тендерийн саналуудаа тодорхой байдлаар өгсөн байдаг. Тендерийн баримт бичгийн дагуу илгээсэн "Барловорлд Монголиа" ХХК- нь тендерийн саналыг Захиалагч хүлээн зөвшөөрч шалгаруулсан гэж бид ойлгосон. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-д "Барловорлд Монголиа" ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 тоот албан бичгээр мэдэгдсэн. Мөн Бараа нийлүүлэх хуваарь, үнийн хувьд тендерийн баримт бичигт заасны дагуу манайх саналаа өгсөн бөгөөд манай саналыг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулсан талаар мэдэгдсэн. Тендерийн бичиг баримтад тендерийн нөхцөл болон саналын дагуу гэрээний нөхцөл, гэрээ байгуулах төлбөрийн хуваарь болон нийлүүлэх хугацааг Гэрээний талууд гэрээ байгуулах үед харилцан тохиролцохоор тодорхой заасан байдаг. Үүний дагуу харилцан саналуудаа удаа дараа албан бичгээр мэдэгдэж, захиалагчаас хариу авч, хэлэлцээр хийж тохиролцож байсан, мөн Худалдагчаас гэрээний төслийг харилцан илгээж байсан, гүйцэтгэлийн баталгааг тушаахаа илэрхийлж байсан тухай тус тус нотлох баримуудыг нэхэмжлэгчээс хэргийн материалд хавсралтаар өгсөн албан бичигт байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан багц тендерт болох багц 13 тендерт "Барловорлд Монголиа" ХХК оролцосн. Тендерт оролцон тендерийн бичиг баримтаа бүрдүүлж өгсөн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр "Барловорлд Монголиа" ХХК тендерт шалгарсан талаар албан ёсоор мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа "Барловорлд Монголиа" ХХК тендерийн бичиг баримтад заасны дагуу гэрээ байгуулах төлбөрийн хуваарь болон бараа нийлүүлэх хуваарь зэрэгт тендерийн болон гэрээний үнийн саналыг дахин тохируулга хүргүүлэх тухай гэсэн албан бичгийг 09 дүгээр сарын 21-ний өдөр илгээсэн. Мөн ТШЗ-ийн 20.5-д зааснаар тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулж болно, тендерийн бичиг баримтад заасны дагуу нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна,  мөн багц 13-т гэрээ байгуулах үед төлбөрийн хуваарь болон нийлүүлэх хугацааг тохиролцоно, бараа нийлүүлэх хуваарь болон төлбөр төлөх үе шатын хуваарийн дагуу нийлүүлнэ гэж заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр төлбөрийн хуваарийн нөхцөлийг өөрчилье, нөхцөлөө хамгийн сайн боломжит нөхцөлөөр сайжруулах саналыг санал болгож байна. Үйлдвэрлэгчээс бараа нийлүүлэхэд төлбөрийн нөхцөл болон нөхцөл байдлыг тодорхойлж байгаа талаар хүсэлт хүргүүлсэн байдаг.

Худалдаа худалдан авах гэрээний талаар уулзалт хийсэн. Ингээд 09 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр хүсэлт, худалдах худалдан авах гэрээний санал, нийт 17 хуудас материалыг "Эрдэнэс таван толгой" ХК-д хүргүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг 30%, 65 тоног төхөөрөмж хүлээн авсны дараа 5%-ийн тоног төхөөрөмжийн баталгаа дууссаны дараа олгох боломжтой гэсэн саналуудаа илгээн уулзалт хийсэн байдаг. Мөн хариуцагчийн хариу тайлбар дээр энэ талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл 2022 10 дугаар сарын 13-ны өдөр манай компанид Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажиллуулж худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т заасан нөхцөл байдал үүссэн тул 2189 дугаар Гэрээ байгуулахаас татгалзах тухай мэдэгдлийг цахимд байршуулсан байдаг. Тус мэдэгдэл нь манай эрх ашгийг хөндөж, тендерийн баталгааг шууд улсын орлого болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Үүний дагуу ерөнхий захирал холбогдох байгууллагууд руу гомдол гаргасан. Мөн шүүхээс тендерт холбогдох баримтуудыг "Эрдэнэс таван толгой" ХК-иас авахад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж гарсан байна. Үнэлгээний хорооны хуралдаанаар багц 13-тай холбоотой мэдэгдэлд шийдвэрлэсэн байдалдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар "Барловорлд Монголиа" ХХК-ийн багц 13-т ирүүлсэн тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу манай компани 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш тоолж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дараа тендерийн хүчинтэй байх хугацаанд манайх саналаа хүргүүлсэн байдаг. Мөн тендерийн бичиг баримтад тохируулга хийх, төлбөр төлөх хуваарийн санал солилцоно гэж тендерийн бичиг баримтын ТШЗ дээр заасан байгаа тул манайх 6 хоногийн дотор саналаа хүргүүлсэн. Гэтэл албан ёсоор тохируулга хийснийхээ дагуу уулзалт хийж байсан боловч гэнэт манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Хэрэв тохируулга хийх явцад манайх анхны байдлаар орох боломжтой байсан. Мэдэгдэлд зааснаар манайх тендерээс татгалзаагүй гэдгийг илэрхийлээд оролцъё, тохируулгаа хийе гэж байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.3-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгууллагаас татгалзсан эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгоно гэж заасан. Үүний дагуу Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг үндэслээд мэдэгдэл гарч байгаа. Үнэлгээний хороо 37-д зааснаар түр хороо байгуулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгч байгаа. Харин тендерээс татгалзах шийдвэр гаргах эрх нь хуульд заагаагүй. Иймд шийдвэр нь хууль бус байна гэж дүгнэж байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.4-д "захиалагч хэрвээ тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлт гарган зөвшөөрөл авсны үндсэн дээр нэг удаа 15 хоногоо сунгаж болно" гэж заасан. Гэтэл захиалагчаас тухайн үед тохируулга хийж байхдаа  29.4-д зааснаар хугацаагаа сунгах боломж захиалагчид байсан. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хугацаа сунгах зөвшөөрөл өгөөд 15 хоногоор сунгаад 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авч 5 хоногийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэж шийдвэр гаргана. Дээрх хуульд заасан боломжийг хангаагүй шууд шийдвэр гаргасан. Манай компанид гэрээ байгуулах эрх олгосны дараа 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр тендерийн бичиг баримт тодорхойлолтод заасан урьдчилгаа төлбөр төлөх 95%-ийн тоног төхөөрөмжийг захиалагчид үлдээсэн. Харин чанарын баталгаа болох 5%-ийг захиалагчид үлдээхгүй, 2020, 2023, 2024 онд нийлүүлэх техникийн худалдаалалтаар үнийн тохируулга F0 бөгөөд гэрээ байгуулах өдрийн Монголбанкны ханшаар саналыг ирүүлсэн гэж хариуцагч хариу тайлбартаа дурддаг. Тендерээс татгалзаад тендерийг дахиад зарлахгүй гэж хязгаарлалт хийсэн байгаа юм. Засгийн газар А700 шийдвэрээр тендер цааш үргэлжлэх боломжгүй гэдэг албан бичгээ өгсөн.  Тэгэхээр одоо энэ 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хууль бус шийдвэрийг Үнэлгээний хорооноос гаргасан эрх хэмжээ олгогдоогүй байхад шийдвэр гаргаж,  мэдэгдэл өгч манай компанид хохирол учруулсан.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Барловорлд Монголиа" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д холбогдох "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дүгээр "Гэрээ байгуулахаас татгалзах тухай" мэдэгдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2 дахь хэсэгт зааснаар "Барловорлд Монголиа" ХХК-ийн тушаасан тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль бус тул шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэгчийг Сонгон шалгаруулах ЭТТХК/202201685 дугаартай тендер шалгаруулалтыг 2022.09.02-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхэд Багц 13-т "Барловорлд Монголиа" ХХК тендерийн материал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох бусад журмын дагуу "Барловорлд Монголиа" ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг үнэлж дүгнэн, Үнэлгээний хорооны 2022.09.16-ны өдрийн дүгнэлтээр тус компанийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, Захиалагчаас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05/1942 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийг хүргүүлсэн. Түүнчлэн дээрх мэдэгдлээр гэрээ байгуулахаас өмнө, тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан шалгарсан багцын гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх ба ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрх олгосныг цуцлах үндэслэл болох талаар анхааруулсан болно. Гэвч "Барловорлд Монголиа" ХХК нь гэрээ байгуулах эрх олгосны дараа 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн АБ/2209/140 тоот албан бичгээр тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтод заагаагүй урьдчилгаа төлбөр авах, төлбөрийн 95 хувийг тоног төхөөрөмжийг Захиалагчид хүргэхээс өмнө авах, чанарын баталгааны 5 хувийг Захиалагчид үлдээхгүй, 2023, 2024 онд нийлүүлэх техникийн худалдан авах үнэд үнийн тохируулга хийх томьёоны F0 бөгөөд гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны валютын ханшийг тендер зарласан өдрийн /2022 оны 8 дугаар сарын 02-нд зарласан/ Монгол банкны албан ханш болгох гэх мэт саналыг ирүүлсэн. Тус компани нь тендер сонгон шалгаруулалтад оролцохоор материал ирүүлэхдээ тендерийн баримт бичиг, гэрээний ерөнхий, тусгай нөхцөл, маягтууд болон техникийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн байдаг атлаа дээрх байдлаар тендерийн баримт бичигт тусгагдаагүй нөхцөлүүдийг шаардсан нь хууль бус юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бөгөөд стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг. Компанийн А6-20 бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нүүрс экспортын тасралтгүй үйл ажиллагаа, худалдан авагчийн гэрээний үүргийн биелэлт, компанийн эдийн засаг, борлуулалтын төлөвлөгөөг тасалдуулахгүй байх үүднээс цаг алдахгүйгээр утгуурт ачигч хүлээж авахын тулд "Барловорлд Монголиа" ХХК-ийн гаргасан саналын дагуу хэлэлцээ зохион байгуулсан. Манай компанийн зүгээс валютын ханшийн өөрчлөлт, хил гааль, тээвэрлэлтийн нөхцөл гэх мэт зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж урьдчилгаа төлбөр 30 хувь, тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш 65 хувь, тоног Төхөөрөмжийн баталгаа дууссанаас хойш чанарын баталгаа 5 хувийг олгох мөн барааг нийлүүлэх хугацааг 2023 оны 8 дугаар сар болгох зэрэг тодорхой саналыг гаргасан боловч "Барловорлд монголиа" ХХК хүлээж аваагүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т «хамгийн сайн>>> үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгохоор заасан. Гэтэл "Барловорлд Монголиа" ХХК-аас "нөхцөл тавьж" дахин гэрээний санал ирүүлсэн бөгөөд гэрээний саналыг зөвшөөрөх тохиолдолд гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөх боломжтой гэж мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтыг илт зөрчсөн гэж үзэж байна. "Барловорлд Монголиа" ХХК-ийн дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул цаашлаад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэлийг шалгуулахаар холбогдох байгууллагад хандах үндэслэлтэй юм. Тендерийн хүчинтэй хугацаа 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд тус компани нь тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй, мөн өөрийн ирүүлсэн тендерт санал болгосноос зөрүүтэй нөхцөлөөр гэрээ байгуулах санал гаргаж улмаар тохиролцоонд хүрээгүй тул шалгарсан компанитай гэрээ байгуулагдах боломжгүй нөхцөл бий болсон бөгөөд Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээ байгуулагдахгүй нөхцөл байдал бий болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ирүүлсэн тендерээс татгалзаж, тендерийн баталгааг улсын орлого болгох тухай зөвлөмжийг Захиалагчид ирүүлсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 тоот албан бичгээр тендерээс татгалзсан тухай мэдэгдэж, тендерийн баталгааг улсын орлого болгосон болно. Мөн захиалагчийн зүгээс валютын ханшийн өөрчлөлт, хил гааль, тээвэрлэлтийн нөхцөл гэх мэт зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж урьдчилгаа төлбөр 30 хувь, тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш 65 хувь, тоног төхөөрөмжийн баталгаа дууссанаас хойш чанарын баталгаа 5 хувийг олгох мөн барааг нийлүүлэх хугацааг 2023 оны 08 дугаар сар болгох зэрэг тодорхой саналыг гаргасан боловч "Барловорлд Монголиа" ХХК хүлээж аваагүй. Иймд тендерийн хүчинтэй хугацаанд багтааж “Барловорлд Монголиа” ХХК-аас гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эцсийн байдлаар дараах 3 нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Үүнд:

1. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлээс учирсан хохирол тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81,056,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

3. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулах,

Харин нэхэмжлэгч нь ““Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан тендер шалгаруулалтын Багц №13 (Утгуурт ачигч 2 ширхгийг нийлүүлэх) ЭТТХК/202201685 шалгаруулалтын дугаартай тендер нь хүчингүй байсан, хууль бусаар тендерийн нөхцөл актыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3977 дугаар шүүчгийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах” болон ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирлыг бөгөөд тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81,056,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасан байна.

Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Дараах тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:”, 20.7.2-т “хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан.” гэж хуульчилсан байна.

Дээрх хулийн зохицуулалтаас үзэхэд, гэрээ байгуулах эрх авсан этгээд буюу тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч нь гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй бол гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, тендерийн баталгааг улсын орлого болгохоор тодорхой хуульчилжээ.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гэрээ байгуулахаас татгалзах тухай”  05/2189 дугаар албан бичгээр “... тендерийн хүчинтэй хуулийн хугацаанд багтаан гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй, өөрийн ирүүлсэн тендерт санал болгосон нөхцөлөөс зөрүүтэй нөхцөлөөр гэрээ байгуулах санал гаргаж Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээ байгуулагдахгүй нөхцөл бий болсон тул тендер амжилтгүй болж байна.  Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2 дахь хэсэгт заасны дагуу танай компани гэрээ байгуулахаас татгалзсан тул 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 05/1942 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, танай  ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байна.  

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” №05/1942 тоот албан бичгээр ЭТТХК/202201685 дугаартай тендер шалгаруулалтын Багц№13 (Утгуурт ачигч 2 ширхгийг нийлүүлэх)-д танай ирүүлсэн тендер ... тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан гэж үзэж, “Барловорлд монголиа” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн байх байх ба тус албан бичгээр гэрээ байгуулахаас өмнө нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхийг мэдэгдэж, ирүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулах эрхийг цуцлахыг анхааруулсан байна.

Үүнээс үзэхэд, дээрх №05/1942 тоот албан бичигт гэрээ байгуулахаас өмнө нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг нэхэмжлэгчид урьдчилан анхааруулж байсан байх ба нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаас өмнө нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний үнийн дүнгийн 3%-тай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр тайлбарласан хуулийн зохицуулалтууд, үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь хуульд болон гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд тодорхой заасан гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас татгалзаж, тендерийн баталгааг улсын орлого болгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан ба тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийн баталгаа ирүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдэл нь хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “тендерийн нөхцөл болон санал, тендерийн баримт бичигт гэрээ байгуулах төлбөрийн хуваарь болон нийлүүлэх хугацааг гэрээний талууд гэрээ байгуулах үед харилцан тохиролцохоор заасан тул манай компани гэрээ байгуулахаас өмнө нь урьдчилж гэрээний нөхцөлд тодорхой өөрчлөлт оруулахаар зохих саналуудыг захиалагчид хүргүүлсэн, эдгээр манай хүргүүлсэн саналд захиалагч тодорхой хариу өгөхгүй хугацаа удсаны улмаас тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж, гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулагдаагүй шалтгаан нь захиалагч талаас шалтгаалсан” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд буюу гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын энэ тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага болон ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирол тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81,056,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

““Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн 1 болон 2 дахь шаардлага болох ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага болон ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлээс учирсан хохирол болох тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81,056,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “...Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд буюу гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул “Барловорлд монголиа” ХХК-ийн тендерээс татгалзах дүгнэлт, зөвлөмжийг гаргасан Үнэлгээний хорооны үйлдэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасантай нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2, 29 дүгээр зүйлийн 29.3-д тус тус заасныг баримтлан “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Үнэлгээний хороо тус тус холбогдуулан гаргасан ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах”, ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/2189 дугаар “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдэл нь хууль бус байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах, түүнээс учирсан хохирлыг бөгөөд тендерийн баталгааны үнийн дүнд төлсөн 81,056,535 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”, ““Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зөвлөмжийн Багц №13 тендертэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Барловорлд монголиа” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Барловорлд монголиа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу /-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.БАТЗОРИГ