Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 17

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2019/00142 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Э.Х Х хоршоонд холбогдох

“зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-н гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э.Х Х хоршоо нь *** сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №01 дугаартай зээлийн гэрээгээр 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг сарын 0.25%, жилийн 3%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Малчны хоршооны үйл ажиллагааг дэмжих, мах, сүү, ноос, ноолуур бусад түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх зориулалттай зээлсэн. Зээлийн гэрээг зөрчиж зээлийн хүү эргэн төлөлтөө хугацаандаа төлөөгүй, зээлийг төлүүлэх талаар хугацаатай албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлэхгүй байгаа учир Б.Э.Х Х хоршооноос зээлийн эх үүсвэр 15.562.100 /арван таван сая таван зуун жаран хоёр мянга нэг зуун/ төгрөг, зээлийн хүү 933.726 /есен зуун гучин гурван мянга долоон зуун хорин зургаан/ төгрөг, алданги 3.952.773 /гурван сая есен зуун тавин хоёр мянга долоон зуун далан гурван/ төгрөг нийт 20.448.599 /хорин сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун ерин есөн/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4 дэхь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэл бол бид нар журамд заасан шаардлагын дагуу гаргасан нэхэмжлэл байгаа. Тухайн үед Сум хөгжүүлэх сангийн журамд зааснаар хүү, алданги зэрэг нь тухайн журмаар зохицуулагддаг. Үндсэн зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөгийг Б.Э.Х Х хоршооноос нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Э.Х Х хоршоонд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Би дээрх зээлийн зориулалтыг мэдэхгүй. Намайг ажиллах хугацаанд Сум хөгжүүлэх сан болон бусад банк, хоршооноос ямар нэгэн зээл аваагүй. Тэгээд ч санхүү бүртгэл тооцоог нягтлан бодогч Х.Х хариуцаж байсан учир зээлийн төлөлт зарцуулалтыг хийдэг байсан. Би нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

           Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: “Тухайн зээлийг Б.Э.Х Х хоршоо 2013 оны 01 дүгээр сард авсан гэж байгаа. Би 2014 оны 05 дугаар сард Б.Э.Х Х хоршоонд ажилд орж 2015 оны 08 дугаар сар хүртэл 1 жил 3 сарын хугацаанд ажилласан. Тухайн үед Б.Э.Х Х хоршооны нягтлан Сум хөгжүүлэх сангаас ийм зээл авсан гэж хэлж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд тухайн зээл хугацаандаа төлөгдөөд явж байсан. Орон нутгийн өмчтэй сүүний үйлдвэрийг Б.Э.Х Х хоршоонд хариуцуулсан. Тухайн сүүний үйлдвэрийг ажиллуулахад хөрөнгө мөнгө их шаардлагатай байсан. Б.Э.Х Х хоршооны хөрөнгөнөөс орон нутгийн өмчтэй сүүний үйлдвэрт 9 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн 9 сая төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Мөн зээлийн хүү, алданги зэргийг хасуулах хүсэлтэй байна. Яагаад гэвэл Б.Э.Х Х хоршоо одоогоор үйл ажиллагаа нь хэвийн бус байдалтай байгаа” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э.Х Х хоршоод холбогдуулан “зээл 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэн, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөлөгч Ш.Э давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2019/00142 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Б.Э.Х Х хоршоо нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас №01 дугаартай зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг сарын 0.25%, жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацааг хэтрүүлсэн. Зээлээ төлөх талаар хоршооны гишүүдэд уулзах бүртээ амаар болон утсаар удаа дараа мэдэгдэж байсан. Уг зээлийн үлдэгдэл 15.562.100 төгрөгийг зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөгийг гаргуулж авахаар шүүхэд нэхэмжилсэн боловч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Сум хөгжүүлэх сан нь 2013 онд 795.000.000 төгрөгийн эх үүсвэртэй байсан бөгөөд зээлийн хүү, алдангаар эх үүсвэрээ бүрдүүлж, эргэн зээл олгох ажлыг зохион байгуулдаг учир төрийг хохиролгүй болгож, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц давж заалдах гомдлын хариу тайлбартаа: Уг зээлийн үлдэгдэл 15.562.100 төгрөгийг зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөгийг гаргуулж авахаар шүүхэд нэхэмжилсэн боловч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж байна. Б.Э.Х Х хоршооны үйл ажиллагаа зогссон, төлбөрийн чадваргүй, хэвийн бус үйл ажиллагаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргаас “Б.Э.Х.” Хархорин хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15.562.100 төгрөг, зээлийн хүү 933.726 төгрөг, алданги 3.952.773 төгрөг, нийт 20.448.599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг /хх-3хуу/ нэхэмжлэлийн үндэслэл болгожээ. Шаардлагын үндэслэл болсон 2013 оны 1 дүгээр сарын 25-ны  өдрийн  зээлийн  гэрээний  дагуу  нэхэмжлэгч  нь  хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан гэх боловч энэ тухай баримт  байхгүй, түүнчлэн “... талуудын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээ 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байна...зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 25-нд дууссан... нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтэрүүлэн шүүхэд хандсан байна...” гэсэн анхан шатны шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

        Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

         Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтуудыг зөв тайлбарласан хэдий ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндсэлсэн хуулийн дээрх заалтыг баримтлаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэсэн заалтыг нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж байна.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2019/00142 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар...” гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдьдсугай.

          3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.