Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/236

 

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Т,

цагаатгагдсан этгээд А.Е, түүний өмгөөлөгч Н.З,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1348 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ед холбогдох эрүүгийн 2006 01889 2154 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн А.Е 

А.Е нь 2020 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун Жанжины 27-773 “Б” тоотод байрлах байшингийн гал унтраах албан үүргээ гүйцэтгэх явцдаа “Гал унтраах явцад оролцлоо” хэмээн иргэн Б.Бгийн цээж хэсэг рүү даралттай усаар шүршсэний улмаас зүрхний булчингийн судас нь гэнэт агшин цусан хангамж дутагдан зүрх зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж А.Ед яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Е-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатараас талийгаачийн оршуулгын зардалд 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримтууд хангалттай авагдаагүй бөгөөд А.Е-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эргэлзээтэй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ед холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Цагаатгах тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна. Тухайлбал прокурорын яллах дүгнэлтэд:

Гэрч Д.Б, Б.Н нарын мэдүүлгээр бусдаасаа илтэд намхан нуруутай, махлагдуу биетэй Онцгой байдлын албан хаагч үйлдсэн гэж, гал унтраах хошууг А.Е, ахлагч Б.Б нар эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд амь хохирогчийг гэнэт унах үед Б.Б байшин дотор ажиллаж байсан тул байшингийн гадна талд хошууг барьж байсан хүн А.Еэс өөр хүн байгаагүй болох нь гэрч Э.Г /2хх 164/, Б.Д /хх 96-97/, Г.А /хх 86-87/, Г.А /хх 92-93/, Х.Е нарын мэдүүлгээр нотлогдсон гэж, хүн таньж олуулах ажиллагаагаар “бусдаасаа илтэд намхан нуруутай, махлагдуу биетэй Онцгой байдлын албан хаагч” нь А.Е байсан болох нь нотлогдсон гэж тус тус гэмт үйлдэл болох үеийн нөхцөл байдлыг сэргээн нотолж, үйл баримтыг дүгнэсэн.

Гэтэл шүүхээс “...талийгаач руу ус цацсан талаар мэдүүлсэн гэрч Б.Назыгүл болон Д.Ба нарын өгсөн мэдүүлгүүд нь А.Е-н үйлдлийг буюу талийгаач руу ус цацсан талаарх нөхцөл байдлыг хангалттай нотлох үндэслэл болохгүй байна” гэж дүгнэж, бусад гэрч Э.Гүрхүү, Б.Дамдин, Г.Анхныбаяр, Г.Алтангэрэл, Х.Ерулан нарын мэдүүлгийн гэмт үйлдэл болох үед шүүгдэгч А.Е нь байшингийн гадна талд гал унтраах хошууг ашиглаж байсан талаарх хэсгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Мөн шүүхээс “...талийгаачийн гэр орчим гал гарахад түүний сэтгэл санаа нь гэнэт цочирдож, гал унтраах үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, гүйж харайж, зүрхэндээ хэт ачаалал өгснөөс түүний зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин /сэдэрч/ нөлөөлж, зүрх судасны цочмог дутагдалд орж түргэн үхэлд хүргэжээ гэж үзэх боломжтой...” гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүйн зэрэгцээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хууль зүйн дүгнэлтийг өөр нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн шинжийг агуулаагүй, таамаглалд тулгуурласан шинжтэй гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийдвэрт тодорхойлсон байх хууль зүйн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

2. Гэрч Д.Батмандах, Б.Назыгүл нарын дэлгэрэнгүй мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар А.Е-н үйлдэл нотлогдсон гэж прокуророос дүгнэсэн байтал “иргэн Б.Бгийн цээж хэсэг рүү даралттай усаар шүршсэний улмаас зүрхний булчин гэнэт агшин цусан хангамж дутагдан зүрх зогсож нас барсан” гэж үзэх үндэслэлгүй байна гээд, “эргэлзээтэй” гэж дүгнэж, “сэжигтэн, яллагдагч, ялтанд ашигтайгаар” шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, үйлдлийг нотлогдоогүй гэж дүгнэхийн зэрэгцээ эргэлзээтэй гэж шүүгдэгч А.Е-н үйлдлийг ямар нотлох баримтад үндэслэж, нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1348 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Хэрэг учрал болсноос хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад ийм тодорхой хэргийг хуулийн дагуу шийдэхгүй байгаад гомдолтой байна. Шинжээч эмчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр А.Е гэгч нь салаан захирагч Гүрхүүгийн “...наад хүнээ холдуул...” гэсэн үүргийн дагуу гал унтрааж байсан хоолойгоо эргүүлж талийгаач руу өндөр даралтаар ус цацаж тохуурхан даажигнасан байдлаар хүний амь насыг хохироосон байдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлон тогтоосон байдаг. Яллагдагч А.Е болон түүний өмгөөлөгч гэх Золжаргал нартай удаа дараагийн шүүх хуралдаанд оролцоход хохирогч надтай харц тулгарахгүй айж эмээсэн гэм буруугийн мэдрэмж илт байсан нь анзаарагддаг. Тэд ял завших гэж байгаагаа, илт үйлдсэн гэм буруутай үйлдлээ нуун дарагдуулж, хууль бус нөлөөлөл үзүүлэх, хуулийн цоорхой ашиглах, худал мэдүүлэг өгөх зэргээр удаа дараа шүүн таслах ажиллагаанд саад учруулж ирлээ. Өмгөөлөгч гэх Золжаргал нь шүүх хуралдаанд урьдчилан бэлдэж, үгсэн хуйвалдсан гэрчүүдийг дуудан оролцуулж мөн хэрэгт авагдсан бодит баримтуудыг мушгин гуйвуулж тайлбарлах, гэрчүүдийн мэдүүлгийг өөрчлөх, мэдэн будлих замаар хэрэг шийдвэрлэх явцыг зориуд санаатай эргэлзээ бүхий байдалд оруулсан. Анхан шатны шүүх энэ бүх бодит байдлыг хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй. Яллагдагчийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж байгаад туйлын гомдолтой байна. Гурван сарын дамжаа дүүргэсэн ажил мэргэжлийн ямар ч туршлагагүй ийм этгээд гал унтраах ажилд нь тусалж мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжиж тусалсны хариуд дүрэмд заагаагүй хууль бус үйлдэл хийж, зориуд санаатайгаар тохуурхан даажигнасан байдлаар хүний амь насыг хохироосон мөн гэмт хэргийн ул мөрөө арилгах гэж камерын бичлэг устгасан, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа тул энэ хэргийг анхан шатны шүүхэд буцааж, мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийх, зүйл ангийг өөрчлөн /зориуд санаатайгаар амь хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн/ шалгуулах хүсэлтэй байх тул хохирогч миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү.

Мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх үндэслэл нь: Талийгаачийн амь хохирох үедээ өмссөн хувцас нь шалба норсон байдалтай байсныг бид тэр хэвээр нь хөлдөөгчид хадгалж байгаад мөрдөн байцаагчид аваачиж өгсөн байдаг. Мөрдөн байцаагч хувцасны шинж байдал ямар байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулна гэж авсан. Би өөрөө хүргэж өгсөн. Мөрдөн байцаагч энэ талаар ямар ч баримт хэрэгт хавсаргаагүй ба энэ талаар лавлахад би танд буцааж өгсөн гэж илт худал хэлсэн. Яллагдагчийн өмгөөлөгч нь шүүх хурал дээр амь хохирогчийн зөвхөн өмд нь норсон мэтээр ярьдаг. Үүнийг би үгсэн хуйвалдсан гэж харж байна. Эд мөрийн баримтыг санаатай устгасан, галын машины камерын бичлэгийг санаатайгаар устгасан үйлдлийг нягтлан шалгуулах хэрэгтэй. Яллагдагч А.Е нь санамсар болгоомжгүй байдлаар биш зориуд санаатай үйлдсэн. Тэгэхдээ амь хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн гэж бид үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн амь хохирогчийн ар гэр, насанд хүрээгүй хүүхдэд нөхөн олговор олгуулах, оршуулгын зардлын тооцоог дахиж нягтлах шаардлагатай байгаа юм. Иймд миний гомдол хүсэлтийг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг учрал болсон газарт анх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарыг очиход хэргийн газрын үзлэг хийж байсан цагдаагийн байгууллагын албан хаагчид амь хохирогчийг угаартаж өнгөрсөн гэж тайлбарласан байдаг.

Гэрч Д.Батмандахын “...тэр үед талийгаач болон Назыгүл бид 3 гэрийн зүүн хэсэгт хажууханд зогсож байсан ба талийгаач арай байшинтай ойрхон зогсож байхад байшингийн баруун талын цонхны хажууд зогсож байсан гал сөнөөгч эрэгтэй гэнэт усан буугаа эргүүлээд талийгаачийн цээжин хэсэгт цацаад буцаагаад байшин руу цацсан. Тэгээд гэрийн зүүн талын төмөр шатны ойролцоо очоод гэнэт явган сууж байгаад газар ухаан алдаж нас барсан...”,

гэрч Б.Назыгүлийн “...тэр үед талийгаач байшинд хүн байна гэж бодсон уу яасан тэрийг сайн мэдэхгүй байна байшинтай ойр зогсож байсан гал сөнөөгч залуу гэнэт эргэж хараад талийгаачийн биеийн яг цээжин хэсэг рүү усан буугаараа шүршсэн. Тэгснээ эргэж хараад байшин уруу шүршээд зогссон...”,

гэрч Б.Дамдингийн “...номер 5-д ажиллаж байсан дэд ахлагч Анхныбаярыг “наад хүнээ холдуулаач гэж орилох үед номер 2-т ажиллаж байсан дэд ахлагч А.Е нь Анхныбаяр бид хоёрын ажиллаж байсан байшингийн доор хаалганы хажууд зогсож байсан ба номер 1-д ажиллаж байсан Бат-Очир дотогшоо байшин дотор ажиллаж байсан...”,

гэрч Ж.Энхдөлийн “...талийгаач архаг хууч өвчингүй байсан. Манай нөхөр ямар ч өвчин зовиургүй байсан. Манай нөхөр зүрхний өвчнөөр эмчлэгдэж байсан болон зүрхний өвчтэй байсан гэх оноштойгоор эмчлэгдэж байгаагүй...” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 895 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай дүгнэлтүүд зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарыг Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид очиж уулзахад тухайн үүрэг гүйцэтгэхэд оролцсон багийн хар хайрцагны бичлэгийг устгасан байсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1348 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд А.Е-н өмгөөлөгч Н.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгч А.Е-г гэм буруугүй хэмээн үзэж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1348 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн дүүрэн хангаж хуулийг нэг мөр хэрэглэж шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

Улсын яллагчийн зүгээс 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг шүүхэд хүргүүлсэн байна. Уг эсэргүүцэлдээ 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦ/1348 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах 2 үндэслэлээр тайлбарлан ирүүлжээ.

1. Цагаатгах тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлдээ:

Гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Батмандах, Б.Назыгүл нарын мэдүүлэгт бусдаасаа илтэд намхан нуруутай, махлагдуу биетэй Онцгой байдлын алба хаагч үйлдсэн. Гэтэл тухайн цаг хугацаанд онцгой байдлын алба хаагчид бүгд гал унтраах ажиллагаанд оролцох явцдаа өөр өөр байрлалд ажилласан бөгөөд албан хаагч нар тусгай хэрэгслийн хувцас өмссөн байснаас гадна тухайн хувцастай үед хүний өндөр, нам, тарган, туранхай, махлаг зэрэг байдлуудыг тогтоох боломжгүй болно.

Гал унтраах хошууг А.Е, Б.Бат-Очир нь эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд амь хохирогч гэнэт унах үед Б.Бат-Очир байшин дотор ажиллаж байсан тул байшингийн гадна талд хошууг барьж байсан хүн А.Еэс өөр хүн барьж байгаагүй нь гэрч Э.Гүрхүү, Б.Дамдин, Г.Анхныбаяр, Г.Алтангэрэл, Х.Ерулан нарын мэдүүлгээр нотлогдсон хэмээн үзсэн. Гэтэл А.Е-н хувьд Г.Алтангэрэлтэй цуг гал гарсан байшингийн хойд талын хөрш айлын хайрагдсан галыг унтраахаар ажилласан бөгөөд тухайн хайрагдсан байшингийн галыг цурманд оруулж дуусаад гал унтраах хошууг хамт ажилласан Г.Алтангэрэлд шилжүүлэн өгч гал гарсан үндсэн голомтод туслалцаа үзүүлэх зорилгоор обьектын үүдэнд задаргаа хийгээд эд зүйл зөөж байсан үйл баримтыг салаан захирагч Э.Гүрхүү, Б.Бат-Очир, Г.Анхныбаяр, Б.Дамдин нар мэдүүлсэн байдаг. Тухайн үед миний үйлчлүүлэгч ганцаараа каск болон хамгаалах малгайг тайлан амь хохирогчид анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж амнаас ам дамжих /CPR/ хиймэл амьсгалыг хийсэн үйл баримтыг гэрч нар бусдаасаа намхан мэтээр мэдүүлснийг улсын яллагчийн зүгээс А.Е хэмээн онцолж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.    

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс амь хохирогч гэнэт ухаан алдан унах үед галын хошуу барьж байсан Б.Бат-Очир нь байшин дотор байсан. Энэ үед гадна талд А.Е байсан нь энэ хэргийг А.Е үйлдсэн хэмээн үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан хэргийн материалд авагдсан нотлох баримт бус яллах хандлагатайгаар хандаж байна уу даа хэмээн үзэж байна. Тодруулбал, мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Учир нь, 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ДШМ/1450 дугаартай магадлал гарсан бөгөөд тус магадлалаар “...Гал гарч байсан байшингийн баруун талын цонхны хажууд зогсож байсан гал сөнөөгч хэд гэсэн номертой гал сөнөөгч байсан, гал сөнөөгч А.Е нь аль байрлалд зогсож байсан, гэрчийн мэдүүлэгт дурдагдсан байрлалд хэд дугаартай гал сөнөөгчийн байрлал эсэхийг бүрэн дүүрэн тогтоож шалгах шаардлагатай...” хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөн уг захирамжид хохирогчийн өвчний талаар тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, шинжээч нараас дахин тайлбар мэдүүлэг авах замаар асуудлыг тодруулах шаардлагатай хэмээн дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Таньж олуулах ажиллагаагаар “бусдаасаа илтэд намхан нуруутай махлагдуу биетэй Онцгой байдлын албан хаагч нараас А.Е” байсан болох нь нотлогдсон. Энэ нь гэрч Б.Назыгүл болон Д.Батмандах нарын мэдүүлгээр нотлогдож байна хэмээн улсын яллагчийн зүгээс үзэж байгаа боловч тухайн цаг хугацаанд гэрч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримт, гэрч нарын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч А.Е нь амь хохирогч Бямбанарангийн цээж рүү ус цацаагүй болохыг тогтоож байна.

Тодруулбал, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын хүрээнд А.Е нь амь хохирогч Бямбанарангийн цээж рүү ус цацаагүй нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “төмөр шатны ертөнцийн зүгээр баруун талд 50  орчим насны эрэгтэй хүний цогцос байх ба уг цогцос дээшээ харсан 2 гар шулуун, 2 хөл нь хагас нугарсан байх ба уг цогцос нь хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй 9 дүгээр талд цогцосны өмд норсон байдалтай байв. Үзлэг хийх явцад угаар үнэртсэн /хх 8-10/ хэмээн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд тухайн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр амь хохирогчийн өмд норсон. Харин цамц буюу цээж хэсгээр нь хуурай байгааг харуулсан,

- гэрч Д.Батмандахын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “...Назыгүл ахдаа нэг шил 0,75 архи авч өгснийг бид 3 хуваагаад уусан. 01 цагийн үед гэрийн гадаа хүн гал гарч байна гээд хашхирч байсан. Үл таних эрэгтэй хүн ус цацах уу гээд гүйгээд байсан. Гал унтраах хүмүүс галыг унтрааж байхад нөгөө үл таних хүн бараг гал руу орох шахаад гүйгээд байсан бөгөөд галын хүмүүс цаашаа бай гээд байсан. Тэгээд нэг харахад нөгөө хүн явган суучихсан харагдсан. Гэтэл галын хүмүүс тэр хүнийг хараад очиж үзээд хиймэл амьсгал хийгээд байсан. Тэр хүн гал руу ороогүй харин ойрхон гүйгээд байсан...” /хх 65-66/,

- гэрч Д.Батмандахын дахин өгсөн “...Гал унтраах ангийн хүмүүс гал гарч буй байшин руу ус шүршиж байсан. Энэ үед нөгөө үл таних эрэгтэй хүн бараг гал руу орчих шахаад гүйгээд байсан. Талийгаач болон Назыгүл бид 3 гэрийн зүүн урд хэсэгт зогсож байсан. Тэгээд гэрийн зүүн төмөр шатны ойролцоо очоод гэнэт явган сууж байгаад ухаан алдсан...” /хх 79-80/,

- гэрч Э.Гүрхүүгийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “...Бид нарыг үүрэг гүйцэтгэж байх үед талийгаач бид нарт зааварчилах маягтай байсан. Тухайн хүнийг ухаан алдсан үед А.Е объектын үүдэн хэсэгт задаргаа хийгээд эд зүйлийг зааж гаргаж байсан...” /хх 94-96/,

- гэрч Э.Гүрхүүгийн дахин өгсөн “...Тухайн үед дэд ахлагч А.Е байшингийн гадна хэсэгт задаргаа хийгээд мөн байшингаас эд зүйлс зөөж байсан. Задаргаа гэдэг нь байшин гадна болон дотор хэсэгт цог нурам үлдсэн эсэхийг шалгаж үздэг ажиллагаа юм. Тухайн үед А.Е байшингийн гадна надтай хамгийн ойр байсан болохоор түүнийг дуудаж амилуулах суурь тусламжийг ээлжлэн хийсэн...” /3хх 164-165/,

- гэрч Г.Алтангэрэл 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “...93 дугаар талд А.Есөн- Эрдэнэ байшин дотор ороод хана цоолох хэрэгтэй болоод надад хошуугаа шилжүүлсэн. Тэр хооронд би дээврийн шатаж байсан дөл рүү ус тавьсан. Би А.Етэй хамт ертөнцийн зүгээр зүүн хойш талаар гал унтрааж ажилласан...” /хх 92-93/,

- гэрч Б.Дамдингийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “...Тэр үед Анхныбаяр дээвэр дээр ажиллаж байхад тэр хүнийг холдооч гээд уурлаж байсан. Тэр үед 2 номерт ажилласан А.Е байшингийн доод талд байж байсан. Тэгээд талийгаач эрэгтэйг хамт зогсож байсан 3 хүн хойшоо гээд холдуулж байсан. Удалгүй дэслэгч Э.Гүрхүү орилоод энд хүн ухаан алдсан байна гэж сонсогдсон. А.Е тэр үед бид 2-ын доод талд байшингийн хаалганы хажууд зогсож байхад дэслэгч Э.Гүрхүү дуудаж анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн...” /хх 96/,  

- гэрч Б.Бат-Очирын 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “...Намайг сүүлд дотор хэсгийн галыг унтраачихаад дээшээ дээвэр рүү гарах үед номер 5 Анхныбаяр ажиллаж байсан. Номер 3 Б.Дамдин нар задаргаа хийж байсан. Тэр хоёрын задаргааг шалгасан номер 2 А.Е байшинд орж ирээд буцаад гарсан. Байшингийн дотор галыг унтрааж дуусаад шалгаж байхад А.Е ирсэн ба дотор орж ирээд туслах уу гэхээр нь би хэрэггүй гэхэд гал гарсан хажуу байшин болсон уу гэхэд болсон гэсэн...” /хх 99-100/,

- А.Е-н 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “...Би Монгол гэрийн ертөнцийн зүгээр хойгуур гүйгээд байшингийн хойд талын хөрш айлын байшинг хамгаалалтад авсан. Г.Алтангэрэл бид 2 уг байшингийн галыг хамт унтраагаад би урд байшинд үүссэн голомт руу орсон. Намайг ороход номер 1 Бат-Очир галыг унтрааж байсан. Алтангэрэлд хошуугаа шилжүүлсэн. Тэгээд мод, хөрөө рам байсан хэсгээр гараад ирэхэд салаан дарга дэслэгч Э.Гүрхүү амь хохирогч Бямбанаранд амьсгал хийсэн. Би талийгаач эрэгтэйг хаана зогсож байсан мөн ухаан алдсаныг хараагүй...” /хх 104/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 895 дугаартай “...Зүрхний булчинг үечлэн зүсэхэд цусан хангамж жигд бус цайвар хүрэн өнгөтэй, зүүн ховдлын булчинд 2x2 см хэмжээтэй цайвар өнгийн сорвижилтын голомттой. Нэмэлт шинжилгээнд авсан материалаар зүрх-венийн цус дүүрэлт, сувганцрын голомтот үхжилт, онош -зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин: Зүрх томрол - /520 гр/, титэм судасны хатуурал, зүрхний булчингийн ханын сорвижилт, зузаарал, хатуурал, ерөнхий судас хатуурах өвчин, дүгнэлт: Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, элэгний архаг үрэвсэл, хөнгөн зэргийн элэгний өөрчлөлт, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 126-129/,

Шүүх эд эсийн шинжилгээний илгээх хуудаст “...Зүрх улбагар 420 гр, гол судас хатууралттай, угаарын хийн хордлого, зүрх -венийн цус дүүргэлт, булчингийн ширхэгийн фибрилляци, голомт гипертрофи...” /хх 135/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын шинжээчийн дүгнэлт танилцсан тэмдэглэлд “...хүчний цочрол авсан хүчин зүйл нөлөөлсөн хэмээн үзэж байна...” /хх 139/,

Шинжээч эмч М.Золжаргалын “...Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй буюу зүрх томрол 520 гр, титэм судас хатуурал, зүрхний булчингийн сорвижилт, зузаарсан хатуурал, өвчинтэй байсан нь зүрхний архаг цус хомсрох өвчтэй байсныг харуулж байгаа юм. Талийгаач нь гал унтраах ажиллагааны явцад биеийн хөдөлгөөнөөр идэвхитэй оролцож гэнэт гүйх нь зүрх судасны цочмог дутагдалд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь эдийн шинжилгээгээр дотор эрхтний цус эргэлтийн алдагдал зүрхний булчингийн чичирхийлэл шинж тэмдгүүд илэрсэн нь зүрх судасны цочмог дутагдалд орсныг илтгэх шинж тэмдэг юм...” гэх мэдүүлэг /хх 140-141/,

Талийгаачийн биеийн цээж, хүзүү, нүүр рүү даралттай усаар цацагдах, шүршигдэх үед зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин түүнээс болж үүссэн зүрх судасны цочмог дутагдалд нөлөөлөх боломжгүй. Цусан хангамж зүрхэнд очиж байгаа учир нөлөөлөхгүй. Усаар шүршүүлэх үед гэнэт цочролд орж бие организмд нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй ч уг цочрол нь зүрх судасны архаг цус хомсрох өвчинд нөлөөлөхгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Ш.Цэцэгмаа нарын хэргийн материалаар хийсэн “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 895 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” /хх 142-145/ гэх дүгнэлт.

Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй /цээжний бах/ байснаас гэнэт зүрх зогсож нас барсан. Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчинг сэтгэл санаа гэнэт цочирдох, цаг агаарын огцом өөрчлөлт, гэнэт даарах, халууцах, биеийн ачаалал зэрэг нь сэдрээж түргэн үхэлд хүргэгдэнэ.

- 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “...Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дэслэгч Э.Гүрхүү захирагчтай салааны алба хаагчид 2020 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гал унтраах үйл ажиллагааны үед дээрх дүрэм журмыг зөрчөөгүй, гал унтраах үйл ажиллагааны тактикийн алдаа гаргаагүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 162-163/,

- Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтэст ирүүлсэн “...Гал унтраах тархалт явагдаж байх үед гэрийн гадаа хөндлөнгийн 4 гэрч зогсож байсан. Гал түймэр унтраах явцад иргэн Б нь 1 номерын хажууд ирж ах нь гал сөнөөгч байсан, тэтгэвэрт суусан надад хошуугаа өгчих, гал руу хурдан орооч гэх зэргээр хэлж байсан. Иргэн Б галын голомтоос 3 гэрчийн хамт татан авч аюулгүй газар байрлуулсан байсан. Номер 2 хамт иргэн Б-д анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх илтгэх хуудас /хх 172-173/,

- А.Е-н “...Би 1 номерыг тархсаны дараа тархалтаа хийгээд гэрийн хойд хэсгээр явж хашаан дээр гарч зогсоод цаана нь дээврээсээ шатаж байсан байшингийн галыг унтраасан. Галыг унтраагаад гэрийн хойгуур номер 1 байшин дотор гал унтрааж байсан. Тэр үед салаан захирагч А.Е гээд дуудсан. Намайг очиход салаан захирагч CPR хийж амнаас ам дамжих хиймэл амьсгаа хийсэн. Би цаад талд дээврийн галыг унтраасан. Би 4 номерын Алтангэрэлтэй цуг гал унтраасан. Намайг гал унтрааж байхад тэнд ямар нэгэн хүн харагдаагүй...” /хх 208-209/,

- Назыгүлийн “...Тухайн үед шүршүүлчээд газар унаагүй, зүгээр зогсож байсан. Төмөр шатны хажууд зогсож байхад миний урдхан талд зогсоод удалгүй шууд урагшаа өвдөг дээрээ тулаад унасан...” /2 хх 183/ гэх мэдүүлгүүд,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...2 дугаартай хүнийг заасан бөгөөд таньж олуулах ажиллагаанд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан 2 дугаартай хүн бол А.Е биш байв...” /2 хх 187-188/ гэх тэмдэглэл.  

Дээрх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харвал А.Е нь хохирогч Б.Бг гал унтраах ажиллагаанд оролцлоо гэж холдуулах зорилгоор амь нас, эрүүл мэндэд хохирол хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч тийм үр дагавар хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж хохирогч Б.Бгийн цээж хэсэг рүү гал унтрааж буй усаар шүршиж амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд А.Е-н хувьд ар талын галд хайрагдаж буй байшинг Алтангэрэлийн хамт унтрааж хошуугаа Алтангэрэлд дамжуулж, өмнө талын гал гарсан байшинд орж задаргааг хийж гүйцэтгэж байсныг Э.Гүрхүү, Анхныбаяр, Г.Алтангэрэл Б.Дамдин, Б.Бат-Очир нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаагаас гадна А.Е-н хувьд салаан захирагч Э.Гүрхүүг дуудах үед гартаа усны хоолойгүй байсан, хүн нас барсан талаар мэдэж түүний зааварчилгааны дагуу анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн байдаг. Энэ үед яллагдагч А.Е ганцаараа каск буюу малгайг тайлан амнаас ам дамжих CPR-ийг хийсэн.

Мөн талийгаач /амь хохирогч/ нь галыг унтраахаар ус цацах болон гал сөнөөгч нарт тухайн газрыг зааж өгөх явцдаа биедээ их ачаалал авсан талаар гэрч Д.Батмандах 2 ч удаа мэдүүлсэн байдаг. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 895 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Золжаргалаас авсан гэрчийн мэдүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээс харвал амь хохирогч маань зүрхний архаг цус хомсрох өвчинтэй байсан. Тухайн өвчин нь сэтгэл санаа гэнэт цочирдох, цаг агаарын огцом өөрчлөлт, гэнэт даарах, халууцах, биеийн ачаалал зэрэг нь сэдрээж түргэн үхэлд хүргэсэн хэмээн үзэж байна.

Түүнчлэн Б.Бгийн цээж рүү ус цацаагүй нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гал унтраах ажиллагаанд оролцсон дүгнэлт, илтгэх хуудас зэргээр бүрэн дүүрэн тогтоогдож байгаагаас гадна хохирогч Б.Бгийн цээжинд улаалт, хөхрөлт, няцралт, зулгаралт огтхон ч тогтоогдоогүй болно.

2. Улсын яллагчийн зүгээс гэрч Д.Батмандах, Б.Назыгүл нарын дэлгэрэнгүй мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар А.Е-н үйлдэл нотлогдсон гэж прокуророос дүгнэсэн байтал “Иргэн Бямбанарангийн цээж хэсэг рүү даралттай усаар шүршсэний улмаас зүрхний булчин гэнэт агшин цусан хангамж дутагдан зүрх зогсож нас барсан гэж үзэх үндэслэлгүй, “эргэлзээтэй” гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзсэн.

Гэтэл гэрч Б.Назыгүл нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хавтаст хэрэгт гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд мөн таньж олуулах ажиллагаанд 2 удаа оролцсон байдаг боловч мэдүүлэг тус бүр нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй байдаг.

- “...Талийгаач миний хажууд зогсож байсан. Талийгаач руу ус цацаад л авсан, энэ үед талийгаач ямар нэгэн байдлаар элдэв хөдөлгөөн хийгээгүй, унаж, явган суух, тонгойх үйлдэл хийгээгүй...” /хх 52/,

- “...Талийгаач даралттай усаар шүршүүлсний дараа хашааны дотор талын зүүн хэсэгт байх төмөр шатны хажууд очоод зогссон байсан ба надад хандаж танай гагнуурчин найз залууг байшин дотор байгаа юм болов уу гэж бодлоо гэхэд нь би манай найз залуу энд байхгүй, Яргайтад ажиллаж байгаа гэж хариулсан. Тэгээд надтай ярьсны дараа гэнэт доошоо сууж байснаа урагшаа унаад ухаан алдсан...” /хх 75-76/,

- “...Тухайн үед шүршүүлчихээд газар унаагүй, зүгээр зогсож байсан. Төмөр шатны хажууд зогсож байхад миний урдхан талд зогсоод удалгүй шууд урагшаа өвдөг дээрээ тулаад унасан ...гэх мэтчилэн мэдүүлсэн бөгөөд нэг бол юм яриад байж байсан нэг бол урдхан зогсож байсан, 1 секунд ч хүрээгүй шүршсэн, унах үед нь 2 алхаад очсон хэмээн мэдүүлж байгаа нь түүний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгааг харуулж байна...” /3 хх 183/ гэж мэдүүлсэн байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1348 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд А.Е тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо намайг “3 сарын курс төгсөөд ажилласан. Ямар ч ажлын дадлага туршлагагүй” гэж бичсэн байсан. Үүн дээр тайлбар хэлье. Би ажлын байран дээрээ 6 сарын дадлага хийгээд сургуульдаа хувиарлагдаж суралцдаг. Сургууль дээрээ 3 сарын дадлага хийснийхээ дараа шалгалт өгч ажлын байр дээрээ очдог. Ажлын байрандаа очсон ч гэсэн дахин дадлагажигчаар ажилладаг.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газар А.Е-г 2020 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун Жанжины 27-773 “Б” тоотод байрлах байшингийн галыг унтраах албан үүргээ гүйцэтгэх явцдаа “Гал унтраах явцад оролцлоо” хэмээн иргэн Б.Бгийн цээж хэсэг рүү даралттай усаар шүршсэний улмаас зүрхний булчингийн судас нь гэнэт агшин цусан хангамж дутагдан зүрх зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, А.Ед яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Е-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, А.Ед холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 895 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэд “...талийгаачийн цусанд угаарын хий буюу карбоксигемоглобин 14 хувь илэрсэн ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, элэгний архаг үрэвсэл, хөнгөн зэргийн элэгний өөхлөлт, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.” /1хх 126-129/ гэх, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №895 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй байснаас гэнэт зүрх зогсож нас баржээ. Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчинг сэтгэл санаа гэнэт цочирдох, цаг агаарын огцом өөрчлөлт, гэнэт даарах, халууцах, биеийн ачаалал зэрэг нь сэдрээж түргэн үхэлд хүргэдэг. Хүйтэн усаар шүршигдэхэд зүрхний булчингийн судас гэнэт агшин цусан хангамж дутагдан гэнэт үхэлд хүргэх шалтаг болно.” /1хх 142-145/ гэх дүгнэлтүүд, шинжээч эмч М.Золжаргал “...талийгаачийн биеийн цээж, хүзүү, нүүр рүү даралттай усаар цацагдах, шүршигдэх үед зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин түүнээс болж үүссэн зүрх судасны цочмог дутагдалд нөлөөлөх боломжгүй. Цусан хангамж зүрхэнд очиж байгаа учир нөлөөлөхгүй. Усаар шүршүүлэх үед гэнэт цочролд орж бие организмд нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй ч уг цочрол нь зүрх судасны архаг цус хомсрох өвчинд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх 140-141/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболд “...угаарын хий 50-аас дээш хувь бол үхэлд хүргэдэг. ...Зүрхний архаг цус хомсрох өвчин биеийн ачаалал, сэтгэл санааны байдлаас болж сэдэрдэг. Иймд биеийн ачаалал нөлөөлнө. ...Дан ганц ус шүршээд нас барсан гэж үзэх боломжгүй...нас барах шалтаг болно. Харин нас барах шалтгаан болно гэж хариулаагүй” /хх142-143/ гэх мэдүүлэг

хэрэгт авагдсан байна.

Иймд дээрхи дүгнэлт гаргасан шинжээч нараас нэмэлтээр дүгнэлтэд дурдсан зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны цочмог дутагдалд орсон хүн ямар нэгэн үйлдэл хийх боломжтой эсэх, хэрэв боломжтой бол ямар хугацаанд үйлдэл хийх боломжтой талаар, мөн талийгаачийн цусанд угаарын хий буюу карбоксигемоглобин 14 хувь илэрсэн нь үхэлд хүргэхгүй гэсэн боловч зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчтэй хүн зүрх судасны цочмог дутагдалд ороход угаарын хий нөлөөлөх эсэх талаар мэдүүлэг, тайлбар авах шаардлагатай гэж үзэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар анхан болон давж заалдах шатны шүүхэд “...Талийгаачийн амь хохирох үедээ өмссөн хувцас нь шалба норсон байдалтай байсныг бид тэр хэвээр нь хөлдөөгчид хадгалж байгаад мөрдөн байцаагчид аваачиж өгсөн. Мөрдөн байцаагч хувцасны шинж байдал ямар байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулна гэж авсан. Би өөрөө хүргэж өгсөн. Гэтэл хувцасны талаар хэрэгт байхгүй...гал командын машины хар хайрцгийг шалгаж тогтоосон талаар баримт байхгүй...шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан” гэж мэдүүлжээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн тухайн үедээ өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн эсэх, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн тухайн үүрэг гүйцэтгэхэд оролцсон багийн хэрэглэсэн гэх тээврийн хэрэгслийн хар хайрцагны бичлэгийг хэрхэн шалгасан талаар үзлэг, тэмдэглэл хэрэгт авагдаагүй байх тул дээрхи ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлтээр шалгаж, тодруулах  шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.Ед холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, улсын яллагч Б.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1348 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.Ед холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол А.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, улсын яллагч Б.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

             

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ

                              ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ