2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/891

 

2026         04            02                                    2026/ШЦТ/891

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Нямжав,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Г” танхимд танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Ид холбогдох эрүүгийн 2606000000138 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.И нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "МТ" шатахуун түгээх станцын орчимд Б.Быг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ажил дээрээ байсан. 12 сарын дундаас тусдаа амьдарч байгаа. Тэр өдөр охины бие өвдсөн байсан ба эхнэр маань байгаагүй. Тэгтэл өөр хүнтэй явж байгааг мэдсэн. Одоо охиноо өөр дээрээ авсан байгаа...” гэв.

Эрүүгийн 2606000000138 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 8-9),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1061 дугаартай дүгнэлт (хх-ийн 16-17),

Шүүгдэгч Б.Иы мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-46),

Хохирогч Б.Бын гаргаж өгсөн баримт /хх-ийн 39/,

            Шүүгдэгч Б.Иы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-38/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Ид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.И нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч  Б.И нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "МТ" шатахуун түгээх станцын орчимд Б.Быг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь:

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2025 оны 12 дугаар сарын 30-ний шөнө 01 цагийн үед ажлаасаа бууж байхад манай найз Эрдэнэбат намайг машинтай ирж аваад бид хоёр Цэргийн төв эмнэлэг явж байхад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо КТМС-ийн автобусны буудал орчим явж байхад араас саарал өнгийн Приүс-41 загварын машин гэрлээрээ дохиод, дуут дохио өгөөд дагаад байсан. Найз бид хоёр хэсэг явж байгаад ямар учиртай хүн юм бол гэж бодоод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хил хамгаалах Ерөнхий газрын уулзвараар буцаж эргээд Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээгүүр рүү ороод зогстол тухайн машин ард ирж зогсоод 30 орчим 2 залуу бууж ирээд дээгүүрээ хар цагаан бомбер куртиктэй залуу нь хүрч ирээд манай найзтай маргаад байхаар би буугаад явсан юм бэ гэтэл намайг нүүрэн тус газар мөргөж унагаад... намайг мөргөдөг залуу нь “Та хоёр сая КТМС-ийн буудал дээр зогсож байсан биз дээ, би харсан надад зураг байгаа, Сэхүүн хаана байна" гэх мэтээр асуугаад байсан. Би хэлэхдээ “Бид хоёр ямар ч хүн аваагүй, буудал дээр зогсоогүй, хүн андуураад байна. гэж хэлтэл намайг мөргөөд унагасан... Намайг хар цагаан өнгийн бомбер куртиктэй, цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй залуу нүүрэн тус газар мөргөсөн, би нүүрээ дараад суутал баруун гарын булчин хэсэгт ашигласан. Би өшиглүүлээд толгойгоо бариад хэвтсэн тэгээд намайг дээрээс дэвсээд байсан. Намайг унасны дараа хэн цохиж зодсоныг би хараагүй. Машин барьж явсан залуу намайг унахад хажууд байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1061 дугаартай: “Б.Бын биед баруун хөмсөг, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16-17),

Шүүгдэгч Б.Иы мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “Би маргалдаж байгаад дух хэсэгт нь мөргөсөн, тэгээд барьцалдаад байж байхдаа мөр хэсэг рүү нь цохисон. Би хохирлыг нөхөн төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46),

Хохирогч Б.Бын гаргаж өгсөн баримт /хх-ийн 39/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.

Шүүгдэгч Б.Иы үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Б.И нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч  Б.Бын биед баруун хөмсөг, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд Б.Иаас өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Иы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 196,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нь баримтаар 187,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.И нь төлөөгүй байх тул шүүгдэгчээс 383,000 төгрөгийг гаргуулж, үүнээс 187,000 төгрөгийг хохирогч Б.Бд, 196,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” санал гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч  Б.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч  Б.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Ид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иаас 383,000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс 187,000 /нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг хохирогч Б.Бд, 196,000 /нэг зуун ерөн зургаан мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР