Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

2017         10          12                                                   152

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч Б.Ганчимэг

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шинжээч эмч Н.Уянга

Шүүгдэгч Т.Баттөр нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндрүүд овогт Төмөржилийн Баттөрд холбогдох эрүүгийн 201711000207 дугаартай хэргийг 2017 оны 7 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1966 оны 07 сарын 20-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 02 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1990 онд Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, Дорнод аймгийн ардын хэсгийн 7 дугаар шүүхийн 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 03 сарын 02-ны өдрийн 1/17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл. Өндрүүд овогт Төмөржилийн Баттөр /РД-ЖЯ 66072019/,

Шүүгдэгч Т.Баттөр нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн 2017 оны 5 сарын 22-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг “Найрамдал” паркын зүүн урд Хэрлэн голын эрэг дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Б.Ганчимэгийн баруун гар болон толгойн тус газарт цохиж баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Төмөржилийн Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 05 сарын 21-ний орой архи уугаад 22-ны өглөө 05 цагийн үед босоод гол руу явсан. Миний нуруу, хөл өвддөг учраас тулах зорилгоор төмөр бариад явж байсан. Тэгтэл далангийн зүүн урд талд хэсэг бургасны хажууд нэг эмэгтэй хүн бие засаад өмдөө товчлоод зогсож байсан. Би 2-3 удаа л цохисон, олон удаа цохиогүй. Тухайн үед би өөрийгөө яагаад цохисон, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Тэгээд эмэгтэй хүн хашгираад зугтаахаар нь би өөрөө сандраад төмрөө хаяаад хойшоо гараад гүйсэн. Тэгээд эмнэлгийн уулзвар дээр цагдаагийн машинтай таарч, цагдаа нарт баригдаад эрүүлжүүлэхэд орсон” гэв.

 

Хохирогч Борын Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 05 сарын 22-ны өглөө гол руу гүйгээд, тэндээ дасгал хийж эргэж далан дагаж гүйж байхдаа далангийн наана хэсэг дугуйрсан бургасанд бие засаад дөнгөж өмдөө татаж байхад миний хажууханд малгайтай, хар нүдний шилтэй, гартаа шил барьсан хүн гэтэж байсан. Миний бие салганаад өмднийхөө товчийг товчилж байхад тэр хүн нэг гараараа миний гарыг бариад нөгөө гартаа барьсан төмрөөрөө намайг цохиод байсан. Би маш их шоконд орж, бие салганаад сандрахдаа урагшаа гүйсэн. Миний хамгийн их хүсэж байсан зүйл бол “больчихоосой, би амьд үлдэх юмсан” гэж залбирсан. Тэр хооронд нэг ч хүн явж байгаа харагдаагүй. Нэг харсан чинь 3 хүн явж байсан. Тэр үед энэ хүн намайг төмрөөрөө цохиод л байсан. Миний баруун тал битүү цус болсон байсан. Би баруун гараараа нүүрээ халхалсан. Гар маань ямар ч мэдээгүй болсон байсан. Би гүйгээд л байхад араас гүйж ирээд л намайг зодоод байсан, үнэхээр аймар. Гүйж явах замдаа би “хангай, уул, ус минь намайг авраач” гэж бодсон. Тэгээд хэсэг гүйж байгаад харахад энэ хүн нөгөө тийшээ гүйж байсан. Тэгээд би далангийн наана арай гэж гараад цус урсаад байхаар нь цусаа тогтоох гээд суусан. Тэгээд санаа зовоод өмдөө их хурдан товчилсон. Яагаад гэвэл хүмүүс намайг хараад хүнд хүчиндүүлсэн байна гэж бодох вий гэдгээс эмээсэн. Тэгтэл нэг залуу ирсэн. Бумчин эмч нэлээд холоос намайг гайхаж хараад зогсож байхаар нь би “Бумчин эмчээ та хүрээд ир, намайг эмнэлгийн бараа харуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь утсаар нь аав руу холбоо бариад удалгүй түргэн тусламжийн машин ирээд намайг авч явсан. Би хүлээн авах дээр ирэхэд Ганбат эмч байсан. Намайг орон дээр хэвтүүлээд гар хурууг маань хараад хуруунд байсан бөгжийг маань бахиар авсан. Тэгээд намайг эмнэлэгт хэвт гэхээр нь тэр даруй хэвтсэн. Хурууг маань санжганатал нь цохиод хугалсан байсан. Мөн миний шуу хугарсан. Тэгэхээр нь би энэ чигээр нь бороолуулаад эдгээчихэе гэхэд эмч намайг “чи тэгж болохгүй, эмэгтэй хүн насан туршдаа тахир дутуу болно, чи ялтас захиж авчруул” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу 2 найз руугаа утасдаж байгаад 380000 төгрөгөөр захиж авчруулаад 5 сарын 31-ний өдөр хурууны ялтас суулгуулах хагалгаанд орсон. Түүнээс хойш би ажил төрлөө хийгээгүй. 3 сар эллэг, бариа хийлгэсэн. Одоо миний тархи гэмтэлтэй /3 оёдол тавиулсан/, маш их юм мартдаг болсон.  Сэтгэл санааны хувьд ч байнгын зовиур, гэнэтийн цочрол, уур уцаартай болсон. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа. Маш их гомдолтой байна” гэв.

Гэрч Ганболдын Хүдэрчулуун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 сарын 22-ны өглөө 07-08 цагийн орчим эргэн тойрон тараасан хогоо цэвэрлэж байтал хойд талд эмэгтэй хүн “аллаа, авраарай” гэж гуйж бахирах чимээ дуулдсан. Би бургас дотроос хойшоо гарч харахад хойд далангийн зүүн талд 40 гаран насны эмэгтэй хүний толгойноос цус гарчихсан, гараараа толгойгоо бариад явган сууж байсан. Хажууд нь очоод “юу болсон бэ эгчээ” гэхэд “бие засаж байхад араас нэг эрэгтэй хүн гарч ирээд төмрөөр толгой руу олон удаа цохиод зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэр үед далан дээр салхилаад явж байсан 3 эмээ гарч ирэхээр нь тэд нар руу очиж хажууд нь орхиод “таныг цохисон хүн ямар хүн байсан бэ, хаашаа явсан бэ” гэхэд тэр эгч “хар хөх юүдэнтэй цамцтай, улаан өмдтэй эрэгтэй хүн зүүн хойд талын бургас чигтээ явсан” гэж хэлсэн. Араас нь явах гэтэл 3 эмээ “наад хүн чинь гартаа төмөртэй байгаа, хутгатай байж магадгүй бургас руу ганцаараа битгий ороорой” гэж хэлэхээр нь бургас руу оролгүй бургасны захаар зүүн хойшоо явж байгаад харагдахгүй байхаар нь эргэж далан руу нөгөө эгч рүү очоод 102 руу дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 21/

Гэрч Лхаасүрэнгийн Гарав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 05 сарын 22-ны өглөө 07 цагийн орчимд Бумчин, Жавзандулам нарын хамт 3-уулаа явж байхад хэсэг бургасны зүүн урд захад нэг эмэгтэй хүн суугаад бие засах гэж байгаа бололтой харагдсан. Бид 3 далангийн баруун тал руу орж алхаж явахдаа хальт харахад нөгөө эмэгтэй хүн биднийг чиглээд “туслаарай” гээд гүйж байсан ба ард нь хар хөх өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн цаашаа эргээд бургасны цаагуур орж байгаа харагдсан. Бид 3 далангийн баруун талаар ороход нөгөө эмэгтэй хүн бахираад далан дээр гарч ирээд бидэнд хандаж “туслаач, толгойгоо хагалуулчихлаа, намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн. Тэр хүүхэн руу очиход толгойноос нь цус гарч нүүр ам руу нь урссан байдалтай “баруун гар хугарчих шиг боллоо” гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 23/

Гэрч Доржийн Долгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... “Би эмнэлэг дээр очиход Ганчимэгийн толгойноос нь цус гараад олон оёдол тавиулчихсан, баруун гарын ядам, чигчий хуруу, шуу нь хугарсан, айж сандарсан байдалтай байсан. Түүнээс асуухад бургасны хажууд бие засаад байж байтал араас нь гартаа төмөр барьсан хүн гарч ирээд зугатаахад хөөж төмрөөр цохиж зодсон. Зодсон хүнийг танихгүй, хар нүдний шилтэй, хар хөх өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай хүн байсан. Царайг нь сайн хараагүй, айж сандраад зугатаасан гэж хэлсэн” гэжээ./хх-ийн 26/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 296 тоот дүгнэлтэд:

1.Б.Ганчимэгийн биед баруун шуу, баруун сарвууны 4,5-р шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шуу, баруун сарвууны 4,5-р шивнүүр ясны далд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар зулайн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх –ийн 35/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн дүгнэлтэд:

1.Т.Баттөр нь сэтгэцийн хувьд эрүүл.

2.Т.Баттөр нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай.

 3.Т.Баттөр нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх-ийн 39/

Хэрэгт цугларсан бичмэл бусад нотлох баримтууд:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-11/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 16/

Гэрч О.Бумчины мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Д.Жавзандуламын мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч Г.Борын мэдүүлэг /хх-ийн 27/,

Гэрч Г.Сэргэлэн-Одын мэдүүлэг /хх-ийн 31/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/

Хохирогчийн эмчилгээний болон бусад зардлын баримтууд 5 хуудас

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Засаг даргын шүүгдэгч Т.Баттөрийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 66/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нотлох баримтууд:

Шүүгдэгч Өндрүүд овогт Төмөржилийн Баттөр нь согтуугаар 2017 оны 5 сарын 22-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг “Найрамдал” паркын зүүн урд Хэрлэн голын эрэг дээр төмрөөр хохирогч Б.Ганчимэгийн баруун гар болон толгойн тус газарт цохиж баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...тэр хүн нэг гараараа миний гарыг бариад нөгөө гартаа барьсан төмрөөрөө намайг цохиод байсан. Би маш их шоконд орж, бие салганаад сандрахдаа урагшаа гүйсэн. Миний баруун тал битүү цус болсон байсан. Би баруун гараараа нүүрээ халхалсан. Гар маань ямар ч мэдээгүй болсон байсан. Би гүйгээд л байхад араас гүйж ирээд л намайг зодоод байсан. ...Хурууг маань санжганатал нь цохиод хугалсан байсан. Мөн миний шуу хугарсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Хүдэрчулууны мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 05 сарын 22-ны өглөө 07-08 цагийн орчим эргэн тойрон тараасан хогоо цэвэрлэж байтал хойд талд эмэгтэй хүн “аллаа, авраарай” гэж гуйж бахирах чимээ дуулдсан. Би бургас дотроос хойшоо гарч харахад хойд далангийн зүүн талд 40 гаран насны эмэгтэй хүний толгойноос цус гарчихсан, гараараа толгойгоо бариад явган сууж байсан. Хажууд нь очоод “юу болсон бэ эгчээ” гэхэд “бие засаж байхад араас нэг эрэгтэй хүн гарч ирээд төмрөөр толгой руу олон удаа цохиод зугтаачихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.Гаравын мөрдөн байцаалтад өгсөн “... Бид 3 далангийн баруун тал руу орж алхаж явахдаа хальт харахад нөгөө эмэгтэй хүн биднийг чиглээд “туслаарай” гээд гүйж байсан ба ард нь хар хөх өнгийн малгайтай цамцтай эрэгтэй хүн цаашаа эргээд бургасны цаагуур орж байгаа харагдсан. Бид 3 далангийн баруун талаар ороход нөгөө эмэгтэй хүн бахираад далан дээр гарч ирээд бидэнд хандаж “туслаач, толгойгоо хагалуулчихлаа, намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн. Тэр хүүхэн руу очиход толгойноос нь цус гарч нүүр ам руу нь урссан байдалтай “баруун гар хугарчих шиг боллоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Д.Долгорын мөрдөн байцаалтад өгсөн “Би эмнэлэг дээр очиход Ганчимэгийн толгойноос нь цус гараад олон оёдол тавиулчихсан, баруун гарын ядам, чигчий хуруу, шуу нь хугарсан, айж сандарсан байдалтай байсан. Түүнээс асуухад бургасны хажууд бие засаад байтал араас нь гартаа төмөр барьсан хүн гарч ирээд зугатаахад хөөж төмрөөр цохиж зодсон. Зодсон хүнийг танихгүй, хар нүдний шилтэй, хар хөх өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай хүн байсан. Царайг нь сайн хараагүй, айж сандраад зугатаасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26/ болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 296 тоот дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 8-11/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/, хохирогчийн эмчилгээний болон бусад зардлын баримтууд 5 хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, эргэлзээгүй, шүүхийн шийдвэрийн үндэс болно.

Шүүгдэгч Т.Баттөр нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон гэж үзэв.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Баттөрд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан үйлдлийг дангаараа үйлдснийг гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд уг үйлдлийг бүлэглэн үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Баттөрд холбогдох хэргийг 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ганчимэг нь эмчилгээний зардалд 4 хурууны ялтасны төлбөрт 380000 төгрөг, бариа засалд өдрийн 25000 төгрөгөөр 2 сар, 15 хоног бариулсаны төлбөрт 1875000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-нааас 07 сарын 30-ны хооронд худалдагч ажиллуулсаны хөлсөнд 600000 төгрөг, Хан хэрлэн худалдааны төвд гэрээний дагуу түрээсийн төлбөрт нэг сарын төлбөрт 495000 төгрөг, 5,6,7,8-р саруудын төлбөр 1980000 төгрөг, татварт 40000 төгрөг, нийт 4875000 төгрөг зарцуулснаас шүүгдэгч Т.Баттөрөөс төлсөн 500000 төгрөгийг хасч 4375000 төгрөг нэхэмжилснээс хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө уг худалдааны төвд лангуу түрээслэж амьдарч байсан тул Хан хэрлэн худалдааны төвийн 4 сарын түрээсийн төлбөр 1980000 төгрөг, татварт төлсөн 40000 төгрөг бүгд 2020000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын 2355000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

   Шүүгдэгч Т.Баттөрийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс АВ2366837 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үргэлжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Баттөрийн өмсөж явсан хар, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн хуванцар нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялтай тул шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон ба нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож эдлэх ялаас нь хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн тул түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖЯ66072019 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Баттөрийн үйлдэлд  ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Өндрүүд овогт Төмөржилийн Баттөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөржилийн Баттөрийг 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттөрийн цагдан хоригдсон 13 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож эдлэх ялаас нь хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттөр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Баттөрийн өмсөж явсан хар, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн хуванцар нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Баттөрөөс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт 2355000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч Т.Баттөрийн эзэмшлээс хураан авсан АВ2366837 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЯ66072019 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шүүгдэгч Т.Баттөрд тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Т.Баттөрд урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ