Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 18

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2019/00141 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Б, Д.Б нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 1.863.890 төгрөг, хүү 4.614.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 828.670 төгрөг, нийт 7.307.180 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энхболд, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нар онлайнаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б нь 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус хоршоонд гишүүнээр элсэж, эхнэр Д.Б-тэй хамт 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.1 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч 1.863.890 төгрөг төлөөгүй зээлийн хугацаа хэтрээд байна. Зээлээ төлж барагдуулах талаар олон удаа уулзаж ярьсан боловч зээлээ төлөөгүй, зээлийн барьцаанд анх УАЗ Фургон маркийн автомашин, хивс 2 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зурагт 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, дуков 1 ширхэгийг тус бүр тавьсан ч автомашин болон хивсийг үгүй хийсэн байсан тул барьцаа хөрөнгөөс үлдсэн цахилгаан хэрэгслийг борлуулж зээлийн төлбөрөөс нь хасч барьцаа хөрөнгөгүй болсон. Байгууллагын шаардлагаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус барьцаалж эдгээр газрыг худалдахыг зөвшөөрсөн боловч хашаагүй тул зарагдаагүй. Энэ тухай Т.Б-д танилцуулахад хашааг барьж өгнө гэсэн. ***-оос хүн ирж авахаар ярьсан гэсэн боловч хашаагаа бариагүй өөрөө Дорноговь аймгийн *** ажиллахаар яваад дахин уулзалдаагүй холбоо тасарсан. 2019 оны 2 дугаар сарын сүүлээр *** суманд ирсэн одоо эндээ амьдарч байгаа гээд нягтлан бодогчтой таарсан байсан. Т.Б нь зээлсэн мөнгөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагыг хохироож байгаа тул зээлийн үлдэгдэл 1.863.890 төгрөг, хүү 4.614.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 828,670 төгрөг, нийт 7.307.180 төгрөгийг Т.Б, түүний эхнэр Д.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооны захирал Д.Д нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Т.Б манай Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элссэн. Хоршоонд элсэхдээ хоршооны дүрэм журамтай танилцаад хувьд ногдох хөрөнгөө нийлүүлээд, өөрийн нийлүүлсэн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гээд баталгаа гаргаад, анкет бөглөж, гэрээ байгуулаад, иргэний үнэмлэхийн хуулбараа өгөөд Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоонд элссэн. Бид нар зөвхөн гишүүндээ үйлчилдэг журамтай. Үүний дагуу 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг зээлсэн. Хамгийн анх элсэж байгаа хүнд хүүг нь 4.1 хувиар бодож гэрээ байгуулдаг тул зээлийн хүүг 4.1 хувиар бодож гэрээ байгуулсан. Тэгээд 2013 оны 06 дугаар сард зээлийн гэрээний хугацаа дуусаад 1.863.890 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Гэрээний хугацаа дуусаад зээлээ төл гэхэд барьцаанд тавьсан УАЗ Фургон маркийн  автомашин, хивс нь байхгүй, бусад цахилгаан хэрэгсэл нь байсан. УАЗ Фургон маркийн  автомашин, хивс нь байсан бол бид нарт зарж борлуулах боломж байсан. Бид нар 7 хоногийн хугацаа өгөөд энэ эд хөрөнгөө зарж болохгүй шүү гэж хэлсэн. Хэрэв зарах юм бол боломжит үнийн дүнгээр зараад хоршоонд тушааж болно гээд битүүмжлээд бичиг үйлдэж өгсөн. Тэгээд хугацаа нь дууссаны дараа очиход зарж борлуулаагүй байсан. Зээлийн хороо хуралдаад нөгөө эд хөрөнгийг нь үнэлж зарсан. Бид үнэлэхдээ барьцаалсан үнээр нь биш аль болох илүү өндөр үнээр борлуулъя гэж үнэ тогтоогоод зар өгсөн. Гэтэл тэр зар өгсөн үнээр борлуулж чадаагүй. Зээлийн хоршоо дахин хуралдаад үнийн дүнг бууруулж сүүлд өгсөн үнийн дүнгээр зарж борлуулсан. Хөргөгчөө зарсөн боловч тухайн хөргөгч ажиллахгүй байна гээд байхаар нь яасан юм бол гээд засварчинд үзүүлэхэд шингэн нь дууссан байна гэсэн. Тэгээд явуулын засварчин ирэхээр нь дуудаад 50.000 төгрөгөөр цэнэглүүлээд буцаагаад нөгөө хүндээ болчихлоо гээд өгсөн. Гэтэл дахиад мотор нь ажиллахгүй байна гэсэн. Би Т.Б-д хөргөгч чинь болохгүй байна, бусад эд хөрөнгийг нь зарчихлаа гэж хэлсэн. Тухайн эд хөрөнгийг 210.000 төгрөгөөр зараад зээлийн үндсэн хүүгээс 131.030 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгээс 78.970 төгрөгийг нийт 210.000 төгрөгийг тухайн үеийн нэхэмжилж байсан үнийн дүнгээс хасч тооцсон. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 7.307.180 төгрөгийн төлбөр гарсан байна. Одоо манай хоршоо 7.307.180 төгрөгийг Т.Б болон Д.Б нараас нэхэмжилж байна. Энэ хугацаанд чи фургон, хивс зэрэг эд хөрөнгөө зарчихсан юм бол өөр арга зам олоод төлбөрөө барагдуулчих. Хэрэв төлбөрөө барагдуулахгүй бол хуулийн байгууллагаар явах болчихоод байна. Барьцааны эд хөрөнгөө худалдан борлуулна гэдэг чинь залилангийн хэрэг болно гэж хэлсэн. Гэтэл боломж болохгүй байна гээд янз бүрийн шалтаг тоочоод байсан. Тэгэхээр нь тэгвэл чи фургон, хивстэй дүйцэх хэмжээний барьцааны хөрөнгө авч ирж өг гэж хэлсэн. Ингэж шаардсаны үндсэн дээр ***, *** гэсэн 2 газрын гэрчилгээг байхгүй болгосон машиныхаа оронд барьцаалсан. Тэр газар дээр хашаа бариад өөрийнх нь буучихсан байсан. Д.Б 3, 4 хаяг дамжсан айл байгаа юм. Тэр газраас нүүхдээ хашааныхаа банзыг буулгаж аваад явсан байсан. Хашаагүй болохоор хүн авахгүй байна гэхэд би материалаа татах гээд хүнд хэлсэн байгаа удахгүй хашаа бариад өгнө гэсэн. Тэр хүн нь ирж уулзаагүй. Хашаагаа ч бариагүй. Т.Б-х Дорноговь аймаг руу ажиллахаар явсан гэсэн. Тэгээд холбоо тасраад, утас нь холбогдохгүй болсон. Бид газрыг нь зарах гэж олон удаа зар тавьсан. Зарлуулсан гэх баримтаа сүүлийн баримтад гаргаж өгсөн. Би аль болох өрийг нь хаачих боломж юу байна гээд их явсан. Өөрөө ч хэлсэн та наад газраа зарах боломж байвал зарчих гэсэн. Би тэр газрыг зарах гэж их үзсэн. Гэхдээ айлууд хоосон газар үнэгүй өмчилж аваад байгаа болохоор хашаагүй газар худалдаж авалгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1.863.890 төгрөг, хүү 4.614.620 төгрөг болсон. Иргэний хуулийн дагуу хүүгээсээ 20 хувиар бодоод нэмэгдүүлсэн хүү авдаг. Нэмэгдүүлсэн хүү 823.670 төгрөг байна. Хүүг яагаад төлдөг вэ? гэхээр 1.863.890 төгрөг тухайн үедээ төлөгдсөн бол дараагийн зээл авах гишүүнд бид нар Т.Б-ынд өгсөн хүүгээрээ зээл өгөөд орлого олдог. Хүү нь буцаж орж ирээд буцаад зээл гаргаад зээлийнхээ хүүг авдаг. Байнга эргэлтэд орж байж ашиг олдог санхүүгийн тогтолцоотой. Тиймээс энэ үйл ажиллагааг саатуулсан учир Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар бодож авсан. Хамт олны гаргасан дүрэм журмаар явж байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Надад өөрөө мэдээд нэхэмжлэлийн шаардлагыг буруулах, ихэсгэх, багасгах эрх байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 04 дүгээр сард 2.989.700 төгрөгийн зээл авсан. Фургон машиныхаа оронд 2 газрын гэрчилгээгээ өгсөн. Тэгээд би тухайн үедээ өр хаагдчихлаа гэж ойлгосон. Тэр газрыг би өөрөө буулгаж аваагүй. Би хашаагаа бариатай нь орхиод явсан гэдгийг тэнд байдаг айлууд мэдэж байгаа. 2014 оны 04 дүгээр сард газраа өгөөд бүх өр зээл дууссан гэж бодоод өдийг хүрсэн. Тэгээд энэ жил 07 дугаар сард намайг ирэхэд ийм асуудал үүсчихсэн байна. Би одоо 2.989.700 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би 2 газрын гэрчилгээгээ өгөөд зээл дарагдчихсан гэж бодоод яваад байсан гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2 газрын гэрчилгээгээр 2.989.700 төгрөгийг төлж барагдуулах бодолтой байна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн тусгай ангийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоо хариуцагч Т.Б, Д.Б нарт холбогдуулан “зээлийн үлдэгдэл 1.863.890 төгрөг, хүү 4.614.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 828.670 төгрөг, нийт 7.307.180 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.865 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэн, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй Т.Б-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өр барагдуулах баталгаа гаргасан байна гэсэн мөртлөө 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусчээ гэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч Т.Б 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлээ төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцох учиртай. Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хаана яваа нь мэдэгдэхгүй, холбоо барих боломжгүй байсан нь Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооноос шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ гэх үндэслэл болохгүй. Т.Б ямар ч холбоогүй алга болсон, барьцаа хөрөнгөө зарж үрэгдүүлсэн нь эрүүгийн шинжтэй үйлдэл байсан. Иймээс Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооны зүгээс хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. Эрүүгийн журмаар шалгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир иргэний журмаар шийдвэрлэх учиртай. Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй байсныг шүүх үнэлэх хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Х давж заалдах гомдлын хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гаргасан шийдвэр гэж үзэж байна. Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоо нь Т.Б, Д.Б нартай зээлийн гэрээг 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний аль нэг тал гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээгдсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар гэрээний хугацаа хэзээ эхэлж, дуусах талаар хуульчилсан. Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 10 жил гэж заасан. Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар ...гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 3 жил... байна гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг нэхэмжлэгч тухайн гэрээний үүргийг биелүүлэх хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор шаардах эрхээ эдлэх байсан. Энэ хугацааг нэхэмжлэгч Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоо нь мэдэж байсан бөгөөд эрхээ эдлэхгүйгээр 2014 оны 04 дүгээр сард шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлгүй өөрсдөө тохиролцсон гэх тайлбараар гэрээнд анх барьцаагүй хөрөнгө болох хашааны газар барьцаалах, хариуцагчаар тайлбар бичүүлэх зэрэг хууль бус арга хэрэглэж өрийг барагдуулах хууль бус арга хэрэглэж шаардах эрхээ эдлэх хуулийн хугацааг өөрсдийн буруугаас болж хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзсан нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл болсон. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тасраад дахиж эхэлж тоолсон гэж үзэхэд ч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 05 дугаар сар хүртэл 5 жилийн хугацаа тоологдохоор байна. Энэ хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзсэн ч 3 жилийн хугацаа дууссан байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Э.Х хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Т.Б, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1.863.890 төгрөг, хүү 4.614.620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 828.670 төгрөг, нийт 7.307.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

  Нэхэмжлэгч “Б.Э.Х” хадгаламж зээлийн хоршоо 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ нэхэмжлэлийн үндэслэл болгожээ. Шаардлагын үндэслэл болсон 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  зээлийн  гэрээний  дагуу  нэхэмжлэгч  нь  хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаж байсан гэх боловч 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан гэх  баримт хэрэгт авагдаагүй,  “... талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээ 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна...зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 7 дугаар сарын 05-нд дууссан... нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан байна...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо “...Хариуцагч Т.Б 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлээ төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох учиртай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцох учиртай. Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хаана яваа нь мэдэгдэхгүй, холбоо барих боломжгүй байсан нь Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооноос шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ гэх үндэслэл болохгүй...” гэжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ..” гээд  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулжээ. Нэхэмжлэгч нь  хэдийгээр хариуцагчтай холбоо барих боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч үүнээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэхгүй бөгөөд хуульд заасан журмаар шүүхэд хандаж хариуцагчийг олж тогтоолгох боломж байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх байдлууд тогтоогдохгүй байна.

 Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь хуульд нийцсэн байна.

              Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын зөв тайлбарлаж, үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтуудыг зөв тайлбарласан хэдий ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэсэн хуулийн дээрх заалтыг баримтлаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэсэн заалтыг нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

   Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-н гомдолыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 131865 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

   Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 146/ШШ2019/00141 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар...” гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.

   2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-н гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 131865 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.