Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/959

 

 

 

 

 

                        

  2021             11              09                                          2021/ДШМ/959

                                                                                                                              

 

Ц.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,       

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/1170 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай эсэргүүцлээр Ц.Од холбогдох 1902000000305 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Ц-ын О, 1977 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодохой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Ц.О нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны *** давхарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5,000,000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчимд “**”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирохгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол Эрүүгийн хуульд заасан цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотолж, тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийг гүйцэтгэгч/, 3.3 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийн зохион байгуулагч/ дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө худалдаж, бэлнээр мөнгийг шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үйлдэл, үйл баримтыг шалгаж эхлүүлсэн бол нотолбол зохих асуудлын хүрээнд тухайн асуудлыг бүрэн гүйцэд шалгаж, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлсэн байх учиртай боловч ийм боломж бүрдээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэж улсын яллагч яллах дүгнэлтээ үйлдсэн боловч түүний үйлдэл оролцоог нарийн тогтоогоогүй, гэмт хэргийг хэрхэн яаж зохион байгуулсан, хэрхэн гүйцэтгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

...Хэргээс дүгнэвэл прокурорын яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Ё.Х гэгч нь удаа дараа энэ хэрэгт өөр дугаараас эрэгтэй хүн зааварчилгаа өгсөн, Ц.Оыг сайн танихгүй талаар мэдүүлсэн байтал, уг Анужин гэх этгээдийг олж тогтоох, хамтран оролцсон оролцоог мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Мөн энэ хэрэгт шүүгдэгч Ц.Оыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 байрны 1 дүгээр орцны 4 давхарт шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж улсын яллагч дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн боловч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргээс тусгаарласан шүүгдэгч Ё.Хг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мөн Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 38 дугаар байр 1 дүгээр орцонд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнобинолын агууламжтай шавар гэх нэршилтэй 49.76 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж улсын яллагч дүгнэсэн байна.

Нэг үйл баримтын талаар улсын яллагч шүүгдэгч Ц.О, Ё.Х нарыг энэ хэрэгт бүлэглэн оролцсон үйлдэл оролцоо тогтоогдоогүй байхад нэг цаг хугацаанд, нэг газар буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны 4 дүгээр орцонд хадгалсан гэж тус тус дүгнэж шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй, ялтан Ё.Хг уг байрны орцонд хадгалсан гэж Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь дүгнээд шийтгэх тогтоол гаргасан байхад, энэ хэрэгт шүүгдэгч Ц.Оыг цаг хугацааны хувьд хэзээ, хэрхэн яаж хадгалсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг хэн үйлдсэн эсэх, хаана үйлдсэн, цаг хугацаа, тухайн гэмт хэрэгт н.Анужин гэх этгээд хамтран оролцсон, бүлэглэн оролцсон байдал зэргийг бүрэн тогтоосны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд,

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас Ц.О нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж байсан, мөн өдрөө Ё.Хгаас 5 сая төгрөг бэлнээр авч бодис байгаа газрыг зааж өгч, түүний эзэмшилд шилжүүлсэн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Хэрвээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамласныг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хууль зүйн дүгнэлтийг хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

2. Ц.Од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон ба прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож буй үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу Ц.Од эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан яллагдагчид танилцуулан мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган яллах дүгнэлт үйлдсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.Оын хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 мянгат 52 дугаар байрны 5 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ж.Оюунбаярын мэдүүлэг, Ё.Х нь Ц.Оын ажил дээр ирж түүнийг нэр дурдан сураглаж асуусан, уулзсан талаарх гэрчүүдийн мэдүүлэг, Ё.Хгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн Ц.Од мансууруулах бодис худалдан авахаар 5 сая төгрөг өгсөн гэх мэдүүлгүүд, Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ё.Хгаас 5 сая төгрөгийг авсан...” талаарх мэдүүлгүүд, Ё.Хгаас 5 сая төгрөг авсны дараа бодис хаана байгаа болохыг зааж өгсөн, хэлсэн, түүнчлэн түүний заасан газарт мансууруулах бодис хадгалагдаж байсан зэрэг хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон.

Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, үнэн зөв хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хавтаст хэрэгт тусгаж, тэдгээрийг нэгтгэн дүгнэсэн буюу Ц.Од эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд Ц.О нь ямар санаа зорилготой байсан зэргийг тодорхой дүгнэсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс “...нэг үйл баримтын талаар улсын яллагч шүүгдэгч Ц.О, Ё.Х нарыг энэ хэрэгт бүлэглэн оролцсон үйлдэл оролцоо тогтоогдоогүй байхад нэг цаг хугацаанд, нэг газар буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 38 байрны 4 дүгээр орцонд хадгалсан гэж тус тус дүгнэж шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй, ялтан Ё.Хг уг байрны орцонд хадгалсан гэж Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь дүгнээд шийтгэх тогтоол гаргасан байхад, энэ хэрэгт шүүгдэгч Ц.Оыг цаг хугацааны хувьд хэзээ, хэрхэн яаж хадгалсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, Ц.О тухайн байрны орцонд хадгалж байсан мансууруулах бодисыг Ё.Хд 5 сая төгрөгөөр худалдах хүртэл тэр газарт хадгалж байсан, харин Ё.Х мөнгийг төлсөнөөрөө тухайн газарт хадгалж байсан бодисыг эзэмшихээр болсон гэдгийг шүүх харгалзан үзээгүй байна.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас З.А нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *** дугаартай гадаад паспортоор Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын хилийн боомтоор БНХАУ-руу гарсан, үүнээс хойш Монгол Улсад орж ирээгүй бүртгэл авагдсан. Ц.Оыг гэмт хэрэгт холбогдон шалгагдах үед буюу тус гэмт хэрэг болсон цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хилийн лавлагаа /6хх 9, 8хх 88/-уудаар тогтоогдсон, Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А гэж миний салсан нөхөр, би Польш улс руу явахаасаа өмнө салчихсан байсан” гэх зэрэг баримтуудаар тэд энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй юм.

Мөн З.Агийн шалгагдаж  байгаа эрүүгийн 1902000980143 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн хуулийн заалтад нийцээгүй, шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр  нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэргийг бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд Ц.Оыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж эсэргүүцэл бичсэн. Ц.О энэ хэрэгт холбогдож эхэлсэн үе буюу 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхэлж би ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, хар тамхи хэрэглэж байгаагүй, олж хараагүй, худалдаж борлуулаагүй, хадгалаагүй гэх мэдүүлгийг өнөөдрийг хүртэл өгч байна. Зөвхөн өөрөө амьдралаа авч явдаг гоо сайханч хийдэг эмэгтэй. Шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан гэх газар нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 байрны 1 дүгээр орцны 4 давхарт хадгалсан гэх газарт хэн түүнийг тавьсан, нуусан, хэн гаднаас оруулсан, хэнээр дамжуулж тавьсан гэх асуудлыг тогтоох нь прокурор, мөрдөн байцаагч нарын үүрэг. Гэтэл энэ төрлийн хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд өмгөөлөгч нарын зүгээс анхнаасаа үүнийг тогтоож өгнө үү гэж гомдол гаргаж байсан. Тэр бодисыг нуусан гэх газарт Ц.Оыг явж байсан гэх камерийн бичлэг, хурууны хээ, гутлын ул мөр, харсан гэрч гэх ямар нэг баримт байхгүй. Ийм нотолгоогүйгээр энэ хэрэгт яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хийгээгүй хэргийн төлөө яллаж болохгүй. Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид эргэлзээтэй зүйл дурдагдсан. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад тус тус заасан хуулийн агуулгад нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль эрх зүйн дүгнэлт хийх боломж нь байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох, зүйлчлэлийг хөнгөрүүлэх эрх нь шүүхэд байгаа. Хэрэгт нөхөн гүйцэтгэх ямар нэг ажиллагаа байхгүй. Тухайн үед утсаар эрэгтэй хүн ярьж тухайн газрыг зааж өгсөн. Харин Ц.О тухайн газрыг зааж өгсөн зүйл байхгүй. Ц.Оыг бодисыг хадгалсан, утсаар байгаа газрыг зааж өгсөн болох нь тогтоогдоогүй. Тухайн үед тэр газрыг эрэгтэй хүн зааж өгсөн гэж хэлж байхад тэр мөрөөр нь шалгалт хийгээгүй. З.А энэ хэргийг хамтарч үйлдсэн гэх нөхцөл байдал өнөөдрийн энэ хавтас хэргийн хүрээнд байхгүй. Өөр хэрэгт З.Аг шалгаж байгаа бол энэ хэрэгтэй хамтад нь шалгах шаардлага байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Ц.О нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5.000.000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчимд “Naran Guasha Salon”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Цогтгэрэл нь З.Аг  2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан, үүнээс хойш Монгол Улсад орж ирээгүй бүртгэлд авагдсан. Ц.Оыг гэмт хэрэгт холбогдон шалгагдах үед буюу тус гэмт хэрэг болсон цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй, З.Агийн шалгагдаж байгаа эрүүгийн 1902000980143 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн талаар тайлбарлаж байна.  

Анхан шатны шүүх шүүхэд ирүүлсэн гэмт хэргийн хэмжээ хязгаараас хальж, хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж Ц.Од холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан чиг үүргийг улсын яллагч хэрэгжүүлж шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг нотлох боломжтой бөгөөд энэ нь “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурор Г.Цогтгэрэлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Од  холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/1170 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ