Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2024/00274

 

 

 

 

 

 

2024 05 28 156/ШШ2024/00274

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00197/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* цемент ХХК,

Хариуцагч: ******* ******* ******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 10 626 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Манай компани нь шуудайтай цементийн борлуулалт, тээвэрлэлтэд шаардлагатай поддон (*******он)-ийг "******* ******* ******* ХХК-аас авахаар тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нийт 1000 ширхэг цементийн поддоны үнэ болох 30 800 000 төгрөг (нэгжийн үнэ 30'800 төгрөгөөр тооцсон)-ийг түүний дансанд шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс дээрх төлбөр төлөгдсөн хугацаанаас хойш, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 655 ширхэг буюу 2 031 743 000 төгрөгийн үнийн дүнтэй поддоныг манай компанид цувуулж нийлүүлсэн байдаг. Харин дээрх хугацаанаас хойш өдийг хүртэл үлдэгдэл барааны нийлүүлэлт хийгдээгүй тул манай компаниас дутуу барааг нийлүүлэхийг удаа дараа шаардаж, улмаар үлдэгдэл төлбөрийг буцаан шилжүүлэх талаар хандаж байсан. Улмаар талууд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд тооцоо нийлж "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-ны хуудсыг үйлдсэн. Тус актад заасны дагуу "МАК *******" ХХК нь "******* ******* *******" ХХК нь -аас 10 626 000 төгрөгийн авлагатай болохыг баталгаажуулсан болно. Дээрх тооцоо нийлсэн актыг үйлдсэнээс хойших баталгаажсан төлбөрийн үлдэгдлийг барагдуулаагүй хэвээр байсан тул 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №01/446 тоот албан бичгээр тооцооны үлдэгдэл 10 626 000 төгрөгийг төлж барагдуулахыг шаардсан боловч төлөлт одоог хүртэл хийгдээгүй байна. Дээр дурдсаны дагуу манай компани Төлбөрийг барагдуулах тухай шаардлагыг өмнө нь ч удаа дараа гаргаж ирсэн боловч "******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Эрдэнэхуягийн зүгээс удахгүй төлнө, хамтран ажиллаж байгаа хүнээс авлагаа хүлээж байгаа, мөнгө орж ирнэ гэх мэт шалтгаанаар төлбөрийн хугацааг хойшлуулах хүсэлт тавьж байсан хэдий ч төлбөрийг буцаан шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандахаас өөр аргагүй нөхцөлд хүрлээ. Иймээс тооцоо нийлсэн актаар баталгаажсан төлбөрийн үлдэгдэл 10 626 000 төгрөгийг хариуцагч ******* ******* *******" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* ХХК нь ковидын үеэр үйл ажиллагаа завсарлаж, ******* цемент ХХК-тай тохиролцсон подоныг цаг тухайд нь нийлүүлж чадаагүй. Түүнээс хойш хамтран ажиллаж байсан байгууллагын захирал Баатархуягийн биеийн байдал муу байгаагийн улмаас компанийн үйл ажиллагаа жигдрэхгүй, компани шилжүүлэх байдал дээр асуудал гарч нэхэмжлэлийг удаа дараа хойшлуулж байсан нь үнэн болно. Иймд нэхэмжилсэн төлбөр 10 626 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 10 626 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* цемент ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 10 626 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нь 10 626 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 966 төгрөгийн 92 483 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 92 483 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь төлбөр 10 626 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 966 төгрөгийн 92 483 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 92 483 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ