Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/975

 

 

 

 

 

      2021           11             16                                         2021/ДШМ/975       

                                                                           

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Нямдэлэг,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/1668 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гд холбогдох 2110003450631 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Хотгойд овгийн Б-ын Г, 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... дугаар байрны 204 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн онлайн мөрийтэй тоглоомын “ККРокеr аппликейшн” ашиглаж мөн фэйсбүүкийн "***” нэртэй групп хуудсаар дамжуулж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж,

-мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих асуудлыг тусгасан ба, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” тус тус нотолно гэж хуульчилсан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Прокуророос Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “...1 ам долларыг 2800 төгрөгөөр худалдан авч, 3000 төгрөгөөр борлуулж, ам доллар тус бүрийн зөрүүнээс 200 төгрөгийн ашиг олдог байсан, уг мөнгөөр би тоглодог байсан, гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан. ..." гэж мэдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үзвэл шүүгдэгч Б.Гын Хаан банкинд эзэмшдэг 5429604669 тоот дансанд 633.723.741,53 төгрөгийн орлого орсон байх ба гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан байх тул түүний дансанд орсон орлогын мөнгөний эх үүсвэрийг шалгаж, орлого хийсэн хүмүүсийн дансны мэдээлэл дээр үндэслэн тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан субъектээр оролцуулж мэдүүлэг авч, шүүгдэгчийн 633.723.741,53 төгрөг нь гэмт хэргийн замаар орж ирсэн эсэхийг шалгах, улмаар шүүгдэгч Б.Г нь 1 ам долларыг 2800 төгрөгөөр худалдан авч, мөрийтэй тоглоом тоглогч нарт 3000 төгрөгөөр худалдан борлуулж, ам долларын зөрүүнээс олсон ашгийн мөнгөөр хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалган тогтоох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан ба шүүгдэгч Б.Гын гэмт хэргийн улмаас олсон орлогыг тогтоох шаардлагатай.

Иймээс дээрх зөрчлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж үзэж хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудаар Гд холбогдох хэрэг нь нотлогдон тогтоогдсон уг хэрэгт хохирогч байхгүй, учирсан хохирол байхгүй юм.         

Учир нь Г нь өөрийн долларын дансыг бусдад ашиглуулж төгрөгийн дансаар мөнгө авч долларын дансаар тоглогчийн мөнгийг буцаж гаргадаг байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Гын хувьд ккрокеr апплейкшнээр эхлээд тоглодог байсан бөгөөд уг  аппын админ болон тоглогчид нь ченж болох саналыг тавьж өөрийн дансыг уг фэйсбүүк групп дээр тавьж 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл ченж хийсэн үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн фэйсбүүк хаягаар “Нарны орон” пэйж хуудас нээж бусдыг покер тоглуулж байсан. Уг хугацаанд өөрт ашиг олсон зүйл байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдддог. Үүнд,

Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон шүүгдэгчаар өгсөн: “...би kkpoker the hu club гэсэн клубд 2020 оны 4 дүгээр сараас эхлээд өөрөө тоглож эхэлсэн. Би уг аппликэйшинг татаж тоглосон. Г гэдэг нь миний тоглогчийн нэр. 2020 оны 5 дугаар сараас kkpoker the hu club тоглогчдын саналаар намайг найдвартай хүн байна гээд тухайн клубын ченж болгосон. Уг аппликэйшинг доллараар тоглодог. Тоглогч доллар авахаар миний 5429604669 дугаарын данс руу төгрөг шилжүүлэхэд би надад байгаа доллараа тухайн хүний рүү шилжүүлж ченж хийдэг байсан. Мөн доллар зарна гэсэн тоглогч нар руу болон клубын админ руу төгрөг шилжүүлээд доллар авч буцаагаад зарах замаар ченж хийдэг байсан. 2020 оны 7 дугаар сард kkpoker the hu club-ын админ намайг ченж байхаа больсон талаар фэйсбүүк группд зар тавьсан. Би уг kkpoker the hu club-ын ажиллуулдаг хүний талаар мэдэхгүй уулзаж байгаагүй, kkpoker the hu club-ын дансны эзэмшигч нь Амарбаясгалан гэдэг хүн байсан. Тэрнээс хойш тоглодог зарим хүмүүс над руу чамаас мөнгө хийхээр хожоод байна доллар сольж өгөөч гэсний дагуу цөөн тооны хүмүүсийн долларыг сольж өгч байсан... Би “нарны орон” нэртэй клубыг 4 сар ажиллуулсан. Ажиллуулахдаа өөрт олсон ашиг байхгүй... би уг тоглоомыг тоглоод машины барьцаанд тавьсан, Ард зэрэг аппаар зээл авах зэргээр өөрөө өрөнд орсон. 2021 оны 1 дүгээр сараас хойш болъё гэж бодоод тоглохоо больсон...” гэж мэдүүлсэн байдаг. /хх 15-17/

Гэрч Т.С-ийн өгсөн “...ккрокеr нэртэй программ апплейкшн нь олон улсын цахим мөрийтэй тоглоомын сайт ба Их британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаяг дээр бүртгэлтэй AceLing IOM Limited компанийн эзэмшдэг мөрийтэй тоглоом юм. Ккрокеr нэртэй программд 2 төрлөөр дансыг цэнэглэн покер тоглодог. 1-рт тоглогч өөрөө цэнэглэх, интернэттэй орчинд тоглогч өөрийн бүртгэлтэй хаягт олон улсын картыг холбож дансаа цэнэглэж тоглодог. 2-рт клубын эзнээр цэнэглүүлэх. Интернеттэй орчинд тоглодог өөрийн бүртгэлтэй хаягт олон улсын карт холбоогүй тохиолдолд бусдын үүсгэсэн клубт элсэн орж клубын эзэн тухайн хэрэглэгчийн бүртгэлтэй хаягыг цэнэглэж покер нэртэй тоглоомыг тоглож болно...” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч А “...kkpoker the hu club-ын админ нь Амгалан, Цэрэн-Аюуш гэж 2 хүн байсан... пэйж хуудсаараа Амгалан надтай холбогдож ажлын санал тавьсан... миний хийж эхэлсэн ажил бол ккрокеr аппаар тоглож байгаа хүмүүсээс төгрөг шилжүүлэн авч буцаагаад доллар болгон шилжүүлдэг байсан. Төгрөгөөр тоглох боломжгүй учраас тоглож байгаа бүх хүн над руу төгрөг шилжүүлж доллар авч дансаа цэнэглэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-24-27/ болон Гын Хаан банкны дансны хуулгаар нотлогдон тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй, нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй үйл баримтыг шалгуулахаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1668 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Г нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Үүнтэй холбоотой мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэсэн байна. Тоглоомыг зохион байгуулж тоглож байгаа хүмүүсийн дансыг цэнэглэж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд шүүгчийн захирамжид заасан мөнгө угаах гэмт хэрэг байгаа эсэхийг шалгах үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Г 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн онлайн мөрийтэй тоглоомын “ККРокеr аппликейшн” ашиглаж мөн фэйсбүүкийн "***” нэртэй групп хуудсаар дамжуулж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн зарим үндэслэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.Гын Хаан банкны дансанд 633.723.741.53 төгрөгийн орлого орсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох ёстой.

Иймд уг ажиллагаатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гын гэмт хэргийн улмаас олсон орлогыг тогтоох шаардлагатай.

Харин “Мөнгө угаах” гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулах өргөн хүрээтэй шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.

“Мөнгө угаах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалган тогтоох талаар заасан шүүгчийн захирамжийн заалтыг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/1668 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ