Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/01241

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 26

181/ШШ2024/01241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............. оршин суух, О.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... байрлах, НШШГ т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч НШШГ т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулахаар шаарджээ. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дүгээр шийдвэрээр хариуцагч А. Х ХХК болон О.Г нараас 224.805.338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч А. Х ХХК, О.Г нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Энхтуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэлтэй,.................талбай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 248.500.00 төгрөгийн 70 хувь болох 173.950.000 төгрөг, Ү-2203011854 дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр зоорийн давхрын 200 мкв талбай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 361.900.000 төгрөгийн 70 хувь болох 253.330.000 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутанд тус газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах тухай 2023 оны 12 дугаар сараын 11-ний өдрийн дугаар 4-151/25527 мэдэгдлээр танилцуулсан байдаг. Уг гүйцэтгэх баримт бичигтэй танилцахад дараах хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэн гэснийг зөрчсөн байх тул уг "анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү хэмээн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Байгалтуяад гомдол гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт мөн гомдол гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна.

Иймд Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нв эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А. Х ХХК, О.Г нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Энхтуяа, О.Г нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2203017819 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байрны 98 тоотод байрлах 73.1 мкв талбайтай орон сууц, эрхийн улсын Ү-2203011854 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 6 дугаар байрны 1 дүгээр орцны зоорийн давхарт конторын зориулалттай 200 ам метр талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжпэн хурааж үнэлгээ тогтоолгосон боловч төлбөр төлөгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17681 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Мөн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2055 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 тоот тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-151/25527 тоот албан бичгээр талуудад болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04-151/25714 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасныг үндэслэн Монголын мэдээ сонин болон тус газрын цахим хаягаар нийтэд мэдээллэсэн.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Нэхэмжлэгч үнэлгээнд гомдол гаргасныг шүүх 2023 оны 6 дугаар сард нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэргийг 2023 оны 11 дүгээр сард Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсны дараа дуудлага худалдаа зарлахад төлбөр төлөгч дахин гомдол гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-151/25527 тоот мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ГХ2022/00793 дугаартай гүйцэтгэх хуудас, 181/ШЗ2022/10274 дугаартай захирамж, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны, 3 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Үл хөдлөх хөрөнгийн Ү-2203017819, Ү-2203011854 дугаартай гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-151/22054 дугаартай мэдэгдэл, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02055 дугаартай шүүхийн шийдвэр, О.Г ын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/58 дугаартай гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол,2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 тоот албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23/3360 тоот хариу зэргийг ирүүлжээ. /хх 5-29/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2022 оны 181/ШШ2022/00851 дүгээр шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 35, 69-71/

Гуравдагчаас нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 45-47/

Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/05280 шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн дуудлага худалдааны мэдэгдэл, сонины зар, бүртгэх байгууллагад хүргүүлсэн баримтуудыг бүрдүүлэв. /хх 61-68/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч О.Г нь НШШГ т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хуулийн дагуу дуудлага худалдааны тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, дуудлага худалдааны тогтоолыг хүргүүлсэн, мэдээлсэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дүгээр шүүгчийн захирамжаар А. Х ХХК, О.Г нараас 226,805,338 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Энхтуяа, О.Г нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 98 тоот, 73,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, иргэн Д.Энхтуяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203011854 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 1 дүгээр орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 69-71/

3.2.Тус газар гүйцэтгэх бичиг баримтыг /шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр/ үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 22280665 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 8-11, 72/

3.3.Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02055 дугаар шийдвэрээр Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй НШШГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт: хариуцагч байгууллага барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017819, Ү-2203011854 дугаарт бүртгэлтэй хөрөнгүүдийг 22280675/01 тоот, 22280675/02 тоот тогтоолуудаар битүүмжилж, хураасан. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилсон, шинжээч Файн Эстимэйт ХХК-иас тогтоосон үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн, тухайн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэжээ. /хх 17-24, 12-16/

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад зохигчид маргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

  4.Хариуцагч байгууллага дээрх үнэлгээний маргаан эцэслэсний дараа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 173.950.000 төгрөгөөр, Ү-2203011854 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 253.330.000 төгрөгөөр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. /хх 7, 62/

Энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-151/25527 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /хх 6, 65-68/

5.Нэхэмжлэгч үндэслэлээ уг 13/7 тоот тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.-т ийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04-151/25714 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тогтоолыг хүргүүлсэн, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монголын мэдээ сонины №181 /5909/ дугаарт нийтлэгдсэн дуудлага худалдааны жагсаалтын 7,8-д маргаанд хамаарах хөрөнгө тусгагдсан, хариуцагчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1-д нийцсэн, зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан НШШГ т холбогдуулан гаргасан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай О.Г ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ