Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/01204

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 25

181/ШШ2024/01204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................ ХК байр 2 давхарт байрлах, А ББСБ ХХК ХК /Регистрийн дугаар: ....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.............................. тоотод оршин суух, Б.Ц /Регистрийн дугаар: ....-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.313.706 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Б.Цд холбогдуулан гэрээний үүрэгт 1.313.706 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай компаниас иргэн Б.Ц зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр СIF-11079885/40 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр үндсэн зээл 600.000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг.

Б.Ц зээлийн гэрээ болон "Ард апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, компанийн зүгээс зээл, хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний 5.2.5, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ ноцтой зөрчсөн болно. Иймд, үндсэн зээл 600.000 төгрөг, зээлийн хүүд 713.706 төгрөг, нийт 1.313.706 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх 2019 онд цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Түүний дагуу зээлдэгчид нээж өгсөн данс руу мөнгийг тухай бүрт шилжүүлж байсан. Сүүлд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөгийн зээлийг сард 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Манайх 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүг тооцсон. Зээл аваагүй гэж маргаж байгаагүй. 2023 оны эхний үеэс холбогдоход хариуцагч удаа дараа мөнгийг төлнө, хугацаа олгооч гэдэг байсан. Бид 6 сарын хугацааг олгож байсан ч мөн л төлөөгүй гэв.

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн СIF-11079885/40 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, мөн өдрийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хэрэглээний зээл, Зээлийн дансны хуулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Харилцагчийн дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлжээ. /хх 5-15/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК ХК хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.313.706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан авч, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг дүү Үүрдмөнх хэмээн гарын үсэг зурж хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/05410 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж өмнөх хуралдааныг хойшлуулж байсан. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэг талаас А ББСБ ХК, нөгөө талаас Б.Ц нар 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Ард апп апликейшнд бүртгүүлсэн хаягаар тухай бүр зээл олгогдохоор, нэг удаагийн зээлийн доод хэмжээ 50.000 төгрөг, дээд хэмжээ 2.000.000 төгрөг хүртэл хэмжээтэй, хугацаа 1-6 сар хүртэл хугацаатай байхаас зээлдэгч зээлийн хэмжээ, хугацааг өөрөө тохируулж сонгохоор, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан төлбөл хүүгүй, нэг сараас дээш хугацаатай эсхүл нэг сар дотроо төлөөгүй тохиолдолд сарын 5 хувийн хүүтэй байхаар, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэй байхаар 2 жилийн хугацаатай цахим зээлийн эрх нээх гэрээ, хэрэглээний зээлийн гэрээг тус тус байгуулжээ. /хх 5-7/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангажээ.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.

4.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзвэл дээрх цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу зээлдүүлэгч 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөгийг 110027083270 тоот дансаар цахимаар олгосон гэж тэмдэглэгджээ.

Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаан үүсгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг олгосон, улмаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5.Нэхэмжлэгч тухайн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэгч сонгосон гэж тайлбарлаж, үндсэн зээл 600.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хүү 713.706 төгрөг, нийт 1.313.706 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч зээлийн үлдэгдэл, хүү тооцсон тооцоололд мэтгэлцээгүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Цгоос 1.313.706 /нэг сая гурван зуун арван гурван мянга долоон зуун зургаан/ төгрөг гаргуулж А ББСБ ХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 36.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ