Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2024/00896

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 04

181/ШШ2024/00896

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............. тоотод байрлах, С.Ф ББСБ ХХК /Регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... тоотод суух, Т.М  /бүртгэлийн дугаар:........./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 727.600 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Т.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 727.600 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Иргэн Т.М манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч Соно зээлийн апликейшнээр 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1-0002 дугаартай 200.000 төгрөгийг нэг сарын 4.2 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийг авахдаа нэг сарын хугацаатайгээр хугацаагаа сонгосон. Нэхэмжлэлд 86.800 төгрөг төлсөн гэж алдаатай бичигдсэн байсан. Хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг ч нэг ч төгрөг төлөөгүй, 1411 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд зээлдэгч Т.М аас 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200.000 төгрөг, зээлийн хүү 503.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.400 төгрөг, нийт 727.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Апликейшнээр авсан зээл тул тухайн үеийн нөхцөлд систем бүрэн хөгжөөгүй байснаас энэ хэрэгт өөр баримт гарах боломжгүй байгаа гэв.

2.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Дансны хуулга, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хүү тооцоолол, зээлийн дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 4-8, 20-21, 35-36/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК хариуцагч Т.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 727.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Хариуцагч Т.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1039 тоот албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар харьяалах Хорооны Засаг даргад хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/02939 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэг талаас С.Ф ББСБ ХХК, нөгөө талаас Т.М нар 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч Соно аппликейшнээр дамжуулан барьцаагүйгээр 50.000-1.500.000 төгрөг хүртэлх хэмжээний худалдан авалтын, цахим кредит картын зээлийг олгохоор, Зээлдэгч гэрээний хүчин төгөлдөр байх нэг жилийн хугацаанд өөрийн зээлийн эрхийн хэмжээндээ багтаан Соно аппликейшнээр дамжуулж тухай бүртээ сонгосон хугацаандаа, хүүтэйгээр зээлийг эргүүлэн төлөхөөр 0003640 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулжээ. /хх 5-6/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

4.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан. Талуудын хоорондох гэрээний 3.2-т зээлдэгч Соно аппликейшнээр дамжуулан хүсэлт илгээснийг зээлдүүлэгч хүлээн авч, зээлдэгчийн баталгаажуулсан холбогдох банкны дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор заажээ.

Хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөгийг УЧ90052111, Сонофинтек ББСБ утгаар 5002245415 тоот дансанд шилжүүлсэн баримт авагдсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаан үүсгээгүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг олгох үүргээ биелүүлсэн гэж үзэх тул тэрээр зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

5.Зээлдэгч зээлээс төлөлт хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, үндсэн зээл 200.000 төгрөг, гэрээнд заасан хүү /нэг сар/ 8.400 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 494.800 /2019.08.19-2023.12.31/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.400 төгрөг, нийт 727.600 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт баримтаар ирүүлсэн цахим зээлийн эрх нээх 0003640 тоот гэрээнд хүүгийн хэмжээний талаар огт тусгагдаагүй байна.

Нэхэмжлэгчээс анх аппликейшнд зээлийг сонгохдоо хугацааг нэг сар, хүүгийн хэмжээг сард 4,2 хувь байхаар тохиролцож авсан гэж тайлбарласан боловч зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг тохирсон талаарх дэмжих баримтыг ирүүлээгүй. Мөн тухайн үеийн Соно аппликейшний систем хөгжүүлэлтээс шалтгаалж зөвхөн зээлдэгчдээ харагддаг, зээлдүүлэгчид хүүгийн хэмжээ, хугацаа нөхөж харагдах боломжгүй тул шүүхэд нотлох баримтаар бэхжүүлэх боломжгүй хэмээн тайлбарлаж байна.

Банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний хувьд зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ тул гэрээг заавал бичгээр хийх, гэрээнд зээлийн хүүгийн хэмжээ-г тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцнэ. Зээлийн гэрээнд хүүгийн хэмжээ тодорхойгүй эсхүл тусгагдаагүй тохиолдолд талууд гэрээгээр хүү тохирсон гэж үзэх эсэх боломжгүй.

Иймд шүүх хүү, нэмэгдүүлсэн хүү-гийн тухайд талууд гэрээгээр тохиролцсон байдал тогтоогдоогүй, улмаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан Хүү, хэтэрсэн хугацааны хүү , гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү-г тус тус гаргуулах боломжгүй гэж үзэв.

6.Нэхэмжлэгч хохирол шаардаагүй хэдий ч тэрээр хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү-г тус тус шаардсан, хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү өөрөө мөн чанарын хувьд нэмэлт үүрэг буюу гэрээний хариуцлагад хамаарна. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлын хүрээнд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасныг хэрэглэх замаар хохирлын хүүг тооцож гаргах нь зүйд нийцнэ гэж үзлээ. Шүүх арилжааны банкны зээлийн дундаж хүү болох жилийн 20 хувиар тооцох замаар зээлдэгч мөнгөн хөрөнгийг ашигласан 4 жилийн хугацаанд хүүг тооцож 92.133 төгрөг нэмж, нийт 292.133 /үндсэн 200.000 + хүү 92.133/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7.Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч мэтгэлцээгүй, эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тул шүүх энэ талаар тухайлсан дүгнэлт өгч, шаардах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзснийг дурдав.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан Т.М аас 292.133 /хоёр зуун ерэн хоёр мянга нэг зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 435.467 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 9.414 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ