| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2026/0650/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/615 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ШЦТ/615
2026 04 07 2026/ШЦТ/615
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
улсын яллагч Б.Сарантуяа,
шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн /ҮД:0363/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Тод холбогдох 2502 00377 0907 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЦТ (РД:............).
Хэргийн товч агуулга:
С.Т нь төрийн албан хаагчаар буюу ......... ангийн цэргийн тагнуулын .........ажиллаж байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гүнжийн ам гэх газарт ........нэгж талбарын дугаартай ....... гэр бүлийн зориулалттай ойн сан бүхий газарт 10 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэж байгаль орчинд 11,862,589.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Т нь төрийн албан хаагчаар ажил эрхэлж байх үедээ хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэгдэд /хх.1.11/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.35-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ба........ өгсөн: “...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх.1.61, хх.2.61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Г.......н өгсөн: “...ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хориотой, хууль бус гэсэн үг. Эцэст нь энэ иргэний мод тайрсан үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл. Яагаад гэвэл зохих зөвшөөрөл аваагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх.1.70/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.О.....н өгсөн: “...тухайн хэрэгт дурдагдсан иргэн С.Тын эзэмшлийн газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар олгогдсон, эрх сунгагдсан газар байна...” гэсэн мэдүүлэг /хх.1.78/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.М....... өгсөн: “...тус газарт мод тайрагдсан, тайрагдсан 3 ширхэг модоор байшингийн ивээс хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н.......н өгсөн: “...тухайн тайрсан моднууд нүдээр харахад давирхай нь гоожсон, нойтон моднууд тайрсан байсан учир зохих зэргийг тодруулаагүй, шууд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл байна гэдгийг ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх.1.86/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.88/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЕГ0325/5179 дугаартай дүгнэлт /хх.1.104-118/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.М......өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийхэд тухайн барьж байсан байшингийн баруун урд зүгт тайрагдсан 6 хожуул, түүнээс 2 хожуул нь булгарсан үндэстэй, 4 хожуул нь шинээр тайрагдсан байсан. Мөн 36 ширхэг тайрч бэлтгэн хураасан модноос чийгшлийг тодорхойлоход нойтон байсан буюу шинээр тайрсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх.1.123/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.125/,
Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” тухай тушаал, хавсралт, холбогдох баримт бичгийн хуулбар /хх.1.218-243/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.29-32/,
Шүүгдэгч С.Тын байгаль орчинд учирсан хохирол 11,862,589 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бичгээр гаргасан тайлбар /хх.2.39/,
Хохирол нөхөн төлсөн тухай банкны дансны баримт /хх.2.39-н ар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурын тогтоол /хх.2.40-43/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл /хх.2.4749/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Тын өгсөн: “...би байгалт орчний мэдлэг дутмаг, буруу ойлголтоос болж буруу үйлдэл хийсэн байна. Би өөрийн хийсэн үйлдлийг буруу, хууль бус гэдгийг ойлгож ухамсарлаж байна. Мөн байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг түргэн шуурхай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хх.2.50/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.188-200/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.2.68/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.2.69/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч С.Т нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол 11,862,589 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Тод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
С.Тод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, экологийн цагдаагийн албанд хадгалагдаж буй 36 ширхэг модыг улсын орлого болгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч С.Тод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЦТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Тод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч С.Тод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Тод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, экологийн цагдаагийн албанд хадгалагдаж буй 36 ширхэг модыг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Тод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.