Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2024/00893

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 04

181/ШШ2024/00893

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............ байрлах, М.Э.С /РД:1009788/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.....................оршин суух, А.Л  /РД:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М.Э.С гийн санхүүгийн тайлан, бусад баримт бичиг, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж Ч.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь Л.Л д холбогдуулан М.Э.С гийн санхүүгийн тайлан, бусад баримт бичиг, тамга тэмдэгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

МЭА С нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй анх 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн Сан юм.

"МЭА С-ын Удирдах зөвлөлийн гишүүдээр Англи Улсын иргэн X.Харпер, Э.Харт, Монгол Улсын иргэн Ч.А , Л.Л , Б.Н нар ажиллаж байсан бөгөөд 2004 онд Э.Харт эмч нас барж 2013 онд X.Харпер эх орондоо буцаж нас барсан. 2016 онд Б.Н Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзан гарч, удирдах зөвлөлийн гишүүнээр Ч.А , Л.Л нар үлдэн ажилласан.

Өнгөрсөн хугацаанд хариуцагч Л.Л албан тушаал, өөрт байгаа давуу байдлаа урвуулан ашиглаж, Сангийн дансыг дур мэдэн хааж өөрийн хамаарал бүхий хүмүүсийн хувийн дансаар Сангийн орлогыг авч, үүнийгээ нууцлан тайлан тооцоог хуурамчаар гаргах, энэ талаарх мэдээллээ өгөхгүй байх зэргээр хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байсны дотор:

-Л.Л нь 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуурамч баримт үйлдэн Сангийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, өөрийн хамаарал бүхий хүмүүс болох Д.О , С.Э , Д.Ханд нарын хүмүүсийг нэмж бүртгүүлэн өөрийгөө МЭА С-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлаар тус тус томилж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан.

Мөн тэрээр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр тогтоолыг хуурамчаар үйлдэж, Сангийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүдээс X.Харпер, Э.Харт, Ч.А , Б.Н нарыг хасч өөрийгөө үүсгэн байгуулагчаар, Удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Номин, Л.Одсүрэн, С.Палам, К.Жархымбэк нарыг томилон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн байсан.

Сангийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ч.А нь гүйцэтгэх захирал Л.Л гийн хууль бус дээрхи үйлдлүүдийн талаар архивын лавлагаанаас олж мэдээд уг асуудлыг шалгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан.

Нэр бүхий дээрхи байгууллагууд Л.Л д холбогдох асуудлыг шалгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3701 тоот, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7904 тоот дүгнэлтүүдээр Л.Л г Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг ноцтой зөрчсөн болохыг тогтоосон.

Мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 1571 дугаартай тогтоолоор Л.Л г хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, дээрхи гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр Л.Л д холбогдох хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Сангийн эрх барих байгууллага буюу Удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ. Мөн зүйлийн 37.2 дэх хэсэгт Сангийн эрх барих байгууллага

 

нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно гэж тус тус заасан.

МЭА С-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ч.А би хуулийн дээрхи зүйл, хэсгийн заалтыг удирдлага болгон хариуцагч Л.Л гийн гэмт хэрэг үйлдсэн байдал хийгээд Санд хамаарах бусад нөхцөл байдлыг авч үзээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дугаарт шийдвэр гарган уг шийдвэрээр МЭА С-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр X.Оргил, Г. Мөнхжаргал, Ч.Жаргалсайхан нарыг томилсон.

Удирдах зөвлөлийн шинээр томилогдсон гишүүд мөн өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Л.Л гийн гэмт хэрэг үйлдсэн байдал, Улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн Удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний хурлын тогтоолоор Л.Л г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. /Хурлын зарыг Л. Лхаасүрэнд явуулсан боловч хуралд ирээгүй. Гэвч хариуцагч Л.Л нь Удирдах зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолын дагуу санхүүгийн тайлан, бусад бичиг баримт, тамга тэмдэгийг Удирдах зөвлөлд хүлээлгэж өгөх байтал хүлээлгэж өгөхгүй өдийг хүрсэн. Өнөөдөр тамга байхгүйгээс тус Сангийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авах, шинэчлэн найруулсан дүрэм болон шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүдийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэх боломжгүй болсон нь МЭА С-ын хэвийн үйл ажиллагаа цаашид алдагдахад хүрч, тус сан дүрэмд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодитой хүндрэл учраад байна.

Анх энэ санг 2001 онд 5 хүн хамт байгуулсан. 2005 онд шинэчилсэн бүртгэл явагдаад үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн. Хариуцагч өөрөө удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзаад, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилж өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийг нэмж бүртгэлд өөрчлөлт оруулсан. Хоёр удаа баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон. Одоогийн байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр иргэн бүртгэлтэй байгаа. Түүнээс нэг удирдах зөвлөлийн гишүүн нас барсан. Нөгөөх нь Ч.А байгаа. Иймд нэхэмжлэгч Монголын Эрүүл Ард Сан нь дээр дурдсан үндэслэлээр Сангийн 2015-2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, бусад бичиг баримтад сангийн нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг эх хувиар, Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, сангийн тамга тэмдэг зэргийг Удирдах зөвлөлд хүлээлгэж өгөхийг хариуцагч Л.Л д даалгаж өгнө үү гэв.

 

Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

1.Нэхэмжлэх эрхгүй талаар: Нэхэмжлэгч нь Санг төлөөлж байгаа гэх боловч тус байгууллагаас олгосон эрх байхгүй юм. Учир нь Удирдах зөвлөл бүрдүүлсэн гэх боловч эдгээр иргэдийг тус сангийн удирдах зөвлөлд бүртгэсэн, эрх олгосон тэмдэглэл ерөөсөө байхгүй байна. Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл; байх ёстой тухай заасан, гэтэл улсын бүртгэлийн лавлагаанаас эдгээр гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай улсын бүртгэлийн тэмдэглэгээ огт алга байна. Улсын бүртгэл хийлгэсэн байх ёстой хуулийн шаардлага, мөн улсын бүртгэл хийлгэснээр хүчин төгөлдөр болох ёстой хуулийн шаардлага байсаар байхад удирдах зөвлөл гэх хуулийн этгээдийн эрх байхгүй хувь хүмүүс нийлж Монголын эрүүл ард сан-г төлөөлөх эрх байхгүй. Ийм учраас уг удирдах зөвлөлийн шийдвэр гэх зүйл нь хуулийн хувьд хүчингүй, удирдах зөвлөл хуулийн этгээдийн эрхгүй тул тус санг төлөөлөх эрх байхгүй бөгөөд тэр дундаа сангийн өмнөөс тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй юм. Одоогийн байдлаар тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх зөвхөн Л.Л надад байгаа болно.

2.Үүсгэн байгуулагчийн талаар: Ч.А өөрийгөө сангийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлснийг мөн олж мэдлээ. Энэ нь үнэнд нийцэхгүй бөгөөд тус сангийн үүсгэн байгуулагч нар болох Д.Ханд, С.Э , Д.О , Ч.А нар аль 2005 онд тухайн үед сангийн бүртгэл хариуцаж байсан Хууль зүйн яаманд бүртгүүлсэн байдаг. Эдгээр бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын байцаагч Д.Чинтулга нь 7904 дүгнэлтээр үүсгэн байгуулагчдын жагсаалтыг хүчингүй болгож Ч. Алтанцэцэгийг үүсгэн байгуулагчаар дур мэдэн үлдээсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул Ч.А нь нэхэмжлэл гаргах этгээд биш болно.

Ч.А удирдах зөвлөлийг төлөөлж нэхэмжилж байна гэж байна. Мөн 2021 оны 9 дүгээр сард Удирдах зөвлөл хуралдсан талаарх баримтыг авчирсан байна. Гэвч өмнөх удирдах зөвлөл хуралдаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой, сүүлд хуралдсан гэх Удирдах зөвлөлийн шийдвэр улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн гүйцэтгэх удирдлага санг төлөөлөх эрхтэй, харин удирдах зөвлөл өөрөө хуулийн этгээдийн чадваргүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн намайг тус сангийн гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хэвээр байгаа талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан. Иймд надаас тамга тэмдэг гаргуулах, гэрчилгээ гаргуулах, тайланг гаргуулах учиргүй. 2001 онд анх 5 хүнтэй нийлж үүсгэн байгуулсан тул тэр таван хүн дахин хуралдах ёстой. Хэрэв үүсгэн байгуулсан 5 иргэнээс хоёр нь нас барсан бол тэдний өв залгамжлагч төлөөлж орж ирэх ёстой. Тэгж хуралдсан тохиолдолд би хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч өөрөө энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй байж байгаад одоо энэ байгууллагын нэр дээрх хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс авах санаархлаар гэнэт гарч ирээд хөөцөлдөөд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гурав.Нэхэмжлэгчээс баримтаар: тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/15664 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1571 дугаар прокурорын тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/0564 дүгээр магадлал, 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2091, 1009788 тоот гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3701 тоот дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7904 тоот дүгнэлт, МЭА С-ын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот Удирдах зөвлөлийн тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, мөн өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн удирдах зөвлөлийн хурлын 01/09/21 тоот тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03006 тоот лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Л.Л д хүргэсэн мэдэгдэх хуудас, Монгол шуудангийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ээлжит хурал болохтой холбоотой Л.Л д хүргүүлсэн мэдэгдэл, шуудангийн магадлагаа, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл, монгол шуудангийн магадлагаа, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 014 тоот Шинэ найдвар хүүхдийн асрамжийн төвийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 170 тоот тодорхойлолт, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/764 тоот хариу, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 7/7114 тоот хариу, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б.Нын өгсөн гэрчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/1892 тоот хариу зэргийг шүүхэд ирүүлжээ. /хх 6-44, 58-71, 82, 83/

Хариуцагчаас: Сангийн дүрэм, Ү-2204004594 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх84-94/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М.Э.С гийн нэхэмжлэлтэй Л.Л д холбогдох сангийн санхүүгийн тайлан, бусад баримт бичиг, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч шаардлагаа Сангийн 2015-2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, бусад бичиг баримтад сангийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд эх хувиар, 2015-2023 оны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Сангийн тамга тэмдэг зэргийг Удирдах зөвлөлд хүлээлгэж өгөхийг даалгах хэмээн тодруулж байна.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Гүйцэтгэх захирал Л.Л бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хууль бус ажиллагааг удаа дараа хийсэн тул түүнийг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн, гэвч сангийн бичиг баримт, тамга тэмдгийг өнөөг хүртэл өгөөгүй тул гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Ч.А санг төлөөлөх эрхгүй, Сангийн гүйцэтгэх захирлаар өнөөг хүртэл би бүртгэлтэй хэвээр байгаа, 2021 оны намайг чөлөөлсөн гэх Удирдах зөвлөлийн тогтоол бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3701 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр Л.Л г тус сангийн гишүүн Ч.А ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн бүртгүүлсэн болох нь гарын үсгийн зөрүүтэй байдал, Л.Л гийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон үндэслэлээр Монголын эрүүл ард сангийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээс Х.Харпер, Элезабет Харт, Ч.А , Б.Нарханд нарыг хасч, үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүнээр Л.Одсүрэн, С.Палам, К.Жархымбек, Б.Номин нарыг бүртгэсэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгожээ. /хх 30-31/

4.2.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1571 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол авагдсан. /хх 11/

Энэ прокурорын тогтоолд хариуцагч Л.Л нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э , Д.О , Д.Ханд нарыг МЭА С-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл, мөн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурал-ын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэргийг хааж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байна.

4.3.Дээрх прокурорын тогтоолыг үндэслэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн 7904 тоот дүгнэлтээр тус хуулийн этгээдийн хувийн хэрэгт байгаа 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн баримтын үүсгэн байгуулагчаар С.Э , Д.О , Д.Ханд гэж бүртгүүлсэн хэсгийг хүчингүй болгож, бүртгэлд өөрчлөлт оруулжээ. /хх 32-34/

4.4.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/0564 дүгээр магадлалаар: бүртгэлд өөрчлөлт оруулсан дээрх улсын байцаагчийн 2021 оны 7904 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан тус сангийн гүйцэтгэх захирал Л.Л гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр гэдэгт талууд маргаагүй. /хх 12-26/

5.Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ гэж, 37.2-т Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно гэж тус тус заасан.

5.1.Тус сангийн 2001 оны дүрэм, үүсгэн байгуулах баримтаар: тус сан төлбөрийн чадваргүй, тахир дутуу, хараагүй, сонсголгүй болон нийгмийн бусад эмзэг бүлгийн эрүүл мэндийг анхааран ажиллах зорилгоор Л.Л , Х.Харпер, Ч.А , Э.Харт, Б.Н нарын 5 иргэн үүсгэн байгуулж, 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анх бүртгэгдсэн, Удирдах зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй, түүнээс тэргүүнээр Х.Харперыг сонгож байжээ. /хх 27, 84-93/

5.2.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2023 он 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тус сангийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн /хувьцаа эзэмшигч/-р Их британи умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Harper howard fyfe /Харпер ховард/ болон Ч.А гэсэн хоёр иргэн бүртгэлтэй, харин гүйцэтгэх удирдлагаар Л.Л бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх 28-29/

Хариуцагч уг сангийн удирдах үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүний нэг мөн гэж тайлбарласан ч бүртгэх байгууллагын дээрх лавлагаанд тэрээр удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэлгүй байна. Энэ бүртгэлтэй холбогдуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж байсан баримтгүй, түүнчлэн өнөөг хүртэл гаргаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн магадлалд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар сангийн үүсгэн байгуулагчаар Harper howard fyfe /Харпер ховард/ болон Ч.А нар бүртгэлтэй байгаатай холбогдуулан Л.Л анх үүсгэн байгуулагчдын нэг байсан эсэхтэй холбоотойгоор маргахад шийдвэр саад болохгүй гэж дурдснаас үзвэл дээрх бүртгэлийн талаар хариуцагч захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдах явцад ч мэдэж байсан, маргах бүрэн боломжтой байжээ. Гэвч өнөөг хүртэл маргаагүйгээс үзвэл шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд бүртгэл үнэн зөв гэж тооцогдох зарчмыг баримталж, дээрх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн этгээдийн лавлагаанд тулгуурлаж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй. /хх 25, 28-29/

Дээрх байдлаар Сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр Harper howard fyfe /Харпер ховард/ болон Ч.А нар гэсэн хоёр иргэн бүртгэлтэй байна.

5.3.Тус сангийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, удирдах зөвлөлийн хурлаар: тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Харт 2004 онд нар барсан, Х.Харпер 2013 онд нас барж, Б.Наранхад гишүүнээс татгалзсан үндэслэлээр тэдгээрийг Удирдах зөвлөлөөс хасч, Удирдах зөвлөлд шинээр Х.Оргил, Г.Мөнхжаргал, Ч.Жаргалсайхан нарыг нэмж оруулж, Ч.А ийг Удирдах зөвлөлийн даргаар сонгожээ. Мөн гүйцэтгэх захирал Л.Л г гарын үсэг хуурамчаар зурж сангийн тамга тэмдэг ашиглаж бүртгэлд өөрчлөлт оруулах зэргээр ноцтой үйлдэл гаргасан үндэслэлээр чөлөөлжээ. /36-43/

5.4.Нэхэмжлэгчээс Удирдах зөвлөлийн дарга Х.Харпер, гишүүн Э.Харт нар нас барсан гэж тайлбарласан. Хариуцагч дээрх хоёр гадаадын иргэнийг нас барсан үйл баримтыг үгүйсгээгүй, харин тэдгээр иргэдийн өв залгамжлагч оролцох замаар дахин хуралдах ёстой гэж тайлбарласан.

Иргэний хуульд зааснаар Сан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр бөгөөд бусдаас ялгарах нэг онцлог нь гишүүнчлэлгүй байхыг шаардсан тул санг үүсгэн байгуулагч нь санг удирдах эрх, үүрэггүй байна. Харин Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах заалт болоод Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д зааснаар Сангийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл тул уг хуулийн 1.4 дэх гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх эрхийг удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

Нэгэнт хуулиар Сангийн хувьд гишүүнчлэлгүй байхаар зохицуулсан тул анхны үүсгэн байгуулагч /хандивлагч, дэмжигч, томилсон төлөөлөл/ иргэд нас барсан явдал Сан хуулийн этгээдийн хувьд эрх үүргээ цааш хэрэгжүүлэхэд саад учруулахгүй. Харин тэдгээр нь Сангийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн гишүүний хувьд нөлөөлөх хэдий ч удирдах зөвлөлийн дарга, гишүүн нас барсан тохиолдолд түүний хэрэгжүүлж байсан удирдах, төлөөлөх эрх өв залгамжлалаар шилжих хууль зүйн боломжгүй.

Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлд үлдсэн үлдэх ганц удирдах зөвлөлийн гишүүн болох Ч.А ээс хурлыг дахин шинээр хуралдуулахаар товлож, улмаар шинээр гишүүд нэмж, гүйцэтгэх удирдлага болох Л.Л г чөлөөлж, Х.Оргилыг гүйцэтгэх захирлаар томилсныг буруутгах боломжгүй байна. Нөгөөтэйгээр Удирдах зөвлөлийн хуралдааны ирц, тов мэдэгдсэн байдалд хариуцагч маргаагүйгээс гадна хэрэгт Л.Л д Удирдах зөвлөлийн хурлын зар, товыг 2021 оны 8 дугаар сарын 26, 31-ний өдрүүдэд Монгол шуудангаар хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзсан, улмаар товлосон хуралдаанд оролцоогүй болох нь хэрэгт авагдсан шуудангийн магадлагаа, хурлын тэмдэглэлд тусгагдснаар тогтоогдож байна. /хх 59-65/

5.5.Хариуцагчаас 2021 оны дээрх Удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр улсын бүртгэлд бүртгэгдээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. Нэхэмжлэгчээс тухайн Удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг Сангийн тамга тэмдэг байхгүйгээс бүртгэлд өнөөг хүртэл бүртгүүлж чадаагүй, Улсын бүртгэлээс боломжгүй талаарх хариуг ирүүлсэн гэж тайлбарласан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/1892 тоот албан бичгээр гүйцэтгэх захирлаар Х.оргилыг бүртгэх боломжгүй талаар хариуг өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, зохигчдын маргаанаас үүдэлтэйгээр өнөөг хүртэл бүртгэлд бүртгэгдээгүй явдал гүйцэтгэх захирлаас Л.Л г чөлөөлсөн тухайн тогтоолыг хүчингүй гэж үзэх шууд үндэслэл болохгүй байна.

6.Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан ч тус хуулийн 23 дугаар зүйлд заасан зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж тайлагнах үүргийг сан мөн адил хүлээнэ.

Иймд Л.Л г сангийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байх тул тэрээр Сангийн тамга тэмдэг, санхүүгийн баримт бичгийг зэргийг гаргуулах үндэслэлтэй.

7. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг хэрэглэж болохоор тайлбарласан. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн алин нь шинээр нотлох баримт шаардлагатай , хуулийн этгээдийн улсын бүртгэлээс лавлагаа гаргуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан Л.Л гээс М.Э.С гийн 2015-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, сангийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, 2015-2023 оны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, сангийн тамга, тэмдэг зэргийг гаргуулж Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ