Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2019/00299 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Д-н нэхэмжлэлтэй

Хариуцагч 1 дүгээр  сургуульд холбогдох

“1 дүгээр Сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 206,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга З.Сүхбаяр, нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажиллаж байхад захирал үйлчлэгч болгосон. Гэтэл үйлчлэгч хийж болохгүй гэсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын иргэн даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 01 тоот акт гарсан. Ингээд би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүү С.Д-ийн эрүүл мэндийн талаар захиралд танилцуулж, энэ хүн хохирч байгаа талаар хуулийн дагуу зохих шаардлага тавьсан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хурал дээр сахилгын арга хэмжээ авахаар зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр надад 708,000 төгрөгийн цалин орсон байхаар нь сургуулийн нягтлангаас асуухад “Захирал танд хоёр cap цалингийн 10 хувь хасах сахилгын арга хэмжээ авсан” гэж хэлсэн. Харин захирлын тушаал 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан боловч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл надад гардуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл надад мэдэгдээгүй цалин хассаныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Би дээрх тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авах гэж очиход шинээр ажилд орсон бичиг хэргийн ажилтан сайн мэдэхгүй байсан учраас хуучин ажиллаж байсан Х.Я-аас асуух гэтэл утсаа аваагүй. Тэгээд өөр хүний утсаар Х.Я-тай яриад энэ тушаал дээр намайг хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн байна гэхэд тушаалаа чатаар явуулчих гэсэн. Тэгээд хоёр цагаас өмнө тэр өөр тушаал олдохгүй байсан бөгөөд чатаар тушаалыг явуулаагүй. Ингээд хоёр цагт ирэхэд нөгөө тушаалыг 7.2 болгоод өөрчилж, цонхон дээр ил байсан гээд надад өгсөн. Миний хувьд энэ хоёр тушаал өөр байсан учраас хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд хандсан. Уг нь сургуулийн дотоод журмын 2.7 дахь хэсэгт зааснаар захирлын дэргэдэх зөвлөл нь багшид арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргана гэж заасан. Мөн тус зөвлөлд нийгмийн ажилтан 1, үйлдвэрчний эвлэл 1, ЗAH-ийн 14, эцэг, эхийн төлөөлөл оролцохоор заасан боловч эдгээр хүмүүсийг оролцуулаагүй тул хурлын ирц 50 хувь хүрээгүй, хууль бус хурал болсон. Дээр нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болгосон сургуулийн дотоод журмын 3.3.9-д заасан заалтыг надад зориулж өөрчилсөн. Учир нь 3.3.9-д “багш ажилтан өөрийн мэдлэг боловсролоо бие даан хөгжүүлж, дээшлүүлэх” байсан боловч тус заалтыг “багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, харилцааны соёлыг эрхэмлэн  суралцагч,  эцэг, эх, ажилчид, багш нар бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцана” гэж өөрчилсөн байсан. Тодруулбал сургуулийн дотоод журам 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн A/31, А/36 гэсэн хоёр өөр дугаартай байна. Иймд 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/13 тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 206,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч 1 дүгээр  сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Г.П-н анхан шатны  шүүхэд гаргасан татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журмын холбогдох заалтыг бага ангийн багш С.Д зөрчсөн гэсэн үндэслэлээр 10 хувиар 02 сарын хугацаатай цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь түүний гаргасан зөрчилд тохирсон гэж үзэж байна. Учир нь С.Д 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний өрөөнд орж ирээд өөрийнх нь төрсөн дүү үйлчлэгч С.Д-г манай сургуулийн нас бараад 49 хоног нь дуусаагүй байсан жижүүрийн орон тоон дээр ажиллуулах санал гаргахад нь би боломжгүй талаар тайлбар хэлэхэд намайг загнаж, хэл амаар доромжилж байгаад гарсан. Үүнийг нь Х.Я, О.Н нар сонссон байсан. Мөн С.Д 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болсон захиргаа, аж ахуйн ажилчдын хурал дээр дүү С.Д-н ажилтай холбогдуулан ажилтнуудтай хэрэлдэж, тэднийг загнасан бөгөөд тухайн өдрийн үдээс хойш болсон захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр намайг “дүүгийнх нь ажил муу гэж бага ангийн багш нараар хүчээр гарын үсэг зуруулсан, утсаа алдсан багштай нийлж дүүг нь хулгайд сэрдсэн” гэж гүтгэн, С.Д-н оронд Б.Г-г бага сургуулийн үйлчлэгчээр буцааж өгөөч гэж өргөдөл гаргасан, багш нартай утсаар ярьж “Чи гарын үсэг зурсан юм уу? Хэзээ зурсан  юм” гэх мэтээр загнаж, мөн манай өрөөнд уйлж, намайг өндөр дуугаар загнасан. Түүний энэ үйлдэл нь багшийн бусадтай харилцах харилцаа, ёс зүйтэй холбоотой зөрчил байсан тул захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр захирлын тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь С.Д 2018 онд сургуулийн эмч Г.Ц-г сургууль дээр сурагчдын өмнө “Хөвсгөл, Сэрүүн булаг явж байхад жолоочтой яасан билээ чи, гичий, банзал, янхан” гэж хэлсэн. Мөн ажилчдыг загнах, хэл амаар доромжлох асуудал удаа дараа гаргасан байхад нь ямар нэг арга хэмжээ авахгүй өнгөрөөж байсан боловч түүний удирдах албан тушаалтан, ажилчидтай энэ мэт хүндэтгэлгүй харилцах асуудал засрахгүй байсан тул үүнийг таслан зогсоохын тулд сүүлийн гаргасан зөрчил дээр сахилгын арга хэмжээ авсан. Ингэж сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 1 дүгээр сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/36 дугаар тушаалаар батлагдсан сургуулийн дотоод журмын 3.3.9, Хөдөлмөрийн гэрээний 3.10, 7.2 дахь заалтыг үндэслэл болгосон. Гэтэл тушаалыг гаргахдаа техникийн алдаа гаргаж Хөдөлмөрийн гэрээний 7.2 гэхийг 2.2 гэж бичсэн байсан тул тушаалыг засаж, зөв хувийг нь С.Д-д албан ёсоор өгсөн. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа гар утсаар зургийг нь дарж авсан тушаалыг шүүхэд өгсөн байсан. Энэ нь түүнд албан ёсоор өгсөн тушаал биш байсан. Дараагийн асуудал нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан гэдгийг мэдээгүй гэж байгаа боловч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хурал дээр өөрт нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар албан ёсоор хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд С.Д тушаалыг авахаас санаатайгаар зайлсхийж байсан. Мөн намайг сургуулийн дотоод журмын 2.7 дахь хэсэгт заасныг зөрчиж сахилгын арга хэмжээ авах асуудлыг дангаараа шийдвэрлэсэн гэж байгаа боловч захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болох нь тус хурлын тэмдэглэл дээр байгаа.

Сургуулийн дотоод журмын 3.3.9-д заасан заалтыг С.Д-д арга хэмжээ авахын тулд өөрчилсөн асуудал байхгүй. Учир нь боловсролын салбар хичээлийн жилээр явдаг бол санхүүгийн жил өөрөөр явдаг учраас санхүүгийн зөрчил гаргахгүйн тулд 2015 оноос өмнө дотоод журмыг жил болгон шинэчлэн баталдаг байсан бол 2015 оноос хойш хурлаар хэлэлцээд зөвхөн нэмэлт өөрчлөлт хийж явахаар болсон. Үүний дагуу сургуулийн дотоод журмын 3.3.9-д заасан заалт 2017 онд өөрчлөгдсөн байсан болох нь тус шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн Д.Б-н хэргээс хуулбарлаж авсан сургуулийн дотоод журам дээрээс тодорхой харагдаж байна.

Иймд С.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бөгөөд түүний гаргасан зөрчилд сахилгын шийтгэл тохирсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан 1 дүгээр сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 206,000 төгрөг гаргуулах” тухай С.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7500 төгрөгийг төрийн сангийн 100100000957 тоот данснаас гаргуулж, С.Д-д буцааж олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  С.Д давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 145/ШШ2019/00299 дүгээр шийдвэрийг миний гаргасан  нэхэмжлэлд нийцээгүй гэж үзэн, уг шүүхийн шйидвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлд хамаарал багатай мэдээлэл их орсон, миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэл болгохгүй, нэхэмжлэлийн материалтай сайтар танилцаж нягтлаагүй мэт сэтгэгдэл төрөхөөр шийдвэр гаргасан байна. Тухайлбал:

1. Сахилгын шийтгэл оногдуулсан тухайгаа би мэдээгүй байсан. 22 хоногийн дараа буюу цалин авах өдрөө мэдсэн. /материалд тодорхой баримт байгаа/ Өөрөөр хэлбэл арга хэмжээ авагдсан тушаалыг надад албан ёсоор мэдэгдээгүй, одоо болтол тушаалаа өгөөгүй процессын алдаа гаргасан.

2.  Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан 2 тушаалын баримт хэргийн материалд байгаа юм. Учир нь үндэслэлгүй зүйл заалтыг баримтлан тушаал гаргачихаад шүүхэд хандсаныг мэдэнгүүт тушаалаа өөрчилж дахин тушаал гаргасан байна.

3. Ямар сахилгын зөрчил хэдийд гаргасан, ямар журам дүрэм, хурлын шийдвэрээр тэр нь нотлогдож байгаа тухай тодорхой баримт байхгүй байхад сахилгын арга хэмжээ авч, анхан шатны шүүхээр сахилгын зөрчил гаргасан гэж үзжээ. Зөрчил гаргасныг тогтоосон, хуралдаж нотолсон зүйл байхгүй, зөвхөн захирал өөрөө заавал арга хэмжээ авна гэсэн үзлээр давуу байдлаа ашиглан арга хэмжээ авсан нь тодорхой байгаа юм. Захирал өөрөө ёс зүйн зөрчлийг дангаараа нотлохгүй. Хэргийн материалд зөвхөн захирлын гүтгэлэг бүхий мэдүүлсэн мэдүүлгүүд л байгаа юм. Үүнд захирлын удирдлагад ажилладаг бичиг хэрэг Я, үйлчлэгч Н, үйлчлэгч Г, менежер Б нар байгаа нь захиралтай ойр дотны ажилладаг хүмүүс байна. Эд нарт ганц ч миний зүтгэл нэгт багш нар байхгүй байгаа юм.  

4. Миний үндсэн ажил бол багш, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажил. Энэ үндсэн ажилдаа ёс зүйн зөрчил гаргаагүй. Захиралтай би өөрийн төрсөн дүүгийн эрх ашиг, эрүүл мэнд хөндөгдөж байгаа талаар ярилцсаныг л зөрчил гаргасан гэж үзээд шийдвэр гараад байгаа нь их ойлгомжгүй байгаа юм.

5.  2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор батлагдсан Төрийн болон Үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар багшийн ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг сургуулийн ёс зүйн зөвлөл хүлээн авч, зөрчлийг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлаагүй байна.

Хоёр. Захирлын гаргасан “Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж үзэж байгаа энэ тушаал нь зөвхөн цалин хассанаар тогтохгүй юм. Цаашлаад миний мэргэжлийн зэрэг, үр дүнгийн урамшуулал, шагнал урамшуулал олгогдохгүй журамтай. Би 34 жил багшийн ажлыг хийж 2020 онд тэтгэвэрт гарна. Миний амьдралд нэмэр болдог цалингийн нэмэгдлүүд бүгд хасагдсанаар надад олгогдох тэтгэвэр тэтгэмж хүртэл багасах тул арга буюу шүүхэд хандсан мөн давж заалдах шатны журмаар гомдол гаргах болсон. Миний үндсэн цалин 787701 төгрөг гэтэл үндсэн цалинг 10% хасаад 708931 төгрөг болж 78770 төгрөгөөр буурахад зэргийн нэмэгдэл 11815 төгрөгөөр буурсан. Мөн анги даалт 10%, илүү цаг 10%-иар буурсан байдаг.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 146/ШШ2019/00299 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү ...

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2019/00299 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Д тус шүүхэд 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулсан Б/13 тоот тушаал хууль зөрчсөн тушаал тул хүчингүй болгож цалингаас суутгасан 206.000 төгрөгийг буцаан олгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хуралдаанаар хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д заасныг баримтлан С.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хууль эрхийн үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар зэргээс үзэхэд сургуулийн захирал албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ илтэд давуу байдлаар ханджээ. Тухайлбал:

 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийнхөө өрөөнд С.Д-тай маргалдаад маргааш нь буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр түүнд шууд сахилгын шийтгэл оногдуулсан. Ингэж сахилгын шийтгэл оногдуулахдаа хэрэгжүүлдэг дүрэм журмын заалтуудыг баримтлаагүй, захирал Г.П, багш С.Д нар захирлын өрөөнд хоёулахнаа байхдаа маргалдсан, мөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр захиргаа аж ахуйн ажилчдын хурлыг хийж С.Дд арга хэмжээ авах эсэх талаар хэлэлцсэн болгож үүн дээр С.Д хэрүүл маргаан хийсэн гээд үүнийгээ “Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж харилцааны соёлыг эрхэмлэн бие биетэйгээ хүндэтгэлтэй хандана” гэсэн дотоод журмын 3.3.9  дэх  заалт зөрчснөөр өрөөний үүдэнд суудаг туслах болон бусад ажилчдаараа гэрчлүүлсэн байдаг.

Захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  Б/13 тоот тушаал хууль дүрмийн зохих заалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг аймгийн Засаг дарга захирамжаар батлан хэрэгжүүлэхээр байна. Ёс зүйн зөвлөлийн журмыг захирамжаар батлан хэрэгжүүлж байгаа эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна...” гэсэн тайлбар хийсэн нь үндэслэлгүй. Учир нь:

 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр зохицуулахаар байна. Уг дүрмийн 5, 6 дугаар заалтуудыг баримтлан ажиллагаа хийх ёстой. Маргаан бүхий тушаал нь зохих хууль, дүрэм, журам зөрчсөн байх тул С.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан 1 дүгээр сургуулийн захирал Г.П-н 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхэд бага ангийн багш С.Д нь Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 206,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 1 дүгээр сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Г.П нь  С.Д-ыг сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.10, мөн сургуулийн дотоод журмын 3.3.9-д заасныг зөрчиж, багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүй, бусдыг хэл амаар доромжилсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

С.Д нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 дүгээр  сургуулийн захирал,  2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөн суруулийн захиргаа, аж ахуйн ажилчдын хурал, захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр тус тус орж, төрсөн дүү сургуулийн үйлчлэгч С.Д-н ажлыг өөрчлүүлэн, жижүүрээр ажиллуулах хүсэлт гарган сургуулийн зүгээс уг саналыг хүлээн аваагүйгээс С.Д марган 1 дүгээр сургуультай байгуулсан  Хөдөлмөрийн гэрээнийхээ 3 дугаар зүйлийн 3.10, мөн сургуулийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.9-д заасан багш нар бие биетэйгээ хүндэтгэлтэй харилцах үүргийг биелүүлээгүй болох нь

“... чи надад ямар тус болсон юм. Чи миний дүүг ажлыг нь өөрчилж, эрүүл мэндээр нь хохироосон. Өөр ямар тус болсон юм....” /хх-ийн 41х/,  “...би чамтай жаргал, зовлонгоо хуваалцах юм уу? чи Отгондуламын утсыг тавиулаад чи бичлэг хийсэн. Миний дүү цүнхийг ухаагүй, хармааг нь ухаагүй, цонхон дээр байсан утас авсан байна лээ ...” /хх-ийн 42х/ гэсэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын протокол,

“... захирлыг хэл амаар доромжилж, хашхичиж байгаад гарлаа ...” /хх-ийн 51-53х/ гэсэн мөн өдрийн Захиргаа, аж ахуйн ажилчдын хурал тэмдэглэл,

гэрч О.Н-н “... 2019 оны 02 дугаар сарын 28- ны өдөр би цэвэрлэгээ хийж байгаад ус уух гэж нарийн бичгийн өрөөнд ороход С.Д багш захирлыг чи юу хийж чаддаг юм, чи өнгөрдөг Б-н оронд манай дүүг оруулчихгүй яадаг юм гээд загнаж байсан...”  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн аж ахуйн хурал дээр намайг чи юу хийж чаддаг юм гэж загнасан...” /хх-ийн  95-96х/,

гэрч П.Э-н “...С.Д багшийг дүүгийнх нь талаар ярилцъя, та тодорхой саналаа хэл гэж дуудсан. Тэгсэн захирал болон үйлчлэгч Г, Ч, Н нартай маргалдаж, хэрэлдэж, сонин үг хэлээр загнаад байсан...” /хх-ийн  89-90х/,

гэрч Б.Г-н “... саяхан болсон хурлаар С.Д багш намайг бага ангийн багш нартай нийлж байгаад гарын үсэг зурсан байна гэж гүтгэсэн ... үйлчлэгч О.Нг ангийн түлхүүрийг нь санаатай авч явсан гэж загнаж байсан...” /хх-ийн  92-93х/,

гэрч Х.Я-н “. . .С.Д багш захирлыг зүй бус үгээр хэлж, ёс зүйгүй харьцдаг. Би захирлын өрөөний үүдэнд суудаг болохоор мэднэ. . .” гэх мэдүүлгүүд /хх-ийн  101-102х/ болон гэрч Б.Б, Б.Д, Б.А, Д.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар  тус тус нотлогдож байна.

1 дүгээр сургуулийн дотоод журмын  3.3 /хх-ийн 56х, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4 дэх хэсэгт /хх-ийн 38х/ зааснаар нэхэмжлэгч С.Д  өөрийн амьдрал, ажил төрлийн талаар санал, хүсэлт албан ёсоор тавьж хариу авах эрхтэй болохыг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.” гэж зааснаас үзэхэд  эрүүл мэндийн улмаас С.Д-ийг өөр ажилд шилжүүлэх асуудлыг С.Д биш С.Д өөрөө тохиролцон шийдвэрлүүлэхээр тус тус зохицуулсан байх тул С.Д-ын “хүсэлтийг сургуулийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийн дагуу гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй,  түүний дээрх үйлдлийг захирлын шийдвэр гаргах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож, хүндэтгэлгүй харилцсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Мөн анхан шатны шүүх, 1 дүгээр сургуулийн захирлын  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тушаалыг гаргахдаа  Хөдөлмөрийн гэрээний 2.2, 2.7 гэж хоёр өөр байдлаар гаргасанг техникийн шинжтэй алдаа гаргасан,

Г.П нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот захирамжаар /хх-ийн 26х/  1 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон ажил олгогч тул Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд С.Д-н 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан зөрчилд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан,

 Хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь хэсэгт тусгасан сахилгын зөрчил гаргасан С.Д-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн  тус сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 тушаал нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд дурдсан холбогдох заалтуудтай нийцсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны болсон байна.

Мөн нэхэмжлэгч С.Д-н хүсэлтээр 2017 онд анхан шатны шүүхээр шийдвэрсэн байсан Д.Б-ын нэхэмжлэлтэй хэргээс гаргуулсан *** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотоод журмын 3.3.9-д “багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, харилцааны соёлыг эрхэмлэн суралцагч, эцэг, эх, ажилчид, багш нар бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцана” гэж заасан байгаа нь С.Д-н “Сургуулийн дотоод журмын тухайн заалтыг зөвхөн надад зориулж хамт олноор хэлэлцүүлэлгүй өөрчилсөн” гэсэн нь үндэслэлгүй,  С.Д-д сахилгын шийтгэл ногдуулахад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А/36 тоот захирлын тушаалаар баталсан журам нь/хх-ийн 53-70х/ тус сургуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан,

Хэрэгт авагдсан захирлын дэргэдэх зөвлөлийн  хурлын тэмдэглэл /хх-ийн  40-46х/, гэрч Б.Б, Б.Д нарын мэдүүлгүүд, сургуулийн дотоод журмын 2.6 дахь хэсэгт заасан “...захирлын дэргэдэх зөвлөлд сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, үйлдвэрчний эвлэл, ЗАН-ийн ахлагч, эцэг, эхийн төлөөлөл оролцож болно” гэсэн зэргээс үзэхэд С.Д-н  “...хурлын ирц 50 хувь хүрээгүй, хууль бус хурал болсон... сургуулийн дотоод журмын 2.7 дахь хэсгийг зөрчиж, захирлын дэргэдэх зөвлөлийг хуралдуулахгүйгээр ...арга хэмжээ авсан...” гэсэн тайлбар нотлогдохгүй байна,

   Нэхэмжлэгч С.Д-с Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн зөвлөл  ажилладаг талаар анхан шатны шүүхэд нотлох баримт /анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нь Боловсролын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/245 дугаар тушаалаар батлагдсан ёс зүйн хороо ажилладаг талаар дурдсанаас өөр/ гаргаж өгөөгүй, Өвөрхангай аймагт дурдсан ёс зүйн зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг аймгийн Засаг даргын захирамжаар батлуулан ажилладаг нь нотлогдохгүй байна гэж анхан шатны шүүхээс тус тус  дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын зөрчил гаргасан эсэхийг  2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр зохицуулах байсан гэх гомдлыг хангах боломжгүй бөгөөд эрх зүйн хүчин чадлын хувьд Хөдөлмөрийн тухай хууль нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээний актаас илүү юм.

Нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч С.Д-н гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл байх тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 7500 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2019/00299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7500 төгрөгийг төрийн сангийн 100100000941 тоот данснаас гаргуулж, С.Д-д буцааж олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.