Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/976

 

 

 

 

 

      2021           11             16                                         2021/ДШМ/976       

                                                                           

Ц.Д-д холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

хохирогч Ц.Ө,

шүүгдэгч Ц.Дий өмгөөлөгч Ж.Батбаяр, Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Өын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Дд холбогдох 2009003010590 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овгийн Ц-ийн Д, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** дугаар байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

           

            Шүүгдэгч Ц.Д нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бгаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8.500.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 10.500.000 төгрөгийг,

- 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд “Солонгос Улсын мульти виз” гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Аээс 9.000.000 төгрөгийг,

- иргэн Б.Наранзаяад “Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулж, Б.Нгаас дансаар 15.000.000 төгрөгийг,

- “Солонгос Улсын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй, тус улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж иргэн Д.Пыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хаан” банкны дансаар 15.000.000 төгрөгийг,

- “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Л.Гоос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны 6 дугаар тооцооны төвөөс 15.000.000 төгрөг, мөн Л.Гн охин Уламнэмэхэд “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хэлж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хооронд 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч иргэн Л.Гт нийт 18.500.000 төгрөгийг,

- “Бүгд Найрамдах Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Өаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд нийт 13.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 89.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Дийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.     

 

Хохирогч Ц.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 11 дүгээр сард Солонгос улсад албан ёсны визтэй, ажил хөдөлмөр эрхэлж байхдаа Ц.Дий хуурай эгч гэмт хэргийн хамсаатан болох Т.Жамъянмядагтай уулзан виз гаргадаг, элчинд танилтай Ц.Д гэх хүний талаар анх Т.Жамъянмядагаас сонсож байсан. Тухайн үед би визтэй, ажилтай, орлоготой, хадгаламжтай байсан болохоор тоогоогүй. Гэтэл Т.Жамъянмядаг нь намайг өдөр, цаг тутам ятгаж визийг солиод өгье, чи ажлаасаа гараад одоо байгаа визээ цуцалчих, Монголд ирээд 20 хоноод л виз чинь гараад буцаана. Ц.Д найдвартай гэсээр шинэ паспортыг намайг байхгүйд гаргуулчихсан, надад үзүүлж итгүүлэн Монголд ирүүлсэн байдаг.

1. Гадаад паспортын дугаар Е-*** гэсэн хуурамч паспортын хэрэг нээж шалгаагүй, үүнийг нэмж шалгуулах ажиллагаа хийгдээгүй. Тэгээд би 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ирсэн. Гэвч хэлсэн хугацаандаа виз нь гараагүй. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу 7 сарын дараа виз татгалзсан гэсэн хариу хүлээн авсан. Өнөө маргаашгүй виз гарна гэж Ц.Д, Т.Жамъянмядаг нар нь ятгасны улмаас би өөрийн хадгаламж болох 80 гаруй сая төгрөгийг хэрэглэж мөн үнэ бүхий бүх зүйлийг зарж дууссан. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Т.Жамъянмядаг, Ц.Д нар нь намайг дахин ятгаж Гадаад хэргийн яамны сайд Цогтбаатартай ярьж тохирсон орон сууцаа барьцаанд тавиад мөнгө өгчихвөл таныг хурдан явуулъя гээд мөнгө авсан байдаг.

2. Т.Ж нь Ц.Дд хүн зуучилдаг хүн олж өгдөг дансаар мөнгө угаадаг холбоо сүлбээтэй хүн байсаар байтал танил талаараа хөөцөлдөн шалгагдаагүй ял завшиж байгаад зохих хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Үүний улмаас би Т.Жамъянмядагтай энэ бүх асуудлаас болж хувийн харилцаа муудаж хохирлоо авъя гэж уурлаж бухимдан ална хядна гэснээс болж заналхийлэх, мөн Т.Жамъянмядаг нь Ц.Дтэй үгсэн тохирч хохирол өгөхгүй бултах санаа өвөрлөн хүчиндэх хэрэгт хүртэл гүтгэж цагдаа, шүүхээр шалгуулж 2 жилийн нүүр үзэж байна. Эдгээр хүмүүсээс болж худал үгэнд итгэн ажил хийгээгүй, мөн зарим хугацаанд хоригдож байсан болохоор шүүх хуралдаанд оролцож үгээ хэлж чадаагүй. Анх 18 сая төгрөгөнд тавьсан орон сууц нэг ч төлөлт хийгдээгүй, 30 сая төгрөгт хүрсэн хураагдах шатандаа тулсан. Би 3 хүүхэдтэй амьдрал маш хэцүү болсон.

3. Ц.Дий зүйл ангийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Тэрээр залилан мэхлэх ажлаа бүтэн 3 жил гаруйн турш байнгын тогтвортой үйлдсэн, мөн олсон мөнгөө амьдралдаа шууд зарцуулж хэрэглэдэг, амьдралын хэв маягаа болгосон. Ц.Дийг буруу зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Ц.Д нь намайг хоригдож байх хугацаанд арга заль хэрэглэн манай эхнэр болох Б.Лхамсүрэнгээр хуурамч бичиг хийлгэн хууран мэхэлж хохирол гомдолгүй гэсэн бичиг хийлгэн шүүхийг болон намайг дахин хуурч мэхлэн, ялаас мултарсанд гомдолтой байна. Ц.Д нь надаас авсан мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй. Миний хохирлыг үнэн зөвөөр бүрэн гүйцэд тогтоогоогүй хуурамч паспортын нэрийг шалгаагүй, Т.Ж, Ц.Д нарын хоорондох дансны хуулга мөнгө угаасан хэргийг шалгаагүй, хэргийг дутуу шалгасан гэж үзэж маш их гомдолтой байна. Би Ц.Дөөс өөрт учирсан хохирол, нийт маш олон төрлийн хохирол учирсан бөгөөд үүний маш бага хэмжээ буюу Ц.Дий хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирол, хор уршигт 60 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.Дий өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг бүрэн барагдуулаагүй байсан хэдий ч шүүх хуралдааны шатанд завсарлага авч үлдэгдэл хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Ц.Өын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлыг мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдааны шатанд өмнө ярьж байгаагүй. Өөрөө хоригдож байсан гэж хэлж байна. Энэ хоригдож байх хугацаанд нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ц.Дий хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн огт байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Нотлох баримтын хүрээнд хохирлын төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүхийн шатанд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Уг хэргийг тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзсэн” гэв.

 

Шүүгдэгч Ц.Дий өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ж.Батбаяртай санал нэг байна. Анхан шатны шүүх нотолбол зохих байдал нотолсон. Хохирогч нарт учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хохирогчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна” гэв.

 

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Хохирол төлбөрийг завсарлага авч төлсөн. Хохирогч Ц.Өын гаргасан гомдолд амьдралын эх үүсвэр болгосон гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдоогүй. Ц.Д нь орчуулагч мэргэжилтэй уг мэргэжлээрээ ажил хийж байсан болох нь баримтаар хавтас хэрэгт авагдсан. Яллах дүгнэлтэд 13.000.000 төгрөгийг хохиролтой болох нь тогтоогдсон. Учирсан хор уршигтай холбоотой цаашид гарч байгаа зардлын талаар хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй ойлгомжтой гарсан. Нэмж нэгтгэх асуудлын талаар анхан шатны шүүх хурал дээр уг асуудлыг ярьж “Ц.Дөөс хэдэн хүнийг ийм байдлаар хохироосон бэ. Цаашид хохирогч нар нэмэгдэх үү. Зарим хохирогч нар иргэний журмаар хохирлоо нэхэмжилсэн байна” гэж асуусан. Гэтэл шүүх хохирлын асуудлыг тус тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Мөн хохирогч нарын эрх ашиг яригдаж байгаа. Хэрэв шүүгдэгчийн эрх ашиг яригдаж байгаа бол мөн адил шүүгдэгчийн эрх ашиг яригдаж байгаа бол хохирогчийн эрх ашиг яригдах ёстой. Нэмж нэгтгэх асуудлыг хуульд тус тусад нь шийдэх боломжтой гэж зааж өгсөн тул шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1.Шүүгдэгч Ц.Д нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бгаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8.500.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Бгийн “...Ц.Д нь надад 2-3 хоногийн дотор “Солонгос Улсын виз гаргаж өгнө, Солонгос элчинд таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан. Тэгээд материал бүрдүүлэхэд 1.000.000 төгрөг гэхэд нь Ц.Дий дансанд шилжүүлсэн. Мөн өөрийнхөө гадаад паспорт, 4 хувь цээж зурагтай өгсөн. Тэгтэл “...нөгөө хүн чинь мөнгөө бүтнээр нь авна гээд байна, мөнгөө миний данс руу шилжүүл” гээд байхаар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ард кино театрын орчим явж байхдаа гар утаснаасаа 7.500.000 төгрөгийг Ц.Дий 5027781963 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа дахин мөнгө шилжүүл гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Багшийн дээдийн орчим явж байхдаа гар утаснаасаа Ц.Дий 5027781963 данс руу 10.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө өгснөөс хойш 2-3 хоногийн дараа виз гарна гэж хэлж байсан...” /1хх 13-14/,

гэрч Б.Бын “...2018 оны үед Бгийн нөхөр Чинбаярт “надад виз гаргаж өгсөн хүн байгаа” гэж хэлэхэд Б холбогдож би Ц.Дтэй холбож өгсөн. ...” /1хх 23/,

А.Бгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5020511302 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх 50-52/, гар утасны чатны хуулга /хх 53/,

2.2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд “Солонгос Улсын мульти виз” гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Алтанчимэгт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Алтанчимэгийн “...Ц.Д гэдэг хүнийг мульти виз гаргадаг найдвартай гэж дам яриа дуулан виз гаргуулах хүсэлтэйгээ хэлсэн. Ц.Д надад “нэг удаа тус болъё, энгийн виз гаргахаар бол 5.000.000 төгрөгөөр гаргана, мульти виз гаргахад 15.000 000 төгрөг хэрэг болно” гэсэн. Миний ээж Бадамханд нь “ХААН” банкны 5027781963 дугаарын дансанд 2.500.000 төгрөг 2 удаа хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 2.000.000 төгрөг гар утсаараа “мобайл” банкаар шилжүүлсэн. Дахиад 2.000.000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. Нийт 9.000.000 төгрөг өгсөн. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр виз татгалзсан хариу авсан...” /1хх 113-114/,

М.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5055192340 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 137-138/, З.Бын эзэмшлийн Хаан банкин дахь 5447224063 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 139/,

3.Хохирогч Б.Нд “Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулж, дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Б.Наранзаяад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нгийн “...Би гэрийнхээ хаягийг зааж өгөөд гэрийн гадаа Ц.Д нь ганцаараа хар өнгийн машинтай ирээд учир байдлыг хэлээд “мульти визийг 15.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, үүнд хууль бус үйлдэл байхгүй” гэхээр нь мульти виз гаргуулах болсон. ...надад “та өөрийн цээж зураг болон гадаад паспорт, гэрлэлт болон 3 хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргийг өгчих тэгээд 15.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Зоос гоёлын орчимд байх орчуулгын товчоо болон нотариат руу орж 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хийж мөнгийг Ц.Дий данс руу шилжүүлсэн. 2020 оны дундуур виз гарсан. Виз гарахдаа 93 хоногийн аялалын виз гарсан. Ц.Д надад “Элчин солигдсон, хяналт шалгалт их болохоор 90 хоногийн виз гарчихлаа, энэ визээрээ нэг яваад ир, мульти визтэй болохын тулд энэ зэргийн золиос байна ш дээ” гэж хэлсэн. ...” /1хх 188-190/,

шүүгдэгч Ц.Д хохирогч Б.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд /1хх 185, 227/,

4.“Солонгос Улсын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй, тус улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж иргэн Д.Пыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хаан” банкны дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч  Д.Пд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Пын “...Би 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ц.Дтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд биечлэн уулзаж интернэт банк ашиглан 15.000.000 төгрөгийг Ц.Дий 5027781963 дугаарын данс руу шилжүүлсэн. Ц.Д нь тухайн үед “7-10 хоногийн дараа виз найдвартай гарна” гэж ярьж байсан боловч материал бүрдүүлж өгөлгүй 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн. Тэгээд би Ц.Дий надад бэлдэж өгсөн материалыг аваад Баянгол дүүрэг, Номин худалдааны төвийн ард байх виз мэдүүлгийн газар аваачиж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гар утсанд мессеж ирээд “материалаа ирж авна уу” гэснийх дагуу очоод автал миний визийг тодорхойгүй шалтгаанаар татгалзсан байсан. ...” /2хх 88-89/,

Д.Пын эзэмшлийн Хаан банкин дахь 5006240666 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 84/, шүүгдэгч Ц.Д хохирогч Д.П нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх 86/,

5.“Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Л.Гоос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны 6 дугаар тооцооны төвөөс 15.000.000 төгрөг, мөн Л.Гн охин Уламнэмэхэд “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хэлж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хооронд 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч иргэн Л.Гонгорт нийт 18.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Гонгорын “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлдэг Даваасүрэн гэх хүнд биеэ Солонгос улсад эмчлүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд “өөрийн найз Амараагийн визийг хүнээр гаргуулсан” гээд Ц.Д гэх хүнтэй уулзсан. Ц.Дд гадаад паспорт, дансны хуулга болон нийт 18.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Ингээд би мөнгөө шилжүүлсэн учраас уг барилгад байрлаж байсан нотариатын газар орж 15.000.000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ Ц.Дтэй байгуулсан. Тэгээд нэг сарын дараа визний газраас залгаад “та визний хариу ав” гэсэн. Тэгээд би авахаар очиход “та яагаад хуурамч баримт бичиг бүрдүүлж өгдөг юм” гээд паспортыг өгсөн. ...” /2хх 188-190/,

гэрч Б.Уийн “...би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бамбай Хурд виз мэдүүлгийн газар очиж өөрийн дансны хуулга, гадаад паспортын хамт өгсөн. Тэгээд материалаа өгчихөөд гарч ирэхэд ээж миний данс руу 1.900.000 төгрөг хийсэн байсан. Тэр мөнгийг Ц.Дий данс руу шилжүүлсэн. ...Манай ээж виз гаргуулахаар нийт 18.500.00 төгрөг шилжүүлэн Ц.Дд өгсөн байсан. Надтай Ц.Д 2019 оны 11 дүгээр сард уулзахдаа өөрийнх нь танилууд Солонгос улс руу явах гэж байгаа тэр визэнд багтааж өгнө. 2020 оноос өмнө виз чинь гарна гээд надаас гадаад паспорт, дансны хуулга хэрэгтэй гэж хэлсэн...” /2хх 203-204/,

гэрч Б.Дагийн “...2019 оны 10 дугаар сарын үед миний үйлчлүүлдэг дэлгүүрийн эгч Гонгор өөрийгөө Солонгос улс руу явмаар байна” гэж байсан. ...тэгээд Солонгос улс руу явдаг өөрийн найз Амараагийн визийг Ц.Д гэж хүн гаргаж өгч байсан гэж сонсоод энэ тухай Гонгор эгчид хэлэхэд “намайг холбоод өгөөч” гэхээр нь Амараад энэ тухай хэлж Ц.Дий утасны дугаарыг авч өгсөн. Харин өөрөөр уулзуулсан зүйл байхгүй...” /2хх 194-195/,

гэрч О.Амийн “...2019 оны 10 дугаар сарын үед манай найз Даваасүрэн над руу залгаад өмнө Солонгос улсын виз гаргуулж байсан Ц.Дий утасны дугаарыг авч байсан. ...” /2хх 196-197/,

Л.Гын эзэмшлийн Хас банкин дахь 5001803065 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 223, 229/, Л.Гын эзэмшлийн Хаан банкин дахь 5039037203 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 224-225/, Ц.Д, Л.Гонгор нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбараар /2хх 227-228/,

6. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Өаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд нийт 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Ц.Өт 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Өын “...найз Ж 2018 оны 11 дүгээр сараас “визийг чинь солиод өгье, найдвартай виз гаргадаг хүн байна” гэх мэт зүйлс яриад байхаар нь 2019 оны 1 дүгээр сард өөрийнхөө визийг цуцлаад мульти визтэй болохоор Монгол Улсад ирсэн. Тэгээд Жамъянмядаг Бүгд Найрамдах Солонгос Улсад үлдээд намайг “Монгол Улсад Ц.Д гэх хүнтэй холбоо бариарай, чиний бүх зүйлийг бэлдэж байгаа” гэж хэлсэн. ...Би 13.000.000 төгрөгийг өөрийн ах Мөнхжаргалын данснаас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Панасоник нэртэй байрны доод талд автомашинд байхдаа данснаас интернэт банкаар Ц.Дий данс руу шилжүүлсэн. ...” /3хх 48-50/,

гэрч Б.Мөнхжаргалын “...Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өын хэлсний дагуу Ц.Дий “ХААН” банкны 5027781963 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс 4 хоногийн дараа виз гаргах ёстой байсан ч виз гараагүй. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Ө над руу дахиж залгаад нэмээд 10.000.000 төгрөг яаралтай өг гэж хэлэхээр нь би 8.000.000 төгрөгийг дахин Дий данс руу шилжүүлсэн...” /3хх 51-52/,

гэрч Т.Жийн “...виз гаргадаг Ц.Д гэх хүн байдаг талаар сонссон. Миний хувьд Монгол Улсад 2 дахь удаа Ц.Дтэй уулзахдаа Өтэй хамт гурвуулаа уулзсан...” /3хх 57-59/,

Ц.Өын хохирлыг төлөх тухай тодорхойлолт /3хх 35/, Ц.Дий эзэмшлийн Хаан банкин дахь 5027781963, 5004186879 дугаартай дансны хуулгууд /1хх 63-83/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Ц.Д нь үргэлжилсэн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн А.Бд 10.500.000 төгрөгийн, М.Ат 9.000.000 төгрөгийн, Б.Нд 15.000.000 төгрөгийн, Д.Пд 15.000.000 төгрөгийн, Уламнэмэх, Л.Г нарт нийт 18.500.000 төгрөгийн, Ц.Өт 13.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 89.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хохирогч Ц.Өын “...Гадаад паспортын дугаар Е-2389393 TSEVEEN-OCHIR UNURBAYAR гэсэн хуурамч паспортын хэрэг нээж шалгаагүй, үүнийг нэмж шалгуулах ажиллагаа хийгдээгүй. ...Т.Жамъянмядаг нь Ц.Дд хүн зуучилдаг хүн олж өгдөг дансаар мөнгө угаадаг холбоо сүлбээтэй хүн байсаар байтал танил талаараа хөөцөлдөн шалгагдаагү, ял завшиж байгаад зохих хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. ...Ц.Дий зүйл ангийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Тэрээр залилан мэхлэх ажлаа бүтэн 3 жил гаруйн турш байнгын тогтвортой үйлдсэн, мөн олсон мөнгөө амьдралдаа шууд зарцуулж хэрэглэдэг, амьдралын хэв маягаа болгосон. ...Ц.Дий хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирол, хор уршигт 60 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Дий гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэл, ялын асуудлаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Ц.Д нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 89.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан бөгөөд уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ц.Д хохирогч Ц.Өын эзэмлийн Хаан банкин  дахь 5034255568 дугаартай дансанд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 60.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 90.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 30.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 900.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөг,  2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 60.000 төгрөг,     

Төрийн банкин дахь 106700033097 дугаартай дансанд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг /3хх 241/, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 700.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 700.000 төгрөг /3хх 233, 241-4хх 11/  нийт 8.090.000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

 

Мөн хохирогч Ц.Өын эхнэр Б.Лхамсүрэнд шүүгдэгч Ц.Д хохирлын 7.700.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт /4хх 55/ хэрэгт цугларсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хохирогч Ц.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй тул шийтгэх тогтоолд энэ талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, хохирогч Ц.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

           “Хохирогч Ц.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ