Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00137

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ч.Сэлэнгэ,
Хохирогч Б.Баттүвшин,
Гэрч Ц.Ганхуяг, Б.Баяржаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,
Шүүгдэгч Б.Батбаян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Бэгзсүрэнгийн Батбаянд холбогдох 142/2017/0226/Э индекстэй, 201714000198 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Зүүнбаян суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, ээж, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5-14-37 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баатад овогт Бэгзсүрэнгийн Батбаян /РД:ФД77091502/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Батбаян нь Орхон аймгийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 5 сарын 27 -ны өдөр иргэн Г. Энхмаагийн асаргаанд байсан хүүхэд нас барсны оршуулгын зардлын мөнгөнөөс 250000 төгрөгийг, 2016 оны 10 сард иргэн Г.Одонтуяагийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр олгохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгсэл нийлүүлдэг Номгон Хаш ХХК-иас бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн халамжийн сангийн 200000 төгрөгийг өөрийн нөхөр Мөнхжаргалын данс руу шилжүүлэн авч бусдыг залилан мэхэлж 450000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаянгийн өгсөн: 2010 оноос Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард бүтцийн өөрчлөлт гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан. Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаж ажлаас буруу халагдсан нь тогтоогдож 2017 оны 2 сард ажилдаа эргэж ор гэж дуудаж ажилд эргүүлэн томилох тушаал гаргасан. Тэгээд Эрдэнэбат дарга намайг дуудаж 2 хүн өргөдөл гомдол гаргасан тухай надад танилцуулсан. Энэ талаар тайлбар бичиж өгөөрэй. Цаашид ер нь хамтарч ажиллах сонирхолгүй байгаа тухайгаа хэлж байсан. Ийм асуудал болоогүй тухай тайлбар бичиж өгч байсан. Байгууллагыг хохироож, буруу зүйл хийсэн зүйл надад байхгүй. Шалгуулах газарт нь шалгуулах тухай хүсэлтээ өгсөн байгаа. Авилгалтай тэмцэх газраас намайг 3 дугаар сарын 20-ны өдөр дуудсан. Намайг ямар асуудлаар яаж дуудаж байгааг мэдээгүй байсан. Энхмаа, Одонтуяа нарын гомдлын талаар мэдүүлсэн байдаг. Авилгалтай тэмцэх газраас манай шалгах асуудал биш гээд Орхон аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Энхмаагийн хүүхдийн оршуулгын зардлын материал надад 2017 оны 5 дугаар сарын 23-нд орж ирсэн. Тухайн үед ийм материалын олголт хийж байгаагүй болохоор 465000 төгрөгийг арай өндөр орсон юм болов уу гээд шалгаж үзье гэж бодсон. Хяналтын мэргэжилтэн Дөлцэцэгээс утсаар асуух гэтэл би ажил ихтэй байна хуулиа харчих гэсэн. Ганганбат гээд мэргэжилтнээс асуухад бас завгүй байна гэсэн. Тэгээд Энхмаа гэдэг хүнийг дуудаад мөнгөө банкаас аваад хүрээд ир гэсэн дуудсан. Тэгээд Энхмаагаас 250000 төгрөгийг шалгаж үзнэ гээд аваад үлдсэн. Энэ тухайгаа хажуудаа цуг сууж байсан хүндээ хүний мөнгө аваад үлдчихлээ мөнгийг нь хийчих уут байна уу гэхэд надад цаас авч өгөөд би сейфэндээ хийгээд хадгалсан. Тэгээд даваа гаригт дуудаад буцаагаад 250000 төгрөгийг өгсөн. Энхмаа гэдэг хүн мэдүүлгэндээ намайг маш их хуурч мэхэлсэн гэж өгсөн байдаг. Хүүхдийнх нь оршуулгын мөнгийг авах сэтгэл зүрх надад байгаагүй. Одонтуяагийн хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг надад тэргэнцэр авах тухайгаа хэлсэн. Тэгээд “Намган Хаш” ХХК-г зуулчилж өгсөн. Утсаар ярьсан тэргэнцэр байхгүй гэж байна мөд ирэхгүй гэж байна гэж надад хэлсэн. Одонтуяа гэдэг хүний амьдрал маш хэцүү учраас надаас тэргэнцэрээ хэд хэдэн удаа асууж байсан. Бямба гэж хүнд тэргэнцэр байна гэж хэлэхээр энэ хүнд өгчих гэж хэлээд өгүүлчихсэн. Тэгээд 9 сард мөнгийг шилжүүлэх гэтэл энэ хүний утас нь холбогдохгүй байхаар Мөнхжаргалын данс руу хийсэн байдаг. Намайг ажлаас халах шалтгаанаар ийм зүйлүүдийг байгууллагаас гаргаад байна гэж бодож байгууллагын даргад маш их гомдолтой байна. Эдгээр зүйлийг маш нарийн нягталж намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттүвшингийн өгсөн: Би байгууллагынхаа ёс зүйн хорооны гишүүнээр ажилладаг. Тэр өргөдлийг хянаж шалга гээд цохогдож ирсэн байдаг. Ёс зүйн хороо тэр өргөдлийг шалгаад Батбаянийн гаргасан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзсэн үндэслэл бол хавтаст хэрэгт авагдсанаар Монгол улсын засгийн газрын 343 дугаар тогтоол гээд байгаа. Уг тогтоолын 10.1-д “Ортпет тусгай хэрэгслийг тухайн орон нутгийн нийгмийн халамжийн гэрээтэй байгууллагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна” гэсэн байгаа. Манайд бүрдүүлж ирсэн материалууд “Намган Хаш” ХХК-ын орлогын баримт, эмчийн бичиг, бусад бичиг баримтууд байсан гээд баримт материалын бүрдэл хангагдсан байсан учраас манайх тухайн иргэн рүү мөнгийг шилжүүлсэн. Сүүлд нь “Намган Хаш” ХХК ийм учиртай ийм баримт байсан энэ баримтын дагуу манайхаас баримт аваагүй гэдгийг олж мэдээд ёс зүйн хороо хуралдсан. Тухайн баримт “Намган Хаш” ХХК-аас гарсан л бол тухайн тэрэг “Намган Хаш” ХХК-аас гарсан байх ёстой. Тухайн иргэн “Намган Хаш” ХХК-аас тэргэнцэр аваагүй байж баримт ашиглагдаад халамжийн сангаас мөнгө гарчиж байгаа нь хууль бус үйлдэл болдог. “Намган Хаш” ХХК-ний тайлбарт Батбаян өөрөө ирээд “энээ тэрээ” гээд баримт бичүүлээд авсан гэдэг. Байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Ганхуягийн өгсөн: Манай охин Энхмаа хүүхдийнхээ оршуулгын мөнгө авна гээд явсан. Тэгээд ирэхдээ 465000 төгрөг гарчиж 250000 төгрөгийг хүнд өгөх ёстой гээд аваад үлдчихсэн гэж ирсэн. Тэгээд манай охин ах, эгч нараасаа хэдэн төгрөг олгодог талаар асууж лавласан. Би ч бас асууж л байсан. Тэгтэл 2 хоногийн дараа нөгөө эгч мөнгөө ав гээд дуудаж байна гээд яваад мөнгөө аваад ирсэн байсан. Дараа нь хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2 хүн очоод хүүхдийн оршуулгын зардлын дутуу олгосон мөнгийг нөхөж өгч байгаа. Та хөдөлмөр халамж үйлчилгээний газарт очоорой гэсэн. Тэгээд очоод мөнгөө нөхөж авсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Баяржаргалын өгсөн: Батбаян өөрөө над руу утасдаад энэ хүнд яаралтай тэргэнцэр, суултуур хэрэгтэй байна гээд хүн дагуулж ирээд мөнгийг нь орохоор аваад өгчихнө гээд надаар орлогын баримт бичүүлээд суултуур, тэргэнцэр 2 аваад явсан. Би Хөдөлмөр, Халамж үйлчилгээний мэргэжилтэнд итгээд өгсөн. Тэгээд мөнгө нь орохгүй байхаар Батбаян руу утасдахад утсаа авахгүй байсан. Тэгээд мөнгө орсныг шалгуулахаар Батбаянгаас мессежээр хүүхдийн регистрийн дугаарыг аваад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нягтлан Цолмон дээр очоод шалгуулахад буруу регистр өгсөн байсан, энэ мессеж одоо ч миний этсан дээр хадгалаатай байгаа гэх мэдүүлэг,
201714000198 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Г.Энхмаагийн өгсөн: ...Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 нас 2 сартай охиноо өвчний улмаас алдсан юм. Баянцагаан багийн халамжийн мэргэжилтэн Батбаян гэдэг эмэгтэй 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр над руу утсаар яриад нас барсан хүүхдэд олгодог мөнгөө ирж ав гэж дуудсан. Ингээд ажил дээр нь очиход чамд олгох нас барсан хүүхдийн мөнгийг бодохдоо насанд хүрсэн хүнтэй андуураад бодчихсон байна. Дансанд чинь 460000 төгрөг орсон, 60000 төгрөг нь хүүхдийн чинь сар бүр авдаг 20000 төгрөгийг 3 сараар олгож байгаа, 250000 төгрөг нь чиний мөнгө биш өөр хүнд өгөх мөнгө гэхээр нь ажлын газрынх нь хажууд байх хаан банк руу орж 250000 төгрөгийг авахад ажлынхаа байрны 1 давхарын шатны хажууд зогсож байгаад энд хүнгүй байна гээд надаас авсан. Гэртээ ирээд гэрийнхэндээ хэлэхэд эгчийн маань нөхөр Улаанбаатар хотын халамжийн төвийн мэргэжилтнээс асуусан чинь тийм зүйл байхгүй, хэн нэгэн хүнд мөнгө олгохдоо регистрийн дугаараар нь тулгаж мөнгийг нь оруулдаг, давхар хяналттай байдаг гэж хэлсэн байсан. Батбаян надтай уулзая гэхээр нь уулзахад эгч нь буруу зүйл хийсэн байна. Анх чамд мөнгө өгөхдөө эгчид нь мөнгөний хэрэг гарсан байсан учир худлаа яриад мөнгөнөөс чинь авчихая гэж бодоод 250000 төгрөг авсан юм гэж хэлсэн.Тэгээд эгчийн дүү дээд газраас яриад байгаа хүмүүст эвтэйхэн ойлгуулж хэлээд өгөөч эгч нь ажилгүй болчих гээд байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-27-28 тал/, Хохирогч Б.Баттүвшингийн өгсөн: ...Батбаян нь иргэн Одонтуяагийн хүүхдийн нэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэргэнцэрийг олгохдоо хууль бус материал бүрдүүлж халамжийн сангаас мөнгийг нь гаргасан. Засгийн газраас тогтоож өгсөн хүүхдийн тэргэнцэрийн мөнгө 200000 төгрөг байдаг. Тэргэнцэр авах гэж байгаа иргэн халамжийн мэргэжилтэнтэй харьцахдаа холбогдох баримт бичгээ гарган өгөх ёстой. Халамжийн мэргэжилтэн нь манай байгууллагатай гэрээгээр ажилладаг байгууллагад тэргэнцэр авах эрх үүслээ гэсэн бичгийг нэхэмжлэхийн хамт өгдөг. Иргэн тэр байгууллага дээр очоод тэргэнцэрээ аваад нэхэмжлэх баримтаа үлдээгээд явах ёстой. Дараа нь манай байгууллага тухайн компани руу мөнгийг нь шилжүүлдэг юм. Иргэн тэр байгууллагаас бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан бол манай байгууллагаас иргэний регистрийн дугаараар нь тэргэнцэрийн халамжийн мөнгийг хаан банкаар шилжүүлдэг юм. Гэтэл Батбаян нь манай байгууллагатай гэрээгээр ажилладаг Номгон Хаш ХХК-ний хүнтэй уулзаж манай баг дээр нэг ядруухан хүнд хүүхдийн тэргэнцэр яаралтай хэрэгтэй байна. Бичиг баримт нь дутуу байгаа юм надад орлогын баримт бичээд өгөөч би мөнгийг нь оронгуут бэлнээр авчирч өгнө гээд бэлэн мөнгө өгч тэргэнцэр авсан мэтээр орлогын баримт бичүүлж авсан байсан. Энэ бол хууль тогтоомж зөрчиж байгаа юм. Батбаян өөрөө очиж уулзаад бичиг хийлгэж авч мөнгө нь Одонтуяагийн нэр дээр орохоор нь Одонтуяаг Булган аймгийн Хялганат суманд байхад нь дуудан ирүүлж мөнгийг нь хаан банкнаас гаргуулан авч тэр мөнгийг “Номгон Хаш” ХХК-д өгнө гээд өөр хүний данс руу хийлгэсэн байдаг. Номгон Хаш ХХК нь тэргэнцэрийн мөнгөө аваагүй тэргэнцэрээ буцааж авсан байдаг гэх мэдүүлэг /хх-30-32 тал/, Гэрч Б.Батбаатарын өгсөн: “...Б.Батбаян нь Энхмаагийн хүүхдийн нас барсны оршуулгын зардал болох төрөөс тогтоож өгсөн 465000 төгрөгөөс 250000 төгрөгийг том хүний мөнгөтэй андуурч өгсөн гэж ярьж авсан байсан. Уг нь том хүн, хүүхэд гэсэн ялгаа байхгүй. Халамжийн мэргэжилтэн нь иргэнд буруу бодож мөнгө олгосон бол түүнийгээ заавал байгууллагын хяналтын мэргэжилтэнд мэдэгдэж тайлбараа өгөх ёстой. Илүү олгосон бол иргэн өөрөө халамжийн газрын дансанд тушаана, дутуу олгосон бол халамжийн газар тухайн иргэнд нэмж мөнгийг нь олгох ёстой. Халамжийн ажилтан мөнгийг өөрөө авах ёсгүй. Батбаян нас барсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгийг журмын дагуу бодож олгоод тал мөнгийг нь өөрөө авсан байсан. Тухайн мөнгийг нь авчихаад сейфэндээ 2-3 хоног хадгалж байгаад буцааж өгнө гэсэн ойлголт байхгүй. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай шинэ хууль батлагдсан байсан. Энэ хуульд нас барсан иргэний оршуулгын зардал нь 1 сая төгрөг болсон байсан бөгөөд хэрэгжүүлэх журам нь ирээгүй байсан. Дараа нь журам ирсний дараа манай байгууллагаас Энхмаад үлдэгдэл 535000 төгрөгийг нөхөж олгосон гэх мэдүүлэг /хх-34-35 тал/, Гэрч Ц.Ганхуягийн өгсөн: “...Манай гэрт халамжийн мэргэжилтэй гэх 2 залуу ирээд надтай уулзсан. Манай охин Энхмаагийн асаргаанд байсан нас барсан хүүхдийн талаар асууж манай ажилтан оршуулгын тэтгэмжийг буруу бодож өгсөн байна гэж хэлж байсан. Манай охиныг багийн халамжийн мэргэжилтэн дуудаад банкнаас оршуулгын тэтгэмж аваад гараад ирэхэд нь тэр мөнгөнөөс нь 250000 төгрөгийг нь буруу бодож олгосон байна гээд авсан гэсэн. Манай охин ах, эгч нартаа энэ талаараа хэлсэн чинь халамжийн мэргэжилтнүүдээс асуусан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-36 тал/,
5
Гэрч Г.Одонтуяагийн өгсөн: ...Би 2016 оны зун 1 ширхэг хүүхдийн суултуур, нэг тэргэнцэр авсан. Яг ямар журмаар яаж авснаа санахгүй байна. 2016 оны 10 сард Батбаян миний гар утас руу залгаад таны нэрээр банкинд мөнгө орсон байгаа гэж хэлсэн. Би Орхон аймагт ирээд багийн байран дээр очоод ирчихлээ гэж хэлэхэд Батбаян гарч ирээд би танд хүнээс тэргэнцэр авч өгсөн юм энэ мөнгийг тэр хүнд өгөхгүй бол болохгүй гээд намайг нэг хүний данс руу хийчих гэсэн. Би данс руу мөнгө хийж мэдэхгүй учир эгч Оюунчимэгийг дуудаж хийлгэсэн. Тэргэнцэрийг би ажил дээрээс нь очиж авч байсан” гэх мэдүүлэг /хх-38-41 тал/, Гэрч Г.Оюунчимэгийн өгсөн: ...2016 оны 10 сард Г.Одонтуяа над руу яриад би хөдөөнөөс орж ирж байна банкнаас мөнгө авна, та надтай хамт банк ороод буцаад суулгаад өгөөч гэсэн. Бид хоёр Баянцагаан багийн хаан банкин дээр очоод дансанд нь орсон 215000 төгрөгийг авсан. Тэгээд банкнаас гараад ирэхэд Баянцагаан багийн халамжийн мэргэжилтэн гэх эмэгтэй уулзаад нөгөө мөнгөнөөс 200000 төгрөгийг нэг хүний данс руу хийгээрэй гээд нэг данс өгч хийлгэсэн. Тэр мөнгө нь тэргэнцэрийн мөнгө гэсэн ямар учиртайг нь сайн олгоогүй гэх мэдүүлэг /хх 42 тал/, Гэрч Б.Баяржаргалын өгсөн: ...Манай байгууллага Орхон аймгийн халамж үйлчилгээний газартай бараа материал нийлүүлэх гэрээтэй, сүүлийн 2 жил хамтран ажиллаж байна. Иргэн бэлэн мөнгөөр манай байгууллагаас тэргэнцэр, таяг, алхуулагч, суултуур, хөтөвч, нурууны бэхэлгээ, хамгаалалт зэрэг материал авсан тохиолдолд мөнгө нь тэр хүний данс руу халамж үйлчилгээний газраас ордог. Бэлэн бусаар авсан тохиолдолд мөнгө нь манай байгууллагын данс руу ордог. Халамжийн мэргэжилтэн бараа авах хүнээ тодорхойлж манай байгууллага руу явуулдаг. 2016 оны 9 сарын сүүлээр Батбаян нэг эмэгтэйтэй манай ажил дээр ирж уулзсан. Энэ эмэгтэйн хүүхдэд яаралтай тэргэнцэр хэрэгтэй байна. Бас суултуур хэрэгтэй гэж хэлээд манай байгууллагаас бэлэн мөнгөөр бараа авсан хүнд өгдөг 212000 төгрөгийн баримтыг бичүүлж аваад явсан. Б.Батбаян болохоор энэ хүний хүүхдэд эмчилгээний зардал хэрэгтэй байгаа учир одоо бэлэн мөнгө өгөх боломжгүй байна. Өөрийнх нь дансанд нь мөнгө орохоор би мөнгийг нь аваад ирнэ гэж хэлсэн. Халамжийн мөнгө орох хугацаа болоход Б.Батбаян мөнгөө авчирч өгөөгүй, тэр хүний мөнгө нь ороогүй байна гэж байснаа сүүлдээ утасаа авахаа больсон. Тэгэхээр нь тэргэнцэр авсан хүүхдийн регистрийн дугаараар халамжийн газарт очиж нягтлан бодогч Цолмон гэдэг эмэгтэйгээр шалгуулахад тэр хүүхдийн регистрийн дугаар байхгүй байсан. Б.Батбаян 2017 оны 3 дугаар сарын 20-ны үед манай байгууллага дээр ирж надтай уулзаад танай байгууллагаас бичүүлж авсан тэргэнцэрийн асуудлаар шалгагдаж намайг ажлаас халах гээд байна. Чи надад тус болоод ямар нэг байдлаар гомдолгүй гээд бичиг хийгээд өгөөч гэж байсан гэх мэдүүлэг /хх-43-46 тал/, Гэрч Л.Мөнхжаргалын өгсөн: ...2016 оны 8, 9 дүгээр сарын үед манай эхнэр нэг хүнтэй утсаар ярьж байсан. Нөгөө хүн нь тэргэнцэр ирсэн үү гэж асууж байсан. Би эхнэртээ хандаж манай найз Бямбаад нэг тэргэнцэр байгаа түүнийгээ хэрэгтэй хүнд зарах юмсан гэж байсан гэж хэлсэн. Энэ яриа болсноос хойш 10 гаруй хоногийн дараа эхнэр нөгөө найзаасаа тэргэнцэрийг нь аваад ирээрэй, нөгөө хүнд өгч болох юм шиг байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу таксинд явахдаа найз Бямбаагаас тэргэнцэрийг нь манай эхнэр Орхон аймагт зараад өгье гэж байна гээд авчирсан. Үүнээс хойш 7-14 хоногийн дараа манай эхнэр над руу ярьж Бямбаагийн дансны дугаарыг өгчих мөнгийг нь явуулья гэхээр нь Бямбаатай ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэгээд эхнэртээ утас нь холбогдохгүй байна, миний данс руу хийчих гээд 200000 төгрөгийг нь өөрийхөө хаан банкны данс руу хийлгүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа утсаар ярьж байгаад Бямбаад аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-49 тал/, Гэрч Д.Даваагийн өгсөн: ...2016 оны хавар Баянцагаан багийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж тэргэнцэр, таяг, суултуур зэрэг зүйл авах хүсэлтээ өгсөн. ...Ингээд зун өнгөрөөд намар 2016 оны 9 сард Батбаян өөрөө надтай утсаар ярьж байгаад манай гэрт нэг машинтай ирж надад нэг тэрэг хүлээлгэн өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-47 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал /хх 3 тал/, Б.Батбаянд холбогдох зөрчлийн талаарх баримтууд /хх 5-15 тал/, Л.Мөнхжаргалын депозит дансны хуулга /хх 20-23, 85-90 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар /хх 64, 69-70 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 72-76 тал/, Б.Батбаянгийн депозит дансны хуулга /хх 79-83 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 98-103, 106-117 тал/ нотлох баримтуудыг шинжлэн судлаж, Нийгмийн халамжийг сангийн мэдээллийн программ “WAIS” дахь 7404, 7505 шифртэй нийгмийн халамж үйлчилгээг авсан иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтын эх баримтад цахимаар орж үзлэг хийв. Шүүх хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Батбаян нь Орхон аймгийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны сарын 27-ны өдөр иргэн Г.Энхмаагийн асаргаанд байсан хүүхэд нас барсны оршуулгын зардлын мөнгөнөөс 250000 төгрөгийг, 2016 оны 10 сард давтан үйлдлээр иргэн Г.Одонтуяагийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэргэнцэр олгохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай хэрэгсэл нийлүүлдэг Номгон Хаш ХХК-иас бэлэн мөнгөөр тэргэнцэр авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн халамжийн сангийн 200000 төгрөгийг өөрийн нөхөр Мөнхжаргалын данс руу шилжүүлэн авч бусдыг залилан мэхэлж 450000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Энхмаа, Б.Баттүвшин нарын болсон үйл баримт, түүний эх сурвалжийг тодорхой зааж өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батбаатар, Ц.Ганхуяг, Г.Одонтуяа, Г.Оюунчимэг, Б.Баяржаргал, Л.Мөнхжаргал, Д.Даваа нарын мэдүүлэг, Хаан банкны 465000 төгрөгийн зарлагын баримт /хх-10 тал/, Л.Мөнхаргалын депозит дансны хуулга /хх-87-90 тал/, нийгмийн халамж үйлчилгээний нэгдсэн мэдээллийн системийн баримтууд /хх-140-142 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт Нийгмийн халамжийн сангийн мэдээллийн программ “WAIS” дахь 7404, 7505 шифртэй нийгмийн халамж үйлчилгээг авсан иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтад хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа боловч түүний гэм буруу дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Батбаянг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Батбаянд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Батбаян нь 2004, 2012, 2017 онд төрсөн бага насны буюу 3 хүртэлх насны хүүхдүүдтэй болох нь нотлогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбаян нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатад овогт Бэгзсүрэнгийн Батбаянг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Б.Батбаянг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Батбаянд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батбаян нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Батбаянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Батбаян нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл уг шийдвэрийг хшчингүй болгож, ялыг эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батбаянд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД