Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/00788

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 27

181/ШШ2024/00788

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .................... байрлах, ГБ ХК /рд:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С........................тоотод оршин суух, Ц.М д /рд:............/-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 228.016.895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2.100.000 төгрөг гаргуулах, нэр бүхий тээврийн хэрэгслүүдийн эзэмших эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, А.Тү, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь Ц.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 228.016.895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн Ц.М  2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ЗГ3455115997 тоот зээлийн гэрээг ГБ тай байгуулж 200,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр:

1.БГ3455115997 тоот ипотекийн гэрээгээрЦ овогтой М ийн өмчлөлийн Ү-.... улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хороолол /16051/ Хатанбаатар магсаржав гудамж 22 дугаар байр 39 тоот 40.72 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.БГ3455115997 тоот ипотекийн гэрээгээр Ц овоггой М ийн өмчлөлийн Ү-2203033967 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 19а байр зоорийн давхрын 6 тоот 16 мкв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3.БГ3455115997-А тоот барьцааны гэрээгээр Ц овогтой М ийн өмчлөлийн 1212УН улсын дугаартай, N80510395 арлын дугаартай Huyndai маркийн экскаватор;

4.БГ3455115997-Б тоот барьцааны гэрээгээрЦ овогтой М ийн өмчлөлийн 0099УН улсын дугаартай, НН1НQ802АА0005326 арлын дугаартай robex маркийн экскаватор;

5.БГ3455115997-В тоот барьцааны гэрээгээрЦ овогтой М ийн8 RОВЕХ маркийн эксковатор, Арлын дугаар:NА0310019, Марк:3700LС-7, улсын дугаар:9009 УН;

6.БГ3455115997-Г тоот шаардах эрх, гэрээний орлого барьцааны гэрээгээрЦ овогтой М ийн өмчлөлийн Doosan 470 маркийн гинжит экскаватор тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан хэдий ч зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Иймд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 111.928.691 төгрөг, хүү 101.676.181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.412.022 төгрөг, нийт 228.016.895 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3455115997 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ү-.... тоот үл хөдлөх эд хөрөнгө, БГ3455115997-А тоот барьцааны гэрээгээр барьцаалсан НН1HQ802АА0005326 тоот арлын дугаартай, 0099УН улсын дутаартай, Hyundai robex 3000LС маркийн экскаватор, БГ3455115997-Б тоот барьцааны гэрээгээр барьцаалсан N80510395 тоот арлын дугаартай, 1212УН улсын дугаартай, Hyundai robex3000LС-7А маркийн экскаваторуудаас тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү.

Зээлдэгч зээлээс энэ хугацаанд үндсэн зээлд 88.071.308 төгрөг, хүү 74.796.176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.046.314 төгрөг, нийт 164.913.799 төгрөг төлсөн. Зээлдэгч 2019 оны 2 дугаар сараас хойш төлөөгүй. Харин төлбөрт тооцож барьцаа хөрөнгөнөөс шилжүүлснийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон.

Сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 7 сая төгрөгийн тухайд өмнөх удаагийн төлөлтөөс хойш хугацаанд хуримтлагдсан байсан хүүнээс хассан. Сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Зээлийн гэрээний 2.5-д зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх дарааллыг тухайлан тохиролцсон тул үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй.

Барьцаа хөрөнгөнөөс харилцан тохирч төлбөрт тооцох, барьцаанаас чөлөөлөх ажиллагаа хийгдсэн тул хасч үлдэх барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардаж байгаа. 0099 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд өмнөх зээлийн гэрээний дагуу өмчлөлийг банкинд шилжүүлж баталгаажуулсан байсан тул 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу дахин Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэх шаардлагагүй. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийг зөрчөөгүй. Хариуцагчийн ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийг Зээлийн хорооноос шийдвэрлэж боломжгүй талаарх хариуг өгсөн. Мөн зээлдэгчид холбогдуулж 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнийг эрэн сурвалжилж хаяг тогтоосноор нэхэмжлэлийг гаргасан тул үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн, хүү авах эрхээ алдсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хоёр: Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

а/Нэхэмжилсэн зээлийн үнийн дүн тооцооллын хувьд алдаатай, буруу байна.

Тодруулбал: 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг зээл төлөлтөд оруулан тооцоогүй. Мөн 2021 оны 9 дүгээр сард төлсөн 7.000.000 төгрөгийг үндсэн зээлээс бус харин хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хассан байна. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн.

б/Нэхэмжлэгч хүү тооцон авах эрхээ алдсан байна.

Монгол Улсын Засгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар зүйлийн 8-т Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй гэсэн байна.

Ц.М миний бие нэхэмжлэгч байгууллагад хандан Ковид-19 цар тахлын хатуу хөл хорио, түүний сөрөг үр нөлөөний улмаас үйл ажиллагаа зогсож, зээлээ хэвийн төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болсон талаараа мэдэгдэж, зээлийн эргэн төлөлтийн графикийг хойшлуулах, графикт өөрчлөлт оруулж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас надад тодорхой хариу өгөлгүй, эс үйлдэхүй гаргасан.

Цар тахлын хөл хорионы улмаас зээлийн хөрөнгөөр худалдан авсан эксковаторыг зориулалалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас зээл эргэн төлөх боломжгүй болсон талаар удаа дараа мэдэгдсэн. Энэ талаар талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.5-т зохицуулсан байдгийг дурдах зүйтэй. Зээлээ эргэн төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч талын зүгээс мэдэж байсан хэрнээ тодорхой хариу өгөөгүй, зээлийн эргэн төлөлтийн графикт тодорхой өөрчлөлт оруулах талаар шийдвэр гаргаагүй болно. Миний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй хэрнээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцож байсан. Зээлийн өр төлбөр хуримтлагдан нэмэгдсээр л байхад шүүхийн байгууллагад хандалгүй, зээлдэгч миний эрх зүйн байдлыг улам л дордуулсан болно. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан бол зээл эргэн төлөх боломжгүй гэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан боловч тухайн арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй хүүг үргэлжлүүлэн тооцож байсанд гомдолтой байна. Миний бие банкны ажилтанд хандан зээлийн хүү торгууль үргэлжлүүлэн тооцоод байхаар би мөнгөтэй болчихгүй, мөнгө мөнгө өөрөө гараад ирчихгүй шүү дээ, ингэж муйхараар асуудалд хандаж болохгүй, энэ асуудлыг харилцан зөвшилцөж, миний санхүүгийн нөхцөл байдлыг харгалзаж болдоггүй юм уу гэж хүртэл асууж байсан удаатай. Миний хүсэлтийг шийдээд өг, эсвэл шүүхэд хүртэл ханд гэж шаардаж байсан болно.

Энэ нь Иргэний хуулийн 223 дугаар зүйл 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дах зохицуулалтууд, мөн Монгол Улсын засгийн гарын 2020 оны 183 дугаар тогтоолын 8 дах тогтоолыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч байгууллага хүү тооцон авах эрхээ алдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь миний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх ёстой байсан үеэс хүү тооцон авах эрхээ алдсан болно.

Зээлийг хэвийн төлөх боломжгүй болсон учир банктай зөвшилцсөний үндсэн дээр барьцааг худалдан борлуулж байсан удаатай болно.

в/Нэхэмжлэгч зарим барьцаалаагүй, барьцаанаас чөлөөлөгдсөн хөрөнгийг барьцаанд байгаа мэтээр нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, улсын бүртгэлийн Ү-2203033967 дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19а гайр 6 тоотод хаягтай 16 мкв зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гинжит эксковатор зэрэг барьцаанд бүртгэлгүй, шилжүүлсэн болно.

Улсын бүртгэлийн 9009 УН дугаартай robex маркийн эксковаторыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ГБ тай хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр буюу Зээлийн гэрээний 3.1.8-т заасан нөхцөлийн дагуу барьцааны бүртгэлээс чөлөөлөн Ч.Мөнхзулд 250.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулсан. Одоо тухайн хөрөнгө иргэн Ч.Мөнхзулын нэр дээр бүртгэлтэй, барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн.

Миний өмчлөлийн 1212 УН улсын дугаартай, N80510395 арлын дугаартай Hyundai маркийн эксковатор, мөн 0099 УН улсын дугаартай НН1НQ802АА0005326 арлын дугаартай Robex маркийн эксковатор зэргийг нэхэмжлэгч байгууллага өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Барьцааны бүртгэл хийлгэхээр Авто тээврийн үндэсний төвд хандаж байна гэж миний зүгээс ойлгож байсан. Учир нь барьцааны гэрээнд өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэх талаар ямар нэгэн гохиролцоо байхгүй. Гэтэл нэхэмжлэгч барьцааг бүртгүүлэх нэрийдлээр өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн бүртгүүлснийг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэж мэдсэн болно. Энэ гэрээнүүд Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчсөн гэв.

 

Гурав: Хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2.100.000 төгрөг гаргуулах, нэр бүхий тээврийн хэрэгслүүдийн эзэмших эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч банктай 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3455115997 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, зээл олгохдоо зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэл нэрийдлээр Ц.М ийн ГБ ны 3455103536 тоот данснаас 2.000.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр суутган авсан болно. Зээлийн гэрээний 2.1.6-т зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгч талд илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан байна.

Зээлийн гэрээний 2.1.6-т Зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1,0 хувь гэж заасан бөгөөд үүний дагуу ямар ч зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн суутган хасч зээл олголтыг дутуу олгосон байна. Дээрх хууль бус үйлдлээр банк гэрээгээр тохирсон зээлийн хэмжээнээс нийт 2.000.000 төгрөгөөр дутуу олголт хийсэн буюу зээл олгох гэрээний үүргээ дутуу биелүүлсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т гэрээний нөгөө талдаа хохиролтой, шударгар ёсны зарчимд харш гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Банк өөрийн үйл ажиллагаа болох зээлийн үйлчилгээг эрхлэх явцад гарсан зардлаа зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Зээлийн шимтгэл хууль бус талаар шүүхийн шийдвэр гарч хохирсон зээлдэгчид шимтгэлээ буцаан авч байна. Нэхэмжлэгч банк нь зээлдэгчээс суутгасан шимтгэлийн хэмжээг ямар үндэслэлээр зээлийн дүнгийн 1 хувь хэмээн урьдчилан тогтоосон болох, ийнхүү тогтоож суутгасан шимтгэлээ хэрхэн юунд зарцуулснаа баримтаар нотлохгүй байна.

Ц.М ийн хувьд тус банкнаас урьд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 83 сая төгрөгний зээл, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 155.000.000 төгрөгийн зээл, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 44.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр зээл авсан. Уг зээлүүдэд барьцаалсан барьцаа хөрөнгө нь сүүлийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний барьцаа хөрөнгөтэй адил, нэг хөрөнгөнүүд байгаа. Гэтэл сүүлд зээл олгохдоо аль хэдийн барьцаалсан байсан хөрөнгүүдэд хяналт шалгалт хийсний зардал нэрээр 2.000.000 төгрөг авах нь Ц.М илт хохиролтой.

Манай хувьд тооцоо хийхэд 78.000 төгрөг гарах боломжтой харагдсан. Иймд энэ зардлыг энэ хэмжээнд гарсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Банк хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн зөрүү өөрөө зээлийн үйл ажиллагааны зардал байх ёстой. Гэтэл захиргааны олон зардлыг зээлдэгчид ногдуулж мөнгийг авч байна. Ажил олгогч ажилтнаа ажиллуулах үүднээс гарах нийгмийн даатгалын шимтгэл, байр түрээслэсэн түрээсийн зардал, ажил олгогчийн гаргавал зохих зардлыг зээлдүүлэгчээс авах ёсгүй. Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахдаа энэ зардлаа банк зээлдэгчээс угаасаа тусдаа тооцож авдаг тул нэг хувийн зардалд багтаагүй. Барьцаа хөрөнгийг очиж үзэх зардал гарахыг ойлгох хэдий ч энэ зээлд очиж үзээгүй гэдгээ банк зөвшөөрч байна. Мөн анх удаа зээл авах тохиолдолд илүү зардал гарч болно. Анх удаа судлах үүднээс тухайн харилцагчаа таних, баримт бүрдүүлэх юм. Гэтэл зээлдэгч Ц.М ийн тухайд олон удаа тус банкнаас зээл авсан тул судлах шаардлага хэрэгцээ илүү бага.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлсний шимтгэл гэж 100.000 төгрөгийг Ц.М ийн данснаас үндэслэлгүйгээр суутгаж авсан. Монгол Банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот Журам шинэчлэн батлах тухай тушаалын 4 дүгээр зүйлийн 4.3-т Зээл, хадгаламжийн гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамжийг харилцагчаас шууд болон шууд бусаар төлүүлэхийг хориглоно. гэж заасан. Үүнээс харахад зээлийн гэрээ, журамд тусгаагүй атал шимтгэл суутгаж авсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Тухайн үйл явдал болсон өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.М шимтгэл төлөх хүсэл зориг байгаагүй байтал дур мэдэн барьцаа хэсэгчлэн чөлөөлсний шимтгэл гэх нэрийдлээр суутгал хийсэн.

Иймд зээлийн гэрээний 2.1.6-г заасан заалтыг Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл тул хүчингүйд тооцуулах, үр дагаврыг арилгуулж зээл олгосны шимтгэл 2.000.000 төгрөг, барьцаа хэсэгчлэн чөлөөлсний шимтгэл 100.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулж өгнө үү. Үндэслэлгүй хөрөнгөжснөөр шаардаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр тоологдоно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй.

Иргэн Ц.М ГБ ХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 12-12 УН тоот улсын дугаартай, 00-99УН улсын дугаартай, тээврийн хэрэгсэл зэргийг барьцаалахаар харилцан тохиролцсон. Харин Ц.М ийн зүгээс банктай Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ эсхүл Фидуцийн гэрээ байгуулаагүй бөгөөд ГБ ХК-ийн өмчлөлд автомашины бүртгэлийг шилжүүлэх тухай ямарваа нэгэн тохиролцоо хийгээгүй, гагцхүү барьцааны гэрээ байгуулсан болно. Гэтэл эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн бүртгэлийг банк өөрийн нэр дээр үндэслэлгүйгээр шилжүүлэн авч бүртгүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Банк Хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгслийг барьцааны гэрээний дагуу бүртгүүлэх замаар баталгаажууулах боломжтой байсан боловч гэрээгээ бүртгүүлээгүй байна. Харин хууль бусаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан нь бусдын өмчлөлд халдаж буй үйлдэл болно.

Иймээс, 12-12УН тоот улсын дугаартай, N80510395 тоот арлындугаартай, Hyundai robex3000LС-7А маркийн тээврийн хэрэгсэл, мөн 00-99УН тоот улсын дугаартай, НН1НQ802АА0005326 тоот арлын дугаартай, Hyundai robex3000LС-7А маркийн тээврийн хэрэгсэлийн бүртгэлийг тус тус буцаан шилжүүлэн өгөхийг ГБ ХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Дөрөв: Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа: Ц.М 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр сарын хугацаатай зээлж авсан. Тус гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 40.1, 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж байгуулсан байдаг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1 Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагаанд баримтлах энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг нийтэд ил тод мэдээлнэ гэж заасан, мөн 19.2-т зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заажээ. 19.3-т 3ээлдүүлэгч нь зээлийн зориулалт, ззэлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. Гэж заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна. Өөрөөр хэлбэл банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж заасан байгаа нь зээлийн шимтгэл авахыг хориглосон ямар нэг утга агуулаагүй бөгөөд харин ч талууд зээлийн болзол нөхцөлөө өөрөө тогтоохыг хуулиар зөвшөөрсөн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын заалтууд арилжааны банк зээлийн шимтгэл авах эрх зүйн үндэслэл болсон гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн дээрх журамд шимтгэл-ийн талаар тусгаагүй бол арилжааны банкууд зээл олгосны шимтгэл авахгүй байсан гэсэн гомдол үндэслэлгүй юм.

ГБ 2018 оны 7 дугаар сарын 10 өдөр Ц.М ийн 3455103536 тоот харилцах дансанд зээлийн олголтыг хийхдээ зээлийн гэрээний дүн болох 200.000.000 төгрөгийг бүтэн дүнгээр шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдана. Ц.М нь зээл олгохын өмнө дансандаа шимтгэлийн төлбөр болох 2.500.000 төгрөгийг орлого гэсэн утгатайгаар шилжүүлсэн ба ямар нэгэн хүчээр суутган авсан гэж харагдахгүй байна.

Талууд Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 1.0 хувь болох 2.000.000 төгрөгийг шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй.

Хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээнд заагдсан шимтгэлийг тус өдөр төлсөн. Гэтэл хожим буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэгэнт зээлийн шимтгэл төлөх, уг үүргийг нотлох, үүргийг биелүүлэхийг шаардах, эсхүл биелүүлэх ёсгүй болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой мөн шимтгэл төлсөн өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд банканд болон шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаж хандаж байгаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Хэдийгээр хуульд шууд шимтгэл авч болох эсэх талаар шууд заагаагүй ч гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээгээр тохирч 2.1.6-д зааснаар шимтгэл авсан.Мөн барьцаа хөрөнгө чөлөөлсний шимтгэлийг авсан.

Гэрээгээр барьцааны эзэмшил барьцаалуулагчид байхаар анхнаасаа гэрээнд тохирсон. Ц.М өөрөө тээврийн хэрэгслийн өмчлөлийг банкинд шилжүүлэх хүсэлтийг өгсөн байгаа. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу барьцааны баталгаажилт явагдаж байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 

Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3455115997 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээнүүд, Ү-2203033967, Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, Hyundai robex3000LС-7А тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ГБ ны Гүйцэтгэх захирлын 2021 оны 734 тоот эрх олгосон тушаал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/00965 дугаар шийдвэр, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, ГБ ны 3455103536 тоот дансны хуулга, зээл төлөх мэдэгдэл, Ц.М ийн гараар бичсэн өргөдлүүд, 2018 оны оффисын талбайн түрээсийн гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 5-27, 48, 51, 142, 65-71, 2хх 94-97, 99-112, 3хх /

Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, ГБ ны 3455103536 тоот дансны хуулга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай зээлийн гэрээ, мөн өдрийн ипотекийн гэрээ, дансны хуулга, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн Ипотекийн гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга, ГБ наас олгосон зээл суутгасан шимтгэлийн мэдээлэл, Ц.М олгосон зээлийн үйл ажиллагааны зардлын тооцоолол, Монгол банкны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б-10/719 тоот хариу, Монгол банкны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10/667 тоот хариу, ГБ ны дансны хуулга зэргийг ирүүлжээ.

/1хх 37, 45, 56-58, 2хх 51-54, 80, 148-174, 177-186, 188-250, 3хх 1-33/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2023/01437 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 419 тоот хариу, түүний хавсралтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/1192 тоот хариу, түүний хавсралтууд, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хариу, түүний хавсралтууд, 2023 оны 181/ШЗ2023/14690 дугаар шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14/ХХ/03-1874 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. / хх 70-115, 154-250, 2хх 1-48, 131-142//

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ГБ ХК нь Ц.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 228.016.895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагчаас зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.100.000 төгрөг гаргуулах, нэр бүхий тээврийн хэрэгслүүдийн эзэмших эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэлэлээ: Гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул буцаан гаргуулна, гэрээний 2.5-д төлбөр төлөх дарааллыг тохиролцсон, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс эхэлж хассан. Мөн зээлдэгч хаягтаа байгаагүйгээс түүнийг эрэн сурвалжилж байсан тул банк хүү шаардах эрхээ алдаагүй, хариуцагчийн хүсэлтийг Зээлийн хороогоор хэлэлцэн шийдвэрлэж байсан гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: анхнаасаа нэхэмжлэгч өөрөө буруу хаягаар шүүхэд хандсан, нэхэмжлэгчийн ирүүлсэн зээлийн гэрээ болоод баримтуудад хаяг тодорхой байсан, банкинд зээлдэгч удаа дараа хүсэлт гаргаж уулзсаар байтал хугацааг удаашруулж 2022 оны 02 дугаар сард эрэн сурвалжлуулахаар хандсан. Хүсэлтийг шийдвэрлээгүй удаасан, уулзсаар байтал эрэн сурвалжлуулсан тул нэхэмжлэгч хүү шаардах эрх-ээ алдсан. Сүүлийн 2 удаагийн төлөлтийг үүрэг гүйцэтгэх дараалал зөрчиж хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон. Хөдлөх хөрөнгийн барьцааг хуулийн дагуу баталгаажилт хийлгээгүй тул тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах үндэсгүй гэж тайлбарлав.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: зээлийн гэрээний 2.1.6 дах заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл тул хүчингүйд тооцуулах, зээл олгосны шимтгэл 2.000.000 төгрөг, барьцаа хэсэгчлэн чөлөөлсний шимтгэл 100.000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжснөөр гаргуулна. Зээлдэгч тус банкнаас олон удаагийн давтамжтайгаар зээлийг авч байсан, барьцааны зүйлүүд нэг байсан тул шимтгэл энэ хэмжээний зардал гарах үндэсгүй.

Тээврийн хэрэгслийг Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу барьцааны баталгаажилт хийгдэх ёстой байтал тухайн хөрөнгийн өмчлөлийг банк өөртөө шилжүүлж авсан нь хууль бус тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгчийн хувиар гаргуулна гэв.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлаа: Тээврийн хэрэгслийг харилцан тохиролцны дагуу өмчлөлийг банкны нэр дээр шилжүүлсэн, 0099 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд өмнөх зээлийн гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж баталгаажуулсан тул дахин хүргүүлэх шаардлагагүй, гэрээний 2.1.6 дах заалт хууль зөрчөөгүй, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу харилцан тохиролцож шимтгэлүүдийг авсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэв.

6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1.Нэг талаас Голомтбанк ХК, нөгөө талаас Ц.М нар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 200.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч жилийн 22,8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдол нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр ЗГ3455115997 тоот Зээлийн гэрээг байгуулжээ. /1хх 7-10/

Дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

6.2.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ3455115997 тоот гэрээгээр: Ц.М ийн өмчлөлийн

-эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, 22 дугаар байр 39 тоотод байрлах 40,72 мкв талбайтай 2 өрөө орон сууц,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033967 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19а байр зоорийн давхрын 6 тоотод байрлах 16 мкв автозогсоол,

-БГ3455115997-А тоот барьцааны гэрээгээр: 0099УН улсын дугаартай, НН1НQ802АА0005326 арлын дугаартай, 3000LC, robex маркийн экскаватор,

-БГ3455115997-Б тоот барьцааны гэрээгээр: 1212УН улсын дугаартай, N80510395 арлын дугаартай, 3000LC-7А, Huyndai robex маркийн экскаватор;

-БГ3455115997-Г тоот шаардах эрх, гэрээний орлого барьцааны гэрээгээр зээлийн гэрээгээр худалдан авах Doosan 470 маркийн гинжит экскаваторыг тус тус хангуулахаар тохирч, гэрээг байгуулжээ. /1хх 11-21/

7.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Зохигчид гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, энэ хугацаанд зээлдэгчээс нийт 164.913.799 төгрөг буцаан төлсөн үйл баримтад маргаагүй.

7.1.Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүү тооцож, үнсэн зээлийн үлдэгдэл 111.928.691 төгрөг, хүү 101.676.181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.412.022 төгрөг, нийт 228.016.895 төгрөг шаардсан. Хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэхэд, түүнчлэн үүрэг гүйцэтгэх дарааллын талаар маргасан.

Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллоос үзвэл гэрээний хугацаа дууссан 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлдэгч 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус төлжээ. Үүнээс эхний 7.000.000 төгрөгийг үндсэн зээлээс 4.607524 төгрөг, хүү 2.335.902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56.572 төгрөгийг хасч тооцсон байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Зээлийн гэрээний 3.1.2-д банк эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа хүү, эцэст нь үндсэн зээл гэсэн дарааллаар гүйцэтгэхээр заасан, түүний дагуу төлсөн зээлийг тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

7.2.Түүнчлэн зээлдүүлэгч хүү авах эрхээ алдсан эсэхэд маргасан.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Энэ хэргийн тухайд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон, түүнээс өмнө нэхэмжлэгч үүргийн зөрчилтэй холбоотойгоор 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Банк 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн эрэн сурвалжлах шийдвэр гарсан, улмаар энэ нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан байна. /1хх 25-27, 212-214, 220, 222-224/

Гэтэл энэ цаг хугацаанд зээлдэгчээс тус банкинд 2020 оны 2 дугаар сарын 07-нд, 2020 оны 03 дугаар сарын 26-нд зээл төлөх хугацаа хойшлуулах хүсэлт гаргасан, 2020 оны 10 дугаар сарын 30-нд дахин зээл төлөх хугацааг хойшлуулах эсхүл өөр банкнаас зээл авч, энэ зээлийг хаах боломж олгох талаар хүсэлтийг гаргасан, дахин 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр энэ хүсэлтээ гаргасан, зээлийг хаах талаар хүсэлтэд дурдсан болох нь нэхэмжлэгчээс шүүхийн журмаар баримтаар гаргуулсан зээлдэгчийн хүсэлтүүдээр тогтоогдсон. /1хх 202-207, 209-210, 2хх 95-97/

Үүнээс гадна зээлдэгч 2019 оны 02 дугаар сараас хойш зээл төлөлт хийгээгүй, улмаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохирч барьцаа хөрөнгөнөөс зарим хэсгийг бусдад худалдан борлуулах замаар зээлийг хэсэгчлэн төлүүлсэн /250 сая төгрөг, үүнээс энэ зээлд 150 сая төгрөг тооцсон/ үйл баримтууд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан үзвэл зээлдэгч зээл төлөхөөс зугатаагүй, удаа дараа очиж уулзаж байсан, гэрээнд хаяг бичигдсэн хэвээр байхад зээлдүүлэгч өөрөө андуурч буруу шүүхэд хандах замаар хугацаа хэтрүүлсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв. Иймд хэдийгээр хуулиар зээлдэгч зээлийг төлж дуусах хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээх боловч энэ зээлийн тухайд шүүх нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүй хүүгийн хэмжээ нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, улмаар гэрээний хугацаа дууссан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү-ний хувьд нэмэлт үүрэг-т хамаарах тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үр дагавар нэхэмжлэгчид үүсэх учиртай гэж дүгнэв.

7.3.Нэхэмжлэгчийн ирүүлсэн хүү, тооцооллоор гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 117.536.216 төгрөг, хүү 37.599.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.286.001 төгрөг, нийт 156.421.894 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Үүнээс гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 7.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасвал зээлийн үлдэгдэл 148.421.894 төгрөг /156.421.894 - 8.000.000/ байна.

7.4.Харин шүүх зээлдүүлэгчээс гадна нөгөө талаас зээлдэгчийн хугацаандаа зээл төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байдал, үүргийн зөрчлийн шинж байдал зэргийг харьцуулж хэтэрсэн хугацааны хүү-гийн тухайд гэрээний хариуцлага-д хамаарах тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэлт үүрэг болох хэтэрсэн хугацааны хүүг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчаас нийт 177.653.796 /148.421.894 + 29.231.903/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Хариуцагч зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөн хоёр удаагийн шимтгэл, зардал 2.100.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

8.1.Хэрэгт баримтаар авагдсан зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувиар шимтгэл авахаар, 2.7-д ..шимтгэлийг банкинд төлөхийг зээлдэгч зөвшөөрсөн тул уг шимтгэлийг нэг удаа авна гэж заажээ. Гэрээний дээрх тохиролцооны дагуу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн шимтгэл утгаар 2.000.000 төгрөгийг зээлдүүлэгч авсанд маргаагүй, дансны хуулгаар тогтоогдсон. /1хх 45, 51, 201/

Түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.М ийн тус банк дах данснаас 100.000 төгрөгийг барьцаа хэсэгчлэн чөлөөлсний шимтгэл утгаар банк зарлагын гүйлгээ хийсэн үйл баримт тогтоогдсон, үүнд маргаагүй. /2хх 68/

8.2.Улсын дээд шүүхийн 2010 оны Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн
зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолд хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл хамаарахгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл шууд хориглосон хэм хэмжээ байх, уг хориглосон хэм хэмжээг зөрчсөн байх тохиолдолд тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэм хэмжээг хэрэглэх урьдач нөхцөл бүрдэнэ. Зээлийн гэрээний тухайд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-иар тухайлан хориглосон хэм хэмжээгүй тул гэрээний дээрх тохиролцоо хууль зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.

8.3.Харин Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж, 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж, мөн зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон бол гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Энэ хэргийн тухайд зээлдэгч 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө тус банкнаас 2016 оны 6 дугаар сарын 30-нд, 2017 оны 6 дугаар сарын 22-нд, 2017 оны 11 дүгээр сарын 24-нд тус тус зээл авч байсан, тухайн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүд маргааны зүйлд хамаарах энэ зээлийн гэрээнд барьцаалагдсан хөрөнгүүд болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна. Түүнээс гадна 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг олгохдоо банк барьцаа хөрөнгийг очиж үзээгүй, өмнөх барьцааны гэрээний зүйл байсан тул шаардлагагүй гэж үзсэн талаараа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. /2хх 148-174, 177-186/

Иймд шүүх гэрээний 2.1.6 дах заалт бодитоор гарсан зардлыг хэт өндрөөр нэмэгдүүлсэн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзнэ.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна гэж заасан тул зээлийн гэрээний 2.1.6 дах заалтыг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн явдал гэрээг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл болохгүй, дээр дурдснаар зээлийн үүргийг тооцож шийдвэрлэсэнд нөлөөлөхгүй. Мөн хариуцагчийн гаргасан гэрээний 2.1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус харин мөнгө гаргуулах шаардлагын үндэслэл байна.

8.3.Барьцаа хэсэгчлэн чөлөөлсний шимтгэлд тооцон авсан 100.000 төгрөгийн тухайд зохигчдын хоорондох зээлийн гэрээгээр ийм төрлийн шимтгэл, хураамж авах талаар анхнаасаа тохиролцоогүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасан.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, мэдээллийн ил тод байдлын журам[1]-ын 4.3-т гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамжийг харилцагчаас шууд болон шууд бусаар төлүүлэхийг хориглоно. гэж заасан тул 2020 оны 02 дугаар сарын 17-нд гэрээгээр тохиролцоогүй шимтгэл тооцон авсан зээлдүүлэгчийн үйлдэл үндэслэлгүй.

8.4.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа хэтэрсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Нэхэмжлэгч гэрээний үүргийн хувьд зээлийг энэ хэмжээгээр дутуу олгосон үндэслэлээр дутуу олгосон зээлийг нөхөн гаргуулах буюу үндсэн үүргийн гүйцэтгэлийг дутуу гүйцэтгэсэн хэмжээгээр төлүүлэх агуулгаар гэрээний үүргийн эрх зүйн хүрээнд шаардах эрхтэй. Түүнээс гадна тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар өгсөн авснаа харилцан буцаах үүргийн хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээний бус үүргээр аль алинаар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд шаардах эрхийн өрсөлдөөний дагуу аль аль үндэслэлээр шаардах эрх хариуцагчид үүссэн бөгөөд тэрээр өөрийн эрхийн дагуу хуулийн хэм хэмжээнээс сонгож, үндэслэлгүй хөрөнгөжснөөр шаардаж байна. Иймд шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцон хэргийг шийдвэрлэх нь процесс хуульд заасан диспозитив зарчим-ын агуулгад нийцнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардахад мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа тоологдох тул хариуцагч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ тухай нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч зээл олгосны шимтгэлд 78.760 төгрөгийн зардлыг зээлдүүлэгч гаргасан байх боломжтой гэж тайлбарлаж, энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул шүүх хасч тооцно.

Дээрхийг нэгтгээд сөрөг нэхэмжлэлээс 2.021.240 төгрөг /2.000.000 - 78.760 +100.000/ төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

9.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 12-12УН, 00-99УН тоот улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

9.1.Зохигчид БГ3455115997 тоот ипотекийн гэрээний хувьд маргаагүй, дээрх гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Түүнчлэн энэ гэрээгээр барьцаалагдсан хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгөнөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033967 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг ГБ ны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/94 тоот хүсэлтээр барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн үйл баримт бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон, үүнд маргаагүй. /1хх 86, 105/

Иймд шүүх үлдэх Ү-.... дугаарт бүртгэлтэй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

9.2.Харин талууд БГ3455115997-А тоот, БГ3455115997-Б тоот барьцааны гэрээний зүйл болох 0099УН, мөн 1212УН улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх тухай гэрээ Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн шаардлагад нийцсэн эсэхэд маргаж улмаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээр хөрөнгийн өмчлөлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардсан.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

1212 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгохоор тус банкны 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10/403 тоот албан бичгийг үндэслэж 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ГБ ны нэр дээр хөрөнгийн өмчлөх эрхийг шилжсэн. /1хх 71-76/

Харин 0099УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайд энэ зээлээс өмнөх 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээний дагуу ГБ ны нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 77, 80-85/

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдаагүй, харин барьцааны гэрээ байгуулагдсан тул барьцааны баталгаажилт хийгдэх учиртай, хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тул өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан.

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна гэж заасан. Үүнээс гадна хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Барьцааны эрх нь өөр хэлбэрээр тасалдалгүй баталгаажсан бол анх баталгаажсан үеэс баталгаажсанд тооцно гэж зохицуулсан.

Хэргийн баримтаар 2017 оных өмнөх зээлийн гэрээний барьцааны зүйл болгож 0099УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн, тухайн гэрээний үүрэг дуусгавар болохоос өмнө 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн энэ зээлийн гэрээнд дахин барьцаалж барьцааны гэрээг байгуулсан болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн өмнөх 2017 оны зээлийн үлдэгдлийг 2020 оны 02 сард хаасан гэж тайлбарласан, үүнд маргаагүй. Иймд шүүх Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар барьцааны эрх баталгаажсанд тооцож, нэр бүхий дээрх хоёр тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Нэгэнт энэ хэсэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Түүнээс гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхийн урьдач нөхцөл хангагдаагүй, хууль бусаар хөрөнгийн өмчлөлийг банкинд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

9.3.БГ3455115997-Г тоот шаардах эрх, гэрээний орлого барьцааны гэрээгээр ирээдүйд бий болох хөрөнгө буюу зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөсөн Doosan 470 маркийн гинжит экскаваторыг барьцаалсан. Гэвч энэ гэрээний зүйл буюу ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжиж ирээгүйд маргаагүй тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан ...тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэх хуульд заасан нөхцөл хангагдаагүй.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ц.М ээс 177.653.796 /нэг зуун далан долоон сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХК-д олгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ГБ ХК-иас 2.021.240 /хоёр сая хорин нэгэн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.М олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50.363.099 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78.760 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлдэгч сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, 22 дугаар байр 39 тоотод байрлах 40,72 мкв талбайтай 2 өрөө орон сууц,

- 0099УН улсын дугаартай, НН1НQ802АА0005326 арлын дугаартай, 3000LC, Huyndai robex маркийн экскаватор,

-1212УН улсын дугаартай, N80510395 арлын дугаартай, 3000LC-7А, Huyndai robex маркийн экскаватор зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ГБ ХК-д холбогдох тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай Ц.М ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.689.136 /1.094.538+70.200+290.098+234.300/ төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 191.900 /46.950+140.400+ 4.550/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 893.468 /823.268+70.200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 47.145 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 


[1] 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан журамд мөн адил зохицуулсан.