Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/00737

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 26

181/ШШ2024/00737

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:.. тоотод байрлах, Э Ж Б ГХОХХК /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.................тоотод оршин суух, Р.А  /регистрийн дугаар:.../,

Хариуцагч:. тоотод байрлах,А.М /регистрийн дугаар:.../ нарт холб............огдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 36.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Р.А , А ХХК нарт холбогдуулж гэрээний үүрэгт 36.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн иргэн Р.А нь Э Ж Б ГХОХХК-д хайлуур жонш нийлүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийнА.М -ийн Голомт банкны 1605019630 дугаартай дансаар 84.000.000 төгрөг зээлээр авч, барьцаа болгон өөрийн хамаарал бүхий компани гэж танилцуулсан Галакси консалтинг ХХК-ийн 9011557148 тоот бүртгэлийн гэрчилгээтэй Хэнтий аймгийн Батноров сум дахь Урт нэртэй газар байрлах 1472.51 гектар ашигт малтмалын хайгуулын XV2020099 дугаартай тусгай зөвшөөрлийг орхисон. Гэвч 2023 оны байдлаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, зөвшөөрлөө барьцаа хөрөнгөөр баталгаажуулсан зүйлгүй тул барьцаа хөрөнгө биш.А.М -ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг, нэг хүний гишүүнчлэлтэй компани юм. Иргэн Р.А харилцан тохиролцсоны дагуу хайлуур жонш өгөөгүй тул зээлээр авсан мөнгөө буцаан өгөхөөр болж, 48.000.000 төгрөгөө буцааж өгсөн. Харин үлдэгдэл 36.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй.

Иргэн Р.А нь Э Ж Б ХХК-аас авсан 84.000.000төгрөгийн үлдэгдэл болох 36.000.000 төгрөгийг буцааж өгөх талаар уулзаж, удаа дараа утсаар холбогдож, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үлдэгдэл 36.000.000 төгрөгөө бартер, ажил үйлчилгээ, бэлэн мөнгөний аль нэг хэлбэрээр барагдуулах талаар тайлбар бичиж өгсөн боловч төлбөр, тооцоо хийгээгүй, утсаар удаа дараа ярих байдлаар хугацаа хожиж, 6 сарын хугацаа өнгөрөөгөөд байна.

Иймд иргэн Р.А ,А.М -иас 36.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Р.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.А би иргэний хувиар Э Ж Б ХХК-тай эрх зүйн ямар ч харилцаанд оролцож ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй ба нэхэмжлэлд дурдсан үнийн дүн болох 36.000.000 төгрөгийг миний бие төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Харин нэхэмжлэлд дурдаад байгаа асуудал нь Э Ж Б ХХК нь хайлуур жонш нийлүүлэх гэрээгА.М -тай хийсэн. Хуулийн этгээд хоорондын маргаантай асуудлыг иргэнээс нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Р.А миний биеА.М -ийн гүйцэтгэх захирал мөн ба тухайн үед манай компани Э Ж Б ХХК-тай хайлуур жонш нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Барьцаа хөрөнгө болгож хайгуулын лиценз тавьсан байдаг.

Аддинол Монголиа ХХК нь Э Ж Б ХХК-д өгөх ёстой 36.000.000 төгрөгний өглөгийн асуудлаа шийдвэрлэх арга хэмжээ авч байсан ба өглөгөндөө бартер, үйлчилгээ хэлбэрээр барагдуулахаар Э Ж Б ХХК нь 2 ч удаа шинэ автомашиныг санал болгож байсан боловч манай компанид тодорхой хариу өгдөггүй байсан.

Миний биеА.М -ийн гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурсан, иргэн Р.А гийн хувиар төлбөрийг төлнө гэж гарын үсэг зурсан асуудал огт байхгүй. Тухайн гэрээ, хэлцэлтэй холбоотой мөнгө ньА.М -ийн данс руу орсон байдаг.

Иймд иргэн Р.А надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хувиар хариуцах учиргүй. Компанийн тухайд гэрээг байгуулсан. Анх гэрээний үүргийг нэхэмжлэгч өөрөө зөрчиж, хайлуур жоншийг авахаар бусадтай ярилцсанаас болсон.

Манайх гуравдагч этгээдтэй хайлуур жонш худалдах, худалдан авах олборлох гэрээтэй. Түүний дагуу авсан жоншоо Э Ж Б ХХК-д худалдахаар гэрээг байгуулсан байсан. Гэтэл нэхэмжлэгч манайхыг давж нутгийн компанитай харилцсанаас болж гэрээ хэрэгжээгүй. Гэрээний дагуу 84.000.000 төгрөг авч, 48.000.000 төгрөг буцаан төлсөнд маргахгүй.

Мөн барьцаанд авсан тусгай зөвшөөрлийг өгөхгүй байсаар хүчингүй болсон. Тусгай зөвшөөрлийн тухайд холбогдох хураамж төлбөрийг төлөөгүй нөхцөлд хүчингүй болгодог журамтайг нэхэмжлэгч мэдэж байгаа. Үүнээс үүдэн гарсан хохирлыг манайх шаардана гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар:Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, ашигт малтмалын хайгуулын Х\/2020099 тоот тусгай зөвшөөрлийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн бичсэн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга, Мэйлээр харилцсан захидлын хуулбар, гэрэл зургийн хамт, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18/05/25 тоот Худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 4-8, 23, 24-28, 32-35, 64-66/

Хариуцагчаас төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э Ж Б ГХОХХК нь Р.А , А ХХК нарт холбогдуулан гэрээний үүрэгт 36.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.1.Нэг талаас Э Ж Б ГХОХХК, нөгөө талаас А ХХК нар 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохирч, Худалдагч нь Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров сумдаас ФК 75,80,85 хувьтай нийт 36.000 тонн хайлуур жоншийг нийлүүлж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр тохирч 18/05/25 тоот гэрээг байгуулжээ. /хх 32-35/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

2.2.Гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 84.000.000 төгрөгийг Э Ж Б ГХОХХК-иас А ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон. Мөн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч 48.000.000 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдож байна. /хх 6, 65, 66/

3.Талууд гэрээг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан боловч хариуцагч гэрээний дагуу хайлуур жонш нийлүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний үүргийн зөрчлөөс гадна үүргийн зөрчилтэй холбоогүй ч гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан. Гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг шилжүүлж авсны дараахан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 48.000.000 төгрөгийг буцаан шилжүүлснээр энэ өдрөөс эхлэн гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчснөөс цуцалсан гэж тайлбарласан ч энэ тайлбарыг дэмжих баримт авагдаагүй, нэхэмжлэгч гэрээ цуцлагдах болсон үндэслэлийн талаар нэхэмжлэлд дурдаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй. Гэвч нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээ гаргуулахаар шаардсан тул маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй.

Нэгэнт гэрээ цуцлагдсан тул хариуцагч А ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шилжүүлэн авсан 84.000.000 төгрөгөөс үлдэх 36.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

4.Нэхэмжлэгч хамтран хариуцагчаар А ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага үндэслэлээр Р.А г иргэний хувиар шаардсан.

Талуудын хоорондох хэлцэл хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан, дээрх гэрээнд Р.А иргэний хувиар оролцоогүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн иргэн Р.А , тус компанитай өөрийнА.М -иар 84 сая төгрөгийн гэрээ хийж, 48 сая төгрөгийг буцааж, үлдэгдэл 36 сая төгрөгийг төлөх болно гэж хариуцагчийн гараар бичсэн баримт нь түүнийг иргэний хувиар компани хоорондын гэрээнд батлан даалт, баталгаа гаргасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд зааснаар баталгааны гэрээ, батлан даалтын гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй, хуульд заасан дээрх гэрээний хэлбэрийн шаардлага хангахгүй байна.

5.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хариуцагч маргаагүйгээс гадна 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дээрх байдлаар төлбөр төлөхөө бичгээр илэрхийлсэн тул хугацаа хэтрээгүй гэж үзнэ. Хариуцагч хуралдааны явцад гэрээнээс учирсан хохирлын талаар тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх дэмжих баримтууд авагдаагүйгээс гадна шүүхэд сөрөг нэхэмжлэлээр шаардаагүй болно.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн тул хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар А ХХК-иас 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөг гаргуулж Э Ж Б ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Р.А д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчА.М -с улсын тэмдэгтийн хураамжид 337.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ