Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/00736

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 26

181/ШШ2024/00736

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..................... байрлах,ХБ ХК /Регистрийн дугаар: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....оршин суух, Н.Г /Регистрийн дугаар: ../,

Хариуцагч:........ бүртгэлтэй, ГГ ХХК /Регистрийн дугаар: ....../ нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 324.162.436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай,

Гуравдагч этгээд: ................. тоотод оршин суух, Д.С /Регистрийн дугаар: ...../-ийн нэхэмжлэлтэй  ХБ ХК-д холбогдох,

Бие даасан шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А , хариуцагч Н.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэгч нь ГГ ХХК, Н.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 324.162.436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч ГГ ХХК, Н.Г нар нэхэмжлэгч банктай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/202147065492 тоот Зээлийн гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №БГҮ/202147065492 тоот, №БГХ/202147065492 тоот Барьцааны гэрээнүүдийг байгуулж:

-Бараа материал,

-Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж 1822 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 168.85 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-........................тоотод байршилтай, нэгж талбарын ........... дугаартай, улсын бүртгэлийн Г-2.... дугаартай, 699 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 7.111.608 төгрөг, хүүнд 16.717.808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.090 төгрөг, нийт 23.831.507 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 186 хоног хугацаа хэтэрсэн.

Иймд хариуцагч нараас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 292.888.391 төгрөг, хуримтлагдсан хүү 31.209.153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.892 төгрөг, нийт 324.162.436 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх захирлаар Н.Г бүртгэлтэй хэвээр байгаа. Мөн зээлийн хүсэлт зэргээр олон удаагийн баримтад компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Иймд нөхцөл байдлыг сайн мэдэж, үр дагаврыг ойлгож байсан. Бид энэ зээлийг хариуцсан эдийн засагч Б.Барсболдоос нөхцөл байдлыг тодруулсан. Зээлийн эдийн засагч зээл гаргаж өгөөд мөнгө авсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Н.Г болон ГГ ХХК нар хамтран үүрэг гүйцэтгэгч тул Н.Г өөс шаардана. Эрүүгийн хэрэгт манайх очсон боловч оролцуулаагүй гэв

Хоёр:Хариуцагч ГГ ХХК-ийн гүйцэтгэх захирал, хамтран хариуцагч Н.Г нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Г миний бие 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ГГ ХХК-ийн зарын дагуу энэ компанид кэмпийн даргаар анх ажилд орсон. 10 дугаар сар дуусталх хугацаанд кэмпийн даргаар тасралтгүй ажилласан. Тэгтэл тэнд байсан кэмпийн ажилчид, түрээслэсэн техникийн хөлсийг компани төлөөгүй. Ингээд бүгд энэ асуудлаар хуралдаж тэмдэглэл гарсан. Үүний дагуу цалин хөлсөө аваагүй 76 хүнийг төлөөлж энэ компанийн гүйцэтгэх захирлаар орж, мөнгөний асуудлыг хянахаар тохирсон. Мөн захиалагч Синохайдра корпорэйшн М ХХК-иас авах ёстой ажлын хөлсийг хянах, үлдсэн хөлс мөнгөө авах нөхцөлтэй ГГ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э тай зөвшилцөж олон ажилчдыг төлөөлж 2021 оны 11 дүгээр сард намайг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. Энэ компани 2022 оны 4, 5 дугаар сараас үйл ажиллагаа зогссон болно.

Синохайдра корпорэйшн М ХХК-иас 700 гаруй сая төгрөг авах ёстой тул олон удаагийн уулзалтыг ажилчид түрээслэгчидтэй хамтран уулзсан. Тэр компаниас мөнгийг авахын даваан дээр Б.Э намайг компанийг төлөөлөхгүй гэсэн албан бичгийг Синохайдра корпорэйшн М ХХК-д өгсөн байсан. Би энэ компанийн захирлаар 5 сарын хугацаанд ажиллахдаа компанийн тамга тэмдэг, гэрчилгээг огт хараагүй, мэдэхгүй. Бүгд Б.Э , түүний эхнэр нарт байдаг. Хоёр удаа л надаар гарын үсэг зуруулсны нэг нь энэ Хаан банкны зээл.

Хаан банкны зээлийн тухай Б.Э, эхнэр н.О гэгч эмэгтэй нар ажилчдын цалин хөлс, түрээслэгчдийн түрээсийг төлөх зориулалтаар зээл авахаар хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан. Эхлээд зээл бүтэхгүй байна гэж байсан. Тэгтэл нэг удаа ажил тарах гэж байхад та яаралтай дөрвөн замын тэндэх Хаан банк-ны салбарт хүрээд ир гэсний дагуу банкинд очиход Б.Э , эхнэр н.О , зээлийн эдийн засагч Б.Б, барьцаа хөрөнгөө тавих гэж байгаа Д.О нар байсан. Намайг гүйцэтгэх захирал тул гэрээнд гарын үсэг зур гэсний дагуу гарын үсэг зурсан.

Авсан зээлээс 70 сая төгрөгийг Д.О тэр даруйд нь аваад авсан. Ямар учраас авсныг мэдэхгүй. 40 сая төгрөгийг Хаан банкны мэргэжилтэнд өгсөн. Үлдсэн мөнгийг н.Оюунтанын дансаар авсан. Тэр мөнгөнөөс ажилчдын цалингаас зарим хэсгийг төлүүлсэн. Ганц мэдэж байгаа зүйл баяр болж байсан учир ажилчдын цалин хөлснөөс өгүүлснийг л мэдэж байна. Ер нь бол Б.Э , н.О буюу Waytana /ГГ ХХК/-аас авлагатай шүүхийн байгууллагад, цагдаад хандсан маш олон хэрэг байдаг юм байна.

11 дүгээр хорооллын хойд талд байрладаг Хаан банкны салбарын нэг эмэгтэй ажилтанд 40 сая төгрөгийг бэлнээр миний нүдэн дээр н.Эрдэнэдалай, н.О нар зээл гаргаж өгсний хөлсөд аваачиж өгсөн. Би үүнийг гэрчилнэ. Энэ тухай цагдаад хэлсэн, судалж байна гэж надад хэлсэн.

Тус компани хэд хэдэн банкинд данстай байсан. Татварт өртэй тул банкны данс битүүмжлэгдсэн, зээл авах ямар ч боломжгүй, шалгуурыг хангахгүй байсан. Гэтэл банкныхан өөрсдөө оролцож дансны битүүмжлэлийг суллаж байгаад энэ зээлийг аваад буцаагаад хаасан байдаг. Гэрээнд ГГ ХХК-ийг төлөөлж би зурсан. Харин иргэний хувиар зурахгүй гэхэд компани төлчихнө, асуудалгүй, зурчих гэсэн. Би энэ мөнгөнөөс огт аваагүй. Иймд иргэний хувиар би зээл аваагүй тул надаас зээл шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн гэрчилгээнээс гүйцэтгэх захирлаар бүртгэгдснийг нэрээ хасуулахаар, ажлаас гарсан өргөдөл, цалин хөлсөө авах гэж маш олон удаа ярьж хэлж байсан боловч одоог хүртэл авч чадаагүй л явж байна. Би өөрөө Б.Э , түүний эхнэр н.О /Waytana/ нараас 43.000.000 төгрөг авах авлагатай байгаа гэв.

Гурав.Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Гэтэл Д.О аас Б.Э , түүний эхнэр н.О нарт залилуулсан тул цагдаад гомдол гаргасан. Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/4-7728 тоот албан бичгээр БНХАУ-ын иргэн Б.Э, н.О гэх хүмүүстэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар дурдсан. Прокурорын тогтоол хэрэгт авагдсан байгаа. Тухайн хэрэгт Д.О хохирогчоор оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл бүрдсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй.

Анх байрыг 6 сарын хугацаагаар түр барьцаанд тавиад буцааж өгнө гэж хэлсэн байдаг. Тухайн үед ГГ ХХК-ийн компанийн данснууд бүгд хаалттай, мөнгө шилжүүлэх боломжгүй байсан. Гэтэл банк өөрөө оролцож энэ зээлийг олгосон. Газрын тухайд хоёр хүний өмчлөлийн хөрөнгө. Гэтэл хамтран өмчлөгч Б.Б аас итгэмжлэлийг 6 сарын хугацаатай олгосон байхад зээлийн гэрээг гурван жилийн хугацаагаар хийсэн байна. Барьцаалах эрх дуусгавар болно гэдгийг мэдсээр байгаад зээлийн барьцааны гэрээг байгуулсан байна. Мөн нэхэмжлэгч энэ хэрэгт Б.Б оролцуулаагүй тул түүний эрх ашиг зөрчигдөнө. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Дөрөв.Гуравдагч этгээд Д.О аас нэхэмжлэгчид холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан. Бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

ГГ ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э, түүний эхнэр н.О нь 2021 оны 6 дугаар сараас эхлэн Синохайдро корпорейшн М ХХК-тай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай автозам барих гэрээ байгуулсан, төлбөр нь удахгүй орж ирнэ, тэр болтол банкнаас зээл авах гэсэн чинь барьцаа хөрөнгө дутагдаад байна гэсэн. Удаа дараа Д.О ба гэр бүлийн хүнээс байраа барьцаанд тавих тухай гуйсны эцэст 2021 оны 12 дугаар сард хоёр сарын хугацаатай барьцаанд байршуулахаар болсон. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БГУ/202147065492 тоот барьцааны гэрээ байгуулсан.

Уг барьцааны гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, ийнхүү байгуулахад Хаан банкны эрх бүхий албан тушаалтнууд, ГГ ХХК-ийн үүсгэн байуулагч Б.Э , түүний эхнэр Ц.Оюунтана нар намайг хуурч мэхэлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.3-д заасан үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БГҮ/202147065492 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл. Учир нь банк барьцаа хөрөнгийг зээл олгохоос өмнө нэг ч удаа очиж үзээгүй. Хөрөнгийн зургийг дараад явуулчих гэсний дагуу зургийг дараад явуулсан. Анхнаасаа Банкны тухай хуулиа зөрчиж, зээлийн судалгааг хийгээгүй, 100 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй зээл олгоход зээлийн хорооны хурлын шийдвэр гарах ёстой ч гаргаагүй байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн, мөн зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь барьцаалах эрхийг Б.Б аас итгэмжлэлээр олгохдоо 6 сарын хугацаатай олгосон. Гэтэл зээлийн гэрээ 36 сараар байгуулагдсан. Итгэмжлэлийн хугацаа заавал гэрээний хугацаагаар, эсхүл түүнээс илүү хугацаагаар байх ёстой. Иймд энэ хугацаагаар зөвшөөрөл авах ёстой. Энэ зээлийг олгохдоо банк шударгаар зээлийг олгосон, барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй гэв.

 

Тав.Нэхэмжлэгч бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр тайлбарлаж байна. Барьцааны гэрээнд Д.О өөрөө гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гуравдагч этгээд зээлийн мөнгөн хөрөнгөнөөс 70 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаагаас үзвэл хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Эрүүгийн хэрэгт өгсөн түүний мэдүүлгээс харвал зээлийн мөнгөн хөрөнгийг залилсан, барьцааны гэрээг залилж үйлдсэн гэх зүйл байхгүй. Харин зээлийн дараа хоорондоо мөнгөө өгч авалцахад муудалцсан байдаг. Банкнаас зээлийг олгохдоо хууль, журмын дагуу олгосон. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зургаа.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Долоо. Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/202147065492 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, тус өдрийн БГХ/202147065492 тоот барьцааны гэрээ, мөн өдрийн БГҮ/202147065492 тоот барьцааны гэрээ, Хаан банкны зээлийн дансны хуулга, Зээлийн хүү тооцоолол, Зээлийн өргөдөл, ГГ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 240/17 тоот хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө барьцаалуулах тухай хүсэлт, зээлийн зарцуулалт, Ү-..., Г-2.... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Б.Б аас олгосон итгэмжлэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд зэргийг ирүүлжээ. /хх 5-32, 54, 85-87/

Хариуцагчаас баримтаар: итгэмжлэл, ажилд томилох тухай тушаал зэргийг ирүүлжээ. /хх 78, 101, 114/

Гуравдагч этгээдээс баримтаар: Иргэний үнэмлэхний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4-440 тоот, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, /хх 43, 44, 62/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр 102/ШЗ2023/06018 тоот шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 9/3212 тоот хариу, түүний хавсралтаар компанийн дүрэм, 102/ШЗ2023/14934 тоот захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2-41/5165 тоот хариу,

Гуравдагч этгээдийн хүсэлтээр 102/ШЗ2023/15260 шүүгчийн захирамжийн дагууХБ ХК-иас ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 29/8799 тоот хариу, хавсралтаар зээлийн хувийн хэргээс холбогдох баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9/4-8907 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 64-76, 117, 135-141, 155-164/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчХБ ХК нь ГГ ХХК, Н.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 324.162.436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Гуравдагч этгээд Д.О аас нэхэмжлэгчид холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, банк мөнгөн хөрөнгийг олгох үүргээ биелүүлсэн, зээлдэгч төлбөрөө төлөөгүй тул буцаан гаргуулна гэв.

3.Хариуцагч Н.Г өөс татгалзлын үндэслэлээ: Иргэний хувиар зээлийн гэрээнд оролцоогүй, мөнгөн хөрөнгийг аваагүй, компани хариуцах учиртай гэв.

4.Гуравдагч этгээд шаардах эрхийн үндэслэлээ: Банк зээл олгохдоо анхнаасаа хууль зөрчсөн, барьцааны гэрээ хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуурч мэхэлсэн хэлцэл гэж тайлбарлав.

5.Нэхэмжлэгч бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Барьцааны гэрээ хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй гэв.

6.хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1. Нэг талаасХБ ХК, нөгөө талаас ГГ ХХК, Н.Г нар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 300.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргүүлэн төлөхөөр тохиролцож ЗГ/20217065492 тоот гэрээг байгуулжээ. /хх 8-11/

Зохигчид гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

6.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банк зээлдэгч нартай 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №БГХ/202147065492 тоот барьцааны гэрээгээр компанийн бараа материал /хөдлөх хөрөнгө/-ийг,

-мөн Д.О , Б.Бурмаа нартай №БГҮ/202147065492 тоот Барьцааны гэрээгээр: эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж, 1822 тоотод байршилтай, 168.85 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2.... дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж 1822 тоотод байршилтай, нэгж талбарын 1501101955 дугаартай, 699 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газраас хангуулахаар тохирчээ. /хх 12-20, 28-32/

6.3.Зээлдүүлэгч банк 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөнгөн хөрөнгө болох 300.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, үүнд хариуцагч маргаагүй. Мөн зээлдэгч үндсэн зээлд 7.111.608 төгрөг, хүүнд 16.717.808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.090 төгрөг, нийт 23.831.507 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй. /хх 21, 22/

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар банк мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болохоор тохирсон ч зээлдэгч 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээл төлөөгүй, гэрээний 6.1.1-д эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бол банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байна. Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар урт хугацаатай гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас өмнө цуцалсан гэж үзнэ. Хэргийн баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож байсан болох нь банкинд хүргүүлсэн ГГ ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 97/22 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй. /хх 138, 139/

Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 292.888.391 төгрөг, хуримтлагдсан хүү 31.209.153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.892 төгрөг, нийт 324.162.436 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагчийн зүгээс үнийн дүнд маргаагүй болно.

Иймд зээлдэгчээс 324.162.436 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

8.Харин хамтран хариуцагч Н.Г зээл төлөх үүргийг хүлээх эсэх, түүнчлэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд талууд маргасан.

Хариуцагч Н.Г компанийг төлөөлөхгүй, иргэний хувиар гэрээнд оролцоогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй, компани төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

8.1.Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримтаар ирүүлсэн ГГ ХХК-ийн компанийн лавлагаагаар: Н.Г компанийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс бүртгэгдсэн, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан Компанийн дүрмийн 3.5-д Компанийн тухай хуулийн 84.1, 84.2-т зааснаар Н.Г компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заажээ.

Иймд шүүх бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох зарчмын дагуу Н.Г ийг ГГ ХХК-г итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

Хариуцагч Н.Г ийн зүгээс: тус компаниас төлбөрөө авахын тулд 76 иргэнийг төлөөлж ГГ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хяналт тавих үүднээс бүртгэлд бүртгүүлсэн, энэ талаарх хурлын тэмдэглэл байдаг, мөн компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Б.Э тай гэрээг байгуулсан, гүйцэтгэх захирлаар компанийг төлөөлөхгүй талаарх албан бичиг бий гэж тайлбарласан ч дэмжих баримтуудыг хэрэгт ирүүлээгүй. Иймд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээс гадна компаниас гадагш чиглэсэн харилцааны хувьд нэгэнт тэрээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн. Мөн компанийн хувьцаа эзэмшигчтэй өөрөөр тохиролцсон гэрээг ирүүлээгүй болно.

8.2.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд ГГ ХХК болон Н.Г нар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ГГ ХХК-д шилжүүлснээр банк мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймд иргэний хувиар үр дагаврыг ойлгоогүй, иргэний хувиар зээлийг аваагүй, оролцоогүй тухай тайлбарууд хамтран хариуцагчаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэнээс үүргийг шаардах асуудал нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул нэхэмжлэгч хамтран хариуцуулахаар шаардсныг буруутгах үндэсгүй.

9.Гуравдагч этгээд Д.О аас №БГҮ/202147065492 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн - /үүнд: судалгаа хийгдээгүй, зээлийн хороогоор хэлэлцсэн шийдвэргүй зэргээр банк хуулиа зөрчсөн/, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн -/үүнд: аман хэлбэрээр өөр хэлцэл хийгдсэн/, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн -/үүнд:барьцаалуулагч Б.Б аас олгосон итгэмжлэлийн хугацаанаас гэрээний хугацаа илүү гарсан хэсгээр зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна/ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан. Үүнээс гадна хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж шаардсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг, харин мөн хуулийн 57-60 дугаар зүйлд шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг зохицуулсан.

9.1.Улсын дээд шүүхийн 2010 оны Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн
зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж, "дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг гэж, "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж, "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаар гуравдагч этгээдийн дээрх тайлбарыг дэмжих баримт авагдаагүй, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан гэрээг бичгээр хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

9.2.Харин хууран мэхэлж хийсэн хэлцэл үндэслэлээ гуравдагч этгээдээс Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2202004770439 тоот прокурорын тогтоолд тулгуурлан тайлбарласан.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас баримтаар ирүүлсэн дээрх 2202004770439 тоот прокурорын тогтоолд: БНХАУ-ын иргэн Б.Э , Ц.Оюунтана нар нь иргэн Д.О ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ГГ ХХК,ХБ ХК нарын хоорондох 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 300 сая төгрөгний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавиулж, .. замын ажлыг хийж байгаа, санхүүжилт орж ирмэгц барьцааг чөлөөлж өгнө гэж бодит байдлыг гуйвуулах замаар өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр өөрт ашигтай шийдвэр гаргуулж өмчлөх эрхийг залилсан үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Дээрх тогтоолд зээлийн мөнгөн хөрөнгөнөөс Д.О 70.000.000 төгрөгийг хүлээн авсан талаар дурдсан, үүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаагаас үзвэл хэлцэл хийх үед хүсэл зоригийн илэрхийлэл анхнаасаа хууран мэхлэх санаа зорилго агуулсан, улмаар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болох үндэслэл одоогоор тогтоогдоогүй гэж үзэв. Гуравдагч этгээд эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж шүүхээс гэм бурууг тогтоосон тохиолдолд дээрх үндэслэлээр шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй.

9.3.Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Д.О , Б.Бурмаа нарт бус харин зээлдэгч нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг гаргасан. Барьцаалуулагч Д.О ын тухайд энэ хэрэгт бие даасан шаардлага гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул тэрээр шүүхийн шийдвэр түүнээс гарах үр дагаврыг ойлгосон гэж үзэх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Эрхийн улсын бүртгэлийн Г-2202019616 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Бурмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул энэ хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй. Өөрөөр хэлбэл энэ хэргийн оролцогч бус этгээдийн хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

10.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдааны явцад хүсэлт хянан шийдвэрлэсэн-тэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Шүүх улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг баримтлан хүсэлт гаргаагүйд тооцож маргааныг шийдвэрлэснийг дурдав.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д зааснаар ГГ ХХК, Н.Г нараас 324.162.436 /гурван зуун хорин дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчХБ ХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тулХБ ХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №БГҮ/202147065492 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Д.О ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг Д.О ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж, 1822 тоотод байршилтай, 168.85 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, №БГХ/202147065492 тоот барьцаааны гэрээгээр хөдлөх хөрөнгө барьцаалагдсан болохыг дурдаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Д.О , Б.Б.. нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1501101955 дугаартай, 699 мкв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайХБ ХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.848.962 төгрөг, гуравдагч этгээдийн урьдчилан төлсөн 1.118.368 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 1.848.962 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.Одгэрэл