Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/00599

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 19

181/ШШ2024/00599

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............................. тоотод оршин суух, Ө.Н  /Регистрийн дугаар:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...................................тоотод оршин суух, С.Г/Регистрийн дугаар:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөс нэрээ хасахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О.л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь С.Г т холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, түүний үр дагаварыг арилгуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн С.Г 2016 оны 9 дүгээр сард надад хандан найзад нь мөнгөний хэрэг гарлаа. эгчтэйгээ хамт дэлгүүрт ажиллаж байгаа дэлгүүрт эргүүлэх мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Найз нь чиний орон сууцыг барьцаалж зээл аваад эргүүлээд байрыг чинь чөлөөлөөд өгье гэж хэлсэн. Улмаар зээл авах зорилгоор 2016 оны 09 сард орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоот хаягт байрлах Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Г нь Ц.Х ББСБ ХХК-тай зээлийн гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулан зээл авсан. Улмаар хариуцагч зээлээ төлөөгүйн улмаас Ц.Х ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02375 дугаартай шийдвэр гарч 84.719.719 төгрөгийг гаргуулж Ц.Х ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байх хугацаанд би тус төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Энэхүү 2016 онд байгуулсан орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нь зөвхөн зээл авах зорилгоор байгуулж байсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна. Учир нь С.Г одоо тус орон сууцнаас сайн дураар нэрээ хасч өгөхгүй байгаа бөгөөд өөр олон хүний зээл дээр батлан даагч, хамтран хариуцагчаар оролцож байгаа нь миний орон сууцыг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж байна.

Иймд миний өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоот хаягт байрлах Ү-... дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хамтран өмчлөлөөс нэрээ хасахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ө.Н гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар:Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэр, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ц.Х ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн Зээлийн барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн 000530706 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт илгээсэн төлбөр авагчийн хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 22/01-17 тоот тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/01864 дүгээр шүүгчийн захирамж, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/08526, 181/ШЗ2023/10708 дугаар шүүгчийн захирамж, 181/ШТ2023/00300 дугаар шүүхийн тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 4-32,/

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна

Шүүхийн журмаар: тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/21135 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/12157 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 54-83/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Ө.Н нь С.Г т холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй .................. тоотод байрлах орон сууцны нэрээ хасахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй, түүнчлэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай дурдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

4.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Зээл авах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлийг байгуулж орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, улмаар үр дагаврыг арилгуулна гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1.Нэг талаас Ө.Н , нөгөө талаас С.Г нар 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр харилцан тохиролцож, Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ........................... байрлах 49,58 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Г ийг нэмж оруулахаар тохирч орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл-ийг байгуулжээ. /хх 5, 59/

Улмаар уг хэлцлийг үндэслэн хөрөнгийн өмчлөгч Ө.Н , С.Г болж өөрчлөгдөж 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 000530706 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогдож байна. /хх 7, 14, 54-61/

5.2.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаагаар: маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хөрөнгө Ө.Н гийн өмчлөлд бүртгэлтэй байсан, дээрх хэлцлээр Ө.Н , С.Г нарын хамтран өмчлөлд шилжсэн, түүнчлэн уг хөрөнгөд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ц.Х ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэгдэж 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр барьцааг дуусгавар болгосон тухай дурджээ.

Үүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3/20097 тоот, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4/15938 тоот, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5505 тоот, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4-152/28955 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/21520 тоот албан бичгээр хөрөнгөд тусгай тэмдэглэгээ хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. /хх 54-83/

5.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр С.Г , Ө.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 84.719.719 төгрөг гаргуулж Ц.Х ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 19-21/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 22/01-17 дугаар тогтоолоор тус шүүхийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрийг биелүүлэхээр явуулсан ажиллагааг төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болгожээ. /хх 16,17/

6.Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй талаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус заасан. 

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл талуудын хоорондох хэлцэлд зээлд хамрагдах болсон тул гэж хамтран өмчлөгчөөр нэмж оруулах болсон үндэслэлийнхээ талаар тухайн хэлцэлдээ дурдсан, улмаар Ө.Н , С.Г нар орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдснээс хойш дөрвөн өдрийн дараа 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Х ББСБ ХХК-тай 50 сая төгрөгийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг тухайн орон сууцнаас хангуулах тухай барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолоор  тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгож хийсэн хэлцлийг Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, харин мөн зүйлийн 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж тайлбарласан.

Иймд шүүх талуудын хүсэл зориг анхнаасаа зээл авахад шаардлагатай барьцаа хөрөнгийг бий болгох үүднээс хэлцлийг хийсэн, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна үзэв. Харин халхавчлагдсан өөр хэлцэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар Ө.Н , С.Г нарын хоорондох 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс нэрээ хасуулахыг хариуцагч С.Г т даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ