Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/950

 

 

 

 

 

 

 

    2026         05         11                                    2026/ШЦТ/950

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

улсын яллагч Т.Алтанзул,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2506 09425 1506 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

......... Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдсэн, БМ /РД:......./.

Хэргийн товч агуулга:

Э.М нь 2024 оноос 2025 он хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Агоро фитнес клуб болон фейсбүүк цахим орчинд “Америк уураг худалдаа” гэх нэртэй аккаунтыг ашиглан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулсны дагуу “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл”-д бүртгэгдээгүй буюу Монгол улсад худалдан борлуулахыг хууль, журмаар зөвшөөрөөгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох уургийг хувийн хэрэглээндээ захиалан авч байгаа мэтээр Монгол улсын хилээр оруулан ирж, улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулж “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.М нь 2024 оноос 2025 он хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Агоро фитнес клуб болон фейсбүүк цахим орчинд “Америк уураг худалдаа” гэх нэртэй аккаунтыг ашиглан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулсны дагуу “Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл”-д бүртгэгдээгүй буюу Монгол улсад худалдан борлуулахыг хууль, журмаар зөвшөөрөөгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох уургийг хувийн хэрэглээндээ захиалан авч байгаа мэтээр Монгол улсын хилээр оруулан ирж, улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулж “Хууль бусаар эм. эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.01, 13/,

Биологийн идэвхит бүтээгдэхүүний гэрчилгээ хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.16-47/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ш..н өгсөн: “...”Интерфарм Импорт” ХХК нь 2006 оноос хойш АНУ- ын Optimun Nutrution, BSN, Universal Nutrition, Evlution Nutrition, Muscle Pharm компаниудтай албан ёсны гэрээтэйгээр бүтээгдэхүүнүүдийг нь Монгол Улсын эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэн ажилладаг. Манай компани нь үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулахын тулд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн яамны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй албан ёсоор МУ-ын бүртгэлд бүртгүүлж, бүртгэлийн гэрчилгээ авч түүний дагуу импортолж, худалдан борлуулдаг. Сүүлийн үед тусгай зөвшөөрлөөр болон Монгол улсад зайлшгүй бүртгүүлж, импортоор оруулж ирэх ёстой бүтээгдэхүүнүүдийг хувь хүн, фитнес клубүүд, тэдгээрийн багш, хичээллэгч нар нь хууль бусаар ямар ч татвар хураамж төлөлгүй улсын хилээр нэвтрүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагаагаа цахим хэрэгслээр болон фитнес клубүүд дээр явуулж байна. Иймд манай байгууллагаас уг асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх.1.71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.П...... өгсөн: “...”Гаалийн байгууллага нь эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирэх боломжтой Монгол Улсын 6 хилийн боомтуудаар дамжуулан импортлогдон орж ирж байгаа бөгөөд тухайн салбарт эмийн чиглэлээр хяналт тавьдаг 22 гаалийн улсын байцаагч ажиллаж байна. Жишээлбэл Чингис хаан олон улсын нисэх буудлын газар, Замын-Үүд, Сэлэнгэ, Улаанбаатар хотын гааль, Ханги, Гашуун сухайт гэх боомтууд дээр эмийн чиглэлээр хяналт тавьдаг гаалийн байцаагч нар ажиллаж байна. Тухайн хилийн 6 хилийн боомтууд нь Засгийн газрын 73 дугаар тогтоолоор эм, эмнэлгийн хэрэгслийн нэвтрүүлэхээр тогтоосон байдаг. Бараа бүтээгдэхүүн мэдүүлэгч буюу Cais системд хэрхэн, ямар утга, нэр төрлөөр бүртгүүлснээс шалтгаалж чиглэл хариуцсан байцаагч нарт хуваарилагддаг. Тухайн гаалийн автоматжуулсан бүрдүүлэлтийн систем дээр чиглэлийн байцаагч нарт томилогдон хяналтыг тавьж ажиллаж байна. ...Монгол Улсад эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн импортлон оруулж ирэхэд иргэд бол өөрсдийн хувийн хэрэглээний 3 сарын хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг зөвшөөрдөг. Гаалийн тухайн хуулийн 227 дугаар зүйлийн заалтуудаар зохицуулагдан орж ирдэг. Хэрэв аж ахуй нэгж бол заавал Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардаж хяналт тавьж ажилладаг...Их хэмжээний гэдэг нь жишээлбэл чингэлэг тээвэр болон бусад байдлаар ихээр орж ирэх боломж байхгүй.Харин бага хэмжээгээр өөр бараа бүтээгдэхүүний нэрээр бүртгэгдэж олон төрлийн бараатай хамт орж ирэх тохиолдол бол байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.1.90-91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.О..... өгсөн: “...Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Лиценз зөвшөөрөл зохицуулалтын газар нь эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд бөөнөөр их хэмжээгээр худалдан борлуулахад зөвшөөрлийг тухайн газраас олгодог юм. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд нь худалдан борлуулж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн зэргийг бүртгэлжүүлж Монгол Улсын эмийн бүртгэлд тухайн үйлдвэрлэгч улс, эмийн хэлбэр, орц найрлага, эм үйлдвэрлэгч бүрээр нь бүртгэлжүүлдэг. Манай Чанарын хяналтын газар нь зах зээлд бүртгэлгүй эм. эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн зэрэг нь бүртгэлтэй байгаа эсэх болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж зэргүүдэд эмийн хяналтын асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөн бусад хууль тогтоомж эрх зүйн акт зэрэгт стандартыг мөрдүүлж хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага юм... Эм, эмнэлгийн хэрэгслийн тухайн хуулиар эмийг худалдан борлуулахдаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага худалдан борлуулна” гэж заасан байдаг. Тухайн худалдан борлуулж байгаа эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд заавал бүртгэгдсэн байх шаардлагатай. Харин Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь зөвшөөрлийн тухайн хуулиар тусгай зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд худалдан борлуулж байгаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь Монгол улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдсэн. Монгол Улсад бүртгэгдсэн байхыг шаардана. Тусгай зөвшөөрөлгүйгээр эм худалдан борлуулсан бол Эрүүгийн хуулийн 20.14 дэх хэсэгт заагдсан хуулиар зохицуулагдаж цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Тэгэхдээ тусгай зөвшөөрөлтэй байгууллага Монгол Улсад бүртгэлгүй, чанарын баталгаажуулалтгүй зэрэг байвал Эм эмнэлгийн хяналтын тухай хууль зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухайн хуулийн 6.6 дахь хэсэгт зааснаар манай байгууллага шалгаж байна. Иймд иргэд эм худалдан борлуулсан тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж байна. Харин иргэд Улсын бүртгэлд бүртгэлгүй бүтээгдэхүүн хадалдан борлуулсан асуудал нь цагдаагийн байгууллага.” гэх мэдүүлэг /хх.94-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А.......н өгсөн: “...Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухайн” хуульд хамаардаг бөгөөд 2023 онд Зөвшөөрлийн тухайн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахад тусгай зөвшөөрөл шаардагдахгүй болсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухайн хуулийн 41 дүгээр зүйлд Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг бөгөөд уг зохицуулалтаар Монгол Улсад Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад заавал бүртгүүлсэн байхыг шаарддаг. Мөн тус хуульд зааснаар бүртгэлтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээд худалдан борлуулж болно гэж заасан байдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухайн хуулийн 6.6 дугаар зүйлийн холбогдох заалтаар арга хэмжээг авч ажилладаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.57 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухайн хуулийн 6.6 дугаар зүйлийг манай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хяналтын улсын байцаагч нарт харьяалуулсан байдаг...Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан хуулийн этгээд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тус заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5, 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үздэг. Иргэний хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хувийн хэрэглээний зориулалтаар оруулж ирсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдсан тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авна гэж заасан байдаг. Харин бусад тохиолдолд худалдан борлуулах зорилгоор эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг их хэмжээгээр Монгол Улсад импортлон худалдан борлуулж байгаа тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийг зөрчсөн байна гэж үзэж цагдаагийн байгууллага руу шилжүүлдэг.” гэх мэдүүлэг /хх.1.98-99/,

Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хх.1.100-114/,

Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.124-141/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх.1.146/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.147/,

Эд зүйл хураан авах прокурорын зөвшөөрөл /хх.1.148-149/,

Эм, Эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл хүргэх тухай албан бичиг /хх.1.153/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.154-165/,

Мөрдөгчийн магадлагаа /хх.1.181-200/,

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын шинжээчийн дүгнэлт /хх.1.210-229/,

“Хишиг” Карго ХХК-й бүтээгдэхүүн жагсаалт /хх.1.231-249/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.2.06-11/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.2.12-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Мын өгсөн: “...Манайд хуваарь, өөрийнхөө хэрэглэдэг уураг, амино, зэрэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн дээр 1-2 ширхгийг сарын хэрэглээнээс давуулж Америкийн нэгдсэн улсаас захиалж, Бүгд Найрамдах Солонгос Улсаар “Хишиг карго” ХХК-н карго, шуудангийн үйлчилгээгээр дамжуулж 2024 оноос хойш, оруулж ирдэг болсон. Энэ оруулж ирсэн 1-2 ширхэг бүтээгдэхүүн дээр хамгийн ихдээ 20,000 төгрөг, хамгийн багадаа 5,000 төгрөг нэмж манай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атора” фитнест хичээллэж бус тамирчид болон хичээллэгч нарт худалдаж борлуулдаг байсан. Бүтээгдэхүүний төлбөрийг өөрийнхөө Хаан банкны 5064789276 тоот дансанд авдаг бөгөөд өөр данс ашиглаж байгаагүй. Бүтээгдэхүүн зараад олсон ашиг гэвэл ойролцоогоор сардаа 1 -2 ширхэг бүтээгдэхүүн гэж бодоход 2024 оноос хойш ойролцоогоор хамгийн ихдээ 480,000 төгрөгийн ашиг гэж олсон. Мөн миний хувьд би өөрөө фитнесийн багш, дасгалжуулагч учраас миний Хаан банкны дансанд фитнесийн төлбөр болон хувиараа фитнесээр хичээллэгч нарын төлбөр орсон байгаа. Мөн тогтоолд дурдаад байгаа “Америк уураг худалдаа” фейсбүүк цахим хуудсаар дамжуулан бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан борлуулсан зүйл байхгүй. ...Энэ бүтээгдэхүүнийг худалдан борлуулж болохгүй, хууль журмын талаар ямар ч ойлголтгүй байсан учраас энэ гэмт хэрэгт холбогдсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай үйлдэлд маргах зүйл надад байхгүй. Хэргийг хөнгөн байдлаар, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх.2.19-20/,

Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.24-25/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.2.26-32/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.2.35/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.2.36-37/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Э.М энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй боловч түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1,500,000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Мын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан Сиди 4 ширхгийг хавтаст хэрэгт хадгалж, нийт 5 нэр төрлийн 17 ширхэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг устгахыг Эрүүгийн цагдаагийн газарт даалган, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.Мт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БМыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөгдөөгүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Мт оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 4 ширхгийг хавтаст хэрэгт хадгалж, Эрүүгийн цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримтаар хураасан “Nitro Tech” гэх бичиглэлтэй, нийт жин нь 2.27 кг жинтэй, 2 хайрцаг, “ENGN” гэх бичиглэлтэй, хар өнгийн, хуванцар савлагаатай 600 грамм жинтэй 3 хайрцаг, “ENGN TEST” гэх бичиглэлтэй, хар өнгийн, хуванцар савлагаатай, 285 грамм жинтэй, 8 хайрцаг, “MUTANT-HARDCORE-BCAA” гэх бичиглэлтэй, хар өнгийн, хуванцар савлагаатай, 390 грамм жинтэй, 3 хайрцаг, “MUSCLETECH-CELLTECH” гэх бичиглэлтэй, хар өнгийн, хуванцар савлагаатай, 274 грамм жинтэй, 1 хайрцаг бүтээгдэхүүн, нийт 5 нэр төрлийн 17 ширхэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг устгахыг Эрүүгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Э.Маас гэмт хэрэг үйлдэж олсон 1,500,000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР