Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/00480

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/00480

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.................... тоотод бүртгэлтэй ч, .................тоотод оршин суух, Э.Т /Регистрийн дугаар: ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... тоотод байрлах, ОУБ Гарц /Регистрийн дугаар:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрээний үүрэгт 2.910.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т , хариуцагч ОУБГ НҮТББ-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний үүрэгт 2.910.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Э.Т би IЕG-ОУБГ тай 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр "Сургалт зуучлалын гэрээ" байгуулсан. Тус гэрээнд БНСУ-ийн SAHMYOOK HEALTH UNIVERSITY гэх сургуулийн 6 дугаар сард эхлэх солонгос хэлний бэлтгэлд зуучлуулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд визний хариу гарч 2023 оны 5 дугаар сард хэлний бэлтгэлд явах эсэх шийдэгдэж хариу гарах байсан.

Гэрээ байгуулсанаас хойш 5 сарын хугацаанд ямар ч тодорхой хариу өгөлгүй явсаар ирсэн. Тухайн байгууллагын хариуцсан ажилтанууд хариуцлагагүй хандсаны улмаас таны материал шалгагдах хугацаанаасаа хоцорсон байна гэсэн хариуг 8 дугаар сард хэлсэн. Ингээд материалаа буцааж авмаар байна гэж хэлэхэд 8 дугаар сарын 24-нд таны виз "татгалзсан" гэх хариуг гаргаж өгсөн. Мөн тус байгууллага өөрсдийн буруугаас болсон гэдгээ хүлээн зөвшөөрч 2023 оны 8 дугаар сарын 24-нд 961.538 воны нэхэмжилсэн өргөдөл бичүүлж авч үлдсэн.

Өргөдөл бичиж өгсөн өдрөөс хойш хохирлын мөнгөө нэхэмжилсэн боловч манайх хохирлыг нь барагдуулах боломжгүй гэх хариу хэлсэн учраас би 5-н сарын хугацаанд цаг хугацаа, мөнгө санхүү, олон боломжоос хоцорсон учир тус байгууллагатай хийсэн гэрээний 9.1-д заасан үндэслэлээр өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа. Би шилжүүлсэн 961.538 вон буюу 2.560.000 төгрөг, энэ байгууллагаас болж ажлаа алдсан гурван хоногийн цалин 350.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.710 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Виз мэдүүлэхэд шаардлагатай гэснээр 30 сая төгрөгийг хүнээс зээлээд өгсөн тул түүний хүүнд төлсөн 600.000 төгрөг юм. Зуучлалын хөлс 590 америк доллар. Гэрээ байгуулахдаа 390 ам долларыг урьдчилгаанд авсан. 200 ам долларыг сургуульд зуучилсны дараа төлөхөөр тохиролцсон. Солонгосын сургуулиас юаны ханшийн зөрүү гэж 520.000 төгрөг надад шилжүүлсэн. Сургуулиас уучлалт гуйгаад мөнгө орж ирэхдээ ханшийн зөрүүг олгосон. Харин зуучлалын хөлснөөс олгоогүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага БНСУ-ын 5 сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хамтран ажилладаг. Зуучлалын хөлс нэг сургуульд зуучлуулбал 590 ам доллар, нэг материалаар хэд хэдэн сургуульд зуучлуулбал нэмэлтээр сургууль тус бүрт 120 ам долларын хөлс авдаг. Анх гэрээ байгуулахдаа 390 ам долларын урьдчилгаа авдаг. Тухайн сургууль зөвшөөрч, сургалтын төлбөрийн нэхэмжлэх ирэхээр зуучлалын үлдэх хөлс болох 200 ам долларыг авдаг. Хүүхдийн бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлээд, сургууль руу явуулдаг. Нэхэмжлэгч 5 сургуулиас 1 сургуулийг сонгож манайхаар зуучлуулсан. Бид цахимаар материалыг бүрдүүлж сургуульд хүргүүлсэн. Гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сард хариу гарах байсан боловч гараагүй гэдэгт маргахгүй. Харин манай хамтран ажилладаг Солонгосын сургууль нэхэмжлэгчийг суралцахыг зөвшөөрч бүртгэсэн боловч цааш бичиг баримтыг өөрийнхөө immigration-d шилжүүлээгүй алдаа гаргасан байсан. Сургууль бүртгэсэн боловч БНСУ-даа нэхэмжлэгчийн визийг мэдүүлээгүй. Алдаа гаргаснаа БНСУ-ын сургуулиас хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч болон бусад зуучлуулсан хүмүүсээс уучлалт гуйсан. Мөн нэхэмжлэгчид 520.000 төгрөгийг БНСУ-ын сургуулиас шилжүүлсэн байдаг. Манай хувьд өөрийн ажилтнаа бас алдаа гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үнэн. Гэхдээ угаасаа манай хувьд гэрээнд заасан зуучлах ажиллагаагаа хийж дуусгасан. Виз мэдүүлэгдээгүй буцаагдсан явдал манайхаас бус харин сургуулиас хамааралтай. Дансандаа 30 сая төгрөг байршуулсан, тэрнээс үүдэлтэй хүү төлсөн зардал манайхтай хамааралгй. БНСУ-ын виз мэдүүлэхэд тавигддаг шаардлага.

Манайх амралтын өдөр ч ажилладаг тул ажлын 3 өдөр чөлөө авч ирэх шаардлагагүй. Гэрээгээр тохирсон сургуулийн сонгож өгөх, материалыг орчуулах, сонгосон сургуульд бүртгүүлэх, виз материал бүрдүүлж виз мэдүүлэхэд туслах үйлчилгээгээ үзүүлсэн тул хөлс буцаан төлөх үндэслэлгүй. Гэрээнд хөлсийг буцаан олгохгүй талаар заасан. Гэхдээ нэхэмжлэгч цаг хугацаа алдсан гэж тайлбарлаж байгаа тул манайх 480.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх мөнгийг зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн сургалт зуучлалын гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн өргөдөл зэргийг ирүүлжээ. /хх 4- 10/

Хариуцагч баримт ирүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.Т нь ОУБГ НҮТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 2.910.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч шаардлагаа зуучлалын хөлс 1.960.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд бусдад төлсөн зээлийн хүү 600.000 төгрөг, гурван өдрийн ажлын хөлс 350.000 төгрөг, нийт 2.910.000 төгрөг гэж тодруулж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 580.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Тус байгууллагаар БНСУ-ын сургуульд зуучлуулахаар тохирсон боловч хариуцагчийн буруутай ажиллагаанаас виз гараагүй цуцлагдсан тул төлсөн хөлсөө, гэрээнээс учирсан хохирлын хамт гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Зуучлалын гэрээний үүргээ хариуцагч байгууллагын хувьд бүрэн биелүүлсэн, харин манайхаас үл хамаарах шалтгаанаар буюу хамтран ажиллагч БНСУ-ын сургууль хариуцлага алдснаас нэхэмжлэгчийн виз цуцлагдсан, гэрээгээр зуучлалын хөлсийг буцаан олгохгүй байхаар заасан гэж тайлбарлав.

4.Хэрэгт дараах баримт авагдсан. Үүнд:

4.1.Нэг талаас ОУБГ НҮТББ, нөгөө талаас Э.Т нар харилцан тохирч 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 15/2023 тоот Сургалт зуучлалын гэрээ-г байгуулжээ. /хх 5-7/ Дээрх гэрээний огноо техникийн алдаатай бичигдсэн, бодитоор гэрээг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үйл баримтад маргаагүй.

4.2.Нэхэмжлэгч урьдчилгаа 390 ам долларт 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 960.414 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 702.000 төгрөг тус тус хариуцагч ОУБГ НҮТББ-ийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, харин хариуцагч тал түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ тус тус өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргийг хэн алин нь хүлээнэ.

Гэвч хэрэгт дээр дурдсан хоёр баримтаас өөр баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан тул шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, хэргийг шийдвэрлэв.

5.1.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр: Нэхэмжлэгч нь ОУБГ НҮТББ-ийн хамтран ажилладаг БНСУ-ын SAHMYOOK HEALTH UNIVERSITY сургуульд суралцах зорилгоор хариуцагчтай зуучлах онцгой эрхийн гэрээг байгуулсан. Гэрээгээр: Зуучлагч нь суралцах сургуулиа сонгоход туслах, материалыг орчуулах, сонгосон сургуульд нь бүртгүүлэх, визийн материалыг бүрдүүлж виз мэдүүлэх ажлыг гүйцэтгэхээр, Зуучлуулагч нь хөлс 590 ам доллараас урьдчилгаа 390 ам доллар төлөхөөр тохирчээ.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-д нийцсэн, мөн зүйлийн 411.4-т заасан бичгээр хийх шаардлагыг хангасан гэрээ байна.

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээнд зуучлагч үүргээ хэдий хугацаанд гүйцэтгэх талаар тусгаагүй боловч нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сард хариу гарах ёстой байсан гэж тайлбарласан, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул талууд гэрээг байгуулснаас хойш зуучлагч гэрээний үүргээ 2 сарын хугацаанд биелүүлэхээр хугацааг харилцан тохиролцсон байдал тогтоогдож байна.

5.2.Гэвч гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа гэрээ цуцлагдсан, ийнхүү цуцлагдах болсон шалтгаан нь хариуцагч ОУБГ НҮТББ-ийн хамтран ажилладаг гуравдагч этгээд болох БНСУ-ын сургуулиас нэхэмжлэгчийн материалыг сургалтын виз мэдүүлэхээр хүргүүлээгүйгээс цуцлагдсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан, түүнчлэн гэрээг цуцалж болохгүй мөн зүйлийн 225.4-т заасан нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, хөлсийг буцаан шаардах эрхтэй.

Нэгэнт гэрээний дагуу зуучлалын үр дүн гараагүй тул зуучлалын хөлсийг буцаан олгох нь зүйтэй.

Хариуцагч гэрээний 4.7, 6.2, 9.5, 9.12-д зааснаар аль ч тохиолдолд зуучлалын хөлсийг буцаан олгохгүй байхаар тухайлан заасан, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж тайлбарласан.

Дээрх гэрээнд Гэрээнд гарын үсэг зурсан цаг, өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний 4.6-д /гэрээ байгуулснаас хойш ажлын 3 өдөрт цуцлах хүсэлт гаргасан/ зааснаас бусад тохиолдолд төлбөр буцаагдахгүй гэж заажээ. Гэрээний дээрх заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус бөйх стандарт нөхцөлд хамаарахаас гадна гэрээ цуцлагдах болсон шалтгаанд зуучлуулагч буруугүй тул зуучлагч хөлсөө буцаан төлөх үүрэг хүлээнэ.

5.3.Харин гэрээний 4.1.1-д урьдчилгаа 390 ам долларт зуучлалын хөлс 250 ам доллар, бүрдүүлбэрийн хураамж 60 ам доллар, шуудангийн төлбөр 30 ам доллар гэж хөлснөөс гадна зардлыг нэмж тооцжээ.

Хариуцагч баталгаат орчуулга хийх, материалыг шуудангаар хүргүүлэх зэргээр гэрээний 4.1.1-д заасан дээрх зардлыг гаргасан, шуудангаас бүрдүүлсэн материалыг буцаан авсан үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй тул шүүх энэ зардлыг төлсөн зуучлалын хөлснөөс хасч тооцно.

/390 60 -30 = 250 * 3469,58 нэхэмжлэл гаргах өдрийн ханш = 867.395 төгрөг/

6.Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд виз гарахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрт 30 сая төгрөгийг бусдаас зээлж таван сарын хугацаанд хүүг төлсөн, мөн гурван өдөр ажлаасаа чөлөө авсны улмаас цалин хөлс аваагүй гэж тайлбарлаж зээлийн хүүд 600.000 төгрөг, гурван өдрийн ажлын хөлс 350.000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 227.3-т гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч зуучлалын гэрээнээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэвч энэ талаарх дэмжих баримтуудыг нэхэмжлэгч ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

7.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна гэж заасан, хэрэгт тус төрийн бус байгууллагын дүрэм авагдаагүй, зохигчид хэн алин нь Ч.Анхцэцэгийн төлөөлөх эрхийн талаар маргаан үүсгээгүйг дурдав.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдааныг хойшлуулж болохоор тайлбарласан. Энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч талаас хэн алин нь шинээр нотлох баримт шаардлагатай, түүнчлэн шүүх хуралдаан хойшлуулах талаар тайлбар хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар ОУБГ НҮТББ-иас 867.395 /найман зуун жаран долоон мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.042.605 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 25.367 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ