Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/977

 

 

 

 

 

      2021           11             16                                         2021/ДШМ/977       

                                                                           

 

М.Н-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч М.Н,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр М.Нд холбогдох 2011018790035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигин овгийн М-ийн Н, 1999 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д лавлах оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт  Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, *** дугаар гудамжны 119 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

           

            Шүүгдэгч М.Н нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа Ө.Нум-Эрдэнийг “ажлын газрын эмэгтэйг янхан” гэж хараалаа гэх шалтгаанаар газар түлхэж унаган, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж баруун гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн М-н Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар М.Нд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч М.Нас нийт 2.183.370 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Нд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч М.Н нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа Ө.Нум-Эрдэнийг “ажлын газрын эмэгтэйг янхан” гэж хараалаа гэх шалтгаанаар газар түлхэж унаган, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж баруун гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг хангасан яллагдагч, шүүгдэгчид хэрэглэхээр хуульчилсан байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаануудад шүүгдэгч М.Н болон түүний өмгөөлөгч Э.Батжаргал нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаж, М.Н өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэх зэргээр улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг хангахгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргасан болон гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дараа мэдүүлэхдээ ... шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна, хохирол төлбөрийг төлөх болно ... гэснийг, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн атлаа шүүхээс шүүгдэгч М.Нд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын 3 дахь заалтаараа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч М.Нас нийт 2.183.370 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Нум-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” эсэхийг тусгана гэснийг зөрчсөн буюу шүүгдэгчийг 2.183.370 төгрөгийг ямар хугацаанд төлөхийг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгч М.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөл хүссэн. Төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа Ө.Нум-Эрдэнийг “ажлын газрын эмэгтэйг янхан” гэж хараалаа гэх шалтгаанаар газар түлхэж унаган, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж баруун гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Нийн “... 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Пийс малл дээр байдаг найзынхаа пабад сууж байгаад 4 цагийн үед гараад найз охин Төгөлдөртэй уулзахаар Бөмбөгөр худалдааны төвийн урд талд байдаг байрны гадаа очоод залгахад утас нь болохгүй болохоор зам руу гараад явж байтал Төгөлдөр нэг залуутай хамт булан тойроод гараад ирсэн. Гэтэл тэр залуу явахгүй намайг толгой руу гараараа цохисон. Тэр үед би газар унахад тухайн залуу миний нүүр рүү өшиглөхөөр нь гараараа хамгаалахад миний гар руу өшиглөөд Төгөлдөртэй хамт зугтаад явсан. ...” /хх 14/,

гэрч О.Тийн “...Ө.Нум-Эрдэнэ М.Нямлхагвын нүүр рүү гараараа цохисон. Ө.Нум-Эрдэнэ согтуу байсан болохоор өөрөө уначихсан. М.Н Нум-Эрдэнийн нүүр рүү өшиглөх шиг болохоор нь би М.Нямлхагвыг салгаад аваад явсан. Харилцан цохилцож байгаад Ө.Нум-Эрдэнэ унах үед М.Н нүүр рүү нь өшиглөсөн...” /хх 9/,

Шинжээч эмч Т.Чын “...Баруун гарын шуу ясны далд хугарал гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад духанд зулгаралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 29/ гэх мэдүүлгүүд,

“...Ө.Нийн биед баруун шуу ясны далд хугарал, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх  22/,

Хохирлын баримтууд /хх 31-35/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч М.Нын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны гадаа Ө.Нум-Эрдэнийг “ажлын газрын эмэгтэйг янхан” гэж хараалаа гэх шалтгаанаар газар түлхэж унаган, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж баруун гарын шуу ясны далд хугарал, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокурор Б.Чинбатын бичсэн “...шүүгдэгч М.Нд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” тухай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар шүүх, шүүгдэгч М.Нямлхагвыг шүүхийн шийдвэрээр буюу шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үед М.Н нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэсэн үндэслэлд хамаарагдаж байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.183.370 төрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн бөгөөд үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Чинбатын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ