Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Сурган хүмүүжүүлэгч Б.Ганцэцэг

Хохирогч Б.Дорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Дундговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр баг, “Ажирхай” гэх газар оршин суух, эрхэлсэн ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлээгүй гэх, /регистрийн дугаар зв84121613/ Ерлөг овгийн Дорждамбын Бум-Эрдэнэд                                                                  

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201712000056 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

                         

Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутагт Б.Доржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

         Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 

         Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан, Говь-Угтаал сумын зааг нутаг дэвсгэрт хөдөө 11 цагийн үед Баярын хонь манай гэрийн гадна хургатай хонины захад ирээд нийлэх гэж байхаар нь би Баярын хонийг гэрийнх нь чиглэлд хөөсөн. Баярын хүү Дорж морьтой ирээд “яагаад хээлтэй хонь хөөгөөд байгаа юм” гэхээр нь би өөдөөс нь “танайх удаа дараа хэлээд байхад манай гэрийн гадна хонь хариулаад байх юм” гэж маргалдаад би мотоциклиосоо буусан, Б.Дорж ч мориноосоо буусан. Тэгээд бид 2 барилцаж аваад намайг хувцасны захаар боохоор нь би хөлөөрөө хутгаад унагасан. Дахиад бид 2 зууралдаад намайг дахин боосон. Тэр үед миний чамархайруу лугшаад эхлэхээр нь нэг гарын эрхий хуруунаас нь татаад, мушгиад газар унагасан. Тэгээд би дотроо “энэ жаахан хүүхэд хөдөө намайг боогоод яаж ч мэдэхээр юм байна” гэж бодоод явах гээд мотоцикль дээр мордох гэтэл намайг Б.Дорж явуулахгүй хориод түлхэж унагах гээд байсан. Би “мордож суухаа чамаар заалгахгүй” гээд Б.Доржийн өөдөөс яваад очсон. Гэтэл намайг дахиад бооход миний чээжин бие тонгойсон. Би тэр үед ингээд боолтод орж өнгөрлөө гэж бодоод Б.Доржийн гарыг дээрээс нь алгадаад салгасан. Тэр үед миний толгойд Б.Доржийн бие хүрэх шиг болсон, 2 гарыг нь алдагдаад салгах үед Б.Дорж миний өмнө суунга тусаад босч байсан. Тэгээд хартал Б.Доржийн хамарнаас нь цус гарчихсан байсан. Б.Дорж мориныхоо тушааг тайлаад мордоод гэрлүүгээ давхиад явсан. Явах үедээ чамайг цагдаад хэлнэ гэж хашгичаад явсан. Би гэрлүүгээ явсан...” гэжээ. /хх-ийн 19/

 

         Хохирогч Б.Дорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед би хониныхоо хойноос явсан. Д.Бум-Эрдэнийн гэрийн чигт манай хонь явж байсан. Би хонио эргүүлээд  явж байтал Д.Бум-Эрдэнэ ирээд надтай уулзсан. Д.Бум-Эрдэнэ манай хонийг хөөгөөд байсан болохоор “би хонио аваад явж байхдаа та манай хонийг яагаад хөөгөөд байгаа юм” гэхэд “танайх яахаараа хонио дандаа манайхруу явуулж байдаг юм, удаа дараа хэлээд байхад давраад байгаарай” гээд хонийг хөөсөн. Би очоод “та ямар хаашаа юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 барилцаад аваад салсан. Дахиж барилцаж  авахад намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдаж авахад “ингэж боодоггүй юм” гэсэн. Явах гэж байгаад эргэж ирээд намайг мөргөсөн” гэв.

 

         Гэрч Ц.Алтангэрэлийн “...Би Гурвансайхан сумын 1-р баг буюу Элгэн багийн засаг даргын ажлыг 2013 оноос хойш одоог хүртэл хийж байна. Дундговь аймгийн Гурвансайхан сум, Говь-Угтаал сумын хил залгаа “Цагаан хүзүүвч” гэх газар нь Гурвансайхан сумын нутагт хамаарна. 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хилийн цэс дахин сэргээх ажлаар Говь-Угтаал сумын баг, сумын Засаг дарга нар ирээд нутгийн малчиддаа буруу ойлголт өгч “Цагаан хүзүүвч” гэх газрыг Говь-Угтаал сумын нутаг гэж ойлгуулсан байсан. Ер нь манай Гурвансайхан сумын нутаг дэвсгэр мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

            2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн “Б.Доржийн биед хамар ясны хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 13/

 

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 170200037 дугаартай шинжээчийн “...Д.Бум-Эрдэнийн биед хүзүүнд цус хурсан, зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусдад боолгуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 16/

 

        - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлэн дараах дүгнэлтийг хийлээ.

 

            Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Доржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

              Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         

              Шүүх шүүгдэгч Д.Бум-Эрдэнийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгуулна” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч нь насанд хүрээгүй этгээд бөгөөд өөрт учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилнэ” гэж тус тус мэтгэлцэж байна.

 

         Нийгмийн аливаа харилцаа нь хуулиар хамгаалагдсан байдаг ба Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан, мөн хуулийн 497-514 дүгээр зүйлд зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагын талаар тус тус тусгасан байна.

 

          Аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай этгээд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгодог бөгөөд хохирогч насанд хүрээгүй этгээд, өөрт учирсан хохирлоо цаашид нэхэмжилнэ гэх тул шүүгдэгчийг гэм хорыг арилгасан гэж үзэх хууль зүйн  үндэслэлгүй байх тул хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн санлыг хүлээн авах үндэслэлгүй байна.         

         

              Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

           

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ерлөг овгийн Дорждамбын Бум-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бум-Эрдэнэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Бум-Эрдэнэд тайлбарласугай.

 

  4. Шүүгдэгч Д.Бум-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Дорж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Бум-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

       

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ