Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0779

 

 

 

2023          10           25                                           128/ШШ2023/0779

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А О /РД:ЧП*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.А

Хариуцагч: Н-н дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Б

Маргааны төрөл:“Өмчлөлийн гражийг нураасны улмаас учирсан хохирлыг гаргуулах” тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамжаар хууль бусаар А.О*********н өмчлөлийн Б******** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд ** м.кв талбайтай  * машины гражийг нураасны улмаас учирсан хохирлыг гаргуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан зүйл гараагүй болно.

            Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар.

2.1.Нэхэмжлэгч А.Онь Б****** дүүргийн * дугаар хороо, 1* дугаар хороолол, 8 дугаар байрны хойд талд 72 метр квадрат талбайтай 4 машины гражийн өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэн, өмчлөх эрхийн Ү-2********* дугаартай гэрчилгээг 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авчээ.

            2.2.Уг гражийн зах зээлийн үнэлгээг 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар  8,1 сая төгрөг гэж Хөрөнгийн үнэлгээ, худалдааны зуучлалын “М-О” ХХК үнэлж байжээ.

            2.3.Б****** дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар захирамжийг үндэслэн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж,  уг гэрээгээр А.О*********н өмчлөх граж болон гражийн доорхи эзэмших газрын хэмжээг 150 метр квадратаар тогтоон, газрын төлбөрийг нэг жилд 66,000 /Жаран зургаан мянга/ төгрөг төлөхөөр тогтоожээ.

            2.4.Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ны өдрийн А/*** дугаар захирамж нь Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах байршилд нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх граж байрлаж байгаа хэсэг багтаж байгаа гэх үндэслэлээр гражийг нураах шийдвэр гаргасан байна.

            2.5.Нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр бөгөөд хууль бус эзэмшил гэж үзэн газар чөлөөлөх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гарааш нурааснаас үүссэн хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн болно.

            2.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр хийх хүсэлтээ бичгээр гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг байлцуулах талаар санал гаргаагүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5-д заасны дагуу шүүх хуралдааныг явуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган тооцож, хуралдаан дээр уншиж сонсгосон болно.

            Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, хууль зүйн үндэслэл.

            3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа:

            “Б******** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд ** м.кв талбайтай  * машины гражийг өмчилдөг бөгөөд түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авсан.

            Уг граж нь 2004 онд "4 машины гражийн зориулалттай, дан барилга-объект гэж үзэн 8.1 сая төгрөгийн үнэлгээтэй болохыг хөрөнгийн үнэлгээ, худалдаа, зуучлалын "М-О трейд" компанийн дүгнэлтээр тодорхойлсон байдаг. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 60 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй байх үл хөдлөх хөрөнгө юм.

            Б****** дүүргийн Засаг даргын 2*** оны *** дугаартай шийдвэрээр тухайн гражийн газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн газрын албатай "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" байгуулсан. Улмаар газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу жил бүр 66,000   төгрөгийг төлж байсан. Гэтэл Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамж гарч миний өмчлөлийн гражийг нураасан байсан.

            Тухайн захирамжид "газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх" зорилготой гэжээ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ” гэжээ.

            Гэтэл миний газар эзэмших эрх одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тул түүнийг хууль бус эзэмшил гэж үзэн чөлөөлөх нөхцөл байхгүй, Газрын хуульд заасан зөрчил гаргаагүй, ямар зөрчил гаргасан болохыг маргаан бүхий шийдвэрт тодорхой заагаагүй тул зөрчил арилгах үндэслэлд хамаарахгүй байна.

            Мөн надад мэдэгдэлгүйгээр гражийг нураасанд гомдолтой байна. Газар эзэмших гэрээнд заасан хаяг, утасны дугаар хэвээр байхад энэ тухай мэдэгдээгүй, тухайн асуудлаар тайлбар, баримт гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэхээр байна.

            Уг асуудлаар Дүүргийн газрын албанд 2***оны ** дүгээр сарын **-ны өдөр гомдол гарган хандахад Нийслэлийн Засаг дарга газрын алба мэднэ гэсэн хариуг өгсөн.

            Улмаар Н-н даргаас 2***оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний гражийг нураасан гэх А/*** дугаар захирамжийг албан ёсоор хүлээн авсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамжаар хууль бусаар А.О*********н өмчлөлийн гражийг нураасны улмаас учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 "хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх тухай" нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд тусгахаар заасан. Н-н даргын хууль бус 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Б******** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд ** м.кв талбайтай  * машины гражийг өмчлөх эрх зөрчигдсөн бөгөөд түүний улмаас учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.

            Харин Б****** дүүргийн Засаг даргын 2*** оны *** дугаартай шийдвэрээр тухайн газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа ба хүчингүй болгосон зүйлгүй болно” гэв.

            3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

 “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/*** дугаар захирамжийг гаргасан болно.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гражууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/*** дугаар захирамжид тусгасан болно.

            Иймд Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

            1.1.Энэ хэргийн маргаанд “захиргааны актын улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч А.О нь Б****** дүүргийн * дугаар хороо, 1* дугаар хороолол, 8 дугаар байрны хойд талд байрлалтай 72 метр квадрат талбайтай гражийн өмчлөгчөөр 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2********* дугаарт бүртгүүлж,  0******** дугаартай гэрчилгээ авчээ. /ХХ-1-н 66 дахь талд/

            2.2.Үүний дараа буюу 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр А.О нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан өмнөх гражийн зориулалтаар газар  эзэмшиж байгаа Д.Б-с газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж авах  хүсэлтээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, өмнөх эзэмшигчийн газрын байршил тогтоосон схем зураг зэрэг холбогдох баримтын хамт гаргасан байна. /ХХ-1-н 51-71 дэх тал/

            2.3.Энэхүү гражийн өмнөх өмчлөгчөөр Д.Б 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2********* дугаарт бүртгүүлж, 0***********1 дугаартай гэрчилгээ авсан /ХХ-1-н 59 дэх тал/, улмаар 2004 онын 02 дугаар сарын 25-ны өдөр  газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Б****** дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай 2004 онд  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулж, газрын байршлыг тогтоосон схем зураг үйлдсэн байна. /ХХ-1-н 68-71 дэх талууд/

            2.4.А.О*********н дээрх хүсэлтийг үндэслэн Б****** дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар захирамжаар түүнд гражийн зориулалттай газрыг 5 жилийн хугацаатай олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээний хугацаа нь 1 жил бөгөөд гэрээг сунгасан баримт байхгүй байна. /ХХ-1-н 130, 225 дахь талууд/

            2.5.Мөн Б****** дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар захирамжаар А.О***т газар эзэмшүүлсэн хугацааг захирамжид заасан хугацаанаас хойш сунгасан шийдвэр байхгүй байгаа тул энэхүү захирамжийн үйлчлэх хугацаа нь 2010 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон хууль зүйн үр дагавартай  болно.

            2.6.Нэхэмжлэгч А.О нь гражийн газрын төлбөрт жил бүр 66,000 төгрөг төлж ирсэн гэж шүүхэд тайлбарласан боловч газрын төлбөр төлсөн баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй болно.

            2.7.Эндээс үзвэл А.О нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, мөн түүнчлэн түүнд гражийн зориулалтаар  эзэмшүүлсэн захирамжийн газар хугацаа 2010 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон байгаа тул А.О****г гражийн доорхи газрыг хууль ёсоор эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй болжээ.

            2.8.Учир нь А.О нь захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан гражийн газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргаж байсан гэдэг нь тогтоогдоогүй, өмчлөх эрхээ хамгаалж энэхүү үйлдлийг хийх ёстой байхад хийж байгаагүй гэдэг нь тогтоогдсон болно.

            2.9.Н-н даргаас 2***оны 03 дугаар сарын 14-ний өдөр  А/*** дугаар захирамжаа гарган, уг захирамжийн Хавсралтын 59 дэх заалтаар Б****** дүүргийн * дугаар хороо, 8, 9, 10 дугаар байрны зүүн талд 30 гражийн зориулалтаар ашиглаж байгаа газрын зөрчлийг арилгахаар шийдвэрлэж, уг захирамжийн дагуу нэхэмжлэгч А.О*********н тоосгон гражийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн байна.

            2.10.Уг газарт одоо А.О*********н өмчлөлийн гэх граж байхгүй, албадан буулгасан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. /ХХ-1-н 184-189 дэх талд/

            2.11.Нэхэмжлэгч А.О-с “Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамжийн Хавсралтын 59 дэх заалтын өөрийн гражийн газрын албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй боловч, нөхөн олговор авах үндэслэлээ энэхүү  А/*** дугаар захирамжийн өөрийн өмчлөлийн гражийн доорхи газарт холбогдох хэсгийг  хууль бус гэж маргасан.

            2.12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б****** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны ** дугаар сарын **-ны өдрийн 16/*** дугаартай албан бичгээр шүүхэд “... А.О*********н Б****** дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж, тус дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд байрлах ** метр квадрат * гражийг албадан буулгасны нөхөн олговор авах хүсэлтээ бичгээр гаргасантай холбоотой хүсэлт /уг хүсэлт нь огноогүй/, уг хүсэлтийг нь шийдвэрлэсэнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлсэн байна. /ХХ-1-н 223 дахь тал/

            2.13.Нэхэмжлэгч А.О нь уг хүсэлт, өргөдөлдөө гражийн газрын байршил тогтоосон схем зураг /ХХ-1-н 224 дэх тал/, дүүргийн Газрын албатай 2005 онд байгуулсан Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ /ХХ-1-н 225-227 дахь тал/,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2********* дугаартай,  0******** дугаартай гэрчилгээ /ХХ-1-н 228 дахь тал/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /ХХ-1-н 229 дэх тал/, гражийн фото зургууд /ХХ-1-н  230 дахь тал/  зэрэг баримтуудыг хавсаргаснаар үзвэл А.О нь Б****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд байрлах ** метр квадрат * гражийг албадан буулгасанд холбогдуулж уг 4 граждаа нөхөн олговор авах хүсэлт гаргасан болох нь нотлогдож байна.

            2.14.Ийнхүү А.О*********н 4 гражаа албадан буулгуулсанд холбогдуулан нөхөн олговор авах хүсэлтийг нь үндэслэн  Б****** дүүргийн Засаг даргын 2***оны А/**** дугаар захирамжаар А.О***т Б****** дүүргийн 33 дугаар хороонд гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар *** метр квадрат газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0******* дугаартай гэрчилгээ олгон, уг газрыг 1332907909 нэгж талбарын дугаараар Газрын кадастрын санд бүртгэсэн /ХХ-1-н 231-232 дахь, ХХ-2-8-10 дахь талд/  байна.

            2.15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас төлөөлүүлэгч А.О****г Б****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд байрлах ** метр квадрат ** гражийн нөхөн төлбөрт тус дүүргийн 33 дугаар хороонд гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар *** метр квадрат газрыг эзэмшихээр авсан гэдэгтэй болон ийм шийдвэр гарсныг эсэх, уг шийдвэрийг зөвшөөрсөн эсэх талаар энэ хэрэгт маргаагүй.

            2.16.Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... А.О***т *** метр квадрат газрыг эзэмшүүлсэн нь  4 гражийн зах зээлийн үнэлгээнд нийцээгүй тул нөхөн олговор авахыг хүссэн” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

            2.17.Нэхэмжлэгч А.О нь ийнхүү Б****** дүүргийн Засаг даргын 2***оны А/**** дугаар захирамжаар гражийн нөхөн олговорт *** метр квадрат газар авснаа мэдэж байсан атлаа нэхэмжлэлдээ энэ талаар огт дурдаагүй, 4 гражийн нөхөн олговорт олгосон *** метр квадрат газрын үнэ, гражийн зах зээлийн үнэлгээнд дүйцэхгүй  гэж үзсэн бол энэ талаар буюу өөрөөр хэлбэл, зөрүү нөхөн олговрыг ямар хэлбэр /мөнгөн төлбөр эсхүл газар эзэмших эрх олж авах, өөр бусад/ болон ямар хэмжээтэй /хэдэн төгрөг эсхүл нэмж ямар хэмжээтэй газрыг хаана, ямар зориулалтаар авах, өөр бусад/ талаар  нэхэмжлэлдээ бичих, шүүх хуралдаанд энэ талаар тайлбараа гаргах ёстой байхад гаргаагүй.

            2.18.Хариуцагч Н-н даргын 2***оны А/*** дугаар захирамжийг биелүүлж,  дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас А.О*********н гражийг албадан буулгахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар заасан журмын дагуу  зэрэг сонсох ажиллагаа явуулаагүй үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.

            3.2.А.О*********н газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хугацаа нь 2006 оны  12 дугаар сарын 22-ны өдөр, газар эзэмших эрх үүсгэсэн дүүргийн Засаг даргын захирамж нь 2010 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон тул түүнийг хууль ёсоор газар эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

            3.3.Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж,    47 дугаар зүйлийн 47.3-т “Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх  тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 60 дугаар 60.1.4-т 60 дугаар 60.1.4 ”... болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг ..., бусад тохиолдолд шүүх шийдвэрлэхээр  тус тус заасан байна.

            3.4.Нэхэмжлэгч А.О нь түүний өмчлөлийн гражийн доорх газар эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болсон болон газар эзэмших эрх дуусгавар болсны үр дагавар нь газрын дээрх эд хөрөнгийг өөрийн зардлаар чөлөөлөх үүрэгтэй болохыг Газрын тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг биелүүлэх үүрэгтэй, ийм тохиолдолд төрөөс түүний өмчлөлийн гражийг албадан чөлөөлсний төлөө нэхэмжлэгчид нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

            3.5.Гэвч Б****** дүүргийн Засаг дарга нь А.О*********н “нөхөн олговор” авах  хүсэлтийн дагуу 4 гражийн нөхөн олговорт *** метр квадрат газрыг газрыг эзэмших эрх үүсгэж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон  болох нь нотлогдсон тул шүүхээс захиргааны байгууллагын энэ үйлдлийг буруутгахгүй болно.

            3.6.Нэгэнт төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгч А.О***т “4 гражийг нь албадан буулгасны нөхөн олговор”-ыг олгосон байгаа тул шүүхээс А.О*********н 4 гражийг албадан чөлөөлсөн Н-н даргын 2***оны А/*** дугаар захирамжийн А.О*********н гражийн газарт холбогдох хэсгийг  /шийдвэрийг/ хууль бус эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

            3.7.Нөгөө талаас үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар  нөхөн төлнө” гэж, 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.

            3.8.Нэхэмжлэгч А.Онь өөрийн өмчлөлийн гэх гражийг нураасны нөхөн төлбөрт  Б****** дүүргийн Засаг даргын 2***оны А/**** дугаар захирамжаар *** метр квадрат газар  эзэмшүүлснийг эс зөвшөөрсөн бол “нөхөн олговрын хэмжээг зөвшөөрөхгүй” гэх гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой байхад ийм гомдлыг гаргаж байгаагүй  учраас нөхөн олговрыг дутуу олгосон гэдэг эрх зүйн маргаан үүсээгүй байна.

            3.9.Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Б****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд байрлах ** метр квадрат * гражийг албадан буулгасанд буюу гражийн нөхөн олговрыг өмнө аваагүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон нь илт үндэслэлгүй гэж үзлээ.

            3.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.О нь 4 гражийн төлбөрт нөхөн олговор авсан талаараа шүүхэд огт тайлбарлаагүй, үүнд холбогдох нотлох баримтаа гаргаж өгөхгүйгээр Нийслэлийн Засаг дарга нөхөн олговор өгөх ёстой гэж маргасан боловч шүүхийн ажиллагаагаар тэрээр уг 4 гражийн нөхөн олговорт газар эзэмших эрх олж авсан байгаа нь нотлогдсон тул шүүх нэхэмжлэгч А.О****г 4 гражийг албадан буулгасанд нөхөн олговроо авсан атлаа ийнхүү Н-н даргаас нөхөн олговор давхар авахаар нэхэмжилсэн нь хууль бус гэж дүгнэв.

            3.11.Тодруулбал, дээр тогтоогдсоноор нэхэмжлэгч А.О шүүхэд 4 гражийн нөхөн олговорт олгосон *** метр квадрат газрын үнэ, гражийн зах зээлийн үнэлгээнд дүйцэхгүй  гэж үзэж нэхэмжлэл гаргаагүй, харин  Н-н даргаас “дахин” нөхөн олговор авахаар маргаж байгаа тул захиргааны актын улмаас учирсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийг “дахин” нөхөн төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, ийм эрх хуулиар олгоогүй болно.

            3.12.Н-н даргын 2***оны А/*** дугаар захирамжид хамрагдсан  Б****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд ** метр квадрат талбайтай * машины гражийг газрын гэрээ, гэрчилгээний хугацаа нь дуусгавар болсон байгаа учраас газрыг гэрээ, гэрчилгээгүйгээр эзэмшиж байсан А.О нь төрөөс нөхөн олговор авах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдгийг тэмдэглэж байна.

            3.13.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч А.О нь нөхөн олговрын хэмжээгээр маргаагүй,   маргах эрхгүй, түүнчлэн Нийслэлийн Засаг даргыг дахин нөхөн олговор олгох ёстой гэж маргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А.О*********н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

            4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            4.2.Шүүхээс уг хэрэгт гэрчээр В.С*г асууж мэдүүлэг авсан байх боловч гэрч нь хууль сануулсан баримт болон гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломж учраас үнэлээгүй болно. /ХХ-1-н 205-207  дахь тал/.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6, Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 47 дугаар зүйлийн 47.3, 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О*********н “Н-н даргын 2***оны ** дугаар сарын **-ний өдрийн А/***дугаар захирамжаар хууль бусаар А.О*********н өмчлөлийн Б****** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны хойд талд ** метр квадрат талбайтай * машины гражийг нураасны улмаас учирсан хохирлыг Н-н даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч А.О*********н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ