Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 21

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2019/00246 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.С-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.А-д холбогдох

“32.280.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.С, нарийн бичгийн дарга Э.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.А нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн *** суманд Зам ангийн дарга Б, жолооч Д нартай хамт ирсэн. Тэгээд буцаад *** сум руу явахад нь би 360 кг ноолуур ачиж хамт явж *** сумын *** түүхий эдийн төвд өгсөн. Тэгээд Ц.А нь миний утасны дугаарыг авсан үүнээс хойш над руу байнга ярьдаг болсон. Ц.А нь эхнэр н.У цалингийн зээлийг төлчихөөд өгье гээд удаа дараа гуйсаар байгаад 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *** дугаар данс руу бэлэн 1,200,000 төгрөг шилжүүлж, дараа нь өөрийнхөө *** тоот данснаас 8,800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2011 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мөнгөө авъя гээд Хархорин суманд очиход 1 сар сунгаад өгөөч гэж хэлсэн. Би 10,000,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын ХААН банкнаас Бизнесийн зээл 10,000,000 төгрөг, мөн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээл 5,000,000 төгрөгийн зээл авсан байсан тэр мөнгөнөөсөө зээлүүлсэн юм.

Хугацаа дуусаад мөнгөө авъя гээд сар болгон очиход дахин өмнөх шалтгаа хэлж хугацаагаа сунгасан. Улмаар дамжиж удаа дараа очиход намайг сүүлдээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нөхцөгч буюу хамтран амьдрагч н.Ц эгч, дүү нарынхаа дэргэд зодож тархины хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2011 оноос 2019 он хүртэл удаа дараа сар тутам мөнгөө нэхсэн. Би 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрч дахин Төрийн банкнаас 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 18,000,000 төгрөг зээлж Хаан банкны зээлээ төлж хүүгээс хүүний өрөнд орж хохирсон. Банкны зээлээ төлөхийн тулд Солонгос улс руу 2015, 2016, 2017, 2018 онуудад тус тус явж хүртэл ажилласан. Намайг Солонгос улсад байх хугацаанд миний төрсөн охин Ү, Э нар удаа дараа ярьж нэхэж байсан. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 10,000,000 төгрөгийн алданги 1,8%-иар тооцоход 54,455,144 төгрөг төлсөн. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу хохирсон эрх ашгийг хамгаалж Ц.А-оос 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Г.С миний бие 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Ц.А-д 10,000,000 төгрөг зээлүүлсэн. Уг мөнгийг Ц.А-с гаргуулахаар Хархорин сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Дээрх 10,00,000 төгрөгийг миний бие ХААН банкнаас зээлж өгсөн бөгөөд сарын 1.8 хувийн хүүтэй /жил 21.6%/ мөнгийг бүтэн 8 жилийн хугацаанд банкинд төлөхөд нийт 17,280,000 төгрөгийн хүү, 5,000,000 төгрөгийн алданги төлсөн. Нийт 22,280,000 төгрөг төлсөн. Миний бие Ц.А-н буруутай үйлдлээс болж 22,280,000 төгрөгийн хүү, алданги төлсөн тул уг хүү, алдангийг Ц.А-оос нэмж гаргуулах хүсэлтэй байна. Ц.А-с үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 жилийн хүү 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 32,280,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг Ц.А-д зээлж *** тоот дансанд 8,800,000 төгрөг, бэлнээр 1,200,000 төгрөг өгсөн. Ц.А нь анх мөнгө авахдаа эхнэрийнхээ цалингийн зээлийг дарчихаад буцааж өгнө гээд авсан. Манай эхнэр монгол хэл, уран зохиолын багш ажилтай гэж хэлээд надаас мөнгө авсан. Тэгээд өгөхгүй болохоор нь би удаа дараа мөнгөө авъя гэж очсон боловч өгөөгүй. Би 2016, 2017, 2018, 2019 онуудад мөнгөө авах гээд чадаагүй. Сүүлдээ хамтран амьдрагч н.Ц гэдэг эмэгтэйн гэрт нь очиж хаалгыг нь цохиход цагдаад дуудлага өгөөд намайг 4 удаа бариулж байсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байцаагч 88067017 дугаараас над руу залгаад би Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллагад очиж байцаалт өгсөн. Ц.А нь 2018 оны 1-3 дугаар сард Өвөрхангай аймгийн Хүргэлт сервест, 7, 8 дугаар сард *** ХХК-д ажиллаж, н.Ц хамтран амьдарсан. Тэр хооронд би өрөө нэхэж ирэхэд дугаараа хаачихдаг байсан. Ер нь маш олон дугаартай хүн байгаа юм. Надаас анх мөнгө зээлэхдээ *** гэсэн дугаараар ярьдаг байсан. Тэрнээс хойш ***, ***, ***, *** гэх мэт дугаарууд руу залгаж өрөө авъя гээд ирэхэд зугтаагаад олддоггүй байсан. Би 2011 оноос 2018 оны хугацаанд банкнаас зээлсэн 10,000,000 төгрөгийг эргүүлж төлөх гэж банкны барьцаанд хашаа, байшингаа тавьсан. Тэгээд банк хурааж авах гээд байхаар нь 2013 онд Төрийн банкнаас 18,000,000 төгрөгийн зээл авч Хаан банкны зээлээ дарсан. Одоо хариуцагчаас нийт 32,280,000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ мөнгийг Ц.А-д авч өгчихөөд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш сард 450,000 төгрөг банкинд төлдөг байсан. Би сард 600,000 төгрөгийн цалинтай. Би 450,000 төгрөгийг нь банкинд өгчихөөд 150,000 төгрөгөөр нь амьдарч чадахгүй хоосон хонож байсан өдөр байгаа. Гэтэл Ц.А нь авсан мөнгөө дандаа аваагүй гэж дайрдаг. Би мөнгөө аваад банкны зээлээ дараад дэлгүүрийн гэрчилгээгээ чөлөөлж авмаар байна. 1.8 хувийн хүүтэй гэж бодоход 10,000,000 төгрөг сарын 180,000 төгрөгийн хүү бодогдоно. Хүү 8 жилийн хугацаанд нийт 17,280,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 32,280,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 32,280,000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад Г.С нь 2011 онд 10,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ бид 2 гэрээ байгуулаагүй. Тэр үед би ноолуурыг нь зөөж бизнесийн ажилд нь тусалж байсан болохоор баярлаад надад тэр мөнгийг өгч байна гэж ойлгосон. Г.С нь намайг эхнэр н.У-н цалингийн зээлийг дарчихаад өгье гээд 10,000,000 төгрөг авсан гэж худлаа бичсэн байна. Тэр үед эхнэр бид 2 салчихсан байсан болохоор зээл төлөх асуудал байгаагүй. Би Г.С-той сайн найз нөхдийн холбоотой байсан. Гэтэл энэ хүн надтай суух зорилгоор надад мөнгө төгрөгийн тусламж үзүүлж байсан юм байна билээ. Би 2014 онд Хөшигтийн хөндийд ажиллаж байхдаа Г.С-д авсан мөнгөө өгөх гэтэл бид 2 бие биедээ тус болж явсан юм чинь би мөнгөө авахгүй гэж хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын үед намайг манай ангийн охинтой хардаж мөнгөө нэхэж эхэлсэн. Манай гэрт ирж цонх хагалж, намайг зодсон гэж цагдаад гомдол гаргаж хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь хэрэгсэхгүй болсон чинь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Надад мөнгө өгөхдөө бид 2 гэрээ байгуулаагүй. Түүнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ ам хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-н хариуцагч Ц.А-с зээл, зээлийн хүү, алдангид нийт 32,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.С давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2019/00246 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хариуцагч Ц.А нэхэмжлэгч надаас 10.000.000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж миний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хариуцагч талд үйлчилж иргэн намайг хохироож байна. Миний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй байна. Учир нь 1 сар хэрэглээд буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй ба 8 жил 2 сар мөнгөө нэхэж байна. Г.С би хариуцагч Ц.А-д мөнгө зээлүүлээд бичгийн гэрээ байгуулаагүй тул хүү, алданги нэхэмжлэх эрхгүйгээ ойлгож 17.280.000 төгрөгийн хүү, 5.000.000 төгрөгийн алдангаас татгалзаж байна. Харин үндсэн зээл нь 10.000.000 төгрөгийг Ц.А-р төлүүлэх эрхтэй гэж үзэн үндсэн нэхэмжлэл 10.000.000 төгрөгийг Ц.А-р төлүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ц.А-оос 10.000.000 төгрөг гаргуулах гомдлыг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Д.А-д холбогдуулан “32.280.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгө авсан талаар хариуцагч маргаагүй. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т дэх хэсэгт зааснаар  хүү авах эрхээ алдах бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хариуцагч Ц.А-н “...2014 онд Хөшигтийн хөндийд ажиллаж байхдаа Г.С-д авсан мөнгөө өгөх гэтэл бид 2 бие биедээ тус болж явсан юм чинь би мөнгөө авахгүй гэж хэлсэн...” гэсэн тайлбараар нэхэмжлэгч Г.С-д 10 000 000 төгрөгийг эргүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байгаа боловч тухайн оны хэдэн сард ингэж ярьсан нь тодорхойгүй байна. Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх нь шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжийг үгүйсгэдэг. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй  тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Хариуцагч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй тул дээрх нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүхээс тодруулах боломжгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Нэхэмжлэгч Г.С-н гомдлыг эцэслэн хэлэлцээгүй тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174950 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2019/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Нэхэмжлэгч Г.С-с давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.