Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Л.Эрдэнэцагаан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Даваа

Шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дундговь аймгийн Прокурорын газраас

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1968 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар баг, Нарлагийн 3-р гудамжны 3 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, гавьяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх, /регистрийн дугаар ХП68102614/ Шарга чоно овгийн Сүрэнжавын Ганболд,

 

           Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4-р хороо, 2 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөө гудамж Сот-3 дугаар байр 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, /регистрийн дугаар ХЖ74082814/ Шавь овгийн Даваатөмөрийн Эрдэнэбат нарт

                                            

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 1392017/00037/Э/ индекстэй, эрүүгийн 201612000036 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

                         

Шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн “Зүүн тойром” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Чинхаш” ХХК-ний уурхайн кемп дээр байсан нам даралтын зуух 2 ширхэг, хөтлөгч мотор 4 ширхэг, туузан дамжуулагч ремень 20 метр, дизель станц 2 ширхэг, өрмийн хийн компрессор 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 19390000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: С.Ганболд нь манай ахын ангийн хүүхэд байгаа юм. “Цалингийнхаа барьцаанд хэдэн зүйл авах гэж байгаа” гэхээр нь 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр би машин олж түүнийг нь ачаад хотод аваачсан. Хулгайн юм гэдгийг нь мэдээд нөгөөдөр нь буцааж авчирч өгсөн гэв.

 

Шүүгдэгч С.Ганболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Чинхаш” ХХК-ний менежер болох Баярбаатар, Батболд нараас хэдэн төгрөг авах байсан. Тэгээд Д.Эрдэнэбатаас “тэнд очоод тийм, тийм эд зүйл авчих, надад одоо мөнгө алга, чи туслаач” гэж гуйсан болохоор Д.Эрдэнэбат ирээд аваад явсан. Би манаачид нь архи уулгаж, гэртээ аваачсан нь үнэн, гэмшиж байна. Хэргийн материалд худал авагдсан зүйл байхгүй, бүгд үнэн зөв байна гэв.

 

Хохирогч Л.Эрдэнэцагаан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн компаниас алдагдсан бүх эд зүйлсийг буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Ц.Цэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутагт байх уурхайгаас эд зүйлс алдагдсан талаар Говь-Угтаал сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.Ариунболд надад мэдэгдсэн. Уурхай дээр очиж эд зүйлсээ бүртгэж үзэхэд нам даралтын зуух 2 ширхэг, 22 КВ-ийн хөтлөгч мотор 4 ширхэг, конвейр, туузан дамжуулагч ремень 80 см өргөнтэй 20 метр урт, дизель станц 200КВ-ийн 2012 оны хуучин 1 ширхэг, дизель станц 150 КВ-ийн 2012 оны хуучин 1 ширхэг, өрмийн хийн компрессор дугуйтай, дугуйгүй тус бүр 1 ширхэг алдагдаж Д.Эрдэнэбат, С.Ганболд нар хулгайлсан байсныг хэсгийн төлөөлөгч Б.Ариунболд надад буцаан бүрэн бүтэн, тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Яг хэдний өдөр хүлээж авснаа сайн санахгүй байна, алдагдсанаас хойш нээх их удаагүй буцаан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр би Б.Эрдэнэхүүгийн хамт машиндаа засвар хийх гээд уурхайгаас тос масло авах санаатай найз У.Мөнх-Эрдэнэтэй хамт ахынх нь портер машиныг гуйгаад “Чинхаш” ХХК-ний уурхайруу гарсан. Уурхай дээр манаач Д.Батжаргал, Б.Сүхбаатар гэх ах нар байсан. Гаднаас манай уурхайд ажилладаг байсан С.Ганболд гэх ах нэг танихгүй ахын хамт ланд маркийн машинтай ирсэн. Тэр хоёр нэг уут  боов, нэг шил архи гаргаж өгсөн. Тэрийг ууж байтал С.Ганболд ах хэдүүлээ сумын төв орж караокед дуулцгаая гээд байсан… С.Ганболд ахтай хамт явсан жолооч ах юм ярилгүй гараад яваад өгсөн. С.Ганболд ах та нар манайд хоноод яв гээд ор засах гээд байсан...бид хэд уурхай дээр очсон ба уурхай дээр очиход дизель мотор, компрессор зэрэг эд зүйлс алдагдсан байсныг Д.Батжаргал ахад хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

                 Гэрч Т.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед миний танил Д.Эрдэнэбат гэх залуу утсаар залгаад “танай Гурвалжингийн гүүрний зүүн талд байх хашаанд чинь тоног төхөөрөмж буулгачихлаа шүү, уурхайд ажилласан хөлсөө өгөхгүй болохоор нь аваад ирсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

                 Гэрч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Чинхаш” ХХК-нд Б.Сүхбаатар гэх хүнтэй хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр миний ээлж байсан юм. Тэр орой манай уурхайд ажилладаг Б.Батдэлгэр, Мөөгий гэх залуучууд нэг танихгүй залуугийн хамт ирээд 1 шил архи задалж өгөөд түүнийг нь ууж эхлэх гэж байхад манай уурхайд ажиллаж байсан С.Ганболд цагаан өнгийн Ланд 100 маркийн машинтай өөрийгөө Д.Эрдэнэбат гэж танилцуулж байсан залуугийн хамт уурхайд ирсэн ба бид хоёрт хотын юм гээд 1 шил архи өгсөн. Түүнийг нь хувааж уугаад дуусах гэж байхад С.Ганболд “одоо хэдүүлээ сумын төв орж ганц цаг караокед дуулъя, та хэд бас хамт яв” гээд нөгөө гурван залууд хэлж байсан. Тэгэхээр нь би С.Ганболдод хандаж “би ямар дуулж чадах биш дээ, би өнөөдөр жижүүртэй байна” гэж хэлэхэд “зүгээрээ эндээс юу л алга болох вэ дээ, ганц цаг дуулаад ирэхэд яав л гэж” гээд намайг ятгасаар байгаад сумын төврүү бөөнөөрөө явахаар болсон. Би нэг их уугаагүй, манай Б.Сүхбаатар нэлээн хэд татаад согтоод унтаад өгч байгаа харагдсан. С.Ганболд нь Б.Сүхбаатар бид хоёрт архинаас арай илүү хийгээд уу гэж шахаад байсан… Д.Эрдэнэбат гэх залуу нь юм хэлэлгүй буузнаас амсчихаад гараад яваад өгсөн. С.Ганболдын гэрээс 21 цагийн үед гараад уурхай дээр очтол Б.Батдэлгэр гэх залуу “Д.Батжаргал ахаа, нөгөө дугуйтай компрессор чинь алга байна, чирээд аваад явчихсан байна” гэж хэлэхэд нь би гар чийдэн авч гаран эд зүйлээ бүртгэхэд уурхайгаас 2 ширхэг том дизель мотор, 1 ширхэг дугуйтай компрессор, 1 ширхэг дугуйгүй компрессор, жижиг мотор, 2 ширхэг нам даралтын зуух, тал боодол ремень зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

                 Гэрч Ж.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2016 оны 2 сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай найз Эрдэнэбат над ирээд машинаа түр өгөөч хөдөө явчихаад ирье гээд миний Ланд 100 маркийн 7455 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад маргааш орой нь буцаагаад авчирч өгсөн… Хөдөө найзыгаа хүргэж өгөөд ирье гэж байсан. Машинаа өнгөрсөн зун танихгүй залууд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105/

                

                 Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “Нам даралтын зуух 2 ширхэг, 22 КВ-ийн хөтлөгч мотор 4 ширхэг, конвейр, туузан дамжуулагч ремень 80 см өргөнтэй 20 метр урт, 200 КВ-ийн дизель станц 2012 оны хуучин 1 ширхэг, 150 КВ-ийн дизель станц  2012 оны хуучин 1 ширхэг, өрмийн хийн компрессор дугуйтай, дугуйгүй тус бүр 1 ширхэг зэрэг зүйлсийг хураан авч эзэмшигч Ц.Цэрмаад хүлээлгэн өгөв” гэжээ /хх-ийн 13/   

                                             

                 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 60/

 

                 “Чинхаш” ХХК-ниас Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 5/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12/, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 44, 114/, Д.Эрдэнэбат, С.Ганболд нарыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 45, 115/, “Чинхаш” ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2017/12 дугаартай албан бичиг /хх-ийн 136/, “Чинхаш” ХХК-ний 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17/64 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичиг /хх-ийн 56/, ялтан С.Ганболдын хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 122-123/, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 127/ зэрэг уг хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлэн дараах дүгнэлтийг хийлээ.

 

 

            Шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн “Зүүн тойром” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Чинхаш” ХХК-ний уурхайн кемп дээр байсан нам даралтын зуух 2 ширхэг, хөтлөгч мотор 4 ширхэг, туузан дамжуулагч ремень 20 метр, дизель станц 2 ширхэг, өрмийн хийн компрессор 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 19390000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.Эрдэнэцагаан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “алдагдсан бүх эд зүйлийг буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь хэрэгт авагдсан эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 13/ нотлогдож байх тул шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нарыг учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч С.Ганболд нь урьд 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч  ялгүй болсон, шүүгдэгч Д.Эрдэнэбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул тэдэнд оногдуулсан  хорих  ялыг биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Шарга чоно овгийн Сүрэнжавын Ганболд, Шавь овгийн Даваатөмөрийн Эрдэнэбат нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболдод эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын  хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Эрдэнэбатад эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нарт оногдуулсан 2 жил 5 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч С.Ганболдод хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, шүүгдэгч Д.Эрдэнэбатад хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

         8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Ганболд, Д.Эрдэнэбат нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

       

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ