Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0657

 

 

2023          08          30                                   128/ШШ2023/0657

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: А Г,

            Хариуцагч: Т-н з-л,

            Маргааны төрөл: Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 0*/**** дүгээр албан бичиг хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны эрх зүйн харилцаанд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, түүний өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч А.Г-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 0*/**** дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

            2.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн Б/***дугаар тушаалаар Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулагдах хүртэл хугацаанд байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Г-г томилсон байна.

            3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

            Улмаар нэхэмжлэгч А.Г нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгуулж явуулсан Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтын тусгай шалгалтад оролцож, нийт 2 оролцогчоос дээд оноо болох 107.5  оноог авчээ.

            4.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б нь  2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн даргад хандан  “... Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн иргэний шалгалтад орох эрхийг үндэслэлгүй хассан талаарх гомдлыг Х.Б гомдлыг хянасан” талаар, “бүртгэлээс дээрх иргэнийг баримт бичгийн бүрдэл дутуу гэж хассан нь үндэслэлгүй учраас тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ирүүлэхийг шаардсан байна.

            5.Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгийг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, ийм шийдвэр гаргаснаа мэдэгдээгүй, Төрийн албаны зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага байхад, уг асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, ганц гишүүн Д.Б гаргасан нь хууль бус” гэж маргасан.

            6.Нэхэмжлэгч А.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

            1/Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгуулсан. Миний бие тусгай шалгалтад бүртгэл хийгдэх өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр журмын дагуу холбогдох мэдээллээ цахимаар илгээж бүртгэлийн системд бүртгүүлж, бүртгэл баталгаажсан.

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Тусгай шалгалтыг зарласан хугацаанд нь зохион байгуулж миний бие шалгалтаа амжилттай өгсөн. Тухайн албан тушаалд нэг өрсөлдөгч байсан ба түүнээс 14 оноо илүү авч нийт 107.5 оноо цуглуулсан.

            2/Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын бүртгэл нь цуцлагдаж шалгалтад орох эрх үүсээгүй Х.Б гомдол гаргасан гэх шалтгаанаар надад нэр дэвшүүлсэн тогтоол гаргаагүй бөгөөд энэ талаар тухайн үед надад албан ёсоор мэдэгдээгүй болно.

            Миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02/726 албан тоотоор ирүүлсэн хариундаа тусгай шалгалтыг хүчингүйд тооцсон талаар дурдсан байна.

            3/Төрийн жинхэнэ албан хаагч миний бие Төрийн албаны зөвлөлөөс зарласан тусгай шалгалтад тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан тул заасан хугацаанд хууль, журмын дагуу бүртгүүлснээр шалгалтад орох эрх үүссэн.

            2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлөөс зарлагдсан тусгай шалгалт өгсөн нийт оролцогчдоос 2 дугаар байр, Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад 1 дүгээр байр эзэлж нийт 107.5 оноогоор шалгалтаа амжилттай өгсөн.

            Миний бие Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан. Тухайлбал, тус албан тушаалд 3 удаа түр орлон гүйцэтгэгчээр, 1 удаа Төрийн албаны удирдах албан тушаалын шалгалтыг 2015 онд амжилттай өгч томилогдон ажиллаж байсан, нийт ажилласан хугацаандаа буюу 22 жил Төрийн албан хаагчийн үр дүн, гүйцэтгэлийн гэрээг А буюу 95 хувиас дээш үнэлгээгээр үнэлүүлж амжилт, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн, туршлагатай, ажлын үр дүнд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагч юм.

            4/Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 0*/**** албан тоотод Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэсэн заалтаар үүрэг өгсөн боловч Төрийн албаны зөвлөл өөрөө энэ үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “зөвлөлийн бүрэн эрхийн талаар заагдсан 66.1.3. Зөвлөл нь иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, заалтыг зөрчиж Зөвлөлөөс хамтын шийдвэр буюу тогтоол гаргаагүй, ганц гишүүний албан тоотоор шалгалтыг хүчингүй болгосон нь өөрөө хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн” гэж, 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан тул тухайн шалгалтыг Зөвлөлөөр авч хэлэлцээгүй, гишүүд хамтын шийдвэр гаргаагүй, хүчингүй болгосон тогтоол гараагүй тул дээрх хуулийн заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

            Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна” гэж заасан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмаар ажиллаагүй гэж үзэж байна.

            5/Төрийн албаны зөвлөл нь Х.Б-н гаргасан гомдлыг хянаж үзэхдээ Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20-р тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмын 4.1.6 /талуудын тэгш эрхийг хангах зарчим/, 10.1.5 /Маргагч талуудаас тайлбар авах/ дахь заалтуудыг үл харгалзан надаас ямар нэгэн тайлбар, нотолгоо авалгүйгээр миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            6/Төрийн албаны тухай хуулийн дагуу шатлан дэвших буюу мерит зарчмаар тухайн салбарт ажилласан 22 жилийн хугацаанд хамгийн доод албан тушаалаас шат дараалан өгсөж дэвшин ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч миний хүрсэн амжилтыг өөрөөс минь үл хамаарах шалтгааны улмаас Төрийн албаны зөвлөлөөс үгүйсгэж оюун ухаан, цаг хугацаа, санхүү, хүч хөдөлмөрийг минь үнэгүйдүүлсэнд миний урам хугарч цаашид төрийн албанд зүтгэх зүтгэл, итгэлийг маань байхгүй болгож байна” гэжээ.

            7.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие А.Г нь 2001 онд ажилд орсноос одоог хүртэл тухайн байгууллагад ажиллаж байгаа. 2001 онд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст мэргэжилтнээр ороод шатлан дэвших зарчмаар албан тушаал ахин ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтад орж томилогдсон. 2015 онд Хөдөлмөрийн хэлтсийн даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт ороод жинхэлж ажиллаж байгаад манай байгууллага бүтцийн өөрчлөлтөд орсон. Хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоо газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Миний бие төрийн албанд 22 дахь жилдээ ажиллаж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлөөс зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад би бүртгүүлээд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалтаа өгсөн. Манай аймгаас тус албан тушаалд гурван хүн бүртгүүлээд нэг хүн хасагдсан. Надтай хамт   гэдэг хүн өрсөлдсөн. Би өндөр оноогоор 1 дүгээр байранд орсон. Тусгай шалгалт өгөөд тогтоол гарах ёстой байсан. Надад Төрийн албаны зөвлөлөөс нэг иргэн гомдол гаргасан гэх шалтгаанаар надад нэр дэвших талаар тогтоол гаргаж өгөөгүй. Жинхлэх тушаал гаргаагүй. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан шалтгаан нь би төрийн албанд олон жил ажилласан байтал миний эрх ашиг зөрчигдсөн. Тусгай шалгалтыг хүчингүй болгосон талаар ямар нэгэн байдлаар надад мэдэгдээгүй. Тогтоол гаргаагүй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу бүртгүүлээд хуулийн дагуу шалгалтаа өгөөд гарсан. Би энэ албан тушаалд мэргэжилтнээс эхлүүлээд Төрийн албаны 2019 онд шинэчлэгдсэн хуулиар шатлан дээшлүүлэх зарчмаар ажилласан. Хэн нэгэн гомдол гаргалаа гээд тэр хүний асуудал байх. Миний эрх ашиг хөндөгдөх шийдвэр гаргаад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, нэхэмжлэл гаргасан” гэв.

            8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс явуулсан салбар зөвлөлөөс удирдах албан тушаалтад 3 хүн бүртгүүлснээс хоёр хүнийг шалгалтад оруулаад нэг хүнийг бүртгэлээс хассан. Хассан хүн нь тус Б******* аймгийн орон нутгийн өмчийн газарт ажилладаг хүн байдаг. Хасагдсан өдрөө 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан байдаг. Салбар зөвлөл тухайн гомдлын дагуу хянан хэлэлцээд тухайн хүний бичиг баримтын бүрдэл дутуу байсан талаар хариу өгөөд энэ хариу нь тухайн салбар зөвлөлийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд туссан байдаг. Энэхүү тэмдэглэлийн дагуу Х.Б өөрөө төрийн албаны зөвлөлд гомдол гаргадаг. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б нь гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс шийдвэр гаргасан. Тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоод дахин сонгон шалгаруулалт зарла гэдэг байдлаар Төрийн албаны зөвлөлд даалгавар өгсөн байдаг. Энэхүү албан бичгээр А.Г-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн байна, гаргасан шийдвэр нь шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу хуульд заагдсаны дагуу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гээд А.Г-д мэдэгдээд тухайн ажиллагаанд оролцуулах, ямар хяналт шалгалтын үүднээс энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоод дахин зарлахаар болж байгаа агуулгаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. А.Г энэ агуулгаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрийн албаны зөвлөлд хандсанаар сонгон шалгаруулалтын ажиллагаа хүчингүй болгоод дахин явуулах болсон талаар мэдсэн байдаг. Шүүхэд хандаж байгаа хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр тооцогдох юм. Шийдвэр гарч байгаагаар А.Г-д ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байхгүй. Тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаагүй байна гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтын шийдвэр гаргана гээд заасан. Энэ тохиолдолд зөвхөн Д.Б гишүүний явуулсан албан бичгийн дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоод байна. Д.Б гишүүний гаргасан шийдвэрээс өөр тусдаа ямар нэгэн эрх зүйн баримт бичиг үйлдэгдээгүй. Шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулаагүй байна” гэв.

            9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

            Төрийн албаны зөвлөлийн Б******* аймаг дахь салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

            Гэтэл дээрх сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэн

            Х.Б-с 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол ирүүлсэн.

            Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын тухай” 02/2429 дүгээр албан бичгээр Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн иргэн Х.Б-г “баримт бичгийн бүрдэл дутуу” гэсэн үндэслэлээр бүртгэлээс хассан нь хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны Зөвлөлд ирүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлд хүргүүлсэн” гэжээ.

            10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдлын зарим хэсэг нь үндэслэлтэй. Төрийн албаны зөвлөл хамтын шийдвэр гаргах ёстой байсан. Нэг гишүүн нь зөвлөлөөр хэлэлцүүлээгүй асуудлыг албан бичгээр шалгалтыг хүчингүй болгоод байгаа нь процесс зөрчигдсөн асуудал байгаа юм. Эрх ашгийг нь хөндөөд байгаа гэдэг дээр үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрт нь сонсох ажиллагаа хийгээгүй. Сонгон шалгаруулалтын үр дүн гарсан байгаа. Гэхдээ сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан. Сонгон шалгаруулалтыг хууль бус явуулсан гэж үзэх юм бол хэлэлцээд тогтоол гаргана. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д хамтын шийдвэр гаргахаар заасан. Гэтэл энэ асуудал дээр шийдвэр гаргаагүй. Д.Б гишүүн өөрөө дангаараа шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа үндэслэл үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйлийн талаар:

            1.1.Энэ хэргийн маргаанд “төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд холбогдох” үйл баримтын талаар маргасан болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч А.Г нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж явуулсан, Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтын тусгай шалгалтад оролцож, нийт 2 оролцогчоос дээд оноо болох 107.5  оноог авсан болох нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системийн мэдээллээр нотлогдож байна.  /ХХ-н 77-78 дахь тал/

            2.2.А.Г-гийн энэхүү дүнгийн талаар маргаан байхгүй байна.

            2.3.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б нь  2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн даргад хандан  “... Х.Б гаргасан Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд бүртгүүлж, шалгалтад орох эрхийг үндэслэлгүй хассан талаарх гомдлыг хянасан” талаараа дурдаад “... бүртгэлээс дээрх иргэнийг баримт бичгийн бүрдэл дутуу гэж хассан нь үндэслэлгүй учраас тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ирүүлэхийг шаардсан”  байна. /ХХ-н 33 дахь тал/

            2.4.Энэхүү албан бичгийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явуулсан Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх ба  үүний үр дагавар нь нэхэмжлэгч А.Г-гийн өгсөн төрийн албаны тусгай шалгалтын дүн хүчингүйд тооцогдож, А.Г-г Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд  нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргаагүй болох нь талуудын гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо.

            2.5.Нэхэмжлэгч А.Г нь маргаан бүхий захиргааны акт болох  Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгийг хууль бус гэж үзсэн үндэслэлээ “уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, ийм шийдвэр гаргаснаа А.Г-д мэдэгдээгүй, Төрийн албаны зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага байхад, уг асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, ганц гишүүн Д.Б гаргасан нь хууль бус” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

            2.6.Тухайлбал, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн энэхүү үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар няцааж чадаагүй тул А.Г-ийн Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтын тусгай шалгалтад оролцож, 107.5  оноо авсан үр дүн бүхий энэ шалгалтыг  Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүний гарын үсэг бүхий 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр хүчингүйд тооцохдоо Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй, хамтын шийдвэр гараагүй, зөвхөн тус зөвлөлийн гишүүн Д.Б дангаар гаргасан болох нь нотлогдсон болно.

            2.7.Мөн түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр уг шалгалтыг хүчингүй болгох ажиллагаандаа нэхэмжлэгч А.Г-г оролцуулаагүй, түүнд мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримт байхгүй” гэснээр тогтоогдсон гэж үзлээ.

            2.8.Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгийн үндэслэл нь Х.Б-г уг сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус буюу үндэслэлгүй гэх шалтгаан байсан гэдэгтэй хариуцагч тал маргаагүй.

            2.9.Хариуцагчаас Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн зохих шийдвэр гаргахгүй байгаа үндэслэл нь А.Г-г шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдсэн зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” нь төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх байхаар, 67 дугаар зүйлийн 67.1-т “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна, гэж, 68 дугаар зүйлийн 68.1-т “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна” хэмээн хуульчилсан байна.

            3.2.Дээрх хуулийн заалтын дагуу Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах ажиллагаанд илэрсэн зөрчлийг шийдвэрлэхдээ хамтын зарчмаар шийдвэрлэх, ингэхдээ хуралдаанаар хэлэлцэх ёстой байхад тус Зөвлөлийн гишүүн Д.Б нь гомдлыг дангаар шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр уг шалгалтыг хүчингүй болгох чиглэл өгсөн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус болно.

            3.3.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж журамласан.

            3.4.Төрийн албаны зөвлөлийн гишүүн нь 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 02/**** дугаар албан бичгээр Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу уг шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан А.Г-д энэ талаар мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах эрхийг нь хязгаарласан нь ч хууль зүйн зөрчил мөн.

            3.5.Хамгийн гол нь нэхэмжлэгч А.Г нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, бүртгүүлсэн байдал, нэр дэвшигч А.Г-г  шалгасан шалгалтын явц, шалгалтын үнэлгээ зэрэг үйл баримтуудын талаар аливаа этгээдээс маргаагүй,  өөр бусад байдлаар хууль зөрчсөн байдал шүүхэд тогтоогдоогүй тул түүний оролцсон шалгалт, шалгуулсан шалгалтын үр дүнг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

            3.6.Ийнхүү А.Г-ийн төрийн албаны тусгай шалгалтад нэрээ дэвшүүлж бүртгүүлсэн, шалгалтад оролцсон байдал,  шалгалтын явц, гарсан үр дүн /шалгалтад 107.5 оноо авсан/ зэрэг хууль зүйн үйл баримт нь Х.Бахытгул гэгчийн уг шалгалтад оролцохоор нэрээ дэвшүүлж, бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг төрийн байгууллага, албан тушаалтнаас хүлээн аваагүй, бүртгэхээс татгалзсан үйл баримтууд хоорондоо ямар нэг шалтгаант холбоогүй үйл баримтууд юм.

            3.7.Ийм хоорондоо шалтгаант холбоогүй, нэг нь нөгөөгөөс үүдсэн үр дагаврыг дагуулаагүй буюу Х.Б-г бүртгэхээс татгалзсан шийдвэр нь, А.Г-г шалгалтад ороод 107.5 оноо авахад нөлөөлөөгүй байхад Х.Б-г бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэх үндэслэлээр А.Г-ийн өгсөн шалгалтын үр дүнг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй, энэ нь “шударга ёсны зарчим”-д нийцэхгүй тул хууль бус гэж үзлээ.

            3.8.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, ... нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж хуульчилснаас үзвэл А.Г-ийн оролцсон сонгон шалгаруулалт хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байхад “Х.Б-г бүртгэхээс татгалзсан” гэх үндэслэлээр шалгалтыг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцээгүй, эрх зүйн зөрчил юм.

            3.9.Тодруулбал, Х.Б-г Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор нэрээ дэвшүүлснийг бүртгэхээс татгалзсан гэх төрийн албаны салбар зөвлөлийн үйлдлийг  эрх бүхий этгээдээс зөвхөн уг шийдвэрийнх нь хүрээнд хянаж, хууль зүйн дүгнэлт өгөх ёстой ба хуульд нийцээгүй бол бүртгэхээс татгалзсан шийдвэрийг нь хүчингүй болгох, түүнийг нэр дэвшигчээр бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулах боломжоор хангах, түүнээс зохих журмаар шалгалтыг авах зэрэг шийдвэр гаргах боломжтой болохоос, хуулийн дагуу бүртгүүлж, зохих журмаар шалгалтаа өгсөн, мэдлэг, ур чадвараа хууль зөрчөөгүй шалгуулсан, дүгнүүлсэн А.Г-ийн өгсөн шалгалтын үр дүнг хүчингүйд тооцох нь хууль бус болно.

            3.10.Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 0*/**** дугаар албан бичиг нь нэхэмжлэгч А.Г-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус болох нь тогтоогдож байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            3.11.Харин нэхэмжлэгч А.Г-ийн Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй байна.

            3.12.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аливаа этгээдийг нэр дэвшүүлэх тогтоолоо гаргах түүний хуулиар олгосон бүрэн эрх юм.

            3.13.Иймд хариуцагчаас Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн шийдвэр гаргах нөхцөл нь А.Г-ийн  шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдэн тодорхой болоогүй байжээ.

            3.14.Дээр дурдсанаар Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр оноо авсан А.Г-г томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх ажиллагаа нь шүүхэд маргаантай байгаагаас үүдэн шийдвэрлэх боломжгүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл нь тус Төрийн албаны зөвлөлийг зохих шийдвэрээ гаргахаас хууль бусаар татгалзсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

            3.15.Энэхүү үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн “Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд А.Г-г нэр дэвшүүлэх тогтоол гаргахаас татгалзсан эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан “Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд А.Г-г нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

            3.16.Шүүхийн энэхүү дүгнэлт нь Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс өөрсдийн эрх хэмжээний хүрээнд Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд зохих этгээдийг нэр дэвшүүлэх, тогтоолоо гаргахад саад болохгүй, өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.

            Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

            4.1.Шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 68 дугаар зүйлийн 68.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-ийн  нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 0*/**** дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

            2.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Б******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд А.Г-г нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасантай нь холбогдуулж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, үлдсэн 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ