Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0714

 

 

2023          09           25                                    128/ШШ2023/0714

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:М.Н

Хариуцагч: Н-н Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н нарын хооронд үүссэн Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***дүгээр захирамжийн хавсралтын ** дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1. Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***дүгээр захирамжийн хавсралтын ** дэх хэсгийг хүчингүй болгуулах.

            Хоёр.Хэргийн үйл баримт процессын талаар:

            2.1.Маргаан бүхий Н-н Засаг даргын оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/***дүгээр захирамж нь “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Н-н И-н Т-н Х-н 2022 оны 116 дугаар тогтоолыг үндэслэн гарсан байна. 

            2.2.Нэхэмжлэгч М.Н нь уг захирамжийг бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, эрх, ашиг хөндөгдөж зөрчигдөж байгаа эсэхийг нягталж шалгаагүй, газрыг албадан чөлөөлөх болсон талаар урьдчилан мэдэгдэж, оролцоог хангаагүй, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эзэмших, ашиглах эрхэд халдаж байна гэх агуулгаар уг захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн болно.

            Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, хууль зүйн үндэслэл.

            3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн М.Н би Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан. Мөн Иргэний хуулийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Дээрх заалтуудыг Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***захирамж нь миний эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэж үзэж тус шүүхэд хандаж байна.

            Б****** дүүргийн Засаг дарга С.Э-н **99 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дугаар захирамжийн дагуу баригдсан 40 машины гараашийг худалдан авсан бөгөөд 20-д жил газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Зарим 7-8 гараашны үл хөдлөхийн гэрчилгээг авсан байдаг бөгөөд бид гэрчилгээ авахаар хүсэлт тавьсан байдаг боловч хүлээж аваагүй болно. Бид дур мэдэн зөвшөөрөлгүй газар дээр бариагүй, зөвшөөрөлтэй газар дээр барьсан гараашийг эзэмших эрхийн гэрээгээр үл хөдлөх болох гараашийг өөрийн хөрөнгөөр худалдан авч ашиглаж байсан.

            Иймээс бид өөрсдийгөө шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй болно ” гэжээ.

            4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд Н-н Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/***дүгээр захирамжийг гаргасан болно.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 271 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Н-н Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/***дугаар захирамжид тусгасан болно.

            Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшдэггүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

            Иймд Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

            1.1.Энэ хэргийн маргаанд “газар чөлөөлөхөөр гаргасан захиргааны актад холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч М.Н нь Б****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар сургуулийн урд талд 4 автомашины гражийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан, өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж шүүхэд тайлбарлаж байна.

            2.2.Үүнийгээ нотлох баримтаар Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээний хуулбарласан хувийг, мөн Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт №7, Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт №25 гэсэн баримтыг эх хувиар тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

            2.3.Эдгээр баримтуудаар газар ашиглах гэрээг 1 жилээр хийж, 2003-20** оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жил тутам сунгаж ирсэн байгаа, уг газар ашиглах гэрээний хугацаа дахин сунгагдаагүй байна.

            2.4.Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***дүгээр захирамжийн Хавсралтын ** дэх хэсгээр Б****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар сургуулийн урд баригдсан *** тоосгон гражийг буулгах, газрын зөрчлийг арилгахаар тус тус шийдвэрлэсэн байна.

2.5.Уг захирамжийн Хавсралтын ** дэх хэсэгт заасан ***гражийн 4 граж нь М.Н-ын өмчлөлийн гражид хамаарч байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба тэрээр шүүх хуралдаанд “уг газрыг ашиглах эрх зүйн харилцаа Б****** дүүргийн Засаг даргын  **99 оны 176 дугаар захирамжаар үүссэн, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдсан граж тул төр хүний өмчийг хамгаалах ёстой, шүүхэд хамгаалагдах ёстой” гэж маргасан.

2.6.Нэхэмжлэгч М.Н-ын шүүхэд нотлох баримтаар өгсөн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээний эхний нүүрний хэсэг нь хуулбар хувь байгаа ба түүнд дээр “№32 граж”  гэсэн нь энэ гэрээний бичилт биш тул тус гэрээ нь 32 дугаартай гражийн газар ашиглах гэрээ гэдэг нь нотлогдохгүй гэж үзсэн.

2.7.Харин энэ гэрээ нь түүний өмчилдөг гэх “нэг” л гражийнх нь газар ашиглах гэрээ болох нь уг гэрээний 2.1-т “газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ-18 м2” гэснээс харагдаж байна. Уг гэрээний нүүрэн тал нь хуулбар учраас  шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул энэхүү нэг гражийн гэрээ  гэж үзсэн нь шүүхэд тогтоогдсон гэж дүгнэсэн дүгнэлт биш болно.

            2.8.Дээрх байдлуудаар нэхэмжлэгч М.Н нь 4 граж өмчилдөг гэх боловч тэрээр эдгээр гражийг худалдан авсан талаар ямар нэг баримт байхгүй тул 7, 25 гэсэн дугаар бүхий гражийн төлбөр төлж байснаас өөр, ямар гражууд өмчилдөг талаар нотлох баримт байхгүй, түүний өмчилдөг гэх 4 гражаас нэгээс бусад 3 гражид эрх бүхий байгууллагаас газар ашиглах гэрээ байгуулж байгаагүй, байгуулсан нэг гэрээ нь 20** оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, 2 гражийн хувьд газар ашигласны төлбөр төлсөн баримт байгаа ч бусад 2 граж газар ашигласны  төлбөр төлсөн баримт байхгүй, мөн энэхүү хугацаанаас хойш 4 гражийн газар ашигласан төлбөр төлсөн баримт байхгүй, уг 4 граж нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй үйл баримтууд тогтоогдож байна.

            2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б****** дүүргийн Засаг даргын **** оны Б/*** дугаартай захирамжид 40 машины граж барих гэсэн байгаа боловч  уг газарт ***граж баригдсан байгаа, иймд захирамжид ***граж чөлөөлөх гэж заасан” гэж тайлбарласан бөгөөд уг тайлбар нь Н-н Засаг даргын 2023 оны А/***дүгээр захирамжийн Хавсралтын **-д “106” гарааш /граж/ гэж зааснаас тогтоогдож байна.

            2.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Н-н Засаг даргын 2023 оны А/***дүгээр захирамж нь Н-н И-н Т-н Х-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн **/** дугаартай “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг биелүүлж гарсан” гэж маргасан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Шүүх анх газар ашиглах зөвшөөрөлтэй баригдсан буюу газар ашиглах эрх зүйн харилцааны дүнд бий болсон иргэний өмчид хамгаалал хийх, эсхүл газар ашиглах эрх нь дуусгавар болсон автомашины гражуудыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд амарч суух ногоон орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн нийтийн эрх ашигт хамгаалалт хэрэгтэй юу гэдгийг харьцуулан  дэнсэлж үзэж дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж байна.Үүнд:

            3.1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл иргэн нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах бол  Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийг төлбөр төлөх, эзэмших бол гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай байна.

            3.2.Дүүргийн Засаг даргаас М.Н-д газар ашиглах зөвшөөрлөө үргэлжлүүлэн олгоогүй, газрын төлбөр төлөх үүргийг дуусгавар болгож байгаа буюу газар ашиглуулах гэрээний хугацаагаа сунгаагүй бол дээрх заалтуудын дагуу иргэний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хууль зүйн үр дагавартай гэдгийг эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд нэхэмжлэгч мэдэх ёстой.

            3.3.Хэрэв нэхэмжлэгч М.Н-аас ийнхүү өмчлөх гражийнхаа газрыг ашиглах гэрээг сунгахгүй байгаа нь хууль бус, түүний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзсэн бол энэ талаар  хуульд заасан хугацааны дотор шүүхэд  маргах эрхтэй байхад маргаагүй байна.

            3.4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, мөн зүйлийн 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 8.1.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж заасан байна.

            3.5.Дээр дурдсанаар нэхэмжлэгч М.Н нь 4 гражийн өмчлөгч гэж амаар тайлбарлаж байгаа гэх боловч  тэрээр 7, 25 гэсэн дугаартай гражийн төлбөрийг төлж байснаас  бусдаар гражийг өмчлөгч гэдгийг нотлох баримт байхгүй байна.

            3.6.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Н нь 4 гражийн өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас тэрээр 4 гражийн өмчлөгч гэдэг нь нотлогдохгүй байна.

            3.7.Иймд шүүхэд М.Н-ын хамгаалагдах ёстой гэж тайлбарлаж байгаа хөрөнгийн “өмчлөх эрх” нь нотлогдохгүй байгаа учраас түүнээс өмчийн хамгаалалт хийлгэхээр шаардсаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            3.8.Газрын тухай хуулийн мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх,  ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас дүгнэвэл иргэн, аж ахуйн нэгжид ямар газраа ашиглуулах, хэзээ ашиглуулах, ямар зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаа шийдвэрлэх бүрэн эрх нь И-н өөрсдийнх нь сонгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хамаарч байна.

            3.9.Н-н И-н Т-н Х-н 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн **/** дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх зорилтоор “дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна” гээд энэ төлөвлөлтийн хүрэх түвшинг тогтоосны дотор цэцэрлэгт хүрээлэн, амралтын талбайг 18 гэсэн суурь түвшинээс 24 гэсэн хүрэх түвшинг тогтоожээ.

            3.9.Мөн Үндсэн чиглэлийн 9.4.2-т “..., орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ...” гэж, 9.4.6-д “ Н-н нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, ..., ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршлыг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан, бүртгэлжүүлэх, хамгаалах ажлыг зохион байгуулна” гэж тусгажээ.

            3.10.Ийнхүү Н-н И-н өөрийгөө удирдах ёсны байгууллага болох И-н Төлөөлөгчдийн Хурал нь нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгээ баталж, энэхүү бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг бүхий Н-н Засаг даргаас  дээр      Үндсэн чиглэлийн дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг чөлөөлөх, уг чөлөөлсөн газартаа хотын стандартад нийцсэн байгууламж барихаар тогтоосныг нь шүүх нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа нь мөн гэж үзсэн бөгөөд шүүхээс бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж гаргасан Н-н Засаг даргын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.

            3.11.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Н-ын “Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***дүгээр захирамжийн Хавсралтын ** дэх хэсгээр Б****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар сургуулийн урд баригдсан *** тоосгон граж гэсний өөрийн 4 гражид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

            3.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            3.2.Нэхэмжлэгч М.Н-аас өөрийн өмчлөлийн 4 гражийн газар ашиглах эрх Б****** дүүргийн Засаг даргын **99 оны Б/*** дугаар захирамжийн дагуу “Ж” ХХК-д үүсэж, энэ компани газар ашиглах гэрчилгээтэй байсан гээд хуулбарыг нотлох баримтаар гаргасан өгсөн боловч тэрээр 4 гражийг “Ж” ХХК, эсхүл өөр этгээдээс худалдан авсан гэх баримт нь байхгүй байна.

            3.3.Маргаан бүхий захирамжид заасан гражуудын заримыг нураасан байгаа учраас шүүх нь “Ж” ХХК-ийн барих ёстой 40 гражийн газар дээр баригдсан ***гражийн яг аль нь “Ж” ХХК-ийн барьсан 40 граж болохыг үүнийг тогтоох боломжгүй нөхцөл үүссэн байв.

            3.4.Мөн нэхэмжлэгчээс өөрийн гэх 4 гражийг “Ж” ХХК-иас  худалдан авсан гэх нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй учраас тус “Ж” ХХК-ийн барьсан гэх гражид холбогдох захирамж, гэрээ гэрчилгээ, өөр бусад нотлох баримтыг цуглуулах үндэслэл байхгүй байсан болно.

            3.5.Нөгөө талаас нэхэмжлэгч М.Н нь нэг граждаа газар ашиглах гэрээтэй, өөр бусад граж нь газар ашиглах гэрээгүй, гэрээний хугацаа нь 20** онд дууссан байгаа тул энэхүү хэргийг эдгээр нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-ын  Н-н Засаг даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/***дүгээр захирамжийн Хавсралтын ** дэх хэсгээр Б****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар сургуулийн урд баригдсан *** тоосгон граж гэсний өөрийн 4 гражид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

        

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ