Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/01571

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17

181/ШШ2024/01571

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..................... ДБЭЛ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байрлах, А ХХК /РД:..../,

Хариуцагч: ........................ байрлах, ХН ХХК /РД:..../ нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4.050.609.587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээс хангуулах тухай,

Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 742.979.830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, мөн гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай,

Гуравдагч этгээд М.Т , Т.О нараас ДБЭЛ ХХК, А ХХК нарт холбогдох,

Бие даасан шаардлага: Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Т, Д.Н нар, хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд гуравдагч этгээд, гуравдагч этгээд М.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. Хариуцагч ХН ХХК-ийн болон гуравдагч этгээд Т.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч нь А ХХК, ХН ХХК нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4.050.609.587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээс хангуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

А ХХК нь 15 чирэгч толгой, 15 чиргүүлийн санхүүжилтийг авахаар ДБЭЛ ХХК-д хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тус хүсэлтийн дагуу "ДБЭЛ ХХК, А ХХК болон ХН ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр СТГ-19/06 тоот "Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БГ-ҮХХ-АХ2019/14 тоот, БГ-ҮХХ-АХ2019/15 тоот, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан.

Түрээслэгч А ХХК-ийн 15 ширхэг чирэгч толгой, 15 чиргүүлийг худалдан авахаар сонгосон нийлүүлэгч болох БНХАУ-ын "Өвөр МБФХЦЭИХ /inner Mongolia north hua quan import and export trade co,Ltd/ ХХК-тай "ДБЭЛ" ХХК болон А ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2019HQZWS1106 тоот Худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулан ДБЭЛ ХХК-иас БНХАУ-ын компанийн данс руу урьдчилгаа 30 хувь буюу 1.651.500 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, үнийн дүнгийн 50 хувь болох 2.752.500 юанийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэгдэл 20 хувь болох 1.101.000 юанийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус шилжүүлсэн бөгөөд түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг А ХХК 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан.

Түрээсийн зүйлийг хүлээн авах хугацаа БНХАУ-д гарсан корона вируст цар тахал болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор ДБЭЛ ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэснээс үүдэн сунжирсан.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж "ДБЭЛ ХХК-ийн Татан буулгах комиссын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор Санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулж, А ХХК болон ХН ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн СТГ-19/06-01 дугаартай СТГ-19/06 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулан хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан.

А ХХК эргэн төлөлтийн хуваарьт өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүүгийн төлбөр төлөх ёстой байсан ч уг хугацааг хэтрүүлэн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 163.901.865 төгрөгийг төлсөн. Дээрх өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөх байсан ч А " ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс төлбөрийн зөрчил үүсгэж эхэлсэн. Гэрээний 2.6-д "төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг зөрчил арилах хүртэл хугацаанд тооцон төлөх гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн.

А ХХК төлбөрийн зөрчилтэй байсан хэдий ч тус компанийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай холбогдох тусгай зөвшөөрөл авах болон санхүүгийн түрээсийн гэрээний хүрээнд үүссэн төлбөрийн зөрчлөө барагдуулах боломжийг "ДБЭЛ ХХК-иас удаа дараа олгосон боловч түрээслэгч А ХХК нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй.

"А ХХК-ийн зөрчлийн талаар хамтран түрээслэгч "ХН " ХХК-д мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба мэдэгдэлд хариу өгөөгүй. Мөн А " ХХК-ийн барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Д.Г , Т.О , М.Т нарт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар мэдэгдсэн.

Мөн А ХХК нь талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан санхүүгийн түрээсийн төлбөрийн үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс болж санхүүгийн түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг ДБЭЛ ХХК нь өөрийн харуул хамгаалалтдаа түр буцаан авсан. Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.10-д Хууль болон Гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг түр буаан авах буюу битүүмжлэх, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг Түрээслэгчээс нөхөн төлүүлэхээр шаардах гэж заасны дагуу нөхөн гаргуулах үндэслэлтэй. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.

-Төлбөрийн зөрчил үүссэн өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.252.771.554 төгрөг,

-2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хуримтлагдсан хүүгийн төлбөр 658.241.332 төгрөг,

-Нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 1.126.385.777 төгрөг,

-Тээврийн хэрэгслийг түр буцаан авах ажиллагааны зардалд 3.910.925 төгрөг,

-2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 15 ширхэг чирэгч толгой болон чиргүүлийн харуул хамгаалалтын төлбөрт төлсөн 9.300.000 төгрөг, нийтдээ 4.050.609.587 төгрөгийг хариуцагч А ХХК болон хамтран хариуцагч ХН ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү. Мөн түрээсийн зүйл болох

-88-50УАР, 88-51 УАР, 88-52 УАР, 88-53 УАР, 88-54 УАР, 88-56 УАР, 88-57 АУР, 88-59 УАР, 88-60 УАР,88-61 УАР, 88-62 УАР, 88-63 УАР, 88-67 УАР, 88-69 УАР улсын дугаартай BEIBEN Truck group-ийн ND2638SZ-ийн маркийн 15 ширхэг чирэгч толгой,

-88-50 УЧ, 88-51 УЧ, 88-52 УЧ, 88-53 УЧ, 88-54 УЧ, 88-56 УЧ, 88-57 УЧ, 88-59 УЧ, 88-60 УЧ, 88-61 УЧ, 88-62 УЧ, 88-63 УЧ, 88-67 УЧ, 88-69 УЧ улсын дугаартай BEIBEN Truck group-ийн Semi-trailer маркийн 15 ширхэг чиргүүл,

-барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 44 дүгээр байр 149 тоот 76,2 мкв талбайтай гурван өрөө орон сууц, мөн хаягт байрлах 13 тоот 14,58 мкв талбайтай авто зогсоол,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 55 дугаар байр 15 тоотод байрлах 107,8 мкв талбайтай гурван өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байр 13 тоотод байрлах 74,6 мкв гурван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Анхнаасаа тээврийн хэрэгслийн үнэ 5.505.000 юаниас 15 хувийг хариуцагч төлөхөөр тохирсон. Энэ мөнгийг манайд биш харин худалдагч тал болох БНХАУ-ын компанид төлсөн. Манайх өөрөөс шилжүүлсэн юаныг төгрөгт шилжүүлж 2021 онд гэрээнд өөрчлөлт оруулахдаа 2.252.771.553 төгрөг болохыг баталгаажуулж тусгасан. Хариуцагчийн удаа дараагийн ирүүлсэн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг 2022 оны 8 дугаар сард компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч урьд хүсэлтийг хүлээн авч боломжийг олгосон, гэрээнд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, цар тахалтай холбоотой алданги, хүүгээс чөлөөлсөн тул дахин хугацаа сунгах шаардлагагүй гэж үзсэн байдаг. 2021 оны 4 дүгээр сараас хойш цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүсээгүй. Хариуцагч 2021, 2022 онд орлого олж байсан болох нь татварын тайлангаар тогтоогдсон ч төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй гэв.

 

Хоёр.Хариуцагч А ХХК, ХН ХХК нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1.Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны талаар:

Хариуцагч А ХХК, ХН ХХК нарт нэхэмжлэгч ДБЭЛ ХХК-ийн Лизингийн хороо-ны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/12-04 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтаар А ХХК-д 5.380.818 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн. ДБЭЛ ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №СТГ-19/06 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-г 42 сарын хугацаатайгаар байгуулж, 5.380.818 юаньтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.252.771.553 төгрөгийн үнэтэй хүнд даацын нийт 15 тээврийн хэрэгслийг 15 чиргүүлийн хамт худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглахаар харилцан тохиролцож байсан. А ХХК нь нийт санхүүжилтийн 15 хувийг гаргах үүрэг хүлээсэн. Манай компанийн хувьд нийт санхүүжилтийн 15 хувь буюу 949.556 юанийн төлбөрөөс 2020 оны 01 дугээр сарын 23-ны өдөр 610.000 юань буюу 242.353.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 355.698 юань буюу 140.678.838 төгрөг, нийт 383.031.838 төгрөгийг ДБЭЛ ХХК-д төлж барагдуулсан. Манай компани түрээсийн зүйлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлэгч талаас анх гардан хүлээж авсан.

2.Гэрээний үндсэн хугацааг нэхэмжлэгч тал буруу тооцсон талаар:

Санхүүгийн түрээсийн тухай хууль-ийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авсан өдрөөс эхлэн түрээслэгч тал түрээсийн төлбөр төлөх хуулийн зохицуулалттай. Манай компани анх гэрээ байгуулагдсанаас хойш 11 сарын дараа түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авсан тул 2020 оны 11 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарыг дуусах хүртэл буюу 42 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг хэсэгчлэн төлөх ёстой.

ДБЭЛ ХХК эхний удаагийн шилжүүлгээр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.651.000 юанийг нийлүүлэгч талд шилжүүлсэн санхүүгийн түрээсийн олголтоос 701.443 юань буюу 277.127.392 төгрөгийг А ХХК-д ногдуулсан байх ёстой байтал 825.750 юань буюу 326.006.100 төгрөгийг олгосон хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тооцож, сүүлийн 4 дэх удаагийн шилжүүлэг хүртэл буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн санхүүгийн түрээсийн сүүлийн олголтыг хүртэл бидний төлсөн төлбөрөөс хүүгийн төлбөр бодож эхэлсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх гэрээ байгуулсан өдрөөс хойш 11 сарын дараа түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн ч түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж орлого олж эхлэхээс өмнө ДБЭЛ ХХК түрээсийн хүү, алданги тооцож эхэлсэн бөгөөд үүнийг зөвшөөрөхгүй байна.

3.Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйлийн талаар:

Коронавирусын тархалтын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №30 тоот тогтоолоор бүх шатанд хориг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн тул манай үйл ажиллагаа зогссон. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 155 дугаар тогтоолоор ДБЭЛ ХХК-ийг татан буулгасан тул түрээслэгч талын эрх зүйн байдлын тодорхойгүй байдлаас үүдэн түрээсийн зүйлийг хүлээн авах хугацаа ч хойшилсон. Бидний хооронд байгуулагдсан №СТГ-19/06 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 11.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /төрийн шийдвэр/-ийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлага болох алданги, торгуулиас чөлөөлөхөөр заасан. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02-615 тоот Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээгээр дээрх нөхцөл байдлыг гэрчилж баталгаажуулсан болно.

4.Тооцооны зөрүүтэй байдлын талаар: А ХХК өнгөрсөн хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрт доорх төлбөрүүдийг төлсөн.

-2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2.913.958 төгрөг,

-2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 163.901.865 төгрөг,

-2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 100.000.000 төгрөг

-2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг

-2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 28.000.000 төгрөг

-2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 40.000.000 төгрөг

-2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг,

-2022 оны 12 дугаар сраын 14-ний өдөр 30.000.000 төгрөг,

-2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөг

-2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 100.000.000 төгрөг

-2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 100.000.000 төгрөг, нийт 699.815.824 төгрөг байна.

ДБЭЛ ХХК-ийн зүгээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр манай төлсөн төлбөрүүдийг бүхэлд нь алданги, торгуульд суутган тооцож байгаа нь гэрээний эрх тэгш байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгч буюу манай компаниас огт хамаараагүй тул үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, алданги төлөх үндэслэлгүй. Манай компани түрээсийн зүйлийг бодитоор хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээгүй байхад нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 2 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг тооцож эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1.126.385.777 төгрөгийн алданги тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

5.А ХХК-ийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдсан:

А ХХК нь 15 тээврийн хэрэгсэл худалдан авах үнийн дүн болох 949.556 юань буюу нийт 383.031.838 төгрөгийн төлбөрийг өөрийн эх үүсвэрээс урьдчилан төлсөн. Тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойшхи үйл ажиллагааны орлогоос А ХХК нь 699.815.824 төгрөгийг төлсөн. Энэ нь 15 тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 28 хувь болно.

Нэгтгэн дүгнэхэд А ХХК маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн 43 хувийг хэсгээр өмчлөх эрхтэй. Тодруулбал: 15 ширхэг чирэгч толгой, 15 чиргүүлийн нийт үнийн дүнгийн 43 хувийг А ХХК өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулсан байтал ДБЭЛ ХХК тухайн эд хөрөнгийн 100 хувь өмчлөгч мэтээр асуудалд хандаж байгааг зөвшөөрөх боломжгүй юм.

6.Олох ёстой байсан орлогыг алдагдуулсан талаар:

А ХХК-ийн хувьд санхүүгийн түрээсийн төлбөр төлөх үүргээс огтхон ч зайлсхийж байгаагүй, цаашид ч энэ үүргээс зайлсхийх аливаа эрмэлзэлгүй болохыг цохон тэмдэглэж байна. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө нэхэмжлэгч 15 тээврийн хэрэгслийг 15 чиргүүлийн хамт шүүхийн захирамжгүйгээр битүүмжилсэн. Зөвхөн нүүрс тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг битүүмжилснээс тус компани үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, түрээсийн төлбөрийг төлж барагдуулах санхүүгийн чадамжгүй болоод байгаа.

Мөн барьцааны гэрээнүүдэд барьцааны эрх нь барьцаалбараар гэрчлэгдэнэ гэж заасан байх боловч барьцаалбар үйлдэгдээгүй буюу барьцааны эрх нь баталгаажаагүй байна.

Анх түрээсийн зүйлийг худалдан авахад төлбөрийн 15 хувийг манайх, 85 хувийг нэхэмжлэгч гаргахаар тохирч бид нэхэмжлэгчид 825.500 юань төлөх ёстой байтал 949.556,25 юань буюу 383.031.838 төгрөг төлүүлж, илүү төлүүлсэн. Нэхэмжлэгч уг мөнгөнд нэмж урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж цааш төлсөн. Нэхэмжлэгч илүү төлүүлсэн хэсгийг хасч тооцоогүй тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжинө. Хэмнэсэн зардлыг суутгаж тооцохоор Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д заасан. Энэ гэрээний дагуу анх урьдчилгаанд 383.031.838 төгрөг, түрээсэнд 699.815.824 төгрөг, нийтдээ 1.082.847.662 төгрөг, үндсэндээ тээврийн хэрэгслийн үнийн 43 хувийг бид төлөөд байна.

Тээврийн хэрэгслүүдийг дөнгөж хүлээж аваад байтал 2020 оны 11 дгээр сард ковид гарч хөл хорио тогтоосон. Мөн нүүрсний уртын тээврийг зогсоож, Өмнөговь аймгийг ногоон бүс болгоод бид орох боломжгүй болсон. Гэрээ хийсэн боловч Моэнко ХХК-иас тээвэр хийх боломж хаагдсан. 2021 оны 3 дугаар сард гэрээнд өөрчлөлт оруулахдаа тээврийн хэрэгслийг хүлээн аваагүй хугацаа, хөл хорио тогтоосон хугацааг л тооцсон. Гэхдээ сард төлөх дүнг нэмэгдүүлж, анхны 42 сарын хугацааг 41 сар болгож багасгасан. Гэтэл үүнийг манайд боломж олгосон, төлбөр төлөх хугацааг хойшлуулсан мэтээр илтэд гуйвуулж ярьж байна гэв.

 

Гурав.Гуравдагч этгээд Т.О аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Т.О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 10 тоотод байрлах 107,8 мкв гурван өрөө орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг Д.Г д олгосон.

Гэтэл төлөөлөгч Д.Г дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд бус санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. Өөрөөр хэлбэл зээл болон санхүүгийн түрээс тусдаа өөр эрх зүйн харилцаа юм. Эрх олгосон итгэмжлэлд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах тухай огт дурдагдаагүй буюу зөвхөн зээлийн барьцаанд барьцаалах талаар заасан.

Иймд, улсын бүртгэлийн Ү-... дугаартай орон сууцнаас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээд М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-....дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 13 тоотод байрлах 74,6 мкв гурван өрөө орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг Д.Г д олгосон.

Гэтэл төлөөлөгч Д.Г дээрх хөрөнгийг зээлийн барьцаанд бус санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. Өөрөөр хэлбэл зээл болон санхүүгийн түрээс тусдаа өөр эрх зүйн харилцаа юм. Эрх олгосон итгэмжлэлд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах тухай огт дурдагдаагүй буюу зөвхөн зээлийн барьцаанд барьцаалах талаар заасан.

Иймд, Улсын бүртгэлийн Ү-....дугаартай, гурван өрөө орон сууцнаас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Тав.Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгч ДБЭЛ ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 742.979.830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, мөн гэрээнд зааснаар үндсэн төлбөрөөс 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглах, эзэмшилдээ байлгах эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь БНХАУ-ын Nice crown enterprises limited компанитай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №NCАК20221219 тоот Нүүрс тээвэрлэх гэрээ-г байгуулж Таван толгой нүүрсний уурхай, Их таван толгой нүүрсний талбайгаас Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн.

Энэхүү гэрээний дагуу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг дуусах хугацаанд нүүрс тээвэрлэлт хийсэн тохиолдолд нийт 742.979.830 төгрөгийн орлого зайлшгүй олохоор байсан боловч Би Ди Эм лизинг ХХК тээврийн хэрэгсэл битүүмжилсэн буруутай үйл ажиллагааны үр дүнд уг орлогыг бүхэлд нь алдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Нүүрс тээвэрлэх гэрээ, гэрээний талтай харилцсан чатад үзлэг хийлгэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлосон. Иймд тээврийн хэрэгсэл битүүмжилж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон ДБЭЛ ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас зайлшгүй олох байсан орлого буюу хохиролд нийт 742.979.830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2 дахь хэсэгт Түрээслэгч нь дараах үүрэгтэй: 5.2.14.-т Түрээслэгч нь Гэрээний эргэн төлөлтийн хуваарьт аливаа нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлэх тохиолдолд Гэрээний Хавсралт 2-т заагдсан эргэн төлөлт хийгдэх хуваарьт өдрөөс хуанлийн 14-с доошгүй хоногийн өмнө Түрээслүүлэгчид мэдэгдэж, шийдвэрлүүлэх-ээр тусгайлан заасан. Мөн гэрээний 11.1-д давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан.

А ХХК нь эдгээр үндэслэлийн дагуу ДБЭЛ ХХК-д олон удаагийн албан бичгийг хүргүүлэн зохих өөрчлөлтийг эргэн төлөлтийн хуваарьт оруулах хүсэлтийг хүргүүлж байсан боловч эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх шийдвэрийг гаргаагүй буюу гэрээний Хавсралт 2 Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь-т эргэн төлөлтийн хуваарийг бодит олголтод уялдуулан шинэчлэн байгуулах талаар заасны дагуу зөвхөн өөрсдийн хугацаа хоцроож олгосон санхүүжилтийг тооцсон өөрчлөлтийг хуваарьт оруулсан болохоос давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бодитоор дүгнэж тусгаагүй.

Гэтэл бодит байдал дээр ДБЭЛ ХХК нь БНХАУ-ын нийлүүлэгчид төлбөл зохих төлбөрийг хугацаа хоцроон хэсэгчлэн шилжүүлсэн, коронавирусын улмаас төрийн эрх бүхий байгууллагаас жил дамнан тогтоосон хөл хорио, хорио цээр, хязгаарлалтын шат дараалсан арга хэмжээний улмаас түрээсийн зүйлийг эзэмшилдээ хүлээн авч чадалгүй 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүрсэн. Түүний дараагаар ч нүүрс тээвэрлэлтийг хэвийн тасралтгүй тогтмол эрхлэн явуулах, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл байсан.

Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.14, 11.1-д заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээн авч чадаагүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаа, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг тус тус санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаж зохих өөрчлөлт оруулахыг ДБЭЛ ХХК-д даалгах шаардлагыг гаргаж байна.

3.Гэрээний 8.9 дэх хэсэгт ... эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 сарын хугацаанаас илүүгүй байх бөгөөд тус хугацаанд үйлдвэрийг бүрэн ажиллагаанд оруулаагүй үйлдэл, эс үйлдэл нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үндсэн нөхцлийг тодорхойлохдоо нүүрс тээвэрлэлтийн үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах 12 сарын хугацаанд үндсэн төлбөрийг төлөхгүй хойшлуулах замаар түрээсийн зүйлийн ашиг тус, үр шимийг бодитоор бий болгох, санхүүгийн дарамт бий болгохгүй байхад анхаарсан байна.

Гэтэл ДБЭЛ ХХК гэрээнийхээ нөхцлийг хүртэл зөрчиж, 12 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх эрхийг А ХХК-д эдлүүлээгүй нь эргэн төлөлтийн хуваариудаас харагдана. Иймд гэрээний 8.9-д заасны дагуу түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна.

4.Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлд түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг хуульд заасан тохиолдолд түр буцаан авах эрхийг олгосон зохицуулалт тусгасан бөгөөд түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэлт арга болгож үүргийн зөрчил бий болсон тохиолдолд түрээсийн зүйлийг түр буцаан авах хэлбэрээр үүргийг зөрчсөн нөхцөл байдлыг арилгах эрх зүйн боломжийг олгосон байна. Харин энэ зохицуулалтаар давагдашгүй хүчний нөлөөлөл бий болсны улмаас үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх, үүргийг гүйцэтгэх хугацаа зогсох явцад түрээсийн зүйлийг битүүмжлэх эрхийг олгоогүй. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга-д түрээслүүлэгч ДБЭЛ ХХК нь гагцхүү хуульд буюу Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг хуульд заасан тохиолдолд түр буцаан авах аргыг хэрэглэх боломжтой. Хуульд тусгайлан заагаагүй битүүмжлэх аргыг тухайн Санхүүгийн гэрээнд тусгаж, улмаар хуульд тусгагдаагүй аргаар түрээсийн зүйлийг лацдан битүүмжлэх эрх авсан нь хэлцлийн тухай хэсгээр Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын нээлттэй мэдээллийн сан дахь мэдээллээр ДБЭЛ ХХК нь Санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ эрхлэн үйл ажиллагааны чиглэлтэй байх бөгөөд энэхүү үйл ажиллагааг эрхлэх аливаа хуулийн этгээд нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэгтэй. Тэгтэл тухайн хууль тогтоомжоор санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд түрээсийн зүйлийг битүүмжлэх эрх, чиг үүргийг олгоогүй, ийм хууль, эрх зүйн орчин байхгүй байхад хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгод харшилсан эрхийг хэрэгжүүлж, шүүх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллага, арбитр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээнд хамаарах хөрөнгө битүүмжлэх, лацдан хураах чиг үүргийг хэрэгжүүлэх хэлцлийн нөхцөл боловсруулан ашиглаж үйлдсэн нь Иргэний хуулийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцлийн шинжийг мөн агуулж байна.

Иймд гэрээний 4.1.10, 9.1-д түрээслүүлэгчид битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл үндэслэлээр тухайн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байна.

5.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт тусгагдсан санхүүгийн түрээсийн гэрээний гол онцлог нь түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх байна. Уг харилцааны гол онцлог нь түрээслэгч бодитоор ашиглалтандаа авч түрээслэн ашигласны үндсэн дээр хариу төлбөр төлөх явдал бөгөөд энэ ч утгаараа 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх нийтлэг зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр хууль тогтоогч зохицуулжээ.

Гэтэл уг хэргийн хувьд ДБЭЛ ХХК нь түрээсийн зүйлийн төлбөл зохих төлбөрийг илтэд хугацаа хоцроон шилжүүлсэн, улмаар давагдашгүй хүчний нөлөөлөл бий болох хугацаа руу ойртуулсан, үүнээс улбаалан түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж нүүрс тээвэрлэлт эрхлэх, хариу төлбөр төлөх төлүүлэх эрх ашгийг муйхраар тулган шаардаж, төлбөр төлөх орлогын эх үүсвэр 5олсон түрээсийн зүйлийг нь лацдан битүүмжлээд гэрээг цуцлан төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ... хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасныг зөрчсөн. Зүй нь ДБЭЛ ХХК төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд эсэхээс үл хамааран иргэний эрх зүйн харилцаанд гэрээний харилцагч, оролцогч талтай эрх тэгш зарчмын үүднээс харилцах учиртай бөгөөд түрээслүүлэгч өөрөөс шалтгаалах үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхгүй атлаа, гэрээний нөгөө талыг шууд буруутган эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах нь шударга бус байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ДБЭЛ ХХК түрээсийн зүйлийг лацдан битүүмжлэх нь өмчлөгчийн бүрэн эрх гэж тайлбарлаж холбогдох хууль тогтоомжийн шаардлагуудыг үл хэрэгсэж байгаа нь хариуцагч аж ахуй эрхлэгч нарыг орлогын эх үүсвэргүй болгож, санхүүгийн хувьд зориуд дампууралд хүргэх, улмаар барьцааны зүйлсийг худалдан борлуулах, бусад нүүрс тээврийн өрсөлдөгч нарт зах зээлийн орон зай, бэлэн шийдэл, тээврийн хэрэгслээр хангах, хариуцагчид гэм хор учруулах зорилготой гэж ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн түрээсийн гэрээний 4.2 дахь хэсгийн түрээслүүлэгчийн үүрэгт 4.2.1-д түрээсийн зүйлийг гэрээнд заасан нөхцлөөр түрээслүүлэх гэж, мөн 5.1 дэх хэсгийн түрээслэгчийн эрхэд 5.1.1-д бүрэн бүтэн байдлын болон хэвийн үйл ажиллагааны шаардлага хангасан түрээсийн зүйлийг түрээслэхээр эзэмшилдээ шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй байна.

Гэтэл ДБЭЛ ХХК талуудын хоорондын маргаантай үйл баримт болох эргэн төлөлтийн хуваарийн төлбөл зохих хугацаа, хугацаа хэтрэлтийн асуудалд тулгуурлан түрээслэгч А ХХК-ийн маргаангүй эдлэх эрх болох түрээсийн зүйлийг түрээслэх, ашиглах, эзэмшилдээ шилжүүлэн авах эрхийг хязгаарлан зөрчиж, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох гэж зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох шаардлага гаргах үндэслэл болж байна.

Иймд ДБЭЛ ХХК түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар А ХХК түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрхийг зөрчсөн үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн Санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлтийг тусган оруулах, үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөх хүртэлх хугацаанд таслан зогсоолгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Зургаа.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариу тайлбартаа:

1.Түрээслэгч А ХХК, хамтран түрээслэгч ХН ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт санхүүгийн түрээсийн төлбөрийн зөрчлийн талаар ДБЭЛ ХХК-ийн зүгээс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03/137/23 тоот, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/140/23 тоот, 03/141/23 тоот, 03/142/23 тоот, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03/159/23 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөрийн зөрчил барагдуулахтай холбоотойгоор нэмэлт хугацаа олгон албан мэдэгдэл хүргүүлсэн ч А ХХК үүргээ биелүүлээгүй тул ДБЭЛ ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 03/175/23 тоот албан бичгээр санхүүгийн түрээсийн зүйл болох ДБЭЛ ХХК-ийн өөрийн өмчлөлийн Beiben truck загварын 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг битүүмжлэх талаар мэдэгдэн өөрийн хадгалалт хамгаалалтандаа түр буцаан авсан. Иймд ДБЭЛ ХХК нь өөрийн өмчлөлийн зүйлийг хууль тогтоомжид нийцүүлэн түр буцааж авсан үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд хийгдсэн.

А ХХК санхүүгийн түрээсийн зүйлийг битүүмжилснийг мэдсээр байж 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг ашиглан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, бусад этгээдтэй тохиролцсон нь А ХХК-ийн дотоод асуудал тул ДБЭЛ ХХК-иас хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.ДБЭЛ ХХК нь санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авахаар А ХХК-ийг сонгосон БНХАУ-ын Өвөр МБФХЦЭИХ inner mongolia north Hua import and esport trade Co.ltd/ компанитай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2019НQZWS1106 дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээг байгуулсан.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу ДБЭЛ ХХК нь БНХАУ-ын Өвөр МБФХЦЭИХ компанийн данс руу үнийн дүнгийн урьдчилгаа 30 хувь буюу 1.651.500 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Түрээсийн зүйлийг үйлдвэрлэж дуусан БНХАУ-ын Бугат хотоос тээвэрлэж эхлэхийн өмнө А ХХК-иас чанарын шаардлага, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй болохыг шалгаж, акт үйлдэн ДБЭЛ ХХК-д танилцуулсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 2.752.500 юанийг шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээнд заасан байдаг. А ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот хүсэлтээрээ Ковид-19 цар тахалын улмаас хил хаагдсан нөхцөл байдлын улмаас түрээсийн зүйлсийг БНХАУ-ын Бугат хотод шалгах, БНХАУ-ын Такешкен боомтод хүлээн авах, Монгол Улсын хилээр оруулж ирэхэд хүндрэл учирч байгаа, хилээр хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй байгаа тул санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоож өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ хүсэлтийг хүлээн авч ДБЭЛ ХХК-ийн Лизингийн хорооны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/04-02 дугаартай тогтоолоор А ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж эхний төлөлтийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болгож хойшлуулсан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор ДБЭЛ ХХК-ийг татан буулгахаар шийдвэр гарч компанийг татан буулгах бэлтгэл ажиллагаа эхэлсэн. Энэ шийдвэрийн хүрээнд ДБЭЛ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай шийдвэрээр ДБЭЛ ХХК-ийг татан буулгах комиссыг томилсон ба энэ хүртэл санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авах төлбөрийг шилжүүлэх боломжгүй байсан. Татан буулгах комисс томилогдон компанийг татан буулгах ажиллагаа хийгдэж байсан ч ДБЭЛ ХХК-ийн Татан буулгах комиссын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор А ХХК-д санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНХАУ-ын Өвөр МБФХЦЭИХ ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 2019НQZWS1106 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр шийдвэрлэсэн.

Уг тогтоолын дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 2.752.500 юанийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 20 хувь болох 1.101.000 юанийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн бөгөөд түрээсийн зүйл болох 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А ХХК хүлээн авсан.

Дээрх нөхцөл байдлыг ДБЭЛ ХХК-иас харгалзан үзэж ДБЭЛ ХХК-ийн Татан буулгах комиссын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор А ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж эхний төлөлтийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуустал хойшлуулсан бол тогтоолын хэрэгжилтийг хангуулан А ХХК болон ХН ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн СТГ-19/06-01 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл эхний төлөлтийг хийж эхлэхээр болсон. Дээрх нэмэлт гэрээг А ХХК-тай харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан.

Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.14, 11.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээн авч чадаагүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаа, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг тус тус санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаж зохих өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн А ХХК-иас сөрөг нэхэмжлэлдээ санхүүгийн түрээсийн гэрээний, 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт Түрээстэй холбогдсон аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх зэрэг болно гэж зааснаар ДБЭЛ ХХК нь төлбөрийг үнэн зөвөөр тооцож эргэн төлөлтийн хуваарьт бодит нөхцөл байдалтай уялдуулан тусгах үүргийг хүлээсэн гэж тайлбарласан.

Санхүүгийн түрээсийн гэрээний 4.2.4 дэх заалтаар ДБЭЛ ХХК-д А ХХК-иас шилжүүлсэн санхүүгийн түрээсийн төлбөрийг үнэн зөв бүртгэх үүрэг хүлээлгэсэн заалт. Жишээ нь: А ХХК-иас 100 сая төгрөг шилжүүлсэн байхад ДБЭЛ ХХК нь 90 сая гэж бүртгэж болохгүй гэсэн үг юм.

3.Санхүүгийн түрээсийн гэрээний 8.8 дахь хэсэгт Талууд харилцан тохиролцсоноор түрээсийн зүйл нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж байхаас үл хамаарч эргэн төлөлтийн хуваарийн дагуу Түрээслэгч тал төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэрээний 8.9 дэх хэсэгт Түрээсийн зүйлээр эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрийг бүрэн ажиллагаанд оруулах хугацаа нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 /Арван хоёр/ сарын хугацаанаас илүүгүй байх бөгөөд тус хугацаанд үйлдвэрийг бүрэн ажиллагаанд оруулаагүй үйлдэл эс үйлдэл нь түрээсийн төлбөрийг хугацаанд төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан нь ДБЭЛ ХХК-иас боловсруулсан санхүүгийн түрээсийн гэрээний стандарт нөхцөл бөгөөд энэ загварын дагуу түрээслэгч нартай гэрээг байгуулдаг. Жишээ нь: Хэрэв санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж түрээслүүлсэн бол дээрх заалт үйлчилнэ.

Харин манай тохиолдолд санхүүгийн түрээсийн зүйл нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж биш ачаа чирэх зориулалттай 15 чирэгч толгой, ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл тул хамааралгүй. Дээрх гэрээний заалтаар 12 сарын хугацаагаар А ХХК-ийн үндсэн төлбөрийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэхдээ ДБЭЛ ХХК-иас санхүүгийн түрээсийн эхний эргэн төлөлтийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулахдаа зөвхөн хүүгийн төлбөр авахаар хойшлуулсан байдаг.

4.Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна., мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтад түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан бол гэрээний нөхцөлийг зохих ёсоор хангасны дараа тухайн түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд саадгүй шилжүүлэх, санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад гэрээний Хавсралт 1-д заасан түрээсийн зүйлийг Гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд өөрийн өмчлөлд байлгах гэж зааснаар А ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний нөхцөлийг бүрэн хангахгүй байх тул түрээсийн зүйл ДБЭЛ ХХК-ийн өмчлөлд байсан хэвээр байгаа.

А ХХК нь ДБЭЛ ХХК-ийг өөрийн өмчлөлийн түрээсийн зүйлийг битүүмжлэх эрхгүй гэж маргаж байна.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараах тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй, гэрээний 9.1 дэх хэсэгт Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараах тохиолдолд битүүмжилнэ. гэж зааснаар ДБЭЛ ХХК түрээсийн зүйл 15 чирэгч толгой, 15 чиргүүлийг А ХХК-аас буцаан авсан. Ингэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар ДБЭЛ ХХК өөрийн өмчлөлийн түрээсийн зүйлийн аюулгүй байдал, түрээсийн зүйлд эвдрэл, хорогдол үүсэх, хулгайлагдах, тоногдох эрсдэлээс сэргийлж журмын хашаанд байршуулан, лацдан битүүмжлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Түүнчлэн, санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.10 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу битүүмжлэх, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг Түрээслэгчээс нөхөн төлүүлэхээр шаардах гэж заасан нь түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу битүүмжлэх, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон гарсан аливаа төлбөр, зардлыг А ХХК-иас нөхөн төлүүлэх тухай заалт юм.

Иймд гэрээний 4.1.10 дахь заалт, 9.1 дэх хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна.

Мөн ДБЭЛ ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Улсын бүртгзлийн гэрчилгээ, компанлйн дүрэмд зааснаар уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, боловсруулах үйлд, эрлэлийн салбаруудад үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд даацын машин, механизм, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлдэг компани. Үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотой хууль болон гэрээнд заасан үйлдэл, эс үйлдэл хийх, түрээсийн "зүйлийг битүүмжлэх, өөрсдийн өмчлөлийн зүйлийг буцаан авах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх заалтад хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл биш.

5.А ХХК нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлтийг тусган оруулах, үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөх байсан гэжээ. А ХХК нь ДБЭЛ ХХК-ийг түрээсийн зүйлийн төлбөл зохих төлбөрийг илтэд хугацаа хоцроон шилжүүлсэн, улмаар давагдашгүй хүчний нөлөөлөл бий болох хугацаа руу ойртуулсан, үүнээс улбаалан түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж нүүрс тээвэрлэлт эрхлэх, хариу төлбөр төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг ашиглан төлбөр шаардсан, орлогын эх үүсвэрийг тасалсан гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ДБЭЛ ХХК санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түрээсийн зүйлийг А ХХК-ийн ашиглалтад байлгасан.

Төлбөрийн зөрчил үүссэн өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар ДБЭЛ ХХК-иас удаа дараа төлбөрийн зөрчлийн талаар мэдэгдэх, төлбөр төлөх ямар боломж байгаа, тээвэрлэлт хийгдэж байгаа эсэх, хэзээ төлбөр төлөх талаар А ХХК-д удаа дараа албан бичгээр мэдэгдэж, нэмэлт хугацаа олгосоор байсан.

Дээрх хууль болон гэрээнд зааснаар гэрээний хугацааг дуусах хүртэл нэмэлт хугацааг удаа дараа олгож байсан нь ДБЭЛ ХХК А ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, санхүүгийн эх үүсвэрийг нь тасалдуулахгүй байх, төлбөрийн зөрчлөө арилгах боломж олгох, гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг ашиглах эрхийг нь хязгаарлахгүй байх зэрэг боломжыг олгосон үйлдэл гэж үзэж байна. ДБЭЛ ХХК нь А ХХК-ийг түрээсийн зүйлийг цаашид ашиглах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон үед буюу санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон хойно 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу битүүмжлэх эрхээ хэрэгжүүлсэн байдаг.

Гэтэл ДБЭЛ ХХК-ийг санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу битүүмжилсэн, А ХХК-ийн орлогын эх үүсвэргүй болгосон, дампууралд хүргэх, нүүрс тээврийн өрсөлдөгч нарт зах зээлийн орон зай, бэлэн шийдэл, тээврийн хэрэгслээр хангах гэж гэм хор учруулсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Долоо.Гуравдагч этгээд Т.М оос ДБЭЛ ХХК, А ХХК нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэлтэй хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлага гаргасан. Бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч ДБЭЛ ХХК миний өмчлөлд бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-....дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 13 тоотод байрлах 74,6 мкв гурван өрөө орон сууцаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Гэвч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Гуравдагч этгээд М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг иргэн Д.Г д олгосон. Гэтэл барьцааны гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд А ХХК гарын үсэг зурж барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хариуцагч нарын энэхүү үйлдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8 зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иймд ДБЭЛ' ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №БГ-ҮХХ-АХ2019/16 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Найм.Гуравдагч этгээд Т.О аас ДБЭЛ ХХК, А ХХК нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлага гаргасан. Бие даасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч ДБЭЛ ХХК нь миний өмчлөлд бүртгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байрны 15 тоотод байрлах 107,8 мкв гурван өрөө орон сууцаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Гэвч Үл хөдлөх барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Гуравдагч этгээд Т.О нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухайн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг иргэн Д.Г д олгосон. Гэтэл барьцааны гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд А ХХК гарын үсэг зурж барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хариуцагч нарын энэхүү үйлдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8 зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн ДБЭЛ ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 25-ны өдрийн №БГ-ҮХХ-АХ2019/15 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Ес.Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Гуравдагч этгээд М.Т , Т.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж заасны дагуу ДБЭЛ ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Д.Г нь хүсэлт гаргасан.

Тухайн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн байцаагч дээрх хуулийн 12.2-т Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хуулъ тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно гэж зааснаар бүртгэхээс татгалзаагүй, хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн гуравдагч этгээд нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд барьцааны гэрээг бүртгэн баталгаажуулсан тул барьцааны гэрээнүүд хууль ёсны дагуу байгуулагдсан байна.

Иймд гуравдагч этгээд М.Т , Т.О нараас гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Арав.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ДБЭЛ ХХК-ийн компанийн дүрэм, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн СТГ-19/06-01 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ, түүний хавсралтууд, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, ДБЭЛ ХХК-ийн Лизингийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хорооны тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн татан буулгах комиссын тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №БГ-ҮХХ-АХ2019/14 тоот, №БГ-ҮХХ-АХ2019/15 тоот, №БГ-ҮХХ-АХ2019/16 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2019 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрийн итгэмжлэлүүд, Гадаад гуйвуулгын даалгавар, А ХХК, ХН ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтууд, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай ДБЭЛ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20/40 тоот албан бичиг, түүний хавсралт, ДБЭЛ ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 03/119/22 тоот, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/134/22 тоот, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 03/172/22 тоот, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03/192/22 тоот, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 03/193/22 тоот, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/205/22 тоот, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/64/23 тоот, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03/137/23 тоот, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/140/23, 03/141/23, 03/142/23 тоот, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03/153/23, 03/154/23, 03/155/23, 03/157/23 тоот, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 03/171/23 тоот албан бичгүүд, А ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 149 тоот, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 31 тоот, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 32 тоот, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 045 тоот, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 048 тоот, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 49 тоот албан бичгүүд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/12910 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Төлбөрийн даалгавар, Томилолтын зардлын нэгтгэл зэргийг ирүүлжээ. /1хх 7-131, 243-250, 2хх 1/

Хариуцагч А ХХК-иас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, А ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 49 тоот, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 53 тоот, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 55 тоот, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 58 тоот, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 59 тоот, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 62 тоот албан бичгүүд, Машин нэмүүлэх хүсэлт хуулбараар, Нүүрс тээвэрлэх гэрээ хуулбараар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрдэнэставан толгой нээлттэй уурхайн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн ачилтын мэдээнүүд, Хохирлын тооцооллууд, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 65 тоот, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/ гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 137, 152-164, 188-215, 224-230, 2хх 10-13, 157/

Хариуцагч ХН ХХК-иас: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ. /1хх 219, 220/

Гуравдагч этгээд М.Т оос: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлийг ирүүлжээ. /1хх 181, 2хх 182/

Гуравдагч этгээд Т.О аас: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /1хх 177, 2хх 185/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/21451 тоот захирамжийн дагуу Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/2846 тоот хариу, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/08 тоот хариу, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5/270 тоот хариу,

зохигч талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/153 тоот хариу, түүний хавсралтууд,

хариуцагч талын хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /2хх 38-149, 159-179, 220-250, 3хх 1-24/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ДБЭЛ ХХК нь А ХХК, ХН ХХК-иас гэрээний үүрэгт 4.050.609.587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг түрээсийн зүйл болон барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 742.979.830 төгрөг гаргуулах, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, мөн гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар А ХХК-ийн түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах, эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т , Т.О нараас нэхэмжлэгч ДБЭЛ ХХК, хариуцагч А ХХК нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлага гаргасан.

3.Хэрэгт авагдсан баримт талуудын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэг талаас Би Ди Эм лизинг ХХК, нөгөө талаас А ХХК, ХН ХХК нар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, Би Ди Эм лизинг ХХК /цаашид түрээслүүлэгч гэнэ/ нь А ХХК-ийн /цаашид түрээслэгч гэнэ/ сонгосон БНХАУ-ын компаниас Beiben trucks group-д үйлдвэрлэсэн 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүлийг худалдан авах үнээс 5.380.818 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийг санхүүжүүлж тээврийн хэрэгслийг түрээслэгчид ашиглуулахаар, Түрээслэгч тал жилийн 11,25 хувийн хүүг үндсэн төлбөрт нэмж түрээсийн төлбөрт тооцож, нийт 42 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар, төлбөрийг төлж дуусгасан нөхцөлд санхүүжилтээр худалдан авах 15 ширхэг чирэгч толгой, чиргүүлийн хамт өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхээр тохирч СТГ-19/06 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулжээ. /1хх 12-22/

Уг гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр СТГ-19/06-01 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулжээ. /1хх23-25/

3.2.Энэ гэрээтэй зэрэгцээд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын хуулийн этгээд болох Өвөр МБФХЦЭИХ ХХК /цаашид Худалдагч гэнэ/, ДБЭЛ ХХК, А ХХК нар тохирч, Худалдагч БНХАУ-ын хуулийн этгээд нь 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүлийг түрээслэгчид хүлээлгэн өгөхөөр, Түрээслүүлэгч тал тээврийн хэрэгслийн үнэ 5.505.000 юанийг Худалдагчид хэсэгчлэн төлөхөөр тохирч Худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. /1хх 28-40/

3.3.Дээрх СТГ-19/06 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөө түрээслүүлэгч, түрээслэгч нар тохирч,

-Д.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 44 дүгээр байр 149 тоотод байрлах 76,2 мкв талбайтай гурван өрөө орон сууц,

-Д.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 44 дүгээр байр, зоорийн давхрын 13 тоотод байрлах 14,58 мкв талбайтай автозогсоол,

-Т.О ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байр 15 тоотод байрлах 107,8 мкв талбайтай, гурван өрөө орон сууц,

-М.Т ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байр 13 тоотод байрлах 71,6 мкв талбайтай гурван өрөө орон сууцнаас хангуулахаар БГ-ҮХХ-АХ2019/14, БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулжээ. /1хх 41-63/

3.4.Хэрэгт баримтаар түрээслүүлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30 хувь болох 1.651.500 юанийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2.752.500 юань, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр /огноо тодорхойгүй бүдэг ч зохигчид маргаагүй/ 1.101.000 юань, нийт 5.505.000 юаныг худалдагч талд төлсөн үйл баримт тогтоогдсон. /1хх 64-66/

3.5.Гэрээний зүйл болох 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүлийн хамт Монгол Улсын хилээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд орж ирснээр, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээслүүлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон. /1хх 69-78, 84-97, 100-101/

3.6.Гэрээний явцад Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор Би Ди Эм лизинг ХХК-г татан буулгахаар шийдвэрлэсэн ч, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 252[1] дугаар тогтоолоор компанийн үйл ажиллагааг буцаан сэргээсэн үйл баримт тогтоогдсон.

4.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Санхүүгийн түрээс, тэр дундаа энэ тохиолдолд санхүүжилтийн лизингийн гэрээ байгуулсан тул түрээслэгчийн ашиг сонирхол нь өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоос илүүтэйгээр түрээсийн зүйлийг ашиглах замаар ашиг олох явдал байхаар Иргэний хуулийн 312.3, 312.4-т зохицуулсан. Түүнээс гадна Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Санхүүгийн түрээст тавигдах гурван шаардлагыг тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн зүгээс тус байгууллагын хувьд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан шаардлагаар санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлдэггүй, зөвхөн мөн зүйлийн 5.1.1-д зааснаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх хүрээнд үйлчилгээг үзүүлдэг хэмээн тайлбарлав. Улмаар талуудын хоорондох энэ гэрээний хувьд дээрх хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан шалгууруудыг хангаагүй гэдэгт маргаагүй, хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.

Талууд анх гэрээгээр түрээсийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 42 сарын хугацаанд хэсэгчилж төлөхөөр тохирсон, харин 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр төлбөр төлөх хугацаа, хэмжээнд өөрчлөлт оруулсан. Ийнхүү оруулахдаа нэг сард төлбөл зохих төлбөрийн хэмжээг ихэсгэж, өмнөх 42 сарын хугацааг 41 сар болгож багасгасан. Гэхдээ энэ үед эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны улмаас татан буулгах комиссын шийдвэрийг үндэслэж бодит олгосон мөнгөн дүнтэй уялдуулан төлбөрийн хэмжээ, хугацааг өөрчилсөн байна. Хуулийн этгээдийг татан буулгахаар зохион байгуулагдсан комисс төлбөрийг төлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг тул шүүх үүнийг буруутгах үндэсгүй. /1хх 23-25, 26, 27/

Харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2021 оны 8 дугаар сард татан буулгах ажиллагааг дуусгаж, компанийн үйл ажиллагааг буцаан сэргээснээс хойшхи хугацаанд, ялангуяа 2022 оноос хойш анхны гэрээний үндсэн агуулгад нийцүүлэх арга хэмжээг аваагүй, энэ талаарх түрээслэгч талын удаа дараагийн хүсэлтийг хүлээж аваагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан өөрийн тайлбараар тогтоогдсон. Энэ нь гэрээний мөн чанарыг алдагдуулж санхүүгийн түрээсийн гэхээс илүүтэйгээр зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж байдлыг түлхүү агуулжээ.

Гэвч шүүх талуудын анхны хүсэл зоригийн илэрхийлэл болох нэг талаас санхүүжилтийн эх үүсвэрийг гаргуулж эд хөрөнгийг түрээслэх ашиглах илэрхийлэл, нөгөө талаас гэрээнд заасан хугацаагаар түрээсийн төлбөрийг /үндсэн+хүү/ хэсэгчилж төлөх хүсэл зориг, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл зэргийг харгалзаж маргааныг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар шийдвэрлэнэ. /1хх 117/

5.Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ гэж, 317 дугаар зүйлийн 317.1-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон гэрээг баримтлана гэж, мөн зүйлийн 16.3-т Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах, эсхүл түрээсийн зүйлийг буцаан авах үед түрээслэгч түрээсийн гэрээний нийт үнийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбогдсон маргаан гарвал гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх буюу арбитрын журмаар шийдвэрлүүлнэ гэж тус тус заасан.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс үндсэн үүрэгт 2.911.012.886 төгрөг /үнэ 2.252.771.554 төгрөг + 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 658.241.332/, алданги 1.126.385.777 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 13.210.925 төгрөг /томилолтын зардал 3.910.925 + харуул хамгаалалтын зардал 9.300.000/, нийтдээ 4.050.609.587 төгрөг гаргуулахаар шаардсан.

5.1.Талуудын хоорондох 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хавсралтад тусгагдсан 2.252.771.553 төгрөг нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг худалдан авахад бодитоор төлсөн үнийн дүн хэмээн нэхэмжлэгч тайлбарласан. Хариуцагч үүнд маргаагүй. Эргэн төлөлтийн энэ хуваариас үзвэл түрээслэгч тал 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт нийтдээ 2.702.076.905 төгрөгийг /үндсэн 2.252.771.553 + хүү 449.305.351/ хэсэгчлэн төлөхөөр хуваарь тогтоосон байна. /1хх 24-25/

Энэ хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 699.815.824 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид хуралдааны явцад маргаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.

5.2.Харин хариуцагчаас түүнээс өмнөх хугацаанд төлсөн төлбөрийг тооцоонд оруулаагүй гэж маргасан. Тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 23-нд 610.000 юань, 2020 оны 01 дүгээр сарын 27-нд 355.698 юань, нийт 949.556,25 юань буюу монгол төгрөгөөр 383.031.838 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, энэ нь гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнэд өөрөөс төлөх ёстой урьдчилгаа 15 хувь болох 825.750 юаниас илүү гарсан, илүү гарсан хэсгийг нэхэмжлэгч тооцоонд оруулж хасаагүй гэж тайлбарлав. Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнийн 15 хувийг анхнаасаа хариуцагч тал өөрөө төлөхөөр тохирсон, энэ мөнгийг манайд бус Худалдагч талд төлсөн гэж маргав.

Хэргийн баримтаар урьдчилгаа 30 хувь болох 1.651.500 юанийг түрээслүүлэгчээс Худалдагч талд шилжүүлсэн болох нь худалдах худалдан авах гэрээний 3.1 дэх заалт болоод Капитрон банкны гадаад гуйвуулгын даалгавраар тогтоогдсон тул хариуцагчаас 825.750 юань буюу 326.006.100 төгрөг /2021.03.05-ны өдрийн гэрээний хавсралтаар 15 хувийг төгрөгт хөрвүүлсэн дүн/ шилжүүлсэн гэж үзнэ. Гэхдээ энэ төлбөр түрээсийн төлбөрт хамааралгүй. Харин үүнээс илүү хэмжээгээр 949.556,25 юань төлсөн болохоо хариуцагч баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

5.3.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан төлбөр хэсэгчлэн төлөх хуваарь, төлсөн дүнг харьцуулан үзвэл түрээслэгч тал 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй, мөн түүнээс хойшх хугацаанд сар бүрийн төлсөн төлбөрийн хэмжээ гэрээгээр тохирсон төлбөл зохих хэмжээнд хүрээгүй, дутуу төлж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Талуудын хоорондох гэрээний 2.6-д төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн /2.252.771.553/ дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг зөрчил арилах хүртэлх хугацаанд төлөх-өөр тохирсон, энэ тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Шүүх дээр дурдсан хугацаа болоод төлбөр дутуу төлсөн хугацаанд алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмжээгээр тооцвол 1.126.385.776 төгрөг байна. Үүнээс шүүх энэ шийдвэрийн 4-т дурдсан хэргийн нөхцөл байдал, хөл хорио болоод төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг 50 хувиар бууруулж тооцон 563.192.888 төгрөг гаргуулна. /1хх 120/

5.4.Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний хүү, зардал өөрөө түрээсийн төлбөртөө багтах бөгөөд харин зээлийн хүү биш болно. Түүнчлэн үүнийг олох ёстой байсан орлогоор шаардаагүй, харин үндсэн төлбөрөөр тооцсон хэмээн нэхэмжлэгч хуралдааны явцад бичгээр гаргасан үндэслэлээ өөрчилж тайлбарласан тул шүүх учирсан хохирлоор тооцож шийдвэрлээгүйг дурдав.

5.5.Талуудын хоорондох гэрээний 5.2.10-т түрээслэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбогдон гарах зардал болон бусад зардлыг гэрээ дуусгавар болох, гэрээний хугацаа дуусах хүртэл хариуцах-аар, 4.1.10-т түрээслүүлэгч зардлыг түрээслэгчээс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байх тул шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар тээврийн хэрэгслийг буцаан авах үүднээс хариуцсан ажилтнуудын томилолтын зардалд гарсан 3.910.925 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Харин 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд тээврийн хэрэгслийг бусдад хадгалуулсан харуул хамгаалалтын зардал 9.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов. /1хх 242-250/

Дээрхийг нэгтгээд шүүх түрээсийн төлбөрт 2.702.076.905 төгрөг, алданги 563.192.888 төгрөг, хохиролд 3.910.925 төгрөг, нийт 3.269.180.718 төгрөг. Үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 699.815.824 төгрөг, Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар тооцож 326.006.100 төгрөгийг тус тус хасч, үлдэх 2.243.358.794 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6.Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол гурван сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан. Хэрэгт авагдсан гэрээгээр тухайлсан зохицуулалтгүй байх тул хуульд заасан гурван сар-ын хугацааг санхүүгийн түрээсийн гэрээнд баримтлана. Гэвч гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болмогц нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгслүүдийг буцаан авсан нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Харин нэхэмжлэгчээс Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан түр буцаан авах эрхээ эдэлсэн, энэ талаар гэрээний 9.1-д зохицуулсан, урьдчилж мэдэгдснээр битүүмжилсэн гэж тайлбарлав.

6.1.Талууд гэрээний хугацааг сунгаагүй, эсрэгээрээ нэхэмжлэгчээс хугацаа сунгахыг хүлээн зөвшөөрөөгүй талаараа хуралдаанд тайлбарласан тул гэрээний хугацаа дууссаны дараа Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан түр буцаан авах эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д түр буцаан авах тохиолдлуудыг нэрлэн заасан, мөн зүйлийн 15.2, 15.3-т зааснаар нөхцөл арилмагц буцаан өгч, гэрээний эрх үүргийг үргэлжлүүлэн биелүүлэх үүрэг хүлээлгэсэн хуулийн агуулгаас харвал гэрээний үүргийн биелэлтийг хангуулахад чиглэсэн зохицуулалтууд байна. Харин маргааны энэ тохиолдолд гэрээний үүргийн биелэлт хангуулах бус харин гэрээний хугацаа дууссанаар түрээсийн зүйлийг буцаан авсан үйлдэл байна.

6.2.Хариуцагчийн зүгээс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан үйл явдалтай холбогдуулж,

-хохиролд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн тохиолдолд олох ёстой байсан орлого 742.979.830 төгрөг,

-гэрээний 5.2.14, 11.1-д заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээн авч чадаагүй 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаа, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг /цар тахал, Өмнөговь аймагт ногоон бүс тогтоож уртын тээвэр зогсоосон үйл явдал/ тус тус санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт тусгаж зохих өөрчлөлт оруулахыг даалгах,

-гэрээний 8.9 дэх хэсэгт заасны дагуу санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах,

-гэрээний 4.1.10, 9.1-д түрээслүүлэгчид битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл үндэслэлээр тухайн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

-Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар А ХХК-ийн ашиглах, эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагуудыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

6.3.Хэрэгт авагдсан гэрээний 5.2.14-т түрээслэгч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьт аливаа нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлэх бол эргэн төлөлт хийгдэх хуваарьт өдрөөс хуанлийн 14 хоногоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж шийдвэрлүүлэх үүрэгтэй, 11.1-д гэрээний нэг тал давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж, 8.9-д түрээсийн зүйлэр эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрийг бүрэн ажиллагаанд оруулах хугацаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 сарын хугацаа байхаар заажээ.

Диспозитив зарчмын дагуу гэрээний оролцогч талууд байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэх эсхүл дуусгавар болгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаа өөрсдөө харилцан тохиролцох замаар шийдвэрлэх эрхийг эдлэх тул хариуцагчийн гаргасан энэ талаарх шаардлагууд шүүхийн шийдвэрлэх асуудалд хамаарахгүй.

6.4.Гэрээний 4.1.10-д заасан түрээслүүлэгч хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг түр буцаан авах буюу битүүмжлэх эрхтэй, 9.1-д заасан түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараах тохиолдолд битүүмжилнэ гэсэн хэсгүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамааралгүй байна.

6.5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан А ХХК-иас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 045 тоот албан бичигт Монгол Улсын засгийн газар, Эрдэнэс таван толгой ХХК болон бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нүүрс тээврийн үйл ажиллагаа DAP буюу Ганцмод нөхцлөөр нийлүүлэх болсонтой холбоотойгоор нүүрс худалдах худалдан авах 218 ширхэг гэрээг зогсоосон. Энэ шийдвэрийн улмаас нүүрс тээврийн үйл ажиллагаа 2023 оны 4 дүгээр сараас эрс муудсан, үүнээс улбаалж 1-2 ширхэг автомашинаар 8 хоногт 1 удаагийн тээвэр хийхээр тохируулга хийсэн, цаашид 0 зогсолтод хүрч болзогүй, нүүрс тендерийн үйл ажиллагаа эхлээгүй гэж дурджээ. /1хх 124-125/ Үүнээс үзвэл хэрэв тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч буцаан аваагүй бол нүүрс тээврээс дөрвөн сарын хугацаанд олох ёстой орлого 742.979.830 төгрөг болох нь баримтаар тогтоогдоогүй, учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрхийг нэгтгээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

7.Хэрэгт авагдсан ДБЭЛ ХХК, А ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/14 тоот барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр хийх, 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул шүүх энэ гэрээний зүйл болох Д.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-.. дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Нэхэмжлэгчээс барьцаалуулагч болох иргэн Д.Г-г энэ хэрэгт хариуцагчаар тодорхойлоогүй хэдий ч тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон, мөн тэрээр А ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байх тул тэрээр үр дагаврыг ойлгосон, мэдсэн гэж үзнэ.

8.Харин БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот барьцааны гэрээний тухайд: өмчлөгч М.Т , Д.О нараас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгахаар бие даасан шаардлагыг гаргасан.

Хэргийн баримтаар өмчлөгч М.Т болоод Д.О нарын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрийн итгэмжлэлээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр иргэн Д.Г д эрхийг олгосон байна. Энэ итгэмжлэлд төлөөлөгчид олгосон эрхийг үг үгчлэн тайлбарлавал хоорондоо цэг таслалаар хэд хэдэн тусдаа эрхүүдийг олгосон, үүнээс барьцаалуулах эрхийг олгосон байх тул зөвхөн зээлийн гэрээнд барьцаалахыг зөвшөөрсөн, харин түрээсийн гэрээнд барьцаалахыг зөвшөөрөөгүй тухай хариуцагч болоод гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлгүйг дурдав.

Харин тухайн гэрээг нэхэмжлэгч ДБЭЛ ХХК, А ХХК нар байгуулсан, уг гэрээнд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулагч этгээд болох М.Т, Д.О нарын төлөөлөгч Д.Гг иргэний хувиар оролцуулаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцааны гэрээний оролцогч талуудыг тодорхойлсон. Үүнд: тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна гэж, 4.2-т барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна гэж заасан.

Иймд хөрөнгөө барьцаалуулсан иргэдийг барьцааны гэрээнд оролцуулалгүй түрээслэгч, түрээслүүлэгч талууд хоорондоо гэрээг байгуулсан байгаа нь дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тухайн хэлцлийн үр дагаврыг буцааж, гуравдагч этгээд М.Т, Д.О нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-....дугаарт бүртгэлтэй хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тухайн барьцааны гэрээнүүдийг бүртгэх байгууллагаас бүртгэсэн тул гэрээ хүчин төгөлдөр тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүйг дурдав.

9.Түрээсийн зүйл болох 15 ширхэг чирэгч толгой, 15 ширхэг чиргүүл бүхэлдээ нэхэмжлэгч Би Ди Эм лизинг ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх боловч нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн зүйлээс үүргийг хангуулахаар шаардаж байна.

Хэрэгт баримтаар түрээсийн зүйлтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээ /барьцаа, фидуци зэрэг/ авагдаагүй. Гэвч талуудын хоорондох санхүүгийн түрээсийн гэрээний 2.7-д барьцаа хөрөнгө: түрээслэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан, эсхүл фидуцийн гэрээний дагуу түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө байх-аар гэрээгээр зохицуулсан, хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот албан бичигтээ түрээсийн зүйл гэрээний хугацаа дуусч, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд ДБЭЛ ХХК-ийн өмчлөлд байх талаар, нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн 20/40 тоот албан бичигтээ санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаанд ДБЭЛ ХХК-ийн өмчлөлд байх талаар тус тус тусгасан, улмаар талууд бодит үйлдлээрээ хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар барьцааны гэрээ-г байгуулсан гэж үзэв. /1хх 99, 118/

Иймд шүүх 15 ширхэг чирэгч толгой, чиргүүлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангав.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар А ХХК, ХН ХХК-иас 2.243.358.794 /хоёр тэрбум хоёр зуун дөчин гурван сая гурван зуун тавин найман мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДБЭЛ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 1.807.250.793 төгрөг болон ДБЭЛ ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 742.979.830 төгрөг гаргуулах, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах, мөн гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд чөлөөлөхийг даалгах, гэрээний 4.1.10, 9.1-д заасан битүүмжлэх эрхийг олгосон хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн зүйлийг битүүмжлэн авах замаар зориулалтын дагуу ашиглаж эзэмшилдээ байлгах эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар ДБЭЛ ХХК, А ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГ-ҮХХ-АХ2019/15, БГ-ҮХХ-АХ2019/16 тоот барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Т.О ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байр 15 тоотод байрлах 107,8 мкв талбайтай гурван өрөө орон сууц, М.Т ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байр 13 тоотод байрлах 71,6 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг ДБЭЛ ХХК, А ХХК нарт даалгасугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох

-Д.Гантулгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 44 дүгээр байрны 149 тоотод байрлах 76,2 мкв талбайтай гурван өрөө орон сууц, уг байрны зоорийн давхрын 13 тоотод байрлах 14,58 мкв талбайтай автозогсоол, мөн

-Түрээсийн зүйл болох 88-50УАР, 88-51 УАР, 88-52 УАР, 88-53 УАР, 88-54 УАР, 88-56 УАР, 88-57 АУР, 88-59 УАР, 88-60 УАР,88-61 УАР, 88-62 УАР, 88-63 УАР, 88-67 УАР, 88-69 УАР улсын дугаартай BEIBEN Truck group-ийн ND2638SZ-ийн маркийн 15 ширхэг чирэгч толгой,

-88-50 УЧ, 88-51 УЧ, 88-52 УЧ, 88-53 УЧ, 88-54 УЧ, 88-56 УЧ, 88-57 УЧ, 88-59 УЧ, 88-60 УЧ, 88-61 УЧ, 88-62 УЧ, 88-63 УЧ, 88-67 УЧ, 88-69 УЧ улсын дугаартай BEIBEN Truck group-ийн Semi-trailer маркийн 15 ширхэг чиргүүлээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.648.229 /19.952.637 +157.950 +70.200 + 90.265 +526.045 +1.275.600 +2.575.532/ төгрөг, хариуцагч А ХХК-иас төлсөн 4.311.610 /1.678.180+2.352.630 +70.200+70.200 +70.200 +70.200/ төгрөг, гуравдагч этгээд М.Т оос төлсөн 767.318 төгрөг, гуравдагч этгээд Т.О аас төлсөн 1.103.512 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 11.444.944 /11.374.744 +70.200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, ДБЭЛ ХХК, А ХХК нараас нийт 1.870.830 төгрөгийг хувь тэнцүү хэмжээгээр гаргуулж, гуравдагч этгээд М.Т ид тус бүр 383.659 төгрөг, гуравдагч этгээд Т.О т тус бүр 551.756 төгрөг тус тус олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 


[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231084129981 -сайтад нийтэд нээлттэйгээр байршсан тул ИХШХШТХ 40.4 зааснаар нотлох шаардлагагүй үйл баримт