Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн С.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201712000061  тоот  хэргийг  2017 оны  05 сарын 23-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 сарын 7-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4,  ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг “Сүм” гэх газар нутаглах улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зуут овгийн Сэндэнбуугийн Эрдэнэбаяр /РД:ЗА81110711/

            Шүүгдэгч С.Эрдэнэбаяр  нь 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн  Адаацаг  сумын 3 дугаар багийн  нутаг “Магнай” гэх газар  нутаглах Д.Амарбатын гадаа иргэн  Г.Мөнхтуяатай хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хавирч унагасны улмаас баруун хөлийн дунд чөмөг хугарч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч С.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 3 сарын 5-нд би адуунд явж байгаад Амарбат гэдэг айлд буусан юм. Тэгэхэд Г.Мөнхтуяа  бас нэг хүнтэй хамт согтуу байсан. Намайг мотоцикльд мордуулаад өг гэхээр нь би мотоцикльд нь мордуулж өгсөн. Гэрээс гараад  явж байгаад 1 километр зайтай газар дахиж унасан байсан. Амарбатын эхнэр нь мордуулаад өг гэхээр нь дахиад мотоциклийг нь  асааж, мордуулж өгсөн. Би гэрт нь ороод байж байтал нөгөө хоёр хүн дахин унаад, мотоциклоо орхиод явган алхаад ирсэн. Ийм л зүйл болсон. Хавирч унагасны улмаас хөл нь хугарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.  Ээж дүү хоёр маань аваарт ороод ээжийн хөл хугарсан. Намайг тэнсэж өгнө үү  гэж гуйж байна гэв.

2.Хохирогч Г.Мөнхтуяагийн: “...би 2017.03.05-ны өдрийн  үдээс хойш Адаацаг  сумын нутаг “Магнай” гэх газарт байх Амарбат гэх айлд очсон. Тэгээд би Амарбатынхаас гарч явж байгаад дэрсэн дээгүүр харайлгаад мотоциклио орхиод Амарбатын гэрт Далхсүрэн бид хоёр алхаж ирсэн. Амарбатыг гэрт очиход Ганбаатар, Эрдэнэбаяр хоёр айраг цагаа уугаад сууж байхаар нь Ганбаатарыг би “таавчиг Ганбаа, халзан Ганбаа” гэж хэлсэн. Тэгээд би мотоцикль асаагаад өг гэж хэлсэн чинь Ганбаатар нь би асаагаад өгье гэж хэлсэн чинь Эрдэнэбаяр “та хаанахын хүн бэ? гэхээр нь би “Дэлгэрцогтын хүн байна” гэж хэлсэн чинь Эрдэнэбаяр “айлд орж ирчээд юу гээд байгаа юм бэ? гээд бид маргалдаж эхлэхээр нь би гаръя гээд гэрээс түрүүлээд гарсан  чинь араас Эрдэнэбаяр гарч ирээд намайг хавирч унагаасан.Тэгээд миний хөл эвгүй болоод босч чадахгүй Амарбатын гэр рүү мөлхөж орсон.Би 2017.03.05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Гэхдээ өөрийн ухаантай байсан. Миний баруун талын  дунд чөмөгний толгойн  яс хугарсан гэж хэлсэн. Гомдолтой, эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна.  Хүний асаргаанд хэцүү  байна.”  гэх мэдүүлэг /хх-24-25/

   3. Гэрч О.Төмөрхуягийн  “...намайг 2017.03.05-ны өдөр 15 цагийн үед Адаацаг сумын  3-р баг “Магнай” гэх газарт гэртээ байхад Мөнхтуяа Далхсүрэн хоёр ирсэн. Тэр хоёр ирээд хоол, цай идэж байхдаа манай нөхөр Амарбатыг Далхсүрэн  хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр “агсам согтуу тавих гэж ирсэн юм уу? гэж хэлсэн чинь зүгээр болсон. Тэгээд манай нөхөр худаг дээр ирсэн малаа услах гээд яваад өгсөн. Би Мөнхтуяа, Далхсүрэн хоёрыг яв гэж хэлсэн  чинь Далхсүрэн “чамд би хөөгдөж явахгүй гэж байгаад унтаад өгсөн.  Тэгээд байж байтал манайд Эрдэнэбаяр, Ганбаатар хоёр ирсэн чинь Мөнхтуяа Ганбаатарыг “таавчиг Ганбаа чи их сэхчихсэн байна”  гээд хэрүүл өдөөд байсан чинь Эрдэнэбаяр явъя гээд Далхсүрэнг сугадаад гарсан. Тэгээд би араас нь гарсан чинь гэрийн  үүдэнд Ганбаатар, Мөнхтуяа хоёр заамдалцаж байгаад давхарлаж ойчсон. Тэгээд Мөнхтуяа босоод мотоциклоо бариад зүүн урагшаандуу яваад өгсөн. ...Манай нөхөр малаа усалж ирээд Эрдэнэбаяр, Ганбаатар хоёртой юм яриад байж байхад Мөнхтуяа, Далхсүрэн хоёр 17 цаг өнгөрч байхад манайд явган алхаад ирсэн. Би тэр хоёрт айраг хийж өгсөн  уугаагүй. Тэгээд байж байхад Мөнхтуяа, Эрдэнэбаярыг “мотоцикль асаагаад өг гэсэн чинь Эрдэнэбаяр түрүүнд асааж өгөөд байхад чинь хаашаа юм” гэж хэлсэн чинь Мөнхтуяа “мотоцикль асааж өгсөнгүй сүртэй пацаан бэ? п.... минь гээд хоёулаа гаръя гээд Эрдэнэбаяртай хамт гараад явсан. Тэгээд 5 минут орчмын дараа гэрээс гараад ирэхэд гэрийн урд талд Мөнхтуяа газар хэвтэж байсан. Ганбаатар, Эрдэнэбаяр хоёрыг явсны дараа Мөнхтуяа хөл хөдөлж болохгүй байна гээд манайхруу мөлхөж орсон. Гадаа байхдаа Мөнхтуяа намайг Эрдэнэбаяр хавирч унагаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-26-27/

4. Гэрч Д.Амарбатын:  “...намайг 2017.03.05-ны өдөр 15 цагийн үед Адаацаг  сумын  3-р баг “Магнай” гэх газарт гэртээ байхад Мөнхтуяа мотоцикль бариад, Далхсүрэн сундлаад тэр хоёр ирсэн. Далхсүрэн нилээн согтуу намайг  “даварсан пацаан” гээд үгээр өдөөд байхаар нь би та агсам согтуу тавих гэж ирсэн юм уу?” гэж хэлсэн чинь гайгүй болсон. Мөнхтуяа согтуу байсан  боловч Далхсүрэнг бодвол гайгүй байсан. Би тэр хоёрт архи хийж өгсөн чинь Далхсүрэн уугаагүй, харин Мөнхтуяа нэг рүнк архи уусан. Тэгээд би мал услах гээд худаг руу яваад өгсөн. Мөнхтуяа, Далхсүрэн 2 манай гэрт үлдсэн. ....намайг 17 цаг өнгөрөөгөөд гэрт ирэхэд Эрдэнэбаяр, Ганбаатар хоёр гэрт ирчихсэн байж байсан. Тэгээд би мэнд усаа мэдэлцээд хоол унд болоод сууж байхад 10 минут орчмын дараа Мөнхтуяа, Далхсүрэн хоёр алхаад хүрээд ирсэн. ...тэгээд Мөнхтуяа Эрдэнэбаярт хандаж мотоцикль асаагаад өг гэсэн чинь Эрдэнэбаяр “би таны мотоциклийг асаагаад өгсөн одоо чадахгүй гэж хэлсэн чинь Мөнхтуяа Эрдэнэбаярыг “ чи асааж чадахгүй байхдаа яадаг юм чи ямар хөгийн п... бэ?” гээд хэл амаар доромжилж байгаад Эрдэнэбаярыг гаръя гээд Мөнхтуяа дагуулаад гараад явсан. Тэгээд 5 минут орчмын дараа гэрээс гараад иртэл гэрээс урагш 3-4 метр орчим зайд Мөнхтуяа газар унасан Эрдэнэбаяр гараас нь татааад зогсож байсан. Тэгсэн Мөнхтуяа намайг дуудаад ах нь хөдөлж болохгүй байна гэхээр очоод босгох гэсэн боловч босож чадахгүй баруун талын ташааруугаа заагаад энд болохгүй байна гэж хэлсэн. Би Мөнхтуяагаас юу болсон талаар асуухад Эрдэнэбаяр намайг хавираад унагаасан гэж хэлсэн. Тэгээд би өргөж оруулах  гэсэн боловч хөндөгдөөд болохгүй байна гэж хэлээд Мөнхтуяа өөрөө мөлхөж манай гэррүү орсон...”  гэх мэдүүлэг /хх-28-29/

5. Насанд хүрээгүй гэрч А.Билэгдэмбэрэлийн: “...би 2017.03.05-ны өдөр 17 цагийн үед байх Адаацаг сумын 3-р баг “Магнай” гэх газарт байх гэртээ байж байгаад бие засах гээд гарсан. Гэрт Эрдэнэбаяр, Мөнхтуяа, Ганбаатар, Далхсүрэн, аав, ээж нар үлдсэн. Би биеэ засчихаад гэртээ орох гээд явж байхад гэрээс Мөнхтуяа ах Эрдэнэбаяр ахтай хамт гарч ирээд Эрдэнэбаяр ах Мөнхтуяа ахын дээлнийнх нь мөрөн дээрээс барьж байгаад хавирч унагаасан чинь Мөнхтуяа ах босоод ирсэн. Эрдэнэбаяр ах хувцаснаас нь барихгүй дахиад хавираад унагаасан. Тэгсэн Мөнхтуяа ах босч ирээгүй. Тэр хоёр хэрэлдэж байгаа харагдаагүй. Хоёр биенээ цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-30/

6. Гэрч Ч.Ганбаатарын  “...2017.03.05-ны өдөр 16 цагийн үед Адаацаг сумын 3-р баг “магнай” гэх газарт байх Амарбатынд Эрдэнэбаярын хамт очсон. Тэнд очиход Амарбатынд Мөнхтуяа, Далхсүрэн хоёр байж байсан. Тэгсэн Мөнхтуяа намайг “таавчиг, халзан Ганбаа их том болжээ Тагарваагийн зарц гээд доромжлоод байхаар нь би юм хэлээгүй. Төмөрхуяг Мөнхтуяа, Далхсүрэн хоёрыг мотоцикль дээр мордуулаад өгөөч гэхээр нь Эрдэнэбаяр Далхсүрэнг сугадаад гэрээс гарсан. Гадаа гараад Мөнхтуяа өмнө хэлсэн үгээ хэлээд намайг  доромжлоод заамдаад авахаар нь би бас заамдаж аваад бид хоёр давхралдаж ойчсон, босоод Далхсүрэнг сундлаад явсан. ...гэрт орж ирчихээд Мөнхтуяа Эрдэнэбаярыг мотоцикль асаагаад өг гэсэн чинь Эрдэнэбаяр түрүүнд асааж өгөө биз дээ” гэж хэлсэн Мөнхтуяа тэгсэн чинь Эрдэнэбаярыг мотоцикль асаагаад өгдөггүй хогийн п....” гээд доромжлоод гаръя гээд дагуулаад гарсан. Би удаагүй гараад ирэхэд Мөнхтуяа гэрээс урагш хэвтэж байсан. Би мотоциклио Эрдэнэбаяраар бариулаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-31-32/

7. Гэрч Д.Далхсүрэнгийн: “...би 2017.03.05-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд Дэлгэрцогт сумын 2-р багийн “Муруй” гэх газраас гарч яваад саахалт айл Мөнхтуяагийнд очоод бид хоёр хамт ганц нэг айлаар бууя гээд явсан. Тэгээд бид хоёр Гантөмөр, Бадамхүү, Даваа, Мада нарыхаар орж архи ууж явсан, би их согтсон. Би Мадагийнд очсоноо муухан санаад байгаа. 2017.03.06-ны өдөр Мадагийн гэрт сэрсэн. Тэгэхэд Мөнхтуяа хөл болохгүй байна гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх33/

8. Гэрч Д.Лувсандагвын:  “...манай сумын Эрүүл мэндийн төвд Мөнхтуяа гэдэг хүн  хөдөлж чадахгүй байна гэх дуудлагын дагуу Адаацаг сумын Амарбат гэх айлд очиход Мөнхтуяа гэдэг хүн гэрийн баруун талд хэвтсэн зовиур ихтэй, хөдөлж чадахгүй байдалтай байсан. Үзлэг хийхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаатай амин үзүүлэлтүүд хэвийн тусгайлсан үзлэг хийхэд баруун хөлний дунд чөмөгний хүзүүний хугаралын шинжүүд бүрэн илэрсэн байсан учраас өвчин намдаах тариа хийж Дэлгэрцогт сумын төв рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-34/

9. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “...Дунд чөмөгний хугаралтай хүн алхаж явж чадахгүй, хөл дээрээ гишгэж чадахгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-35/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017.03.13-ны өдрийн  3696 тоот дүгнэлтэд:  

- Г.Мөнхтуяагийн  биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх36-37/

11. Хэрэгт цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн  Адаацаг  сумын 3 дугаар багийн  нутаг “Магнай” гэх газар  нутаглах Д.Амарбатын гэрийн гадаа иргэн Г.Мөнхтуяатай хувийн  таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хавирч унагасны улмаас Мөнхтуяагийн  баруун хөлийн дунд чөмөг хугарч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулах гэмт  хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1 дэх хэсэгт заасан хорих  ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь  анх  удаа, тохиолдлын  шинжтэй  нөхцөл  байдлын  улмаас  хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн,  хохирогчид 2500000 төгрөг  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  55 дугаар  зүйлийн  55.1.1, 55.1.3  дахь  хэсэгт  заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл болох ба ял  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч  нь   хүндэвтэр гэмт  хэрэг  үйлдэж, хорих ял  шийтгүүлж  байх  тул  түүний  хорих  ял  эдлэх  дэглэмийг  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь  хэсэгт  зааснаар  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэх нь  зүйтэй  байна.

Шүүгдэгч  нь   энэ   хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй, хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан болон  битүүмжлэгдсэн  эд  хөрөнгөгүй болохыг  дурдлаа.

Хохирогч Г.Мөнхтуяа нь өөрийн  эмчилгээтэй холбогдон гарсан зардлын  талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч нь хохирогчид 2500000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж цаашид эмчилгээтэй холбогдон  гарах зардлын  талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заалаа.

          Шүүгдэгч  нь  анх  удаа  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн, хохирогчид 2500000 төгрөг өгсөн  байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн  байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих  ялыг  биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283-286, 290 дүгээр  зүйлийн 290.3,   294, 295, 296, 297, 298, 299, 301,303, 304 дэх хэсгүүдэд тус тус заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зуут овогт Сэндэнбуугийн Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярт 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус  тус  дурдсугай.

5.Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь хохирогч Г.Мөнхтуяад 2500000 төгрөг төлсөн ба хохирогч нь өөрийн эмчилгээтэй холбоотой зардлын талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мөнхтуяа нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Эрүүгийн  хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт  даалгасугай.  

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  С.Эрдэнэбаярт урьд авсан  бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү,  иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.МӨНХБАТ