Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/1038

 

 

 

 

 

  2021           12             07                                             2021/ДШМ/1038     

                                                                                         

Б.Жд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1060 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006015891552 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б-ын Ж, 1971 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, .... хотхоны ... тоотод байрлах иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И овгийн Б-ын Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Жд шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Жд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Жы цагдан хоригдсон 280 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч В.М нь энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Жаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Жд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогоц энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж давж заалдах гомдолдоо: “Миний бие хохирогч В.Мтай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад түүнийг агсам тавьж хутга барьж над руу дайрах үед нь өөрийгөө хамгаалан биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр уншиж танилцуулсан шүүгч Г.Хатанцэцэг өмнөх шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, энэ удаагийн хурлаар танд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзнэ 6 жилийн хорих ял оногдууллаа гэж тайлбарласан. Гэхдээ саад учруулсан гэдгээ миний өмгөөлөгч нар шүүх хуралдаан хойшлуулсан гэх шалтгаантай гэж тайлбарласан. Гэтэл би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй, шүүхийн дуудсан цагт буюу тогтмол бүртгүүлж байсан. Харин өмгөөлөгч Ц.Даваажаргал Ковид-19 өвчин тусаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгч шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэхдээ “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 жилийн хорих ял оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн гэжээ. Шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнээд байгаа юм уу, хөнгөрүүлэх нөхцөл байдал гээд ийнхүү 6 жилийн хорих ял оногдуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр Монгол Улсын цар тахал нь дэлхийн бусад орнуудаас дээгүүрт бүртгэгдэж хүн бүр өвчилж байхад энэ өвчнөөр өвчилсөн нь өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж надад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлж буюу 6 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Миний бие өндөр настай ээжийгээ асарч, ам бүл хоёулаа байдаг. Мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөх үйлчилгээ авсан. Шүүхийн хэлэлцүүлэгт ч 2 өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох хүсэлтээ гаргаж байсан. Энэ хэргийн ээдрээтэй байдал, хохирогчийн тогтворгүй мэдүүлэг зэргийг дахин шалгаж, хохирогч энэ хугацаанд мөнгө өгвөл мэдүүлгээ өөрчилнө гэж байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгон шүүхээс намайг гэм буруутайд тооцсон байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байгаа боловч ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэн үзсэн шалтгаан нь үндэслэлгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Жд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч мэдүүлгээ зөрүүтэй буюу тогтворгүй мэдүүлсэн. Харин сүүлд өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлыг дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтуудаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, нийт 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Харин ч шүүгдэгч Б.Жы эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 487а тоотод байрлах иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч В.Мын “...нэг мэдэхэд Ж цээж рүү цохих шиг болохоор нь сэрэхэд миний цээжнээс цус гарч байсан, алчуур бариад цээжин дээр цус тогтоох гээд дараад байснаа “чи наадхаа дарж бай, би гараад түргэн дуудаад ирье” гээд гараад явсан. Би цус гарч байгаа газраа дарж байгаад ухаан алдсан нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. ... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ж манай гэрт байсан шар иштэй балиус шиг хутгаар миний цээж рүү хутгалж учруулсан. Манай гэрт өөр хутга байдаггүй...” /1хх 16-18/,

“Жы төрсөн ах цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан цагдаагийн хурандаа Баярсайхан, төрсөн эгч Өлзий нар нь надаас гуйгаад чи өөрөө өөрийгөө хутгалсан гээд мэдүүлэг өгөөч гээд гуйгаад байхаар нь би шүүхийн шатанд өөрийгөө хутгалсан гэж мэдүүлэг өгсөн. Үнэндээ бол Ж намайг гэрийнхээ хоймрын орон дээр тасраад унтаж байхад хутгалсан. Тухайн үед цээж рүү цохих шиг болохоор нь сэрсэн. Тэгтэл миний цээжнээс цус олгойдоод гараад байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй ухаан алдсан. Нэг мэдэхэд цэргийн төв эмнэлэгт ухаан орсон. Би хутгалуулсан үйл явдлыг санаж байна.” /2хх 76-77/,

гэрч Г.Аийн “... гэртээ ирэхэд хүн ирээд эмнэлэг хүргээд өг гэсэн, би үгүй гэхэд цагдаа, түргэн дуудаад өг гэсэн, утсаараа би эхлээд түргэнд дуудлага өгөөд, дараа нь цагдаа дуудсан. Түргэн дуудуулсан хүн өөрөө хүн хутгалуулсан байна гэж хэлсэн”  /1хх 12/,

гэрч П.Мийн “...М их согтоод, муудаад байна гээд гэрийн хойд орон дээр унтлаа гээд хэвтсэн. Ж бид 2 хөзөр тоглоод үлдсэн. Ж, М 2 хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. ...Би Мыг хутгалуулахаас өмнө гараад явсан. М гэрийн хоймрын орон дээр гадуур хувцастай одоо болоо их согтсон байна гээд хэвтэж байсан. Ж Мын хэвтэж байсан орны хажуу талын дугуй ширээний хажуу талын сандал дээр чи зайл гээд үлдсэн ... Би гадаа гарч бие засчихаад орж ирэхэд Мын цээжнээс нь цус гараад орон дээрээ хэвтэж байсан. Ж би хүн алчихлаа гээд хажууд нь орилоод байсан. Тэгэхээр нь би айгаад шууд гэрээс гараад зугтсан ...намайг бие засаад гаднаас орж ирэхэд М хутгалуулсан байсан. Гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй” /1хх 22-24/,

гэрч Ж.Сын “2020 оны 3 дугаар сарын 13-ны 19-21 цагийн хооронд байх нэлээн харанхуй болсон байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд ах нь сая найзыгаа хутгалчихлаа цагдаад дуудлага өгөх гэсэн юм гэхээр нь би уг хүнд өөрийн гар утсаа өгөхөд нэг хүн рүү залгаад би хүн хутгалчихлаа гэхэд цаад хүн нь наад хаягаас чинь дуудлага өгсөн ш дээ гээд байсан” /1хх 43-44/,

гэрч Э.Аийн “...би гэрийнхээ угаадсыг асгахаар хашааны гадна гарч урд айлын хажуугаар явж байхад гэр дотор нэг эмэгтэй манай нөхрийг хутгалчихлаа гээд орилоод уйлаад байсан ба нэг эрэгтэй хүн чимээгүй бай гээд загнаад байсан нөгөө эмэгтэй нь уйлаад л байсан. Дараа нь эгч ажлаасаа ирээд дуудлага өгсөн гэж яриад байхад нь уг айл нэгнийгээ хутгалсныг мэдсэн” /1хх 48-49/ гэх мэдүүлгүүд,

 “В.Мын биед цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх 54-55/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-11, 13-14/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүх, шүүгдэгч Б.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 487а тоотод байрлах иргэн В.Мын эзэмшлийн монгол гэрт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, шалтгаангүйгээр түүний цээжин тус газарт нь хутгалж баруун хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий шингэн хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус  тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Жаргалсайхны гаргасан “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгон шүүхээс намайг гэм буруутайд тооцсон байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байгаа боловч ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэн  үзсэн шалтгаан нь үндэслэлгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3655 дугаартай дүгнэлтүүд зэргээр хохирогч В.Мын биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Жы зэвсэг хэрэглэсний улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд цаашид энэ төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Жы цагдан хоригдсон 333 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1060 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жы цагдан хоригдсон 333 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ