Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00874

 

А.Арвинчимэгийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01938 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 853 дугаар магадлалтай,

А.Арвинчимэгийн нэхэмжлэлтэй,

            Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох           

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Арсланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгончимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

              Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр "Контрактын гэрээ"-г нэг жилийн хугацаатай байгуулж "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал"-ын даргаар томилогдон ажилласан бөгөөд уг гэрээг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаагаар сунгасан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал"-ын даргын албан тушаал дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б-1-94 тоот тушаал гарсан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 22 дугаар зүйлийн 22 \а\, 22 \з\ дахь заалт, хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.12, Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А-84 тоот тушаалыг үндэслэсэн байдаг бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгч миний ажиллаж байсан "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын дарга" гэсэн орон тоо хасагдсан тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагаас мэдэгдэл өгсөн бөгөөд түүнд санал болгосон ажлын орон тоо нь миний өмнө ажиллаж байсан "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын дарга" гэсэн орон тооноос дариу 8 шатлал буурсан "Тасалбарын төвийн орон нутгийн тасалбарын эрхлэгч" гэсэн ажлын байрыг санал болгосон ба миний бие мэдэгдлийг аваад намайг өмнө ажиллаж байсан ажлын орон тоотой адил өөр ажил, албан тушаал санал болгохыг хүсэж хүний нөөцийн албанд хандсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу мэдэгдэл өгснөөс 1 хоногийн дараа миний ажлыг актаар хүлээж авсан. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан боловч үнэн чанартаа миний эрхэлж байсан албан тушаал болох "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын даргын албан тушаал" ажлын байр нь үгүй болоогүй. Харин 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын А-84 дүгээр тушаалаар 3 хэсэг болгон бие даасан үйл ажиллагаатай Зорчигч үйлчилгээний төв буудал, Тасалбарын төв болон Тээш худалдааны төвийг тус тус байгуулсан нь миний орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Миний урьд эрхэлж байсан ажил албан тушаалыг 3 салгаж ижил чанарын албан тушаалд өөр хүмүүс томилж байгаа нь хуулиар олгосон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, Г.Отгончимэг нарын гаргасан хариу тайлбарт: “2015 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Замын даргын А-84 тоот "Зорчигч үйлчилгээний албаны дотоод бүтцийг боловсронгуй болгох тухай" тушаал гарч, уг тушаалын 2 дугаар заалтаар "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал"-ыг татан буулгаж, 3, 4 дүгээр заалтуудаар "Тасалбарын төв" болон "Зорчигч үйлчилгээний төв буудал"-ыг шинэчлэн байгуулсан. Энэ тушаал гарсантай холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр А.Арвинчимэгт мэдэгдэх хуудас гардуулсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б-1-94 тоот тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал" татан буугдсан тул тус төвийн даргын орон тоо хасагдсан байна. Иймд хуульд заасан хугацаанд түүнд мэдэгдэх хуудсыг гардуулж, ажил санал болгосон боловч эхлээд зөвшөөрөв гэж гарын үсгээ өгсөн байснаа дараа нь татгалзаж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Нэхэмжлэлд А.Арвинчимэгийн орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж байгаа боловч шинээр байгуулагдсан "Зорчигч үйлчилгээний төв буудал", "Тасалбарын төв", "Тээш худалдааны төв"-үүд нь өмнөх "Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал"-аас өөр чиг үүрэгтэй, харилцах объект, хамрах хүрээ мөн ажлын байранд тавигдах шаардлага зэргээр өөр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01938 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэгч А.Арвинчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 853 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01938 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Арвинчимэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 113 455 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгч А.Арвинчимэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 853 дугаар магадлалыг гардаж аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг талуудын хоорондын маргаанд ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв гээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч А.Арвинчимэгийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 113 455 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэсэн байна. УБТЗ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-84 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлыг татан буулгасан байгаа. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн Б-1-94 тоо тушаалын үндэслэл болоод байгаа уг тушаалыг хууль зөрчсөн талаар хэн нэгэн гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байхад энэ үндэслэлээр тухайн байгууллага байхгүй болоод Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын дарга гэдэг ажлын байр байхгүй болсныг давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Улаанбаатар төв буудлыг татан буугдаагүй өөрчлөн байгуулагдсан, мөн Улаанбаатар төв буудлын орлогч даргаар ажиллаж байсан О.Батчимэг нь ЗҮТөв буудлын даргаар ажиллаж байгаа нь тогтоогдсон гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б-1-94 тоот тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал татан буугдсан тул тус төвийн даргын орон тоо хасагдсан байна. О.Батчимэгийн хувьд Улаанбаатар төв буудлын орлогч даргаар ажиллаж байхдаа зорчигчийн үйлчилгээ хариуцаж байсан тул одоогийн шинээр байгуулагдсан байгууллагын даргын албан тушаалд томилсон байдаг. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх ажил олгогчийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн талаарх баримтуудыг буруу, дутуу үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй тул магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.” гэжээ.         

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгч А.Арвинчимэг нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын даргаар ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б-I-94 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

         Хариуцагч байгууллагын даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б-I-94 дүгээр тушаалаар Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын даргын “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч А.Арвинчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн даргаар нь ажиллаж байсан Улаанбаатар төв буудал нь Суудлын вагон депо, Олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдаалах төв гэсэн бүтэцтэй Зорчигч тээврийн албанд харьяалагдаж байсан /хх-ийн 144/ бол 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А-129 тоот Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай тушаалд заагдсан Зорчигч үйлчилгээний алба нь Зорчигч үйлчилгээний төв буудал, Тасалбарын төв, Тээш, худалдааны төв, Нийтийн хоолны төв, Зорчигчийн вагон ашиглалт үйлчилгээний депо гэсэн бүтэцтэйгээр өөрчлөн байгуулагдсан байна. /хх 138-139/

          Түүнчлэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-84 тоот тушаалаар Улаанбаатар төв буудлын суурин болон явуулын тасалбарын ажилтнуудыг Тасалбарын төвд нэгтгэсэн ба бусад өртөөдийн зорчигч үйлчилгээний буудлууд, бүх өртөө, зөрлөгийн тээш, тасалбар худалдаалах төв болон цэгүүдийг нэгтгэж Зорчигч үйлчилгээний төв буудлыг байгуулсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Улаанбаатар төв буудал нь хариуцагч байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болж татан буугдаагүй, харин өөрчлөн байгуулагдсан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

Харин Улаанбаатар төв буудлын орлогч даргаар ажиллаж байсан О.Батчимэг нь өөрчлөн байгуулагдсан Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын орон тоон дээр томилогдон ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч А.Арвинчимэгийн ажиллаж байсан зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын даргын ажлын байрны тодорхойлолтод туссан ажлын байрны үндсэн чиг үүрэг болон ажлын байранд хийгдвэл зохих ажлууд нь шинээр байгуулагдсан Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг болон хийх ажлын хүрээнд багтжээ. /хх- 36- 39/.

          Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай тушаал гарахаас өмнө болон хойно байсан дээрх 2 ажлын байранд тавигдах шаардлага нь ижил буюу Ашиглалтын инженер мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Арвинчимэгийн ажиллаж байсан нэгж татан буугдаж, ажлын байр нь цомхтгогдсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн гэж үзнэ.

          Ажил олгогч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд ийм үндэслэл заагаагүй байна.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг талуудын хоорондын маргаанд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч А.Арвинчимэгийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 113 455 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 853 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 223.517 /хоёр зуун хорин гурван мянга таван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                                                      ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН