| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/04687/И |
| Дугаар | 181/ШШ2024/01417 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/01417
| 2024 04 09 | 181/ШШ2024/01417 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................. оршин суух,Г.Н /Регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:. тоотод байрлах, Л ХХК /регистрийн дугаар: ../-д холбогдох,.................
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 111.610.950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Л ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 111.610.950 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Г.Н Л ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 30 ны өдөр 125.462.000 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 86.455.000 төгрөгийн Нэмэлтээр ажил гүйцэтгэх гэрээ, нийт 211.917.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилсан. 211.917.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний 111.610.950 төгрөгөнд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Георгийн 386 дугаар байр 16 тоот 2 өрөө орон сууцыг бартерд авсан.
Миний бие гэр бүлийн хамт 2019 оноос хойш 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл тус орон сууцандаа амьдарсан. Өнгөрсөн хугацаанд Л ХХК-ийн захирал С.Э орон сууцны өмчлөх эрхийг удахгүй шилжүүлж өгнө, гэрчилгээ нь удахгүй гарна гэсээр өнөөдрийг хүрлээ. Миний бие шууд барилга барьсанС.М тай гэрээ хиймээр байна гэхэд хүлээж бай, удахгүй гэрчилгээ нь гарна гэсэн.
2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-182/16105 тоот Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт тус орон сууц нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8658 дугаар захирамжаарС.М гаас 1.821.281.472 төгрөг гаргуулж Алаг Уул ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу дээрх орон сууцыг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт албадан чөлөөлж, холбогдох зардлыг хариуцах болохыг мэдэгдье гэх албан бичиг шуудангаар ирсэн.
Би гайхаад Л ХХК-ийн захирал С.Эаас асуухад санаа зоволтгүй,С.М нь Алаг Уул ББСБ ХХК-тай төлбөрийн асуудалтай байгаа гэсэн, удахгүй энэ асуудал шийдэгдэнэ, та хэд орон сууцандаа амьдарч байгаа юм чинь санаа зоволтгүй, гэрчилгээ нь удахгүй гарна гэж хэлсэн.
2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас хүмүүс ирж Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Георгийн 386 байр 16 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлж, миний бие одоо гэр бүлийн хамт орон гэргүй маш их хохирч байна.
Миний бие 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Л ХХК-аас бартерт авсан орон сууцнаас татгалзаж, гэрээний төлбөрт 111.610.950 төгрөгөө авья гэхэд захирап С.Э ирэх 7 хоногт мөнгийг нь шилжүүлье гэж хэлчихээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Нэгэнт бартерт шилжүүлсэн байсан орон сууц гуравдагч этгээдэд шилжсэн, нэхэмжлэгчид буцаан авч өгөх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд Л ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 111.610.950 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Г.Н Л ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э /2019.09.17-ны өдөр хүртэл ажиллаж байсан/-тай Ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, мөн Нэмэлтээр ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус тус байгуулан ажил үүрэг гүйцэтгэн, гэрээ байгуулагчид хоорондоо төлбөр тооцоогоо 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийлсэн төлбөрийн гүйцэтгэлд орон сууц өгөхөөр тохиролцсон байдаг.
Иргэн Сандуйжавын Мөнх-Амгалан, Л ХХК-ийн хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан худалдан авсан 7 орон сууцны нэг болох 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19/17, 19/18, 19/19 дугаар бүхий гэрээгээр худалдан авсан Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 38 Б байрны 16 тоот 69,3 мкв талбай бүхий 2 өрөө худалдан авсан орон сууцыг үүрэг гүйцэтгэгч Л ХХК-иас гэрээ байгуулагч иргэн Г.Нд хүлээлгэн өгсөн байдаг.
Гэтэл иргэнС.М нь Алаг-Уул ган ББСБ ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ09202017 тоот зээлийн гэрээ, БГ09202017 тоот барьцааны гэрээ байгууланС.М гийн нэр дээр бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн гудамж 38 Б байрны орон сууцнуудыг бүхэлд нь барьцаалсан байдгийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууц худалдан авагч тал Лэлминериал ХХК нь мэдээгүй байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102/шз2021/08658 дугаар захирамж гарч иргэнС.М Алаг-Уул ган ББСБ ХХК-д барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг манай компанид худалдан борлуулсныг 2022 оны 12 дугаар сард Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үүдэн мэдсэн билээ. Гүйцэтгэлтэй холбоотой маргаантай асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гарган өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компани нэхэмжлэл гаргаж, хариуцагчС.М д холбогдох 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19/17, 19/18, 19/19 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхээр иргэний хэрэг маргаан хянагдаж байгаа билээ.
Иймд дээрх хэрэг маргааныг шийдвэрлэх шийдвэр гартал хугацаанд хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажил гүйцэтгүүлсэн, ажлын хөлсний үлдэгдэл 111.610.950 төгрөг байсанд маргахгүй. Нэхэмжлэгчид мөнгийг бус орон сууцыг буцаан авч өгөх хүсэлтэй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлтээр ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаанууд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-182/16105 тоот орон сууц чөлөөлөх мэдэгдэл, орон сууцны хэрэглээний зардлын төлбөрийн нэхэмжлэхүүд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 102/ШЗ2023/16221, 102/ШЗ2023/17125 102/ШЗ2023/17213 тоот захирамжууд, 102/ШТ2023/00539 тоот шүүхийн тогтоол зэргийг ирүүлжээ. /хх 6-24, 55-63/
Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн М.Мөнх-Амгалан, Л ХХК нарын хоорондох 19/19 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 102/ШЗ2023/05558 тоот захирамж, 102ШТ2023/00224 тоот шүүхийн тогтоол, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 37-52, 111/
Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2024/01865 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1150 тоот хариу, түүний хавсралтууд, 181/ШЗ2024/03846 дугаар захирамжийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрч О.Дөлгөөн, Н.Түмэндэмбэрэл нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 72-87, 104-110/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Н нь Л ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 111.610.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2027, 2018 онд тус компанийн Төв аймаг, Борнуур сум дах төмрийн үйлдвэрийн сэндвичэн барилгын ажилд оролцсон, төлбөр тооцоог баталгаажуулж 2019 онд ажлын хөлснөөс 111.610.950 төгрөгт тооцож хоёр өрөө орон сууцыг шилжүүлсэн авсан боловч тухайн орон сууцны өмчлөл бусдад шилжсэн тул ажлын хөлсний үлдэгдлийг мөнгөн хэлбэрээр гаргуулна гэж тайлбарлав.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: тус компаниС.М тай байгуулсан гэрээний дагуу орон сууцнуудыг шилжүүлэн авсны дагуу нэхэмжлэгчид төлбөрт тооцон хоёр өрөө орон сууцыг өгсөн байсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэв. Харин шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Л ХХК, нөгөө талаас Г.Н нар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохирч, Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу Төв аймаг, Борнуур суманд төмрийн үйлдвэрийн барилгын ажлыг 60 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч ажлын хөлс 125.462.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохирч Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. /хх 6-10/
Мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дахин харилцан тохирч, Гүйцэтгэгч дээрх Төв аймаг дах үйлдвэрт 1100 мкуб бүхийн усан сан, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурь, 2000 мкв талбайд зам талбайн тохижилт, 270 мкв Монгол ажилчдын сэндвичэн байр, 500 метр үйлдвэрийн хашаа, лабораторийн сэндвичэн байр, трансформаторын удирдлагын байр, 40 мкв оффисийн сэндвичэн байрны ажлыг 86.455.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр нэмэлт гэрээг байгуулжээ.
Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн гэрээ байна.
4.2.Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус ажлын хөлсийг тооцож, тооцооны үлдэгдлийн баталгаанууд үйлджээ. /хх 11-14, 38-39/
Дээрх удаа дараагийн тооцоо нийлсэн баримтаас хамгийн сүүлийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд Байр олгогдоогүй тохиолдолд 111.610.950 төгрөгийг Г.Нд төлөхөөр тооцоо нийлсэн болно. Г.Олзбаяр гэж тусган, компанийн санхүүгийн тэмдгээр баталгаажуулжээ.
4.3.Нэхэмжлэгч 2019 онд ажлын хөлсөд Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол 38Б байрны 16 тоот хоёр өрөө орон сууцыг тооцож авсан, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл ирснээр орон сууцыг чөлөөлж өгсөн үйл баримт тогтоогдсон, үүнд маргаагүй. /хх 15/
4.4.Бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар:Маргаанд хамаарах дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205083676 дугаарт Алаг уул ган ББСБ ХХК-ийн өмчлөлд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжиж бүртгэгдсэн, түүнээс урьд анх 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэнС.М гийн өмчлөлд 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээтэйгээр анх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан нь тогтоогдсон.
С.Мөнх-Амгалан болон Л ХХК нарын хоорондох 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч тухайн орон сууцыг өөртөө шилжүүлэн авч, улмаар нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч дээр дурдснаар хөрөнгө Алаг уул ган ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжиж, хөрөнгийг сулласан үйл баримтууд тогтоогдсон.
Маргаанд хамаарах тухайн хөрөнгө анхнаасаа эрхийн доголдолтой байсан, одоо нэхэмжлэгчид биет байдлаар орон сууцыг буцаан өгөх хууль зүйн боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх 15, 40-41, 44-46, 72-87/
5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хөлс шаардахад урьдач нөхцөл болох ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байхыг шаардана.
Гэрч О.Дөлгөөн,Н.Түмэндэмбэрэл нараас ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн талаар мэдүүлснээс гадна дээрх байдлаар талууд ажлын хөлс тооцож тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдснээр захиалагч хийсэн ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтыг илтгэж байна. /хх 11-14, 38-39, 103-110/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын хөлсний үлдэгдэл 111.610.950 төгрөгт тооцож орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байсан, түүнчлэн нэхэмжлэгчид дээрх хэмжээний ажлын хөлс төлөгдөөгүй үлдсэн үйл баримтад маргахгүй хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүх ажлын хөлсийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Л ХХК нь гэрээг байгуулсанС.М д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөнгө гаргуулах шаардлага гаргасан болох нь баримтаар ирүүлсэн нэхэмжлэлийн хуулбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэл бүрдээгүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүйг дурдав. /хх 42-43/
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Л ХХК-иас 111.610.950 /нэг зуун арван нэгэн сая зургаан зуун арван мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Нд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 716.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 716.005 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ