Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/01416

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 09

181/ШШ2024/01416

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ........................................байрлах, СИ ХХК /РД: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....давхарт байрлах, КЭС ХХК /РД:./-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 781.760.071 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 418.898.865 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч СИ ХХК нь КЭС ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 563.157.784 төгрөг, алданги 218.602.287 төгрөг, нийт 781.760.071 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

СИ ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21/09 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г КЭС ХХК-тай байгуулж, гэрээний дагуу КЭС ХХК-д төмрийн хүдрийн хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон. СИ ХХК гэрээнд заасан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажил болон хүлээн авах туршилтыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэж дуусган, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасан 12 сарын баталгаат хугацаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дууссан бөгөөд КЭС ХХК-иас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар аливаа гомдол, саналыг гаргаагүй буюу гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авч ашиглаж байна.

Мөн Хариуцагч КЭС ХХК нь өөрийн үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж болох 2 ширхэг, нийт 3322 ам.долларын үнэ бүхий Hardox листийг нэмэлтээр худалдан авахаар санал гаргасны дагуу нэмж нийлүүлсэн. Энэ талаар талууд 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын 2.3 дах хэсэгт баталгаажуулсан. Ингэснээр КЭС ХХК-ийн төлөх төлбөрийн нийт хэмжээ 1.781.461 ам доллар болсон. Хариуцагч нь 1.619.343 ам долларыг төлсөн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш аливаа төлбөр төлөөгүй.

Иймд КЭС ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 162.118 ам доллар буюу 563.157.784 төгрөгийг гаргуулна.

Гэрээний 4.5.3-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхийн дагуу ажлын гурав хоногт багтаан төлөх үүргийг худалдан авагч хүлээсэн. Үлдэгдэл төлбөр төлөх хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зохигчдын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ний 12.4-т Худалдан авагч нь гэрээний төлбөрийг хугацаанд нъ бүрэн төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 12.4-т заасны үндэслэн хугацаа хэтрүүлсэн 792 хоногт, нэг хоногт ногдох алдангийн хэмжээ 81.06 ам доллар, нийт алдангийн хэмжээ 64.117 ам доллар буюу 218.602.287 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хоёр: Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

2.1.КЭС ХХК нь СИ ХХК-д гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 5 дугаар сарын 20-нд гэрээний 4.5.1, 4.6.1-д заасан урьдчилгаа 1.246.465 ам.доллар буюу 3.551.939.128 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-нд гэрээний 4.5.2-т заасан дундын төлбөр 353.342 ам доллар буюу 1.006.706.692 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-нд гэрээний 4.6.2-т заасан конвейерын жингийн дундын төлбөр 19.536 ам доллар буюу 55.650.835 төгрөг, нийт 1.619.343 ам доллар буюу 4.614.296.656 төгрөгийг төлсөн.

Дээрхээс гадна, нэхэмжлэгчийг ажлаа саадгүй гүйцэтгэхэд нь зориулж үйлдвэрийн барилгын суурийн ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний улмаас бидэнд нэмэлт зардлууд гарч хохирол учирсан, үйлдвэрийн угсралт суурилуулалтын хугацаа хэтэрч төлөвлөсөн хугацаанд ашиглаж чадаагүйгээс болж, олох ёстой байсан орлого олох боломжгүйд хүрч, хохирол учирсан.

2.2. Нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн.

Нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс эхлэн гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, зориулалтын дагуу ашиглах боломжтой үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хуанлийн 45 хоногт багтаан 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааг бид сунгаж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21/09-02 тоот Явцын гүйцэтгэл баталгаажуулах актаар худалдагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тасалдуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/09-03 тоот Явцын гүйцэтгэл баталгаажуулах актаар 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэргээн тоолсон. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хамтран баталгаажуулсан Гэрээ дүгнэсэн актын 2.2-т зааснаар худалдагч тал 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 82 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь нотлогдоно.

2.3.Ажлын үр дүн гэрээнд заасан шаардлагад нийцээгүйгээс хохирол учирсан.

Нэхэмжлэгч гэрээнд заасан зориулалт бүхий чанарын шаардлага хангасан, доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний гүйцэтгэл, хэрэгжилтэд алдаа дутагдал гарч байсан. Худалдагч гэрээний 1.1, 1.3, Хавсралтад зааснаар багадаа 200 тн/цаг хүдрийн бүтээл гаргах хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүрэг бүрэн биелэгдээгүй бөгөөд хүчин чадалдаа хүрч ажиллахгүй байгаагаас манай компанид хохирол учирч байгаа болно.

КЭС ХХК-ийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 107/21 тоот албан бичгээр дээрх нөхцөл байдлуудыг тодорхой дурдан гэрээний үүргийн биелэлтийг хангаж биет байдлын доголдолгүй, зориулалтын дагуу ашиглагдах боломжтой, чанарын шаардлага хангасан үйлдвэрийн төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийг шаардсан. Улмаар шаардлага хангалттай биелэгдээгүй тул шаардсан ажлууд хийгдсэн эсэх, гэрээний зүйл чанар, хүчин чадалдаа нийцэж буй эсэх асуудлыг гэрээг дүгнэхдээ дүгнээгүй тухай актад тусгасан. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь багадаа 200 тн/цаг хүдрийн бүтээл гаргах чанарын шаардлагадаа нийцээгүй болно.

Нэхэмжлэлд баталгаат хугацааны дотор худалдан авагч талаас гомдол гаргаагүй гэх тайлбарыг хүргүүлсэн байх боловч тоног төхөөрөмжийн баталгаат хугацаа тоологдож эхлэх 2021 оны 10 дугаар сарын 16-ны үеэс эхлэн хүйтний улиралтай зэрэгцэн үйлдвэрийн ашиглалт багассан ба улирлын чанартайгаар тоног төхөөрөмжийг хүлээн авсанд тооцон урьдчилсан байдлаар гэрээг дүгнэх шаардлага тулгарсан болно.

2.4. Баталгаат хугацааны явцад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн.

Худалдан авагч талын Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байсан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээ-г Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Концессын гэрээ цуцлах тухай 148 дугаар тогтоолоор цуцлах шийдвэр гарсны улмаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн уурхайн талбайд ашиглагдаж байсан энэхүү гэрээний зүйл болох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 123 дугаар тогтоол гарган, худалдан авагч талаас хураан авсан. Энэ цаг үеэс эхлэн манай компани тоног төхөөрөмжийн угсралт, чанар байдалд хяналт тавих ямар ч боломжгүй болсон. Төрийн шийдвэр, оролцооноос үүдэлтэй давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болсон, худалдагч тал үүссэн нөхцөл байдлыг мэдэж байсан.

Өөрөөр хэлбэл, баталгаат хугацааны 50 гаруй хувьд худалдан авагч тоног төхөөрөмжийг ашиглаагүй, өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлээс үйлдвэрийн тоног төхөөрөмжид хяналт тавих боломжгүй болсноор тоног төхөөрөмжийг гэрээнд заасан чанар хүчин чадалд нийцүүлэх шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иргэний хуулийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж заасан. Худалдан авагч талаас тоног төхөөрөмжийн доголдлыг шалгаж, тогтоосны үндсэн дээр илэрсэн доголдлыг арилгах шаардлагатай мөнгөний хэмжээгээр гэрээний үнийг бууруулахыг шаардах эрхтэй, одоогоор нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр шалган тогтоох боломжгүй байна.

2.5.Гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хариу үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхээс татгалзах эрхтэй. Худалдагчийн нэхэмжилсэн 162.118 ам долларын үлдэгдэл төлбөрөөс Худалдан авагч нь өөрт учирсан хохирол, гэрээний дагуу тооцсон торгууль, алдангийг суутган тооцох эрхтэй тул нэхэмжлэгчид ямар нэг өр төлбөрийн үлдэгдэлгүй болно.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гуйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу татгалзах эрхтэй билээ.

2.6.Ханшийн зөрүүгээр үүссэн хохирлыг хариуцах үндэслэлгүй.

Хэрэв нэхэмжлэгч хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн бол бидэнд ямар нэг хохирол учрахгүй, мөнгөн төлбөрийн үүрэг тасалдахгүй байсан боловч нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсний улмаас гэрээний аль нэг талуудаас үл шалтгаалан ам долларын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгтэй харьцах ханш өссөн. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас манайд учирсан хохирол болж байгаа юм.

Иргэний хуулийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан ба гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж, үүрэг үүсэх үеийн 1 ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 2.849 төгрөг байсан. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 1 ам.долларын 3.473 төгрөгтэй тэнцэх ханшаар нэхэмжпэл гаргасан байгаа нь анх гэрээ байгуулах үеийнхээс 21.9 хувь өссөн дүнгээр 101.184.397 төгрөгийн ханшийн зөрүү үүссэн байна.

Худалдагч талаас үүрэг гүйцэтгэж гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүдийг импортлох цаг хугацаанд ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш нэмэгдээгүй байсан ба ийнхүү нэмэгдсэн ханшаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заасан ба нэхэмжпэгчийн өөрийн хугацаа хэтрүүлсэн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн ханшийн зөрүүг бид хариуцах үндэслэлгүй.

Манайх гэрээний үүргийн гүйцэтгэлд гурван удаагийн төлөлтөөр нийтдээ 4.614.296.656 төгрөг төлсөн.

 

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гурав. КЭС ХХК нь СИ ХХК-иас 418.898.865 төгрөг гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

СИ ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 21/09 тоот Худалдах, худалдан авах гэрээний 4.8-д Худалдагч нь энэхүу гэрээний 3.2-т заасан хугаиаанаас хуанлийн 7 хоног хэтэрсэн бол 50.000 ам.долларын торгуулийг Худалдан авагчид төлнө. Энэ тохиолболд үлдэгдэл төлбөрөөс суутгаж болно гэж харилцан тохиролцсон. Тус заалт нь тоног төхөөрөмж худалдаж, угсарч суурилуулах, тохиргоо жигдрүүлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэж буй тал хугацаандаа ажлаа гүйцэтгэхэд зориулсан хариуцлагын зохицуулалт юм.

Талуудын хамтран баталгаажуулсан 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/09-03 баталгаажуулалтын акт-ын 1.1-д Гэрээний үлдэгдэл 15 хоногийн хугацааг сарын 11-ний өдрөөс эхлэн сэргээн тоолохыг харилцан баталгаажуулав гэж акт үйлдсэнээр гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-ын 2.1-д тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажил болон хүлээн авах туршилтыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэж дууссан болохыг баталгаажуулсан ба 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 82 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь хариуцагч гэрээний 4.8-д заасан торгууль төлөх үндэслэл болно.

Хариуцагч дээрх актуудаар нийт 82 хоногийн хугацаа хэтрүүлж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэж заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Хариуцагч 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/09-03 дугаар Явцын баталгаажуулалтын акт-ыг баталгаажуулахдаа үүрэг гүйцэтгэх 15 хоногийн хугацаа үлдсэн болохыг мэдэж байсан. Энэ нь Иргэний хуулийн 222.1.2-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж заасан нөхцөлийг хангасан болно.

Гэрээний 12.4-д "Худалдагч барааг хугацаанд нь нийлүүлээгүй, мөн угсралт суурилуулалт, залгалт тохируулгын ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан.

Гэрээний зүйл нь үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж тул худалдагч эцсийн байдлаар бүрэн гүйцэт, ашиглах боломжтойгоор хүлээлгэн өгснөөр худалдан авагч тал тоног төхөөрөмжийг ашиглаж үр шимийг нь хүртэх нөхцөл боломж бүрдэнэ. Иймээс гэрээ дүгнэх актаар баталгаажсан дүнгээс Конвейерийн жинг хасахад тооцогдох дүн болох 1.748.901 ам доллароос 82 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги тооцоход 71,704.94 ам долларын алданги тооцогдоно.

Мөн талууд гэрээний 3.5-д "Конвейерын жинг үйлдвэрлэж, тээвэрлэн, үйлдвэрт угсрах хугацаа 90 хоног байх бөгөөд гэрээний 3.2-т заасан хугацаанаас тусад нь тоолно гэж харилцан тохирсон ба 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Явцын гүйцэтгэл баталгаажуулах акт"-аар гэрээний 3.5-д заасан Конвейерын жин нийлүүлэх хугацааг тасалдуулаагүй. Иймээс Конвейерын жин нийлүүлэх 90 хоногийн хугацаа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Улмаар хариуцагч Конвейерын жин нийлүүлэх 90 хоногийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 59 хоногоор хэтрүүлсэн болно. Конвейерын жингийн үнийн дүн 32.560 ам.доллар ба 59 хоног хугацаа хэтрүүлсний алданги 960.52 ам доллар тооцогдоно. Иймд хугацаа хэтрүүлсний алдангийн дүн 72.665 ам.долларыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэл болно.

Монголбанкны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хаалтын нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 3.414 төгрөгөөр тооцон СИ " ХХК-иас торгууль 50.000 ам доллар буюу 170.748.500 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 72.665,46 ам доллар буюу 248.150.365 төгрөг, нийт 418.898.865 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Дөрөв: Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Гэрээний дагуу хариуцагчийн худалдан авсан тоног төхөөрөмж нь төмрийн хүдрийн хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж бөгөөд заавал угсралт, суурилуулалт, залгалт тохиргоо, жигдрүүлэгчийн ажил хийгдсэний дараа ашиглагдах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд болно. Хариуцагч нь гэрээний 5.2-т үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Төмөртолгой төмрийн хүдрийн орд дахь үйлдвэрийн талбайд хүлээн авахаар, гэрээний 6.3-т үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг угсрах буюу үйлдвэрийг барьж байгуулах барилгын суурийн ажлыг угсралтын ажил эхлэхээс өмнө хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй тохирч гэрээг байгуулсан. Хариуцагч нь гэрээний 5.2, 6.3 дахь хэсгүүдэд тус тус заасан тоног төхөөрөмжийг хүлээн авах нөхцөл бүрдүүлэх үүргээс гадна тоног, төхөөрөмжийг угсрах, үйлдвэрийн хэмжээнд жигд тасралтгүй ажиллаж эхлэхэд хэрэгтэй бетон цутгалтын ажил, цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлийн удирдлагын контейнер хүртэлх хүчний кабель, тоног төхөөрөмжийн холболтын кабель, тавиур, лотки зэрэг цахилгаан холболтод шаардлагатай дэд бүтцийг хангах үүргийг гэрээний 8.2.5 дахь хэсгийн дагуу хүлээсэн.

Гэтэл Хариуцагч тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулахад шаардлагатай нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийг суурилуулж угсрах хавтан сууриудыг бүрэн цутгаж бэлдээгүй байсны улмаас Нэхэмжлэгч үйлдвэрийн талбайн тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчээс тухай бүр үүссэн нөхцөл байдлыг Хариуцагчид мэдэгдэн үйлдвэрийг барьж байгуулах барилгын суурийн ажлыг дуусгах үүргээ биелүүлэхийг шаардан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд холбогдох нотлох баримт бичгүүдийг шүүхэд гарган хавсаргасан.

Хариуцагч гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээний хугацааг тасалдуулан тооцож, Явцын баталгаажуулалтын акт-г үйлдэж, талуудын эрх бүхий этгээдүүд баталгаажуулж байсан. Зохигчдын хооронд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 21/09-03 дугаартай Явцын баталгаажуулалтын акт-н 1 дүгээр зүйлийн 1.2.2-т 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх хугацаа-г сэргээн тоолохоор харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг ажлыг зогсоох шаардлагатай болсныг Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 203 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу Хариуцагч нь гэрээний 5.2, 6.3 болон 8.2.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийг суурилуулж угсрах хавтан сууриудыг бүрэн цутгаж бэлдээгүй байсны улмаас Нэхэмжлэгч үйлдвэрийн талбайн тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Харин хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлэн хариуцагч тухай бүр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч баталгаажуулж байсан нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төлбөр тооцоо баталгаажуулах акт, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Тодорхойлолт гаргах тухай, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тодорхойлолт гаргах тухай зэрэг баримт бичгүүдээр нотлогдоно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтууд, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр тооцоо баталгаажуулах акт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, түүний хавсралтууд, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний төлбөр барагдуулах тухай 209 тоот албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Монгол банкны ханшийн лавлагаа, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн явцын баталгаажуулалтын актууд, КЭС ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 107/21 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2-3 тоот албан бичгүүд, СИ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 203 тоот, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 198 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 250 тоот, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182 тоот албан бичгүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, КЭС ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 60/22 тоот албан бичгийн хуулбар, СИ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 215 тоот албан бичиг, төлбөрийн нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн явцын гүйцэтгэл баталгаажуулсан акт, Үйлдвэрийн бүтээмж тодорхойлох туршилтын тайлан зэргийг ирүүлжээ.

/1хх 5-31, 73-84, 118-121, 125, 159-160, 165, 202-225/

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, төлбөр шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтууд, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн явцын баталгаажуулалтын акт, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр тооцоо баталгаажуулах акт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, түүний хавсралтууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 123 дугаар тогтоол хуулбараар, Монгол Улсын засгийн газрын 2022 оны 148 дугаар тогтоол хуулбараар, КЭС ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 107/21 тоот албан бичиг, 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06/24 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ.

/хх41-42, 88-100, 103,104, 117, 135-138, 174/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр 181/ШЗ2023/19641 тоот захирамжийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хариу, түүний хавсралт, нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2023/21043 тоот захирамжийн дагуу хариуцагчаас баримтаар ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 60/22 тоот албан бичиг, хариуцагчийн хүсэлтээр 181/ШЗ2024/03754 тоот захирамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/1709 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. /1хх 114-116, 134, 198-200/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч СИ ХХК нь КЭС ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 563.157.784 төгрөг, алданги 218.602.287 төгрөг, нийт 781.760.071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алданги 248.150.365 төгрөг, торгууль 170.748.500 төгрөг, нийт 418.898.865 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Гэрээг байгуулж, гэрээний дагуу хөрөнгийг нийлүүлж, туршилт тохируулгыг бүрэн хийн хүлээлгэн өгсөн, худалдан авагч тал гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг 792 хоног хэтрүүлсэн тул үлдсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүсэхээс өмнө төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан, эрх бүхий этгээдээс компанийн данс хаасан, тогтоол шийдвэр гарсан талаар манайд мэдэгдэж байгаагүй гэв.

3.Хариуцагч татгалзлаа:Хөрөнгийг угсарч суурилуулж хүлээлгэн өгсөн байх нөхцөл хангагдсан. Харин тохиргоо жигдрүүлэлтийн акт үйлдэгдээгүй. туршилт тохируулгыг хорин нэг хоногийн турш хийхээр гэрээнд заасан ч нэг л удаа хийсэн. Баталгаат хугацаа дуусаагүй байтал эрх бүхий этгээдээс концессийн гэрээг цуцласнаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт очих боломжгүй болсон, улмаар нийлүүлсэн төхөөрөмж зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, гэрээнд заасан нэг цагт 200-250 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалдаа хүрч байгаа эсэх, далд доголдол илэрсэн эсэхийг мэдэх боломжгүй нөхцөл үүссэн. Түүнчлэн гэрээнд үнийг ам доллараар тусгасан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тайлбарлав.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:Худалдагч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул гэрээний дагуу торгууль, алданги гаргуулна гэв.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Худалдан авагч тал гэрээнд заасан сууриа бэлтгэж өгөх өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн тул худалдагч талыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэв.

6.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1.нэг талаас СИ ХХК, нөгөө талаас КЭС ХХК нар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохирч 21/09 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээгээр: Худалдагч тал хавсралтад заасан 250 тонн/цаг хүчин чадалтай Төмрийн хүдрийн хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг холбогдох техникийн үзүүлэлт, тоо ширхэгийн дагуу Дархан-Уул аймаг, Хонгор сумын нутагт байрлах нэрлэн заасан үйлдвэрийн талбайд нийлүүлэх, угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч тал үнэ 1.799.270 ам долларыг хэсэгчлэн төлөхөөр тохирчээ. /хх 6-20/

Зохигчдын тайлбар, гэрээгээр: нэхэмжлэгч СИ ХХК нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг өөрөө барьж үйлдвэрлэх бус харин техник үзүүлэлтэд нийцсэн хөрөнгийг БНХАУ-ын Шанхайгаас худалдан авч КЭС ХХК-д нийлүүлэх, төхөөрөмжийг заасан цэгт буюу Дархан-Уул аймаг дах Төмөртолгой уурхайд тээвэрлэж хүргэх, зөвхөн иж бүрдэл тоног төхөөрөмжийг ашиглахад бэлэн болгох үүднээс угсрах, суурилуулах, тохируулах ажлыг хийж гүйцэтгэх хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус харин худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

6.2.Талууд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг дүгнэсэн акт үйлдсэн, тухайн актаар нэмэлтээр авсан хөрөнгийн хамт үнэ 1.781.461 ам доллар болсон, үүнээс 1.599.807 ам долларыг төлж, үлдэгдэл 181.654 ам доллар болохыг баталгаажуулжээ. Хариуцагч нийтдээ 4.614.296.656 /3.551.939.128+1.006.706.692 + 55.650.835/ төгрөг төлсөн буюу гэрээг дүгнэснээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19.536 ам доллар нэмж төлсөн, хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 162.118 ам долларын үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан үйл баримтад маргаагүй. /хх 88, 89, 165/

7.Үндсэн үүргийн тухайд:

7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

Хэргийн баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын 2.1-д тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажил болон хүлээн авах туршилтыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр хийж гүйцэтгэж дууссан бөгөөд хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжүүд тэдгээрийн техникийн үзүүлэлт, үнийн дүнг актын хавсралт 1-д тусгав гэж заасан, хавсралт 2-ийн эхний хэсэгт тохиргоо жигдрүүлэлтийн ажлын тайлан 34 хуудас, тог тасарсан үед хийсэн нэмэлт ажил 8 хуудас, тог ирснээс хойш үеийн ажлын тайлан 15 хуудас, бүтээмж тодорхойлох туршилтын тайлан 22 хуудас гэж тусгагджээ. /хх 23-26/

Худалдагч гэрээний 1.1, 1.3, 3.1, 3.3-т зааснаар иж бүрдэл хөрөнгийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр нийлүүлж хүлээлгэн өгөх, угсарч хүлээлгэн өгснөөс хойш худалдагчийн хяналт дор үйлдвэрийг 21 хоногийн хугацаанд ажиллуулж, шалгаж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, улмаар гэрээний 5.1, 5.3, 7.2-т зааснаар энэ талаар акт үйлдэн баталгаажуулж, хүлээлцсэн болох нь дээрх гэрээ дүгнэсэн акт болоод явцын ажлын актуудаар тогтоогдож байна. /хх 23-27, 74-75, 90-91, 94-100/ Иймд тохиргоо туршилт, жигдрүүлэлтийн акт байхгүй, тохиргоо жигдрүүлэлтийг 21 хоногийн турш гүйцэтгэх ёстой байсан ч нэг л өдөр гүйцэтгэсэн талаарх хариуцагчийн тайлбарууд үндэслэлгүй.

7.2.Гэрээний 2.2, гэрээ дүгнэсэн актын 3.1-д зааснаар талууд нийлүүлсэн тоног төхөөрөмжид баталгаат хугацаа 12 сар байхаар, уг хугацааг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс тоолохоор тохиролцжээ.

Баталгаат хугацааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 123 дугаар тогтоолоор концессийн гэрээг цуцалж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг КЭС ХХК-иас буцаан авсан, ийнхүү буцаан авснаар хариуцагч тоног төхөөрөмжийг бодитоор эзэмших ашиглах боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон. Гэвч гадны хүчин зүйлийн улмаас хөрөнгийг худалдан авагч тал хэрэглэх ашиглах, далд доголдолтой эсэхийг шалгах боломжгүй байгаа нөхцөл байдал нэгэнт хүлээн авсан хөрөнгийн үнийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.3.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дугаар зүйлийн 198.1-д зааснаар талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Зохигчид гэрээнд ам доллар-аар үнийг тодорхойлсон, уг тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарахгүй байх тул Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг зөрчсөн талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд үлдэгдэл үнэ болох 162.118 ам долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.4-т зааснаар нэхэмжлэл гаргах өдрийн АНУ-ын нэг ам долларын төгрөгтэй тэнцэх /3.473,75 төгрөг/ ханшаар тооцож 563.157.784 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

8.Нэмэлт үүргийн тухайд:

Зохигчид гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч алданги 218.602.287 төгрөг гаргуулахаар, хариуцагч алданги 248.150.365 төгрөг, торгууль 170.748.500 төгрөгийг гаргуулахаар тус тус хэн алинаасаа шаардсан.

8.1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 12.4-д Худалдан авагч нь төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлнө гэж, 12.3-т Худалдагч нь барааг хугацаанд нь нийлүүлээгүй, угсралт суурилуулалт, тохируулгын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлнө гэж, мөн 4.8-д худалдагч гэрээний 3.2-т заасан /хуанлийн 45 хоног/ хугацаанаас 7 хоног хэтэрсэн бол 50.000 ам долларын торгууль төлөхөөр тус тус тохирсон, анзын талаарх энэ тохиролцоонууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

8.2.нэхэмжлэгч алдангид төлбөрийн нэхэмжлэх хүргүүлснээс хойш ажлын гурав хоногт төлөхөөр гэрээнд тохирсон ч төлөөгүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 792 хоногт тооцож шаардсан.

Шүүх гэрээ дүгнэсэн акт үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хариуцагчийн дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 243 тоот прокурорын зөвшөөрөл гарах хүртэлх 47 хоногт ногдох алдангид 13.224.566 төгрөг гаргуулав.

/162.118 *0,05%= 81 ам доллар *47 хоног=3807 ам доллар * 3473,75 ханш/

8.3.Харин шүүх дээр дурдсан /эрх бүхий этгээдүүдийн шийдвэрүүд/ нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацааны алдангиас гэрээний 9.1-д зааснаар давагдашгүй хүчин зүйл-ийн улмаас хариуцагч төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэж, чөлөөлөх үндэслэлтэй.

8.4.Гэрээний 3.2-т тоног төхөөрөмжийг тээвэрлэж, хүлээн авах цэгт хүргэн, угсралт суурилуулалтын ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэх хугацаа хуанлийн 45 хоног гэж, 3.4-т төлбөрийг төлсөн өдрөөс хугацааг тоолж эхэлнэ гэж, 3.5-д конвейерийн жинг тээвэрлэн, угсрах хугацаа 90 хоног байх бөгөөд хугацааг тусдаа тоолох-оор заажээ. Үүнээс гадна гэрээний 2.2-т тохиргоо жигдрүүлэлтийн 21 хоног гэж заасан, дээрх хугацаа угсрах суурилуулахаар тохирсон хуанлийн 45 хоногт багтахгүй болох нь гэрээний хавсралт 1-д тусгагдсан тээвэрлэх хугацаа 20 хоног, угсарч суурилуулах 25 хоног, суурийн хэмжилт хийх, засвар хийх 5-7 хоног, нэмэлтээр суурь цутгах 20-30 хоног, дээрх хугацаанууд үйлдвэрийг угсарч, ашиглалтад оруулах 45 хоногт багтсан гэж тусгаснаар тогтоогдож байна.

8.5.Талууд Худалдагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 24-ний, 7 дугаар сарын 09-ний өдрийн явцын гүйцэтгэл баталгаажуулсан актуудаар Худалдагчийн агуулахад угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд бэлэн хадгалагдаж байгааг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр баталгаажуулсан тухай дурдаж, гэрээний хугацааг тасалдуулж тоолохоор, түүний дараа тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс сэргээн тоолох-оор тус тус тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх 45 хоногийн хугацаа 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөр дуусна.

Гэвч хэрэгт авагдсан СИ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 203 тоот албан бичигт ...1 дүгээр суурийн цутгалтын ажил дуусах хугацаа одоогоор тодорхойгүй, ...цутгагдаагүй үлдсэн 6-14 дүгээр хавтан сууриуд бүрэн цутгагдаж дуусах хүртэл угсралт суурилуулалтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй талаар дурдснаас үзвэл Худалдан авагч тал угсралт суурилуулалт хийхэд шаардагдах хэрэгтэй бетон цутгалтын ажил, цахилгаан кабел зэрэг шаардлагатай дэд бүтэц болон бусад холбогдох зүйлсээр хангах гэрээнд /8.2.5, 8.2.6/ заасан өөрийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

8.6.Түүнээс гадна СИ ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 250 тоот албан бичигт 2 дугаар үйлдвэрийн угсралтын ажил 8 дугаар сарын 31-ний өдрөөр дуусч, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэр хүлээн авч ажиллуулж эхэлсэн гэж дурдсан, КЭС ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 107/21 тоот албан бичгийн 2-т тохиргоо жигдрүүлэлтийн явцад шинээр суурилагдсан тэжээлийн конвейр гэж, 8-д суурилагдаж буй жингийн тохиргоо жигдрүүлэлтийг ... туршилтаар баталгаажуулах талаар тусгаснаас үзвэл хугацааг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 82 хоногт хэтрүүлсэн тухай хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Худалдагч тал хугацааг 82 хоногоор хэтрүүлсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй.

8.7.Мөн талуудын хоорондох төлбөр тооцоо баталгаажуулсан акт, гэрээ дүгнэсэн актуудад энэ талаар огт тусгагдаагүй, шийдвэрийн 8.4-8.6 дах дүгнэлтүүдийг нэгтгээд шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хариуцагч анз авах эрхээ алдсан гэж үзэв.

Иймд алданги 248.150.365 төгрөг, торгууль 170.748.500 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй.

9.Дээрх бүгдийг нэгтгээд, шүүх үндсэн нэхэмжлэлээс 576.382.250 /563.157.784+13.224.566/ төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан КЭС ХХК-иас 576.382.250 /таван зуун далан зургаан сая гурван зуун наян хоёр мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулж, СИ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 205.377.821 төгрөгийг, мөн СИ ХХК-иас торгууль, алдангид 418.898.865 төгрөг гаргуулах тухай КЭС ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4.224.701 төгрөг /2973739+1,250,962/, хариуцагчаас төлсөн 2.252.444 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3.039.861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ