Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2023/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.*******

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 03-ны өдрийн А/413 дугаар захирамжаар Жинст баг, Баатар зээлийн гудамж ******* тоот хаягт байрлалтай, 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн А/413 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

4. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид гардуулж өгсөн байх ба нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч  маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзсэн.

а. Авсан газрынхаа кадастрын зургийг хийлгэхээр эрх бүхий байгууллагад хандсан боловч зураг хийж өгөөгүй, газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй, гэрчилгээ олгогдоогүй

б. Тус газартаа хувийн сууц барихаар төлөвлөж байсан боловч Covid19 цар тахлын улмаас хөл, хорио, хязгаарлалтад орж үйл ажиллагаа явуулж чадаагүй

в. Газар эзэмшүүлснээс хойш 2 жил болоогүй байхад тус захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасанд гомдолтой гэж

6. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй.

а. Газрын төлбөрөө төлөөгүй

б. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ тус газарт бүртгүүлж бичүүлж аваагүй, өргөдөл хүсэлтээ ирүүлээгүй, мөн газартаа хэмжилт хийлгээгүй

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Миний бие 2013 онд Ахмадын хорооны байранд байрлах 192 м.кв талбайтай 2 өрөө байрыг 20 сая төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2014 онд хуучин ахмадын хорооны барилгыг нурааж шинэ барилга барьсан. Ингээд би үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгөгүй болсон юм.

Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр орон нутгийн удирдлагуудад хандаж хүсэлт гаргахад Завхан аймгийн Засаг дарга 2020 оны 11 сарын 03-ны А/413 дугаар захирамжаар уг газрыг надад нөхөн олговор болгон эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулахаар шийдвэрлэсэн.

Завхан аймгийн Засаг даргын А/413 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт гэрээ байгуулах, гэрчилгээ олгох асуудлыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон боловч үүнийг хэрэгжүүлээгүй байсан. Тодруулбал тухайн газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй, гэрчилгээ олгогдоогүй байсан. Гэтэл маргаан бүхий А/442 дугаар захирамжид газрын гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр А/413 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна. Мөн надад газар эзэмшүүлсэн шийдвэр гараад 2 жилийн хугацаа болоогүй байхад маргаан бүхий А/442 дугаар захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газраа ашиглаагүй гэж үзсэн байна.

Дээр дурдсанчлан гэрчилгээ эзэмшээгүй, мөн захирамж гарснаас хойш 2 жил болоогүй байх үед хариуцагч нь Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 03-ны А/413 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь заалт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч уг захирамжийг өөрөө гардаж аваагүй. Хөдөө байдаг учраас аймаг дээр байгаа хүнээр захирамжийг авхуулаад тэр хүн нь захирамжийг авсан хэр нь нэхэмжлэгчид өгөөгүй байхдаа үрэгдүүлсэн байсан. Тэгээд дахиад өөр хүн гуйж захирамжийн хуулбарыг 5 сард авхуулсан юм байна лээ.

 Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх тухай Завхан аймгийн Засаг даргын А/413 дугаартай захирамж нь маргаан бүхий захиргааны акт болох А/442 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэлтэй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан. Энэ хүчин төгөлдөр захиргааны актыг хэрэгжүүлэх үүргийг тухайн актад өөрт нь зааснаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ олгох асуудлыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан байсан. Түүнээс гадна Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д аймаг нийслэлийн газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэнтэй газар эзэмшүүлэх асуудлаар гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч газрын албанд хандаж гэрээ байгуулах, гэрчилгээ гаргуулах хүсэлтээ илэрхийлж байсан боловч тухайн байгууллагаас хууль болон Засаг даргын шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ аваагүй. Газрын хэмжилт хийх багаж эвдэрсэн, сонгууль болоод дарга нар өөрчлөгдсөн гэх шалтгаанаар гэрээ байгуулахгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Энд нэхэмжлэгч иргэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Нэхэмжлэгч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий А/442 дугаар захирамжийн үндэслэл нь бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгч иргэний газар эзэмших эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Бодит нөхцөлд тохироогүй гэдэг нь захиргааны байгууллага өөрөө нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй хойшлуулаад байсан хэр нь А/442 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хязгаарлахдаа гэрээний дагуу газраа ашиглаагүй, гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэл заасан нь бодит нөхцөл байдалд тохирдоггүй. Хэрвээ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаад, гэрчилгээ олгосон байхад нэхэмжлэгч 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, татвараа төлөөгүй байсан бол бодит нөхцөлд тохирсон гэж үзэх байсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нь яаж нотлогддог вэ гэхээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болох 5 нөхцөлийг заахдаа нэгдүгээрт, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, хоёрдугаарт, газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, гуравдугаарт эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, дөрөвдүгээрт, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, тавдугаарт, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн гэж заасан. Эдгээр 5 нөхцөлөөс 1, 2, 3-т заасан нөхцөлүүд нэхэмжлэгчид хамаарахгүй. 4-т заасан нөхцөлийн хувьд гэрээ байгуулах, гэрчилгээ олгох үүргээ захиргааны байгууллага өөрөө биелүүлэхгүй байсан, энэ нөхцөл мөн хамаарахгүй. 5-д заасан нөхцөл нь мөн нэхэмжлэгчийн тухайд хамааралгүй. Тэгэхээр Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг заасан эдгээр 5 нөхцөлийн аль нь ч нэхэмжлэгчийн нөхцөл байдалд тохирохгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Ч.*******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг энэ захирамжид заагаагүй байсан юм гэж тайлбарласан. Тэгэхээр үндэслэлийг нь заахгүйгээр захирамж гаргаад иргэний газар эзэмших эрхийг хязгаарлах боломжгүй. Энэ бол илт хууль бус болно. Эндээс нэхэмжлэгчид нөхөн олговроор газар олгосон юм уу гэхээр олгосон гээд А/413 дугаартай захирамж гарч ирдэг. Тэгээд энэ захирамжаа яасан юм бэ гэхээр нэхэмжлэгч өөрөө буруутай учраас түүнийг нь захиргааны байгууллага хүчингүй болгосон юм гэж хэн ч харсан А/442 дугаар захирамжийг тэгж харж байгаа. Нэхэмжлэгч иргэний буруутай үйл ажиллагаанаас А/413 дугаартай захирамжаар олгосон газрын эрх нь хүчингүй болсон юм шиг байдал харагдаж байна. Эцэст нь нэхэмжлэгчид ямар ч буруу байхгүй хэр нь үл хөдлөх хөрөнгийнхөө оронд 2 захирамж аваад үлдэх юм бол  иргэний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Мөн А/442 дугаар захирамжид Улиастай хотын ерөнхий төлөвлөгөөг дурдсан байдаг. Гэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг дарга газар эзэмшүүлнэ гэж заасан. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх нь сумын Засаг даргад хамаарч байгаа учраас үүнийг аймгийн Засаг дарга заавал баримтлах ёстой гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр  Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан  тайлбартаа: Ч.*******ын эзэмшлийн газрыг аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Тухайн газрыг эзэмшсэнээс хойш газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрээгээ тус газарт бүртгүүлж аваагүй байдаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байна. Гэтэл иргэн Ч.******* нь эрхийн гэрчилгээгээ бичүүлж аваагүй, өргөдөл хүсэлтээ ирүүлээгүй, мөн газартаа хэмжилт хийлгээгүй байна гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Өргөдлийн тухайд газрын албанд биш аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан юм байна лээ. Тэгээд аймгийн Засаг дарга, Төрийн сангийн дарга, манай хэлтсийн дарга 3 уулзаад нөхөн олгох захирамжаар газрыг олгосон байдаг. Нэхэмжлэгчийн газрын эрхийг хүчингүй болгохдоо маргаан бүхий захирамжид заасан үндэслэлүүд буруу гарсан байгаа. Анх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол нь ямар ч үндэслэлгүй буюу Хурлын мэдэлд, ахмадын хорооны мэдэлд байгаагүй газрыг тухайн үеийн Хурлын дарга бие даан шийдвэрлэж иргэнд тодорхой хэмжээний мөнгөөр зарсан байдаг. Зарсан мөнгөн дүн нь хэргийн материалд авагдаагүй байгаа. Тухайн иргэн газрын гэрчилгээтэй байсан бол манайх газрыг нөхөн олгож болно. Энэ хэрэгт 192 м.кв барилгыг тусгаж өгсөн боловч худалдах, худалдан авах гэрээн дээрээ газаргүй гэсэн заалт оруулсан зөвхөн үл хөдлөх нь зарагдсан байдаг. Иргэн нэг бол хүсэлтдээ газраа авах, нэг бол мөнгөө авах гэсэн хүсэлт гаргасан байсан. Түүний дагуу нөхөн олговорт газрыг өгсөн боловч тухайн үед гаргасан захирамж дээр газаргүй гэдгийг анхааралгүйгээр захирамжийг гаргасан юм байна лээ. Дараагийн дарга нь газаргүй гэдэг асуудалтай нь танилцаад газрын эрхийг нь хүчингүй болгосон. Тухайн иргэнтэй холбоотой гэхээр газрын төлбөр төлөөгүй гэдэг заалт хамаарах боловч гэрчилгээ бичээгүй учраас газрын төлбөр төлөх боломжгүй. Миний тухайд анх захирамжийн гарсан үндэслэл нь буруу байсан учраас гэрээ, гэрчилгээг бичиж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Түүнээс хүчингүй болгосон захирамж дээр олон иргэн, аж ахуйн нэгжийн газрын эрхийг хүчингүй болгосон учраас энэ иргэний тухайд нөхөн олговортой холбоотой заалт уг захирамжид тусгагдаагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

1. Анх аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/413 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрыг нэхэмжлэгчид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд маргаан бүхий аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон өмнөх А/413 дугаар захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг үндэслэсэн байх боловч тухайн захирамжаар 24 газрын захирамжийг хүчингүйд тооцсон бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа нэхэмжлэгч Ч.*******ын тухайд ямар нэгэн эрх зүйн үндэслэл заагаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 нь нэхэмжлэгчид хамааралгүй, бусад газар эзэмшигч нарт хамааралтай гэж тайлбарлаж байна.

2. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлээ авсан газрынхаа кадастрын зургийг хийлгэхээр эрх бүхий байгууллагад хандсан боловч зураг хийж өгөөгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй, гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмшүүлснээс хойш 2 жил болоогүй,  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөлүүд хангагдаагүй байхад тус захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, эрх зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд нь халдах, эсхүл тухайн үндэслэл болсон хуулийн зохицуулалт нь Үндсэн хуультай зөрчилдсөн бол илт хууль бус болно. Харин энэ тохиолдолд маргаан бүхий акт нь Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” хуулийн заалтыг үндэслэсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү заалтууд нь нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгохдоо ямар нэгэн эрх зүйн үндэслэл заагаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт хэрэглэгдэхгүй гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо маргаан бүхий захиргааны актыг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй гаргасан байх тул энэ нь илт хууль бус захиргааны актад хамаарч байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ тус газарт бүртгүүлж аваагүй, газартаа хэмжилт хийлгээгүй талаар тайлбарласан байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна. /хавтаст хэргийн 37. 43-р хуудас/

 5. Захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын /нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх үед үйлчилж байсан/ 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах”, 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.1. Өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.3. Үер, усны ам, эрчим хүчний шугамын аюулгүйн болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд оршиж буй эсэхийг нягтлах, 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна” гэж заасан байна.

Гэрч Ж.******* “... захирамж гарсны дараа 2020 ондоо газрынхаа 4 цэгийг заалгаж авъя гэж амаар хандаж байсан. Тэр үед манай багаж эвдэрсэн байсан тул хэмжилт хийж өгөөгүй явсаар байгаад өдий хүрсэн. ... Дараа нь сонгууль болоод аймгийн Засаг дарга болон газрын дарга солигдсон. Газрын дарга гэрчилгээн дээр тамга дарж баталгаажуулдаг байсан. Дараа нь томилогдсон Засаг дарга юун учиртай захирамж гарсан юм бэ? сайн судалж байж гэрчилгээ олго гээд гэрчилгээ олгогдоогүй явсан байгаа” гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах, гэрээ байгуулах талаар хүсэлтээ гаргаж байсан, хариуцагч уг хүсэлтүүдэд ямар нэгэн хариу өгч шийдвэрлээгүйгээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас хамааран гэрээ байгуулагдаагүй, гэрчилгээ олгогдоогүй байсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ тус газарт бүртгүүлж аваагүй, газартаа хэмжилт хийлгээгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллага шийдвэрлээгүй буруутай  байна.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд гэж заасан байна.

 Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасан бөгөөд аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 114 дүгээр албан бичгээр “Иргэн Ч.******* дээр 2020-2022 онуудад газрын албанаас үүсгэсэн газрын ногдол байхгүй тул төлбөр төлж байгаагүй болно” гэсэн хариу ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 57-р хуудас/

Нэхэмжлэгчид аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар 500 м.кв газар эзэмшүүлснээс хойш түүнтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, гэрчилгээ олгоогүй атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтыг үндэслэн урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй тул гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй бөгөөд түүнтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөр ногдуулаагүй тул газрын төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

7. Хариуцагчаас  газар эзэмших эрх олгосон өмнөх захирамжийг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан атлаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, мэдэгдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчид маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захирамжийг хүнээр авхуулсан боловч өөрт нь очоогүй, тиймээс 5 сард өөрөө очиж хуулбарлан авсан” гэсэн тайлбарыг гаргаж байна. /хавтаст хэргийн 17-р хуудас/

Хариуцагчаас аймгийн Засаг даргын маргаан бүхий дээрх 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийг 2022 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал нь бусад баримтаар тогтоогдохгүй, утсаар мэдэгдсэнээ хариуцагч баримтжуулаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэсэн зохицуулалтад нийцээгүй байна.

Маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтад “захирамж гарсантай холбогдуулан дээрх иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох”-оор заасан боловч нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй тул гэрчилгээг хүчингүй болгох энэхүү зохицуулалт нэхэмжлэгчид хамааралгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргах ёстой гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

8. Нэхэмжлэлд дурдсан “...газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй мөртлөө газрын төлбөр төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, газар эзэмшүүлснээс хойш 2 жил болоогүй байхад хүчингүй болгосон” гэх  зэрэг хууль хэрэглээний болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмын алдаа гаргасан талаарх дээрх үндэслэлүүд нь уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаас илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагаа гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарч байгаа, нэхэмжлэгч нь захирамжийг гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байх тул  дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй хэдий ч нэгэнт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй гаргасан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захирамжид дурдсан хуулийн зохицуулалт нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүй гаргасан байх тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

9. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

Тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 118/АБ2023/0149 дугаар албан бичгээр иргэдэд газар эзэмшүүлэх талаар гаргасан аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргуулахаар шаардсан боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар албан бичгээр аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлаагүй талаар хариу ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 54-р хуудас/

Харин Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх боловч уг төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх талаар тусгаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх нь сумын Засаг даргад хамаарч байгаа учраас үүнийг аймгийн Засаг дарга заавал баримтлах ёстой гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3-т зааснаар сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой тул аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалзан үзэх ёстой.

10. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж тус тус заасны дагуу аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй бол хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д ”захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, гаргах боломж олгох”-оор тус тус заасан байна. Сонсох ажиллагаатай холбоотой баримтыг гаргуулахаар тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газраас, 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 114 дүгээр албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус тус шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй байна. /хавтаст хэргийн 6, 14-р хуудас/

11. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

12. Маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын ажлын зургаар маргаан бүхий газар нь бусдын эзэмшил газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 103-108, 138-р хуудас/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5,  61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Ч.*******д холбогдох 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АМАРЗАЯА