Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2023/00751

 

 

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2023/00751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг, Дөргөн сум, 4 дүгээр баг, *******т оршин суух, ******* овогт *******ын ******* РД:/*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 1 дүгээр баг, Даагат, ишгэнт гудамж, задгай 3 тоотод оршин суух, ******* овогт ******* РД:/МС76091406/

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг, гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол 26,700,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Б.т холбогдуулан гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг, гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол 26,700,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* би тэй 2023 оны 5-р сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан Бенз GLA250 маркийн машиныг 100,000,000 төгрөгт тооцож 35 тонн арматур авахаар гэрээ байгуулан нь 6-р сарын 10 өдөр гэхэд төмрийг бүрэн ачуулсан байхаар гэрээ байгуулсан. Гэтэл нь надад 11 тонн төмрийг 2,700,000 төгрөгөөр бодож 1 удаа явуулсан бөгөөд дансаар 15000000, 5000000 төгрөгийг явуулсан. Энэ нь нийт 49,700,000 төгрөг болсон бөгөөд түүнээс хойш төмөр ч нийлүүлээгүй мөнгө ч өгөөгүй байна. Үүнээс үүдэн манай ажил зогсож бид маш их алдагдалд орсон. Иймээс ээс гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг мөн гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол болох 26 700 000 төгрөг нийт 77,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.******* Б. нар нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Иргэн Б.******* нь 2020 оны Mercedes benz GLA250 машин нь 2022 онд Монголд орж ирсэн. Монгол улсын үнэлгээгээр 130,000,000-140,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Б. нь иргэн *******д 105 сая төгрөгөөр авъя гэж хэлж үүний оронд 35 тонн төмрийг нэг өдрийн дотор нийлүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн энэхүү гэрээг хийсэн байдаг. Яагаад 105,000,000 төгрөг болсон гэвэл 100,000,000 төгрөгийн гэрээ хийж 5,000,000 төгрөгийг бэлэн Ядамсүрэн гэж хүнд зуучлалын хөлс гэж дамжуулсан байдаг. Б. нь энэхүү гэрээгээ биелүүлэхгүй зөвхөн 11 тонн төмөр болон 15,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг Ядамсүрэнгийн данс руу орсон учир бид нар нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтэй байна. 05 дугаар сарын 10-наас хойш ерөөсөө төмөр нийлүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. 11 тонн төмөр өгч үлдсэнийг нь өгөхгүй болохоор шүүх цагдаад өглөө гэтэл 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэнээс үүдэлтэйгээр манайх нэхэмжлэлдээ үндсэн мөнгө болох 50,300,000 төгрөг дээр нэмээд 5,000,000 төгрөг, гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол болох 26,700,000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Пун болон хэв хавшмал, сапуд гэсэн барааг МТ констракшн ХХК-тай байгуулан 06 дугаар сарын 8-ны өдрөөс 07 дугаар сарын 08 хүртэл сарын хугацаатай түрээсэлсэн. Яагаад сарын хугацаатай хийж байна вэ гэвэл төмөр авч тэр төмрөөр хэв, барилгын суурь явц бүрдэж байх ёстой. Үүнээс үүдэн 26,700,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөгдсөн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4 дахь хэсэгт зааснаар үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага гэж байгаа. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байдаг. Мөн үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Нэг өдрийн дотор гэрээ хийж төмрийг маргааш өгнө гэж хэлсэн. Б. уг гэрээнд төмөр өгөх сүүлийн хугацааг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж хэлсэн. Хэтрээд 4, 5 сар болчихсон. Б.******* нь тухайн төмрийг авч хувь хүнтэй хаус барих аман гэрээтэй байсан. Энэ зуны ажил нь уг хаусыг барьж ашиг олох байсан. Манай гаргасан нэхэмжлэлийн дагуу 77,000,000 төгрөгийг гаргуулж иргэн Б.*******ыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Миний бие Б. нь Сэлэнгэ аймаг, Хушаат сум 1 дүгээр баг задгай 3 тоотод оршин суух хаягтай. Хариуцагч Б.******* надаас 77,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би ийм төлбөрийг төлөх шаардлагагүй. Бэлэн 20,000,000 төгрөгийг Ядамсүрэн гэх хүнээр Б.*******д дансаар өгсөн. Энэ хоёр хүн хүрч ирээд нэг машин тавиад арматур болон бэлэн мөнгө авсан. Энэ хоёр миний мөнгийг өгөөд машинаа авах биз. Машины эвдрэлийг би бүрэн засуулсан грашт байгаа. Хүн авъя гээд ч хүн авахгүй байгаа. Миний эрүүл мэндийн байдал муу тул мөнгө аваад машиныг шилжүүлэн өгөх боломжтой. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн баримтыг холбогдох мейл хаягаар явуулна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж 50,300,000 төгрөгийг бэлнээр өгч чадахгүй ч гэсэн хөөс, барилгын хоолой нийлүүлж болно гэж хэлсэн. Машин унаа тэрэг гэж надад хэлээгүй. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.******* Б. нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний дагуу Б. нь 11 тонн төмөр буюу 29,300,000 төгрөгийн үнэтэй төмөр нийлүүлсэн. Дансаар нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 49,700,000 төгрөгийг өгсөн гэж үзэж байна. 26,700,000 төгрөгийг хохирол гэж нэхэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз гэж би бодож байна. Алданги юм уу торгуул гэж үзээд байна уу сайн ойлгогдохгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд алданги тооцно гэсэн ойлголт байхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Манайх 26,700,000 төгрөгийг төлөхгүй байгаа шалтгаан энэ байна. Биет байдлаар 50,300,000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. Манай үйлчлүүлэгч бөөрний дутагдалтай учир нааш цааш явж чадахгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг уншихад алданги торгуул тооцно гэсэн зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.7 дахь хэсэгт зааснаар 26,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, худалдах, худалдан авах гэрээ, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн Сорилт, шинжилгээний дүн, итгэмжлэлүүд, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэхүүд, худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт байхгүй байна.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөг, гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол 26,700,000 төгрөг, нийт 77,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 50,300,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Тус гэрээгээр алданги, торгууль төлөхөөр тохироогүй тул 26,700,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: нэг талаас Б.*******, нөгөө талаас Б. нар нь 35 тонн арматурыг 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, төлбөр 100.000.000 төгрөгт mercedens benz GLA 250 автомашиныг Б.т шилжүүлэн өгсөн худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хх-ийн 4-6 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч буюу хариуцагч Б. нь 35 тонн арматур бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч буюу Б.******* нь үнэ 100,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх, mercedens benz GLA 250 автомашиныг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч Б. нь 35 тонн арматур нийлүүлэхээс 11 тонн арматур, 20,000,000 сая төгрөг, нийт 49,700,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 50,300,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь арматур биш түүний үнэ 50,300,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б. нь төлөхгүй гэж маргаагүй байх тул 50,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнд гэрээ биелэгдээгүйгээс үүсэх хохирлыг хэрхэн хариуцах талаар тусгагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу гэрээ биелэгдээгүй байдлаас үүссэн хохирол 26,700,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан ч баримтаар нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээөс 409,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 50,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, 26,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 409,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА