Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/01336

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 02

181/ШШ2024/01336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: . оршин суух, Д.С /РД: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод байрлах, АЭЖИ ХХК /рд:../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 23.698.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь АЭЖИ ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23.698.500 төгрөг гаргуулахаар шаарджээ. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Даваа овогтой Саруулбаяр миний бие АЭЖИ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалах №19073073/5 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооны нутагт баригдаж буй орон сууцны Б блок /103 дугаар байр/ барилгын 12 давхрын 49,22 мкв бүхий 99 тоот орон сууцыг захиалсан. Орон сууц захиалах гэрээний 1.2 дахь хэсэгт Орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулна гэж заасан боловч 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. Хугацаа хожимдуулсан нь орон сууц захиалах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 хэсэг гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацаа 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар тооцон алданги Захиалагч талд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 59.064.000 төгрөгийг төлсөн. Гэрээний 59.064.000 төгрөгнөөс 0.1 хувийн алданги хоног тутамд тооцвол 59.064 төгрөг болох бөгөөд хугацаа хэтрүүлсэн 695 хоногт үржүүлбэл нийт 41.050.175 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 29.532.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Алдангийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийг хүлээн авсанд тооцож 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 695 хоногоор тооцсон. Гэрээний 7.1-д зааснаар хариуцагч бичгээр мэдэгдэж хугацаанд өөрчлөлт оруулах боломжтой байсан ч энэ талаар мэдэгдэж байгаагүй. Цар тахалтай холбоотой хөл хориог 2020 оны 11 дүгээр сард тогтоож эхэлсэн. Гэрээгээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд гүйцэтгэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Иргэн Д.С тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 19073073/5 тоот Орон сууц захиалгын гэрээ-г бичгээр байгуулж, Баянзүрх апартмент төслийн Б блокийн 12 дугаар давхрын 1201 тоот 49.22 м.кв талбай бүхий орон сууцыг 1 мкв талбайн үнийг 1.200.000 төгрөг, нийт 59.064.000 төгрөгөөр захиалсан. Захиалсан орон сууцыг хариуцагч 2020 оны 01 дүгээр улирал буюу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр талууд тус гэрээгээр харилцан тохиролцсон боловч орон сууцны барилгыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр захиалагч Д.С т хүлээлгэн өгж, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, тус комисс нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БА-215/2021 тоот дүгнэлтийг гаргаж өгсөн болно. Хариуцагчийн зүгээс орон сууцыг барьж, ашиглалтад оруулах хүртэл хэд хэдэн давагдашгүй хүчин зүйлд өртсөн болно. Үүнд

1.1.АЭЖИ ХХК нь Баянзүрх апартмент төслийн А болон Б блокийн барих зорилгоор тус газрын өмчлөгч С.Намсрайжавтай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1810 дугаартай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээ-г бичгээр байгуулж, улмаар барилгын ажлыг эхлүүлэх баримт бичгийг бүрдүүлж эхлэн, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, Баянзүрх апартмент төслийн А болон Б блокийн барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сараас эхлэн гүйцэтгүүлж эхэлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4-181 тоот хаягт оршин суугч иргэн Ч.Норьсүрэн нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавырыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/Ш32019/6016 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүгэж, тус нэхэмжлэлдАЭЖИ ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгч Ч.Норьсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоолгох тухай тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/Ш32019/7023 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж, барилгын ажлыг бүхэлд нь зогсоосон. УлмаарАЭЖИ ХХК нь захиргааны хэрэг хянан шийдюрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч Ч.Норьсүрэнтэй тохиролцож, Ч.Норьсүрэн нь нэхэмжлэлээсээ татгалзаж, татгалзлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр еарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Тус хэргийг шийдвэрлэх хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.3-т Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 112 хоногийн хугацаанд барилгын ажил бүрэн зогссон. Иймээс хариуцагч нь 112 хоногийн хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан нь нэхэмжлэгчтэй байгуулсан 3.7-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон.

1.2.Барилгын норм ба дүрэм Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг Барилгын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06: 8 дугаар зүйл. Барилгын бүтээц, эдлэхүүнийг угсрах ажил 8.11 Цас бороотой үед угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно. Манан будантай байгаагаас болж ажлын байранд үзэгдах байдал муудах, салхины хурд 15 м/с-ээс хэтрэх үед угсралтыг зогсоох хэрэггэй. Босоо байдалд угсрах болон 6 м.кв-аас том талбайгай эдлэхүүнийг салхины хурд 10 м/с-ээс давсан үед угсрахыг хориглоно., Цутгамал бетон, төмөрбетон бүтээц БНбД 52-02-05: 9 дүгээр зүйл буюу Өвлийн нөхцөлд бетон цутгах технолги 9.1-д Хоногийн дундаж температур 5 градусаас бага буюу 0 градусаас илүү дулаарахгүй болсон үед энэхүү дүрмийг баримтлана гэж заасны дагуу барилгын чанарт сөргөөр нөлөөлөх тул хүйтэний улиралд барилгын цутгалт хийх боломжгүй байсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажиллах боломжгүй байсан 59 хоног. Мөн тус норм дүрэмд заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буюу 3 дугаар давхрын цутгалт хийсэн өдрөөс хойш 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл техникийн давхрын цутгалт, гадна фасадны ажлыг гүйцэтгэж байх хугацаанд хур тунадасгай байсан 59 хоног, бетон цутгаж хийх боломжгүй хүйтэн байсан 58 хоног, нийт 176 хоногийн хугацаанд ажил гүйцэтгэх боломжгуй байсан нь Цаг, уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр нотлогдож байх тул уг хугацааг хүндэттэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3.АЭЖИ ХХК нь Баянзүрх апартмент төслийн Б блокийг барьж байх үед дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газраас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ кроновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг нэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгг хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн Газраас 9 удаагийн тогтоолоор 88 хоногийн хугацаатай бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож, ажилчдын хувьд дотоодын халдвараас үүдэн барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн Монгол Улсын Засгийн Газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хамаараагүй нь хариуцагчийг үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нийт 178 хоног. Энэ тухай Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 02/774 дугаартай гэрчилгээ олгосон.

Иймд нэхэмжлэгчтэй 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 19073073/5 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 3.7-д заасан хүндэттэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж үзэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Д.С ын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, орон сууцны төлбөр төлсөн төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 4-10/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06/299 тоот албан бичгээр илгээсэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ус, цаг уур, орчны шинжилгээний мэдээний хуулбар, С.Намсрайжав болонАЭЖИ ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 1810 тоот Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүтээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дугээр сарын 30-ны өдрийн 128/Ш32019/7023 дугаар захирамж, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/Ш32019/6016 дугаар захирамж, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Заслын акт, ажил гүйцэтгэсэн ажлын акт барилга угсралтын тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /хх 17, 18, 23-66, 83-174/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.С ньАЭЖИ ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 23.698.500 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Шаардах эрхийн үндэслэлээ: гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй 695 хоног хугацаа хэтрүүлсэн тул алданги гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд хариуцагч буруугүй, цар тахлын улмаас хөл хорио тогтоох түүхий эд материал хомсдох, эрх бүхий этгээдийн шийдвэрээр ажлыг зогсоох, цаг агаарын нөлөө зэргээр давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, гэрээний 3.7-д хугацаа хойшлогдож болох хүндэтгэн үзэх шалтгаануудыг заасанд хамаарна гэв.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1.Нэг талаас Д.С , нөгөө талаасАЭЖИ ХХК нар 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороонд баригдаж буй орон сууцны Б блок барилгын 12 давхрын 99 тоот 49,22 мкв талбайтай хоёр өрөө бүхий орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулахаар, Худалдан авагч нэг мкв-д 1.200.000 төгрөгөөр тооцон нийт үнэд 59.064.000 төгрөг төлөхөөр, №19073073/5 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулжээ. /хх 8-10/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

4.2.Нэхэмжлэгч гэрээнд заасан үнэ болох 59.064.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөө бүрэн төлсөн. Мөн маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайвны өргөн чөлөө гудамж 103/1 дүгээр байр 99 тоотод байрлах 49,22 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204124235 дугаарт нэхэмжлэгч Д.С бүртгэгдэж, түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 6-7/

5.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Талуудын хоорондох гэрээний 4.2-т гүйцэтгэгч орон сууцыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул мөн зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Гэрээний 5.1-д төсөл хэрэгжүүлэгч хүлээлгэн өгөх, хүлээн авах акт үйлдэж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, хэргийн баримтаар нэхэмжлэгчид 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна. /хх 43/

Иймд гэрээний дагуу тоолбол 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 485 /365+120/ хоног хэтэрчээ.

6.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Гэрээний 3.7-д төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалаагүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл хойшлогдож болно гэж заажээ. Мөн хүндэтгэн үзэх шалтгааны нэгд 3.7.1-д хөндлөнгийн хяналт шалгалт, 3.7.3-т байгал, цаг уурын болон гэнэтийн болзошгүй аюул бүхий хүчин зүйл, 3.7.5-д хуульд заасан бусад үндэслэл гэж, гэрээний 3.8-д дээрх шалтгааны улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба ...алданги төлөх үндэслэл болохгүй гэж тус тус тохиролцсон байна.

6.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2019/7023 дугаар шүүгчийн захирамжаар ... архитектор төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, уг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 4-181 тоотын дэргэд Ай энд Жи ХХК-ийн эхлүүлсэн барилга угсралтын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн, тухайн маргааныг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзснаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаар шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, шүүгчийн захирамжуудаар тогтоогдсон. /хх 40-42, 44-57, 61-66/

Иймд Худалдагч талаас үл хамаарах шалтгаанаар барилга угсралтын ажлыг зогсоосон дээрх 112 хоногийг гэрээний 3.8, Иргэний хуулийн дээрх заалтын дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хасна.

6.2.Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын удаа дараагийн шийдвэрээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, бүрэн хэсэгчлэн хөл хорио тогтоосон, тодорхой төрлийн үйл ажиллагаануудад хязгаарлалт тогтоосон зэргээс барилгын ажил явагдах боломжгүй болсон үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна. Иймд хариуцагчийн тайлбарт дурдсан энэ үндэслэлд хамаарах 178 хоногийг гэрээний 3.7.5, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хамааруулж үзнэ. /хх 58-60/

6.3.Талууд гэрээний 3.7.3-т байгал, цаг уурын хүчин зүйлийг хүндэтгэх шалтгаанд оруулахаар тухайлан тохиролцсон тул өвлийн улиралд цутгалт хийх боломжгүй 59 хоног, барилгын норм дүрмийн дагуу бетон цутгалт хийх боломжгүй байсан гэх 58 хоногийг Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 06/299 тоот албан бичиг, барилгын талбай дах улаан дэвтрийн тэмдэглэгээ зэрэгт тулгуурлан тус тус хасна. Харин хур тунадасны тухайд хариуцагчийн тайлбарт дурдсан норм дүрм, стандартаар орсон хур тунадасны хэмжээгээр хориглосон зохицуулалт байхгүй, зөвхөн хүйтний температур, салхины хурдаас шалтгаалсан хориглолтын талаар дурдсан байх тул хүндэтгэх шалтгаанд оруулж тооцох үндэслэлгүй. /хх 23-39, 101-126/

Дээрхийг нэгтгэвэл хэтрүүлсэн 485 хоногоос гүйцэтгэгчээс үл хамаарах 407 /112+178+59+58/ хоногийг хасч, үлдэх 78 хоногт ногдох алданги 4.606.992 төгрөг /59.064.000* 0,1%=59.064 *78/ байна.

6.4.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж хариуцагчаас 2.303.496 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтланАЭЖИ ХХК-иас 2.303.496 /хоёр сая гурван зуун гурван мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.395.004 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.443 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 51.805 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ