Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01326

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01

181/ШШ2024/01326

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .байрлах УЭМ ХХК /регистрийн дугаар: ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ байрлах, НШШГ т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь НШШГ т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ/2022/02443 дугаар захирамжаар УЭМ ХХК-аас 573.930.402 төгрөг гаргуулж Худалдаа Хөгжлийн Банк ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан. Хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК төлбөр төлөгч УЭМ ХХК-ийн өмчлөлийн Ү-.. дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, №1501312776, Э-.. дугаартай газар зэргийг Үйлдвэр дотор суурилуулсан эд хөрөнгүүдийн хамт үнэлэхдээ зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тодруулбал үнэлгээчин үйлдвэрийн барилга дотор суурилуулсан Бүгд найрамдах солонгос улсад үйлдвэрлэсэн зэрэг СНС лазер том оврын лист зүсэгч машин болон дээр байрлах 3.2 тонн жинтэй гүүрэн кран зэрэг 20 нэр төрлийн эд хөрөнгүүдээс өөрийн дураар үнэлсэн байна. Үнэлгээний компани нь бусдын эд хөрөнгийг манай Компанийн хэмээн өөрөө дур мэдэн тодорхойлж дуудлага худалдаагаар худалдуулах зорилгоор үнэлсэн нь илт хууль бус үйлдэл болсон. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид хариуцагч төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд мөн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталсан захирамжтай атал бусад огт Компаниийн бүртгэлд байхгүй бусдын хөрөнгийг хөрөнгийн үнэлгээд оруулж үнэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн төлбөр төлөгчийн зүгээс өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон газар, бусад эд хөрөнгүүдийг 10 тэр бум төгрөгөөр үнийн санал өгсөн байхад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ямар нэгэн нэмэлт нотлох баримт, /санхүүгийн тайланд тусгасан үнэлгээ, текникийн бичиг баримт болон бусад баримт бичгийг аль улсад үйлдвэрлэсэн, тээврийн зардал хэд болсон, суурилуулалтын зардал хэд болсон/ зэргийг огт тооцоолохгүйгээр ерөнхий зах зээлийн ханш тийм байна гэсэн агуулгаар үнэлж манай эд хөрөнгийг 2.000.000.000 төгрөгөөр үнэлсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Угтаа бол үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т "Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр үнэлгээ хийж байгаа нөхцөлд зайлшгүй шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авахын тулд төрийн эрх бүхий байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд үйлчлүүлэгчийн хамт хүсэлт гаргах гаргуулж авсан бичиг баримт, мэдээллээ үнэлгээндээ ашиглах ёстой байсан ч биднээс гаргасан үнэлгээний саналыг огт хэлэлцэхгүйгээр хэт багаар барьцааны хөрөнгүүдийг үнэлсэн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүд тухайн үнэлгээ хийсэн байгууллагын үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан-1, Г-20 тоотод байрлах, 1544.70 мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Эрхийн улсын бүртгэлийн Э- .. дугаартай, гэрчилгээний 000001528 дугаартай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд байрлах 3813мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, бусад эд хөрөнгүүдийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2443 дугаар захирамжаар УЭМ" ХХК-аас 577.028.204 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох УЭМ ГХОХХК-ийн өмчлөлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 1 дүгээр гудамж, г-20 тоот 1544,70 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-.. дугаартай, мөн хаягт байрлах 3813 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу 350.000.000 төгрөгийн ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн "төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал авах тухай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгчөөс 10 тэрбум төгрөгөөр үнийн саналаа өгсөн бөгөөд төлбөр авагч талаас үнэлгээг эс зөвшөөрч хөндлөнгийн үнэлгээчин томилж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг тус газарт хандан гаргасан тул хөндлөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-г 2023 оны 6 дугаар сард үнэлгээчнээр томилсон. Гэвч төлбөр төлөгчөөс хөрөнгийг шинжээчид үзүүлэхгүй, үнэлгээ хийлгээгүйгээс хугацаа хэтэрсэн тул тогтоолыг хүчингүй болгож, дахин барьцаа хөрөнгийг хураан шинжээчээр Файн эстимэйт ХХК-г томилон үнэлгээ тогтоолгоход 2.000.000.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газрыг заасан бөгөөд хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан байна. Хэрэгт авагдсан баримтаар үнэлгээ зах зээлийн ханшаас хэт бага гэдгээ нотлосон баримтгүй байна. Үнэлгээний тайланд доторх хөрөнгийг хамт үнэлээгүй. Нэхэмжлэгч төлбөр төлөхөөс зайлсхийж удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-225/24625 тоот үнэлгээний мэдэгдэл, Файн эстимэйт ХХК-ийн тайлан, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02443 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 5-45/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ГХ2022/01230 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 181/ШЗ2022/16977 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02443 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, өмчлөх эрхийн гэрчилгээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, энэ тухай тэмдэглэл, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, энэ тухай тэмдэглэл, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай албан тоот, цахимаар захидал, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5/6936 тоот шинжээч томилуулах тухай хүсэлт, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, төлбөр төлөгчийн үнэлгээний санал, Үнэлгээний санал гаргах тухай, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Виннэр вэй ХХК-ийн хугацаа сунгах хүсэлт, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/43 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, төлбөр төлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үнийн санал, төлбөр авагчийн шинжээч томилуулах тухай хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилох тогтоол, Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл зэргийг ирүүлжээ. /хх 49, 57-145 /

Гуравдагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 150-151/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч УЭМ ХХК нь НШШГ т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хөрөнгийн үнэлгээг хийхдээ барьцаа хөрөнгөд хамаарахгүй доторх хөдлөх эд хөрөнгийг хамт үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг харгалзаагүй, мөн зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлсэн гэжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, доторх хөрөнгийг үнэлгээнд хамруулаагүй, үнэлгээ хэт багаар талаар нэхэмжлэгч нотлоогүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02443 дугаар шүүгчийн захирамжаар УЭМ ХХК-иас 573.930.402 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХК-д олгох, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 1 гудамж Г-20 тоотод байрлах 1544,7 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-.. дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивланд байрлах 3813 мкв талбай бүхий газар болон ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 44-45, 59-60/

3.2.НШШГ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 57-61/

3.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох УЭМ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 1 гудамж Г-20 тоотод байрлах 1544,7 мкв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-.. дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 3813 мкв талбай эзэмших эрхтэй газрыг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 23280153/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23280153/04 тоот тогтоолоор хураажээ. /хх 67-74/

4.Улмаар төлбөр төлөгчөөс үнийн санал 10 тэрбум төгрөгөөр өгснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт ирүүлснээр 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 7/259 тоот тогтоолоор шинжээч томилсон ч хариуцагч байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор үнэлгээг тогтоох хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр дээрх 232800153/04 тоот хураах тогтоолыг хүчингүй болгожээ. /хх 75-96/

Барьцаа хөрөнгийг дахин 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23280153/05 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хх 97-99/

5.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу дахин төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч хөрөнгийг 12 тэрбум төгрөгөөр үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. /хх 100-101/

Тус газар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/426 тоот тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилсон, шинжээчээс дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-.., Э-.. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2.000.000.000 төгрөгөөр үнэлжээ. /хх 10-43, 102-143/

6.Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч УЭМ ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-225/24623 тоотоор мэдэгдсэн байна. /хх 144-145/

7.Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангийн 1.4.2-т энэхүү үнэлгээний ажил УЭМ ХХК-ийн дээрх нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөөр хязгаарлагдах бөгөөд захиалагчийн хүсэлт гаргаагүй үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил зэрэг бусад хөрөнгө үнэлгээний хамрах хүрээнд орохгүй болно гэж тусгажээ. Иймд шинжээч хөрөнгийг үнэлэхдээ битүүмжилж хураагдаагүй тухайн хөрөнгө доторх хөдлөх эд хөрөнгийг хамт үнэлсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, баримтаар тогтоогдоогүй.

Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачллаыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай абйдлаас хамааруулан үнэлгээчний өөрийн мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан сонголт хийн ашигласан талаараа тайлангийн 1.9.1-д тусгасан байна.

Үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үнэлгээ бага талаарх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

8.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгосон итгэмжлэлээс татгалзсан явдал хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэснийг дурдав.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГ т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-.., Э-.. дугаарт бүртгэлтэй хөрөнгийг үнэлсэн Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай УЭМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ