Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2023/04133/И |
Дугаар | 181/ШШ2024/01104 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/01104
2024 3 19 | 181/ШШ2024/01104 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....... Г.Б /Регистрийн дугаар: ../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....тоотод оршин суух, Д.Г /регистрийн дугаар: ../,
Хариуцагч: .....оршин суух, С.Б /регистрийн дугаар: .../,
Хариуцагч: .тоотод оршин суух, М.Т /регистрийн дугаар.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 58.834.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь Д.Г , М.Т , С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58.834.750 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие өөрийн танил Д.Г эд удаа дараа мөнгө зээлж байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бид хоёр өгсөн авснаа тооцож үзээд 84.000.000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгаагаа харилцан тохиролцож тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулцгаасан билээ. Д.Г энэ мөнгийг өөрөө төлж барагдуулах үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, эхний ээлжинд үндсэн зээлээ ойрын хугацаанд төлж барагдуулья, дараа нь 2021 оны 01 дүгээр сараас бодогдох үндсэн төлбөрийг төлж барагдуулсны дараа жичид нь төлье гэсэн санал тавихад нь ядаж өгсөн мөнгөө олж авахын тулд түүний саналыг хүлээн зөвшөөрч баримт үйлдүүлж авсан юм. Гэтэл 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын хооронд 9 удаагийн гүйлгээгээр 17.000.000 төгрөгийг шилжүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч сураггүй байна.
Анх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Г ийн эхнэр М.Т , охин С.Б нар түүний Хаадын цуврал номыг хэвлэхэд шаардлагатай байна гээд 45.000.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дараа нь нэмж 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг зээлсэн. Энэ 50.000.000 төгрөгт өмнөх 2018 оны 01 дүгээр сард зээлсэн байсан байсан 6.895.000 төгрөгийг нэмж оруулж тооцсон. Нийтдээ 2018 ондоо 115 сая төгрөгийг зээлсэн. Зээлээс надад 2019 оны 3 дугаар сар хүртэл 14.977.500 төгрөг төлсөн тул үлдэгдлийг тооцож өмнөх зээлүүдийг нэгтгээд 99.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай байхаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг хийсэн. Сүүлд нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Д.Г эхнэр охин хоёрынхоо зээлсэн мөнгөний үлдэгдэл 84.000.000 төгрөгийг төлөхөөр өөрийнхөө гараар бичиж өгсөн. Эхнэр охин хоёрынхоо авсан зээлийг мэдээгүй, хариуцахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Харин 50.000.000 төгрөгний зээлийг өгөхдөө гэрээг бичгээр хийгээгүй өгсөн тул хүүгээ багасгаж нийт 58.834.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хоёр.Хариуцагч Д.Г хариу тайлбартаа: Д.Г нь Г.Б аас олон удаа очиж мөнгө авах нь байтугай нэг төгрөг ч авч үзээгүй. Ер нь мөнгө зээлэх талаар түүнтэй ярьж байсан удаагүй. Харин охин С.Б ыг Г.Б аас мөнгө зээлсэн гэдгийг 2 жил гаруйн дараа мэдсэн. Охин С.Б , эхнэр М.Т нар сэтгэл санаагаар унаж нойргүйдэлд автаж, хэн хэнийх нь даралт ихсэж, бүр ухаан алдах удаа ч байсан. Яагаад ингээд байгааг ахин дахин асууж тодруулсны эцэст Баас мөнгө зээлж зээлсэн мөнгөө буцаан төлж чадахгүй болоод дарамтанд орсон гэдгийг мэдсэн. Б нь охин С.Б руу нь байнга согтуу залгаж, харааж зүхэж, ална тална гэж дарамтлан занах нь хэрээс хэтэрч залгах бүртээ согтуу байдаг бөгөөд хараалын муугаар хараадаг түүнээс болж тэдний бие сэтгэл хямраад байсныг олж мэдсэн.
Ингээд энэ асуудлыг тодруулахын тулд Б гэдэг хүнтэй уулзаж ойр дотны хүмүүсээ хараал зүхэл, занал дарамтаас салгах зорилгоор уулзсан. Ингээд Г.Б гэдэг хүнтэй уулзаж охин С.Б луу дахин ярихгүй байх, дарамталж заналхийлэхгүй байхыг хүсч ярилцсан. Г.Б нь тэгвэл бичиг хийж өгвөл би С.Б той ярихгүй харин Д.Г таньтай ярьж байх болно гэсэн санал тавьсны дагуу ойр дотны хүмүүсээ дарамтлуулахгүйн тулд Г.Б ы хэлсэнээр "хүссэн бичгийг нь хийж өгсөн. Үнийн дүнг нь Г.Б гийн хэлснээр нь шууд итгээд л бичсэн. Энэхүү бичгийг хийж өгснөөс хойш Д.Г нь 9 удаагийн гүйлгээгээр 17.000.000 төгрөгийг охин С.Б оос мөнгийг бэлнээр авч өөрийн ХААН банкны данснаас "Г" гүйлгээний утгаар Г.Б ы Хаан банкны 5027775370 тоот дансруу шилжүүлсэн.
Д.Г нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.Б д мөнгийг шилжүүлэхээр тохирсон байсан мөн С.Б ыг дарамтлахгүй түүнтэй яриулахгүй байлгах тохиролцоо байсан учраас С.Б ын төлөлт хийх мөнгийг С.Б оос бэлнээр авч өөрийн данснаас Г.Б ы данс руу шилжүүлж байсан. Түүнээс биш Д.Г нь Г.Б аас мөнгө зээлж түүнийг төлсөн үйлдэл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурав.Хариуцагч С.Б , М.Т нар хариу тайлбартаа: Г.Б ы нэхэмжилсэн 67.000.000 төгрөгний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.
М.Т , С.Б нар нь Г.Б аас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаатай 45.000 000 төгрөгийг 1,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлж авсан. С.Б нь 20.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр нэмж зээл авсан. Зээлийн хугацаа нэг сараар тохирсон.
М.Т , С.Б нар 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г.Б аас зээлийн гэрээ байгуулаагүйгээр 43.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг 50.000.000 төгрөг болгож өгөөрэй гэж Г.Б мөнгө хүлээн авсан гэх баримтан дээр 50.000.000 төгрөг бэлэн авсан гэж гарын үсэг зуруулсан.
С.Б сар бүр хүү төлж байсан бөгөөд Г.Б гийн хүсэлтээр дээрх зээлж авсан мөнгөнүүдийг төлөгдөөгүй хүүгийн хамт нэмж тооцоод нийт 99.000.000 төгрөг зээлсэн мэт нөхөн зээлийн гэрээ байгуулая гээд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Г.Б иргэн М.Т , С.Б нарт 2019 оны 3 дугаар сарын 05-аас нэг жилийн хугацаатай 99.000.000 төгрөгийг сарын 1.5%-ийн хүүтэйгээр зээлдүүлж 2020 оны 02 дугаар сарын 06-нд зээлийн тооцоог бүрэн барагдуулсан байна гэх зээлийн гэрээнд гарын үсгийг зуруулсан.
Иргэн С.Б , М.Т нар Г.Б аас Зээлийн гэрээ байгуулсан 45.000.000 төгрөгийн хүү, зээлийн гэрээ байгуулаагүй 20.000.000 төгрөгний хүү, 43.000.000 төгрөгийг аваад 50.000.000 төгрөг болгож өгнө гэж 50.000.000 төгрөг бэлнээр авсан гэх баримтанд гарын үсэг зурснаас болж 50.000.000 төгрөгийн хүүг сар бүр 1,5 хувийн хүүг төлж ирсэн.
Гэтэл Г.Б нь Зээлээ бүрэн төлж дуусгахгүй байна гэж дарамт үүсгэж зээлээр авсан мөнгө, түүний хүүг нэмж тооцоод нийт 99.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 1,5%-ийн хүүтэй зээлсэн мэтээр тооцоо хийж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. С.Б , М.Т нар Г.Б аас 99.000,000 төгрөгийг зээлж аваагүй болно. М.Т 20.000.000 төгрөгийг зээлээгүй юм.
2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг биш 43.250.000 төгрөгийг хүлээн авсан. Үлдэх мөнгийг хүлээж аваагүй. Мөн нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 01 дүгээр сарын мөнгө анхнаасаа ороогүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагад байгаагүй үнийн дүнг 50.000.000 төгрөгт багтсан тухай тайлбар үндэслэлгүй.
Ер нь энэхүү зээл авах мөнгөний хэрэг С.Б надад байсан бөгөөд миний ээж М.Т энэхүү зээлээс огт аваагүй бөгөөд энэ зээлд огт хамаагүй юм. Г.Б хамтран зээлдэгч хэрэгтэй гэсний дагуу ээжтэйгээ хамт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. С.Б , миний бие Г.Б аас авсан үндсэн зээл, хүү өгсөн зэргийг тооцоо хийхэд нийт 40.200.000 өгөхөөр байгаа болно.
Иймд Г.Б ы нэхэмжлэлээс 40.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Дөрөв.Нэхэмжлэгчээс баримтаар: Иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн барим, Г.Б ы 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дансны хуулга, Г.Б ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримт, М.Т , С.Б нарын Иргэний үнэмлэхний хуулбар, Г.Б ы 5027775370 тоот дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 5-16, 20-33, 34-36, 39, 75-86,/
Хариуцагч нараас нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2018 оны 02 дугаар сарын 05-ны зээлийн хүү ба эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримт, С.Б ын Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 48, 67, 68, 69, 70,114-164/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Г , М.Т , С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67.000.000 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 58.834.750 төгрөг болгон багасгаж байх тул шүүх багасгасан хэмжээгээр шийдвэрлэв.
3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2018 онд дөрвөн удаагийн зээлийг гэрээтэй, гэрээгүйгээр олгосон, зээлүүдийн үлдэгдлийг нэгтгэж 2019 онд гэрээг бичгээр байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул хүүгийн хамт буцаан гаргуулна гэж тайлбарлав. Мөн Д.Г баталгааг гаргасан тул чөлөөлөх боломжгүй, тэрээр 2018 оны зээлүүдийг эхнэр охин хоёр нь авахад мэдэж байсан гэв.
4.Хариуцагч Д.Г ийн зүгээс гэрээний оролцогч биш үндэслэлээр, хариуцагч М.Т мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, харин хариуцагч С.Б оос 40.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргав.
Татгалзлын үндэслэлээ: гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч 20.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгийн зээлд хүү шаардах эрхгүй, мөн 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн мөнгөн хөрөнгийг бүрэн хүлээн авааагүй, 43.250.000 төгрөгийг хүлээж авсан гэж тайлбарлав.
5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэг талаас Г.Б , нөгөө талаас М.Т , С.Б нар тохиролцож дараах гэрээг бичгээр байгуулжээ.
-2018 оны 02 дугаар сарын 05-нд 45.000.000 төгрөгийг нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай байхаар, зээлийн хүүг сар бүрийн эхэнд төлөхөөр,
-2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр,
-2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 99.000.000 төгрөгийг, нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг байгуулжээ. /хх 34-36, 68-70/
5.2.2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г.Б , нөгөө талаас М.Т , С.Б нар 50.000.000 төгрөг хүлээн авсан баримт үйлджээ. /хх97/
6.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Шүүх дараах байдлаар зээл, түүний үлдэгдлийг тооцов.
6.1.Хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 45.000.000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй тул мөн өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх-ээр, 282 дугаар зүйлийн 282.1-д ... гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.
Иймд энэ зээлийн гэрээний хугацаа дуусах 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлбөл зохих үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 8.100.000 /675.000 * 12 сар / төгрөг, нийт 53.100.000 төгрөг байна.
6.2.Мөн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөг хүлээн авсанд хариуцагч маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин хариуцагч энэ зээлийг нэг сарын хугацаатай байсан тул түүнээс хойш хүү шаардах учиргүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан баримтад 03.05-ны өдөр 20.000.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр дахин нэмж хүлээн авсан гэж тусгасан байхаас гадна сар бүр хүү 300.000 төлсөн тухай баримт үйлдснээс харвал талуудын хүсэл зориг өмнөх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд үнийг нэмсэн, бусад нөхцлийг хэвээр байхаар анхнаасаа тохиролцсон гэж ойлгогдохоор байна. Иймд гэрээний хугацаа нэг сар байсан, түүнээс хойш хүү авах эрхгүй тухай хариуцагчийн татгалзал баримтаар няцаагдаж байна. /хх 70/
Энэ зээлд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх төлбөл зохих үүргийн хэмжээ үндсэн зээл 20.000.000 төгрөг + хүү 3.300.000 /300.000*11 сар/ = 23.300.000 төгрөг байна.
6.3.Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо өмнөх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6.895.000 төгрөгийн зээлийг нэмж тооцсон гэж тайлбарлав. Хариуцагч бодитоор 43.250.000 төгрөг хүлээн авсан, 2018 оны 01 дүгээр сарын зээл энэ хэрэгт хамааралгүй, анхнаасаа нэхэмжлэгч шаардаагүй гэж тайлбарлав. /хх 95-97/
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч өөрийн Худалдаа хөгжлийн банкны 452557958 тоот данснаас 2018 оны 01 дүгээр сарын 17-нд 6.895.000 төгрөгийг зээл утгаар С.Б ын Хаан банкны дансаар шилжүүлсэн, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны данснаас 43.250.000 төгрөг зээл, Г.Б аас утгаар С.Б ын Голомт банк дах 1605030566 тоот дансанд шилжүүлсэн баримтууд авагдсан. /хх 95-96/
Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6.895.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 43.250.000 төгрөгт нэмж тооцон 50.000.000 төгрөгөөр баримт үйлдсэн, хамт багтсан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ. Түүнээс гадна талууд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг хийхдээ өмнөх бүх зээлүүдийг тооцож нэгтгэсэн гэж тайлбарласан тул шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээл тусдаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэх боломжгүй. Иймд нэгмөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид энэ зээлийн тухайд бичгээр зээлийн гэрээг байгуулаагүй гэдэгт маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар энэ гэрээний дагуу хүү авах эрхээ алдсан.
6.4.Дээрх 6.1-6.3-т заасан гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх төлбөл зохих үндсэн зээл 115.000.000 төгрөг, хүү 11.400.000 төгрөг, нийт 126.400.000 төгрөг байна. /53.100.000+23.300.000 +50.000.000/
Нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 452557958 тоот дансанд хариуцагчаас дараах утга агуулгаар зээлээс төлжээ. Үүнд:
2018 оны 2 дугаар сарын 07-нд 150.000 төгрөг болороос хүү гэж
2018 оны 6 дугаар сарын 04-нд 1.635.000 төгрөгийг болороос хүү гэж,
2018 оны 7 дугаар сарын 02-нд 1.526.000 төгрөг болороос хүү гэж
2018 оны 8 дугаар сарын 01-нд 1.635.000 төгрөг хүү гэж /хариуцагчийн данснаас энэ мөнгө 2018.07.31 гарсан, нэхэмжлэгчид маргааш өдөр шилжиж орсон төлөвтэй, үүнд маргаагүй. хх 29, 150 харьцуулах/
2018 оны 8 дугаар сарын 31-нд 1.635.000 төгрөг хүү гэж
2018 оны 9 дүгээр сарын 04-нд 3.940.000 төгрөг болороос үндсэн гэж,
2018 оны 10 дугаар сарын 05-нд 4.037.500 төгрөг болороос гэж
2018 оны 11 дүгээр сарын 05-нд 1.537.500 төгрөг болороос хүү гэж, /хариуцагчийн данс 2018.11.03-нд гарсан. зохигчид үүнд маргаагүй, ойролцоо цаг хугацаанд энэ хэмжээний гүйлгээ хийгдээгүй. хх 30, 100, 158/
2018 оны 11 дүгээр сарын 06-нд 3.447.500 төгрөг болороос 3,5 сая гэж,
2018 оны 12 дугаар сарын 04-нд 1.535.000 төгрөг болороос хүү гэж,
2019 оны 01 дүгээр сарын 02-нд 1.485.000 төгрөг болороос хүү гэж,
2019 оны 02 дугаар сарын 02-нд 1.485.000 төгрөг болороос гэж,
2019 оны 03 дугаар сарын 03-нд 1.485.000 төгрөг болороос гэж нийт 25.533.000 төгрөгийг дансаар төлжээ. Үүнээс 11.138.000 төгрөгийг зээлийн хүүнд шилжүүлсэн.
Мөн хэргийн 70 дугаар талд авагдсан мөнгө хүлээн авсан баримтын доод хэсэгт хүү төлөв утгаар 3 дугаар сарын 05-нд 300.000 төгрөг, 4 дүгээр сарын 05-нд 300.000 төгрөг хүлээн авсан Г.Б гэж тэмдэглэгдсэн тул энэ мөнгийг бэлнээр төлсөн гэж үзнэ. Харин бусад хэсгийн тухайд хүлээн авсан гарын үсгийн ард дансаар гэж тэмдэглэгдсэн, нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сараас хойш бэлнээр төлбөр тооцоо хийгээгүй гэж тайлбарласан, үүнийг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй болно.
Дээрхийг нэгтгэвэл зээлдэгчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөл зохих үндсэн зээл 115.000.000 төгрөг, хүү 11.400.000 төгрөг, харин төлсөн нь үндсэн зээлээс 14.395.000 төгрөг, хүүнд 11.738.000 /11.138.000+600.000/ төгрөг байна. Ийнхүү төлбөл зохих хүүнээс 338.000 төгрөгийг илүү төлжээ. Хэдийгээр гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү авах эрхээ хуулийн дагуу алдсан хэдий ч бодитоор талууд анхнаасаа хэлцлийг хийхдээ 50 сая төгрөгийг хүүтэй байх-аар харилцан тохиролцсон байдлыг илтгэхээс гадна ийнхүү хүүнд хүлээн зөвшөөрч төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар үндсэн төлбөрөөс хасах үндэслэл болохгүй.
6.5.Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр 99.000.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар, сард 1,5 хувийн хүүтэй байхаар заажээ. /хх 34/
Зохигчид энэ гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй, харин өмнөх 2018 оны зээлийн гэрээнүүдийг багцалж тооцож гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй. Иймд мөн өдөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин өмнөх зээлийн гэрээний хугацааг сунгасан, хүүг тохирсон нэмэлт тохиролцоо гэж үзнэ. Мөн гэрээг байгуулах үед шийдвэрийн 6.4-т дүгнэснээр зээлийн үлдэгдэл 99.000.000 төгрөгнөөс илүү байх боловч нэгэнт талууд зээлийн үлдэгдлийг нэгтгэж тооцохдоо зээлдэгчийн төлбөл зохих үүргийн хэмжээг дээрх дүнгээр тогтоосон тул шүүх талуудын зарчмын дагуу энэ хэмжээгээр тооцно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч үндсэн зээл 99.000.000 төгрөг, хүү 17.820.000 /1.485.000*12 сар/ төгрөг, нийт 116.820.000 төгрөг төлөх үүрэгтэй.
6.6.Энэ нэмэлт гэрээнээс хойш нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 452557958 тоот дансанд
2019 оны 04 дүгээр сарын 04-нд 1.485.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-нд 1.485.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-нд 1.845.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-нд 16.260.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-нд 1.260.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 05-нд 1.260.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-нд 1.260.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 1.260.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-нд 1.260.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-нд 1.260.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-нд 1.260.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-нд 1.260.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 05-нд 850.000 төгрөг, нийтдээ 32.005.000 төгрөг төлсөн. /хх 28-35, 114-145/
6.7.Мөн нэхэмжлэгчийн Хаан банкны 5027775370 тоот дансаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 17.000.000 төгрөг төлсөн, үүнд зохигчид маргаагүй. /хх 9-16, 77-86/
Дээрхийг нэгтгэвэл төлбөл зохих 116.820.000 төгрөгнөөс төлсөн 49.005.000 /32.005.000+17.000.000/ төгрөг хасч, нийт 67.815.000 төгрөг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 58.834.750 төгрөг болгож бууруулсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцож шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.
7.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт баримтаар авагдсан зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтуудад хамтран зээлдэгчээр М.Т оролцож, гарын үсгээ зурсан байх тул зээлийг бодитоор аваагүй, хэрэглээгүй тухай тайлбар түүнийг хуулийн дээрх зохицуулалтаар хамтран хариуцагчаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
8.Харин хэрэгт авагдсан гэрээнүүдэд Д.Г хамтран оролцсон байдал тогтоогдоогүй, түүнчлэн хэргийн 7 дах талд авагдсан түүний гараар бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Баталгаа гэсэн баримт Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасан баталгааны гэрээ, батлан даалтын гэрээ гэж үзэх боломжгүйгээс гадна нотлох баримтыг шүүхэд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангуулж ирүүлээгүйг дурдав. Иймд шүүх Д.Г эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан М.Т , С.Б нараас 58.834.750 /тавин найман сая найман зуун гучин дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Г эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т , С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 452.124 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ