Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 34

 

                                                            

 

 

 

 

 

 

 

 

 

             

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэдийн төлөөлөгч: Д.Одгэрэл, С.Өлзийсайхан, Б.Буянзаяа

Шүүгчийн туслах:Г.Нямаа

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Хохирогч Б.Ганбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн

Шүүгдэгч: Ш.Энхболд нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн яллагдагч Ш.Энхболдод холбогдох 201212000216 тоот хэргийг 2017 оны 6 сарын 14-нд хүлээн авсныг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988.10.19-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх,  ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг Өвөр-Урт гэх газар оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан /РД:ЗА88101915/ Их Адаацаг овогт Шатарын Энхболд;

 

Шүүгдэгч Ш.Энхболд нь 4 удаагийн  үйлдлээр  бусдын 152 тооны  адууг  хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулах буюу Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Прокурорын 2017.06.12-ны өдрийн 15/а тоот яллах дүгнэлтэнд дурдсанаар:  Ш.Энхболд нь 2010 оны 8 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн А.Санжаасүрэнгийн 19 тооны адууг хулгайлж 13490000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн А.Баярцогтын 27 тооны адууг хулгайлж 15125000 төгрөгийн хохирол учруулсан, 2010 оны 8-9 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн С.Мөнхнасангийн бөөн сүүлтэй цавьдар зээрд азаргатай  19 тооны адууг хулгайлж, 12542000 төгрөгийн хохирол учруулсан, 2012 оны 10 сарын 4-5-ны хооронд Сайнцагаан сумын Тэвш баг, Хотгор тойромын ус гэх газраас иргэн Б.Ганбаатарын  хонгор азаргатай 45 тооны адууг хулгайлж, бусдад 34350000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 6 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хар хужирт” гэх газраас иргэн Д.Дашдэмбэрэлийн бөөн сүүлтэй хүрэн азаргатай 42 тооны адууг хулгайлж бусдад 28581000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт  4 удаагийн  үйлдлээр  бусдын 152 тооны  адууг  хулгайлж бусдад  онц  их  хэмжээний  хохирол  учруулсан...гэжээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр улсын яллагч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын  тайлбар болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.         

 

1.Шүүгдэгчийн  үйлдсэн  гэх  гэмт хэргийн  талаар:

 

А/2010 оны 8 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн А.Санжаасүрэнгийн 19 тооны адууг,  А.Баярцогтын 27 тооны адууг хулгайлсан  гэх хэргийн  талаар:

 

 -Шүүгдэгч Ш.Энхболдын шүүхийн удаа  дараагийн хэлэлцүүлэгт гаргасан “2010 оны 8 сард Төв аймгийн “Ац холбоо” гэх газраас Ц.Агваандоржийн цагаан азаргатай адууг тууж Эмээлт дээр авч ирэхэд Чулуунбат үүгээр цагдаа ихтэй байна. Зандангийнд авааччих“ гэсэн. Тэднийд байлгаж байхад 2 хоногийн дараа ирээд аваад явсан. 8-н адуунд Партизаны сангийн аж ахуйн Эрдэнэбат гэх хүн бичиг хийж өгсөн. Бусдыг нь бичиггүй хөөгөөд Оргил худалдааны төвийн блокон хашаанд хийсэн. Хаана, ямар бойнд оруулсан гэдгийг мэдэхгүй. Мөнгийг Зандан гуайд өгсөн. Түүний 4 сая төгрөгөөр нь хүүдээ хөх өнгийн фортер машин авч өгсөн байсан” гэх мэдүүлэг

- Хохирогч А.Баярцогтын “...2010 оны зун ах Санжаасүрэн, аав Агваандорж нартай  адуугаа  нийлүүлэн  “Ац холбоо” гэх  газар байсан. 2010 оны 7-8 сарын үед Ац холбоо гэх  газраас  адуугаа  авах гэтэл цагаан загал зүсмийн  азаргатай  нийт  46 тооны  адуу дутаад  байхаар  нь ах  Санжаасүрэнгийн  хамт ойр  орчмын  газраас  хайгаад  олоогүй. Миний  эзэмшлийн  27 тооны, ах  Санжаасүрэнгийн  эзэмшлийн  19 тооны  адуу  байсан  юм. Бүгд зөв гуяндаа хас тамгатай байсан ...” гэх  мэдүүлэг  /3-р хх-ийн 19-20-рт/

-Хохирогч А.Санжаасүрэнгийн  “...2010 оны зун манайх аав Агваандорж, дүү Баярцогт нартай  хамт зунжиж байсан юм. Тухайн үед манай  3-н адуу бөөн  байсан  ба “Ац холбоо” гэх  газарт байдаг байсан. Тэгээд манай 3 айл нүүж Бор хангайн шанд гэх газар буугаад сумын  наадам өнгөрөөгөөд гүү барих  гэж Ац холбоо орон  адуугаа хайхад манай дүү  Баярцогт бид хоёрын  нийлсэн 46 тооны адуу алга болсон байсан. Би адуугаа бүртгэж  үзэхэд  тоогоор  19 тооны адуу  дутаж байсан ба  хайгаад олоогүй. Миний  адуунууд бүгд нас гүйцсэн  морьд байсан ...” гэх  мэдүүлэг /3-р хх-ийн 15-16-рт/

 

-Хохирогч, гэрч Ц.Агваандоржийн “Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баян бараат бригад “Ац холбоо” гэх газарт өөрийн төрсөн хүү А.Санжаасүрэн, А.Баярцогт нарын хамтаар мал малладаг малчин хүн. Манай 2 хүү болон миний мал нийлээд 200 орчим адуу байдаг. Манай 2 хүү хөдөө мал дээр байдаг учир ирж байцаалт өгөх боломжгүй, би өмнөөс нь төлөөлөн байцаалт өгнө. 2010 оны 8 дугаар сард наадмын дараа манай адуунаас 46 адуу алга болсон. Цагаан зүсмийн азаргатай нас гүйцсэн морь 30, бүдүүн гүү 5, байдас 1, шүдлэн үрээ 1, даага 2, унага 6, нийт 46 тооны адуугаа алдсан. Алдсан адуу маань зөв гуяндаа зөв эргэсэн хас тамгатай, мөн 3 нүд чандмань тамгатай, саран дэвсгэртэй онгитой зуузай тамгатай байсан. Адуугаа алдсан талаар Төв аймгийн цагдаагийн газарт очиж алдуул малын бүртгэлд бүртгүүлж байсан. Албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаагүй  юм” гэх мэдүүлэг  /1-р хав.х 86-87, 147-148/

 

-Гэрч Д.Зандангийн “Манайх тухайн үед тахилтын ард Шижирийн фермээс урд аманд зусдаг жил буюу 2010 оны 8 сард өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өглөө Энхболд ганцаараа хар өнгийн мотоцикльтой манайхаар ирсэн…. Тэгж ирэхдээ Энхболд 7-8 унагатай, унаганаас гадна 20 гаран тооны бөөн сүүлтэй зээрд азаргатай адууг манай урд уулын ар дээр туугаад авчирсан байсан. Манайхаар Энхболд нэг хоноод маргааш нь Эмээлт рүү явж ирэхдээ Чука, Чинбат гэх хүмүүсийг ногоон өнгийн микро машинтай дагуулж ирсэн. Ингээд тэр хүмүүстээ авчирсан адуугаа зарсан. Зарахад нь би тэр адуунд нь Партизаны САА-н мал эмнэлгийн малын эмч Эрдэнэцогт гэх хүнээс гарал үүслийн бичиг авч өгсөн. Тэр адуунаас нь би нэг буурал духтай хүрэн зээрд морь хүүгээрээ дамжуулж авсан. Тэр морь нь саран дэвсгэртэй тамгатай байсан юм. Би цагаан азаргатай адуу Энхболд авчирсныг мэдэхгүй байна. Анх авч ирсэн бөөн сүүлтэй зээрд азаргатай адуун дотор нь 7-8 унага байсан бөгөөд түүнээс гадна 20 гаран тооны адуу байсан. Түүн дотор өөр азарга байсан эсэхийг мэдэхгүй байна. Адууны им тамга, зүсийг нь сайн санахгүй байна ” гэх мэдүүлэг /1-р хав.х-138/

 

-Гэрч Б.Чинбатын “2010 оны 9 сарын эхээр Эмээлтэд надтай ижил мал махны ченж ажилтай Чулуунбаатар ах надтай ирж уулзаад энд мал зарах нэг хүн байна гэж хэлэхээр нь тэр хүнтэй чинь уулзая гээд Эмээлт дээр очиход 20 гаран настай, бор царайтай, өөрийгөө Энхболд гэж танилцуулсан залуу 12-13 тооны адуу аваад ирчихсэн гэхээр нь адууг нь очиж үзээд чамд гарал үүслийн бичиг байна уу гэхэд байхгүй гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлсэн. Тэгээд би бичиг баримт байхгүй юм чинь цагдаа дуудаж үзүүлээд худалдаж авна гэхэд Энхболд тэг тэг гэсэн. Тэгээд Нийслэлийн цагдаагийн газар руу утасдаад цагдаагийн байгууллагаас хүн ирэхгүй байсаар орой 22 цаг болчихоор нь цагдаа ирэхгүй юм байна, малын чинь бичиг баримт байхгүй юм чинь авч чадахгүй гэж хэлээд Ш.Энхболдыг явуулчихсан юм. 2 хоногийн дараа ченж Чулуунбаатар ах Энхболд гэх залууг дагуулж ирээд малын бичиг аваад ирсэн гэхээр нь хаанаас юун бичиг авсан талаар нь асуухад Зандан гэх хүнээр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооноос гарал үүслийн бичиг хийлгэсэн гэхээр Чулуунбаатар, Энхболд болон түүний найз нарыг дагуулаад өөрийн эзэмшлийн 30-36 УБП улсын дугаартай ногоон өнгийн микро машинтай Зандан гэдэг айлд очиход 12 адуунаас 1 адууг нь нядлаад тэр хавийн хүмүүст жижиглэнгээр зарж байсан. Тэгээд би Зандан гэх хүнтэй уулзаад та гарал үүслийн бичиг хаанаас яаж авсан юм бэ гэхэд СХД-ийн 21-р хорооноос хийлгэж авсан ба эдгээр адуу нь миний өөрийн адуу байгаа юм гэхээр нь хөгшин хүн худлаа ярихгүй байх гэж бодоод 8,9 адуу тус бүрийг нь 800000 төгрөгөөр худалдан авсан ба эдгээр адууны зүс, тамга, нас зэргийг нь санахгүй байна. Ямар ч байсан хоёр тооны унагатай гүү, хонгор, хээр, зээрд зүсмийн адуунууд байсан шиг санагдаж байна. Ингээд би Ш.Энхболдоор 8,9 тооны адууг Эмээлт хүртэл туулгаж очоод нядалгаанд оруулж байсан ” гэх мэдүүлэг /1-р хав.х-123/

 

-ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2015.12.15-ны өдрийн лавлагаанд “2010.08.01-ний 20 цаг 08 секундэд …. дугаарын утсаар Эмээлтэд гарал үүслийн бичиггүй 40-50 орчим адуу байна гэх мэдээлэл өгсөн. Зөвшөөрлийн бичигтэй, дуудлага буцаагдсан” гэжээ. /4-р хав.х130-131/ Дуудлага өгсөн утасны дугаар нь гэрч Б.Чинбатын гар утасны дугаартай тохирч байна.  /1-р хав.х-123/

 

-Гэрч Ц.Чулуунбаатарын “Энхболд гэх залуу 2010 оны 7-8 сарын орчимд байх  /он сараа сайн мэдэхгүй байна/  над дээр орж ирээд  / би тухайн үед Эмээлтийн Оргил дэлгүүрийн замын урд талд жижигхэн ТҮЦ-нд мах арьс шир авна гэсэн зар тавиад суудаг байсан юм / адуу авах уу ах гэж асуусан. Би бичиг баримт байна уу гэж асуухад иргэний үнэмлэхээ гаргаж ирж үзүүлсэн.  Тэгэхээр нь Чинбат руу дагуулж ороод энэ нэг хүүхэд адуу мал зарна гэнэ чи авах уу гэж асуусан. Чинбат намайг наад хүнээ хаанаас ирснийг нь адуу нь хаана байгаа, хэнийг таньдаг зэргийг мэдээтэх тэгж байж хоёулаа адууг нь авъя гэж хэлсэн. Би Энхболд гэх залууд чамайг таньдаг ямар хүн байна, хамт очиж адууг чинь үзье гэхэд намайг дагуулаад такси бариад Зайсанд Баттөгсийнд очсон. Тэндээс Баттөгстэй хамт амьжиргаа цагаан буюу жижиг тэвштэй цагаан өнгийн ачааны машинтай яваад Шижирийн фермийн урд аманд очсон. Тэнд очиход өмнө нь зүс таних Зандан гуай байсан. Би Зандан гуайд энэ хүний адуу мал энд байгаа гэнэ худалдаж авч болох юм уу гэхэд болно гэж хэлсэн. Би эргэж Эмээлтэд ирээд Чинбатад энэ хүний адуу Шижирийн ферм дээр Зандан гээд настай намбатай хүнийд байна. Худалдаж авч болох юм шиг байна гээд дагуулж Зандангийнд очсон. Зандангийн гадаа арав гаран тооны адуу байсан. Адуу худалдаж авах дээрээ тулсан чинь гарал үүслийн бичиг байхгүй болж таараад Чинбат худалдаж авахаа болиод бид хоёр буцаж ирсэн. Маргааш нь Энхболд Зандан гуайгаар гарал үүслийн бичиг хийлгэлээ гэж ирээд Чинбат болон /Чинбатын хүргэн нь байгаад одоо нас барсан/ Баагий гэх хүнтэй гурвуулаа очиж арваад адууг нь Чинбат худалдаж авсан. Тэгээд тэр адуугаа Энхболдоор өөрөөр нь туулгаж Эмээлт авчирч бойнд оруулсан. Чухам аль бойнд оруулсныг би мэдээгүй. Бойнд тууж оруулж байхдаа нэг адууг нь уяа чиргүүлээд алдсан гэж байсан. Би анх байцаалт өгөхдөө айж сандарсан он сараа зөрүү буруу хэлсэн байсан. 2010 оны 7-8 сард очиж авч байсан нь үнэн. Энхболдыг би нэг удаа тэр адуу зарах гэж байхад нь оролцож байснаас өөр оролцсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /4-р хав.х-58, 1-р хавх-139/

 

-Гэрч Г.Эрдэнэцогтын “Надаас арав гаран адууны гарал үүслийн бичиг хийлгэж авч байсан. Зандан нь нилээн адуутай учраас өөрийнхөө адуунд гарал үүслийн бичиг авч байгаа юм байх гэж бодоод асуугаагүй. Зандан нь хэдэн адуу зарах гэсэн юм гарал үүслийн бичиг хийгээд өгөөч гэж гуйж авсан” гэх мэдүүлэг 3-р хав.х-28/

 

- Гэрч М.Явуухүүгийн “Чинбат нь мал бойлуулдаг, гэхдээ голцуу хонь ямаа бойлуулдаг. Чинбат 2010 оны 9 сард адуу бойлуулаагүй. Харин манай айлын Цэрэнханд гэх хүний бойнд адуугаа бойлуулсан гэж сонссон. Бойлуулж байх үедээ нэг адуугаа алдсан сурагтай байсан” гэх мэдүүлэг /3-р хав.х-29/

 

- Гэрч Г.Цэрэнхандын “Чинбат 2010 онд их л мал бойлуулдаг байсан. Тэхдээ хэзээ ямар мал бойлуулж байсныг санахгүй байна. Манайд бойлуулсан малын бүртгэл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хав.х-31/

 

-  Гэрч З.Мягмарсүрэнгийн “2010 оны 8 сарын үед /сар өдрийг нь сайн санахгүй байна/ Энхболд Эмээлт түүхийн эдийн зах дээр ченж хийдэг Чинбаатай хамтардаг Чулуунбаатар гэх хүний хамт машинтай манайхыг сураглаж ирсэн. Тэгээд Энхболд нутгаасаа хэдэн адуу мал зарах гэж ирсэн. Зарж чадаагүй байна. Танайхаар байя гэж байсан. Энхболд надад өөрийгөө нутагтаа нилээн баян айлын хүүхэд мэтээр ойлгуулж байсан. Би манайхаар бай л гэсэн. Тэгээд Чулуунбаатар, Энхболд хоёр машинтайгаа буцаж яваад орой нь Энхболд ганцаараа адуугаа туугаад манайд ирсэн. Адуугаа манай ойролцоо байлгаж дагуулж ирсэн тэр хүмүүстэйгээ үнэ мөнгөө тохирохгүй 10 орчим хоног манайд хоносон. Энхболдын авчирсан адуу нь зээрд зүсний бөөн сүүлтэй азаргатай 40 гаран тооны адуу байсан. Тэр адуунуудыг бүгдийнх нь зүсийг сайн санахгүй байна. Голцуу бараан хүрэн, хээр зүсний адуу байсан. Зарим нь хас тамгатай байсан. Зарим нь саран дэвсгэртэй дээрээ сэрээ юм уу зуузай юмуу гэхээр тамгатай байсан. Содон гэвэл буурал гүү, шарга зүсний гүү, хул гүү байсан. Манайх Энхболдоос саран дэвсгэртэй дээд талдаа сэрээ маягийн гулгуулж дарсан тамгатай буурал духтай нас гүйцсэн хүрэн зээрд зүсмийн морь 700000 төгрөгөөр худалдаж авсан байсныг Цагдаагийн хүмүүстэй адууны эзэд ирээд аваад явсан. Мөн Баттөгс Энхболдоос хул гүү буурал гүү зэрэг 2-3 адуу авсан байснаа Батдоржийнд аваачсан байсныг цагдаагийнхан эзэдтэй нь очиж авсан байсан. Бусад адууг Эмээлтийн Чинбаа гэх махны ченжид зарсан. Яг хэдэн төгрөгөөр яаж зарсныг нь мэдэхгүй ” гэх мэдүүлэг /1-р хав.х-142, 97-98/

 

-  З.Мягмарсүрэнг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд :  2010 оны 7-8 сарын үед миний танил Ш.Энхболд манай аав Зандангийнд намайг сурж ирсэн ба манай ааваар адууны гарал үүслийн бичиг хүнээс авахуулаад Чинбат гэх хүнд адуунуудаа зарсан байсан. Би тэр үед байшин барьж байсан ба мөнгөний хэрэгцээтэй байсан тэр талаараа Ш.Энхболдод хэлж байсан. Ш.Энхболд хэлэхдээ мөнгөний хэрэг гарвал найзаасаа зээлээрэй гэж байсан. Би эхнэртэйгээ ярилцаж байгаад Ш.Энхболдоос 4 сая төгрөг зээлэхээр болж тухайн мөнгөө бэлнээр авч, Бонго фронтер маркийн машин худалдаж аван байшингийнхаа барилгын материалыг хотын төвөөс машинаараа зөөж байшингаа барьж дуусгасан. Буцаагаад удахгүй өгнө гэж хэлж авсан, ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /5-р хав.х-66/ зэрэг бичгийн  баримтууд хэрэгт авагджээ.

 

Б/ 2010 оны 8-9 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн С.Мөнхнасангийн бөөн сүүлтэй цавьдар зээрд азаргатай  19 тооны адууг хулгайлсан гэх  хэргийн  талаар:

 

- Шүүгдэгч Ш.Энхболдын удаа дараагийн  шүүх хуралдаанд өгсөн  “2010 оны 9 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ац холбоо гэх газраас цавьдар азаргатай адууг тууж Зандан гэдэг айлд аваачсан. Чинбат, Чулуунбаатар хоёр 16-17 тооны адууг авч явсан. 3-н адуу үлдсэн байсныг Баттөгс авсан. Ченж Чинбат Занданд 4 сая төгрөг тоолж өгсөн. Дараа нь мөнгөө яасан гэтэл манайх байшингаа янзалж байгаа, түүнд хэрэглэсэн гэж Мягмарсүрэн хэлсэн” гэх мэдүүлэг

 

- Хохирогч С.Мөнхнасангийн “2010 оны 8 сарын 28-29-ний өдөр дурангаар харахад манай адуунууд манай гэрээс баруун урд зүгт 10 км зайд бэлчээртээ бэлчээрлэж байсан. 2010 оны 9 сарын эхээр цавьдар зээрд зүсмийн бөөн сүүлтэй азаргатай 19 тооны адуугаа алдсан. Бөөн сүүлтэй азарга зөв талын хаан дээрээ ланзан тамгатай, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй сэрээ тамгатай хул гүү халтар унагатай, 3 тооны хээр гүү, бэлэвсэн хамар цагаан хонгор морь, 4 тооны хээр морь, хүрэн морь, ухаа зээрд морь, цавьдар морь,бэлэвсэн хамар цагаан хүрэн морь,  мөн зөв талын гуяндаа хэлтэй саран тамгатай буурал гүү шарга зүсмийн унагатай, хар морь, мөн зөв талын гуяндаа хэвтээ зуузайтай сэрээ тамгатай халтар морь нийт 19 тооны адуугаа алдсан ” гэх мэдүүлэг/1-р хав.х-83-84, 6-р хх-ийн 45,

 

- Булган аймгийн Баяннуур сумын 3 толгой гэх газарт оршин суух Д.Батдоржоос Мөнхнасангийн эзэмшлийн хул зүсний зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй ширээ тамгатай гүү, буурал зүсний зөв талын гуян дээрээ хэлтэй саран тамгатай гүү хул зүсний зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй сэрээ тамгатай гүү, өөрийнх нь даага болох бор халтар даага, хул даага, хонгор унаганы хамт хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.х 43-44/”

- Хохирогч С.Мөнхнасангийн хүлээж авсан адуу, адууны тамганы гэрэл зураг /1-р хав.х 45-51/

- Гэрч Н.Баттөгсийн “Энхболдтой 2009 оны намар анх танилцсан. ... Түүнээс хойш Энхболд намайг таньдаг болоод манайхаар хааяа ирж очдог байсан. Тэгтэл 2010 оны намар 10 сарын орчим /сар өдрийг тодорхой санахгүй байна/ нэг өдөр Энхболд над  руу утсаар яриад “адуутай болж байгаа хүн ганц хоёр гүү авах уу” гэж асуусан. Би үзье гэсэн чинь Шижирийн ферм дээр Зандан ахынд хүрээд ир гэсэн. Очиход Мягмарсүрэнгийнд Энхболд ганцаараа ирчихсэн байсан. Адуун дээр очиход 20 гаран тооны адуу байсан. Азрагыг нь мэдэхгүй байна. Би тэр адуунаас хул гүү, буурал гүү хоёрыг 1200000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хоёр гүү нь саран дэвсгэртэй сэрээ тамгатай байсан. Тэр хоёр гүүгээ Булган аймгийн Баяннуур суманд Хангайгийнд байлгаж байгаад Хангайгийнх хот руу орохоор нь Батдорж гэх найзындаа тавьж маллуулж байсан. 2015 оны 1 сард цагдаагийн хүмүүс наад хоёр гүү чинь хулгайн адуу гээд унага, даагатай нь аваад явсан. Тэр хоёр гүү худалдаж авсан адуунуудын зарим нь саран дэвсгэртэй сэрээ тамгатай байсан. Бүх адуунууд нь тийм тамгатай байсан эсэхийг мэдэхгүй байна. Би хулгайн адуу гэдгийг мэдсэн зүйл байхгүй. Мэдсэн бол яах гэж охин мал авч өсгөх гээд байж байх юм бэ” гэх мэдүүлэг /1-р хав.х 140-141, 6-р хх-ийн 81/

 

-  Булган аймгийн Баяннуур сумын малчин Д.Батдоржоос зөв талын гуян дээрээ хэлтэй саран тамгатай буурал зүсмийн гүү, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй сэрээ тамгатай хул зүсмийн гүү, бор халтар даага, хул даага, хонгор унаганы хамт нийт 5 тооны адуу хураан авсан тэмдэглэл /1-р хав.х 42-44/

-  Д.Батдоржоос хураан авсан 5 тооны адууны гэрэл зураг /1-р хав.х 45-50/

-  Гэрч Хангайгийн “2011 оны 1 сарын үед Баттөгс манай адуунд хул гүү, буурал гүү хоёрыг авчирч тавьсан. Баттөгс Энхболдоос худалдаж авсан гэж байсан. Манайх 2012 оноос малаа аваад Баттөгсийн малыг Батдоржийн дээр үлдээгээд Улаанбаатар хот руу орж ирсэн”гэх мэдүүлэг /1-р хав.х-143/

 

- Гэрч Д.Батдоржийн “Хангайгийнх одоогоос 4 жилийн өмнө манай нутагт ирэхэд адуунд нь Баттөгсийн адуу болох зөв гуян дээрээ гал тамгатай хул гүү, зөв гуян дээрээ сартай хас тамгатай буурал гүү, зөв гуян дээрээ сартай хас тамгатай шарга гүү, зөв гуян дээрээ сартай хас тамгатай бор гүү байсан. Хангайгийнх энд 2 жил орчим болоод Улаанбаатар хот руу нүүгээд явсан бөгөөд 2013 оны намар Баттөгс найз бүдүүн Баяраа гэх залуугийн Маяти 2 гэх машинаар дээрх 4 гүүг 2 дааганы хамт авчирч байсан. Уг 2 байдас нь зөв гуян дээрээ сартай хас тамгатай бор халзан байдас, өсгий цагаан хээр байдас байсан. Энэ 2 дээрх гүүнүүүдийн төл нь юм. Бас дээр нь нэг хул даага тухайн үед төл нь гэж дагаж ирж байсан тэр нь өвчин тусахаар нь Баттөгс махлаад аваад явсан ” гэх мэдүүлэг /1-р хав.х-113/

- Гэрч З.Мягмарсүрэнгийн “Энхболдын авч ирсэн адуу нь зээрд зүсмийн бөөн сүүлтэй азаргатай 40 гаран тооны адуу байсан. Тэр адуунуудыг бүгдийнх нь зүсийг сайн санахгүй байна. Голцуу бараан хүрэн, хээр зүсний адуу байсан. Зарим нь хас тамгатай байсан. Зарим нь саран дэвсгэртэй дээрээ сэрээ юм уу зуузай юмуу гэхээр тамгатай байсан. Содон гэвэл буурал гүү, шарга зүсний гүү, хул гүү байсан. Манайх Энхболдоос саран дэвсгэртэй дээд талдаа сэрээ маягийн гулгуулж дарсан тамгатай буурал духтай нас гүйцсэн хүрэн зээрд зүсний морь 700000 төгрөгөөр худалдаж авсан байсныг цагдаагийн хүмүүстэй адууны эзэд ирээд аваад явсан. Мөн Баттөгс Энхболдоос хул гүү буурал гүү зэрэг 2-3 адуу авсан байснаа Батдоржийнд аваачсан байсныг цагдаагийнхан эзэдтэй нь очиж авсан байсан. Бусад адууг Эмээлтийн Чинбаа гэх махны ченжид зарсан. Яг хэдэн төгрөгөөр яаж зарсныг нь мэдэхгүй ” гэх мэдүүлэг /1-р хав.х-142, 97-98/

 

- З.Мягмарсүрэн 2015.12.10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: …Чинбатыг анх тууж ирсэн адуунаас гарал үүслийн бичиг авахуулаад адуу авсныг бол гарцаагүй харж байсан. Чухам хэдийг авсан гэдгийг үнэндээ санахгүй байна гэжээ. /4-р хав.х-103/

 

- Гэрч С.Ган-Очирын мэдүүлэг “2010 оны 9 сарын эхээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Ац холбоо гэх газраас манай дүү С.Мөнхнасан 19 тооны  бөөн сүүлтэй цавьдар азаргатай адуугаа алдсан. Ингээд 20 гаруй хоног хайгаад олоогүй учир цагдаад бүртгүүлсэн. Би хүртэл хамтдаа 17-18 хоног Төв аймгийн  Баян-Өнжүүл, Алтанбулаг, Бүрэн, Баянцагаан, Баян, Дэлгэрхаан, Заамар, Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт  сумдын нутгаар хайсан боловч олоогүй” гэх  мэдүүлэг /1-р хав.х-144/

 

- Гэрч М.Нэргүйн  “Миний төрсөн хүү С.Мөнхнасан нь 2010 оны намар  бөөн сүүлтэй цавьдар, зээрд зүсмийн азаргатай,  зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй сэрээ тамгатай 19 тооны  адуугаа  алдсан” гэх мэдүүлэг /6- р хх-ийн 46/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагджээ.

 

В/ 2012 оны 10 сарын 4-5-ны хооронд Сайнцагаан сумын Тэвш баг Хотгор тойромын ус гэх газраас иргэн Б.Ганбаатарын  хонгор азаргатай 45 тооны адуу хулгайлсан гэх  хэргийн талаар:

 

- Хохирогч Б.Ганбаатар 2012.12.18-нд өгсөн мэдүүлэгтээ “Баяраа бол миний төрсөн эцэг байгаа юм, би гэрээсээ тусдаа гараагүй ам бүл нэг явдаг. Манайх 2012 оны 10 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө гэрийн гадаа шахуу байсан адуу алдагдсан. Гэхдээ бол яг хулгай аваад явчихсан юм болов уу гэсэн таамаг байгаа болохоос хулгайд алдагдаж барьсан ул мөр бол байхгүй. Адуугаа алдагдсан өдрөөс нь эхлээд одоог хүртэл байж болох бүх газраар яваад олдохгүй байна. Зөв гуян дээрээ нар саран тамгатай хонгор азаргатай адуугаа алдсан. Их бага, бүдэг тод нийлсэн 12 алагтай, 2 шаргатай, 2 хонгор халзан, нэг хүрэн халзантай нийлээд 8 унагатай цагаан хонгор азаргатай унагатайгаа нийлээд 45 тооны адуу алдагдсан” гэх мэдүүлэг /1-р хав.х  65-66/

 

- Хохирогч Б.Ганбаатар 2014.11.30-нд өгсөн мэдүүлэгтээ”…2014 оны 11 сарын 29-ний өдөр цагдаагаас адуугаа аваарай гэж хэлэхэд нь Партизаны Шижирийн давааны араас давхар онгин тамгатай зээрд алаг гүү, соёмбо тамгатай зээрд алаг унагатай, давхар онгин тамгатай шарга гүү, соёмбо тамгатай тод зээрд алаг унагатай, давхар онгин тамгатай хул гүү, соёмбо тамгатай хонгор халзан унагатай, давхар онгин тамгатай хээр алаг гүү, соёмбо тамгатай саарал унагатай, давхар онгин тамгатай алдах үед зээрд алаг үрээ нь морь болсон байна. Давхар онгин тамгатай ухаа хонгор даага одоо үрээ болсон байна, давхар онгин тамгатай хамар цагаан сартай хонгор унага одоо үрээ болсон байна. Давхар онгин тамгатай дөрвөн хөл шийр цагаан зээрд унага одоо үрээ болсон байна. 2014 оны 11 сарын 30-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумаас давхар онгин тамгатай дөрвөн хөл шийр цагаан хээр гүү, хас тамгатай хээр даага, хас тамгатай хар хээр унага, давхар онгин тамгатай саарал алаг гүү, тамгагүй хонгор алаг унага зэрэг адууг хүлээж авсан. 6 унага, 1 даага нь манай адуу хулгайлагдсанаасаа хойш төллөсөн адуунууд байсан” гэжээ. /1-р хав.х 72-75/

 

- Гэрч С.Лувсанбалдангийн “2012 оны 10 сарын 10-ны үед Ш.Энхболд мотоцикльтой ирээд адуугаа туух гэсэн юм цуг туулцаад өгөөч гэж гуйгаад шалаад болохгүй байсан. Тэгэхээр нь хаана байгаа юм, яг хаана хүргэх юм бэ гэж асуухад Дундговь аймгаас зүүн тийшээ байгаа, Улаанбаатар хотын хойд уул руу хүргэх хэрэгтэй байна. Найздаа ганц удаа тус болчих, 500000 төгрөг өгнө гэж гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. 3 хоногийн дараа Дундговь аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийшээ 20 орчим км яваад Зүүн далай бригад гэх газарт нар жаргах дөхөөд шар гэгээ арай тасраагүй байх үед очиход бэлчээрт зүүн талынх нь нүдийг бараан даавуугаар боосон ногттой хул зүсмийн азаргатай 40 гаран тоотой адуу байсан. Ш.Энхболд өө манай адуу энд байна гэж хэлээд шууд Улаанбаатар хотын чиглэлд туугаад Дэлгэрцогт сумын зүүн талаар төв зам дагуулаад машин тэрэгнээс зайтайхан 2 хоног туусан. Улаанбаатар хотоос 30 км зайтай ирээд хашаатай айлуудын хажуугаар явж байхад Энхболдыг сүрхий таньдаг бололтой миний танихгүй 2, 3 хүн гурван машинтай ирээд Ш.Энхболдоос шарга даага, зээрд соёолон байдас, зээрд алаг унага, хонгор унага, хул унага зэрэг 5 тооны адуу худалдаж авсан. Энхболд мөнгө авчихаад ирье гэж намайг адууны захад орхиод 20-30 минутын дараа мөнгөө авчихлаа гэж ирсэн. Цааш адуугаа тууж яваад том торон хашаа, төмөр замын дундуур тууж явсаар байгаад уулын орой ар хэсэгт нь ирээд Ш.Энхболд нэг хүн рүү утсаар яриад дуудахад 1 цаг орчим болоод цэнхэр өнгийн портер машинтай Энхболдын сайн танил бололтой нэг залуу 4 настай гэмээр эрэгтэй хүүхэд дагуулж ирсэн. Тэр залуу эмээл, хазаар, бугуйл авч ирсэн ба тууж явсан адуунаасаа хүрэн зүсмийн морь барьж би унаад, Ш.Энхболд мотоциклоо, найз нь машинаа унаад бид бүгд адуугаа туугаад Улаанбаатар хотоос ертөнцийн зүгээр зүүн хойшоо уултай газар нэг айлын гадна авч очсон. Айлд ороход 4-5 залуу, өндөр настай эмгэн, өвгөн байсан. Тэгээд би тэр айлын илүү гэрт гурав хоноод Энхболдоор Улаанбаатар луу хүргүүлж Дундговь аймгийн автобусанд суусан. Энхболд намайг хоолонд оруулаад замын зардал 12000 төгрөг өгсөн. Би 500000 төгрөг өгнө гэсэн тэрийгээ яах юм бэ гэхэд дараа өгнө гэсэн. Ингээд Дундговь аймагт очоод нэг сарын дараа буюу 2012 оны 11 сарын дундуур 100000 төгрөг над руу шилжүүлсэн. 2013 оны 6 сард нэг удаа утсаар ярьсан, тэрнээс хойш огт яриагүй” гэх мэдүүлэг /1-р хав.х 89-90, 6-р хх-ийн 76/

 

- Гэрч З.Мягмарсүрэнгийн “2012 оны 10 сарын үед манайхыг Сонгинохайрхан дүүргийн Шижирийн ферм дээр байхад Энхболд 99152828 дугаарын утаснаас яриад би Шувуун фабрикийн гүүрний энд явна, Дундговь аймгаас өөрийнхөө хэдэн адууг зарж борлуулахаар явж байна хүрээд ирээч гэхээр нь өөрийн 39-71 УНБ дугаартай хөх өнгийн портер машинтайгаа 3 настай хүүхдийнхээ хамтаар тосож уулзахад Энхболд нь нутгийн нэг залуугийн хамтаар улаан өнгийн Мустанг маркийн мотоцикльтой явж байсан. Нутгаас гараад 2-3 хоноод явж байна гээд хул хонгор зүсмийн азаргатай, содноос хүрэн алаг гүү, хээр алаг гүү, алаг унага, хүрэн алаг үрээ, шарга гүү зэрэг 40 орчим тооны адуу туучихсан явсан, адуунууд нь нар саран тамгатай төсөрхүү хэлбэрийн тамга дарагдсан байсан. Энэ адуунаас Амгаланбаатар гэдэг хүнд 7-8 адууг нь зарсан санаж байна. 10-аад адууг нь Эмээлт захад байх Чинбат гэдэг ченжид амьдаар нь зарсан. Хул хонгор зүсмийн азрагыг үлдсэн 20-иод тооны адууг нь Төв аймгийн Баянцогтын тэнд байх нутгийн айлдаа хүргэж өгнө гээд сар гаруйн дараа мотоциклоороо туугаад явсан. Энэ адууг зарж борлуулаад надад мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд Энхболдоос 4 сая төгрөг зээлж аваад цувуулаад банкаар шилжүүлж өгч байсан. Энхболд над руу яриад хүний дансны дугаар өгдөг байсан. Манай эхнэр л шилжүүлдэг байсан. Надад аль нэг банкинд харилцах данс байхгүй юм. Энэ адуунаас нь би хүрэн зүсний нар саран тамгатай даагыг хоёр хониор авсан. Одоо хязаалан үрээ манай адуунд байгаа. Мөн хээр алаг зүсмийн гүүг манай хүүд бэлэг болгон өгсөн. Энэ жил халтар зүсний охин унага гаргасан. Манай адуунд байгаа. Мөн хүрэн халзан зүсмийн охин даага надад бэлгэнд өгсөн, одоо адуунд байгаа   ” гэх мэдүүлэг /1-р хав.х 95-97, 111-112/

 

- З.Мягмарсүрэн 2015.12.10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2012 оны намар Энхболд хул азаргатай 30 гаран адуу тууж ирсэн. Энэ адуунаасаа Амгаланбаатар гэх хүнд бараг арав орчмыг зарсан байх. Тэр хавиар бага сагаар зараад л байсан. Үлдсэнийг нь бас л туугаад явсан Чинбат хоёроос гурван удаа манайд ирж байсан. Би тэр тоолонгоороо адуу аваад байна гэж бодсон чинь тэгээгүй юм билээ. Би тухайн үеэр хөдөө болон хот руу ирэн очин байдаг байсан болохоор Чинбатыг ирсэн гэхээр адуу авсан байх гэж боддог байсан. Би худалдаж авсан адуугаа маллаж байгаад буцаагаад эзэнд нь тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Надад байж байгаад өсөж үржээд эзэндээ очсон гэжээ. /4-р хав.х-103/

- Гэрч Д.Амгаланбаатарын “2012 оны 10 сарын үед санаж байна. Манай саахалт айлын Зандан гэдэг хүнээс хүрэн алаг унага, шарга гүү, хүрэн даага, дөрвөн хөл хээр гүү, хүрэн алаг унагатай нь, хүрэн алаг эр даагыг 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Адууны тамгыг огт анзаараагүй. Зандан надад энэ зарсан адууныхаа удам угшлыг яг л өөрийн адуу юм шиг ярьсан тул би Зандан гуайн өөрийнх нь адуу юм байна гэж бодсон. Намайг адуу худалдаж авч байх үед Зандан гуайн зарж байсан адуунд 2 адилхан алаг /хээр алаг/ гүү 2-улаа унагатай байхаар нь би эр унагатай гүүг нь авна гэсэнд манай хүүхдэд өгөхөөр зүсэлсэн учраас болохгүй гэхээр нь би за тэгвэл яахав гэж хэлсэн. Тэгтэл Зандан гуай манай дүүгийн хүүхэд гэж хэлж байсан. Энхболд гэдэг залуутай хамт байсан бөгөөд тэр залуутайгаа ярилцаж байгаад нөгөө эр унагатай хээр алаг гүүг надад өгөхөөр болсон тул би худалдаж авсан юм. Эдгээр адуу Дундговь аймгаас ирсэн гэж ярьж байсан. Намайг адуу худалдаж авах үед 10 хүрэхгүй адуу үлдсэн байсан. Үүнээс 20-иод хоногийн өмнө Зандан адуу авах уу гэж байсан бөгөөд тэр үед олон адуу байсан юм шиг байгаа юм. Их олон адуу нядалж зарсан гэж манай тэр хавийн хүмүүс ярьж байсан. Зандангаас худалдаж авч байсан адууны хүрэн алаг охин унага нь даага болсон хойноо чононд идүүлсэн, бусад адуу нь одоо байгаа бөгөөд 3 гүү нь энэ жил унагалсан унагатайгаа байгаа. Дэлтэй хул азаргатай 10 орчим тооны адууг надад үзүүлсэн, энэ адууг урьд өмнө Зандангийнд байгаагүй гэдгийг би мэднэ. Зандан л манай хамаатны хүүхэд адуугаа зарж байгаа гэж хэлэхээр нь наймаа хийж авсан ийм учир хулгайн адуу гэдгийг мэдээгүй юм” гэх мэдүүлэг /1-р хав.х108-110/

 

- Гэрч Н.Баттөгсийн “Би 2012 оны 11 сарын үед Шижирийн ферм дээр Мягмарсүрэнгийнд Энхболд ирчихсэн байхад саарал алаг байдсыг 500000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж авах үед Энхболд 30 гаран тооны адуутай Мягмарсүрэнгийнд ирчихсэн байсан. Тэр адуунууд нь урд хаан дээрээ нар саран тамгатай байсан. Азрагыг нь мэдэхгүй байна. Тэр адуу нь алаг голцуу адуу байсан санагдаж байна. 2013 оны 1-2 сард Энхболд надтай утсаар яриад 10 даага зармаар байна. Авах хүн байна уу, тэжээл байхгүй, муудчихсан туранхай дааганууд байгаа, нэгийг нь 100000 төгрөгөөр өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баяраа, Батдорж хоёр руу утсаар яриад хүн 10-н даага зарна гэнэ ээ хувааж авах уу гэж асуусан. Тэр хоёр тэгье гэхээр нь би 61-ийн гарамны хойно Энхболдтой очиж уулзаад 10 даагыг нь 1 сая төгрөгөөр авсан. Хоёр хонгор халзан, хоёр хул, хоёр хээр, нэг хар, нэг хүрэн алаг, нэг шар хээр даага авсан. Нэг дааганы зүсийг нь санахгүй байна. Эдгээр даага бүгд зөв талын гуян дээрээ онгин тамгатай байсан. Очиход тэр 10-н дааганаас өөр адуу байгаагүй. Энхболд өөрөө халтар морь уначихсан байсан. Энхболдоос өөр адуу мал авч байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хав.х 140-141/

- Гэрч Д.Батдоржийн “…2013 оны 1 сард Баттөгс над руу утсаар яриад Улаанбаатар хотод 10 даага /сарваа/ байна, мөнгө байна уу авах гэсэн юм, нэгийг нь 100000 төгрөг гэж байна гэхээр нь би 200000 төгрөг шилжүүлээд 2 даага авсан. Удаагүй Баттөгс Баяраагийн дүү гэх залуутай Маяти -2 машинтай 10 тооны даага авчирсан. Эдгээр даага бүгдээрээ нэг ижил хөндөлтэй зүрхэн тамгатай байсан. 10 даагыг ирэхээр нь би дахиад эр хониор 2 даага нэмж авсан. Хөндөлтэй зүрхэн тамгыг манай энд ширээтэй онгин тамга гэж нэрлэдэг юм. Миний авсан 4 даага байхгүй болчихсон. Баяраа, Баттөгсийн адуунаас 3 тооны даага үлдсэнийг нь одоо хураалгачихлаа. Нар саран тамгатай саарал алаг байдсыг Баттөгс 2013 оны намар Мазда гэх өөрийнхөө ачааны машинаар хотоос авчраад манай адуунд тавьсан гэх  мэдүүлэг  /1-р хав.х113-115/

 

- Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Гурван толгой гэх газарт нутаглах малчин Д.Батдоржоос 5 тооны адуу (зөв гуян дээрээ давхар онгин тамгатай саарал алаг гүү, тамгагүй хонгор алаг сарваа эр унага, зөв гуян дээрээ доороо хөндөлтэй зүрхэн тамгатай өсгий цагаан хээр байдас, мөн тамгатай сартай хонгор байдас, мөн тамгатай сартай хонгор байдас) хураан авч Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.хх-30/

 

- Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Тэлүүгийн булаг гэх газарт нутаглах малчин З.Мягмарсүрэнгээс 3 тооны адуу (зөв гуян дээрээ давхар онгин тамгатай шийр алаг гүү, зөв гуян дээрээ хас тамгатай эм хээр даага, зөв гуян дээрээ хас тамгатай хээр сарваа /унага/) хураан авч Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.х 31-33/

 

- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “Бага ханан” гэх газарт нутаглах малчин Г.Хангайгаас 1 тооны адуу (нар саран туухай тамгатай сартай хүрэн хязаалан үрээ), мөн Д.Зандангаас 1 тооны адуу ( саран тамгатай сартай зээрд бүдүүн морь) хураан авч Б.Ганбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хав.х-34/

- Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “Буурын ам” гэх газарт нутаглах Д.Амгаланбаатараас 11 тооны адуу (амтай давхар онгин тамгатай хул гүү, хонгор халзан унага, задгай буйл тамгатай, амтай давхар онгин тамгатай шарга гүү, зээрд алаг унага, амтай давхар онгин тамгатай зээрд алаг гүү, зээрд алаг унага, амтай давхар онгин тамгатай хээр алаг гүү, загал унага, амтай давхар онгин тамгатай зээрд алаг морь, амтай давхар онгин тамгатай, зээрд алаг үрээ, амтай давхар онгин тамгатай хундан ухаа үрээ) хураан авч Б.Ганбаатарт  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-35/ зэрэг бичгийн  баримтууд хэрэгт  авагджээ.

 

Г/ 2013 оны 6 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хар хужирт” гэх газраас иргэн Д.Дашдэмбэрэлийн бөөн сүүлтэй хүрэн азаргатай 42 тооны адуу хулгайлсан  гэх хэргийн  талаар:

 

-Шүүгдэгч Ш.Энхболд 2015.04.20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 6 сарын 10-д гараад наадмын өмнө /өдрийг нь санахгүй байна/ Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тагнайн хөх толгой гэх газар байдаг Батболд гэх залуу над руу утсаар яриад мөнгөний хэрэг байна. Ахтайгаа хамт адуу хулгайлалцаад өгөөч гээд байсан юм. Тэгэхээр нь би Дундговь аймгийн төв дээр байснаа Төв аймаг дээр ирсэн. Батболд Төв аймгийн төвийн баруун урд талын овоотой хөтлөөс мотоцкльтой ганцаараа тосож аваад баруун урагшаа хоёулаа явсан. Алтанбулаг сумаас урагша Бушлагны үйлдвэр байсан цөөн тооны байшингаас урагш Хар хужир гэх газраас хүрэн азаргатай, саран тамгатай, гурван нүдний чандмань тамгатай, ланзан тамгатай 40 гаран тооны адууг хоёулаа мотоцикльтой туугаад Эмээлт захаас хойш тавиад Бараахас гэх айлын хашаанд аваачсан. Тэнд би адуугаа харж үлдээд Батболд Эмээлт рүү яваад ирэхдээ ногоон өнгийн Истана маркийн машинтай Баяраа гэх ченжийг дагуулж ирсэн. Баяраа гэх залуу Чука, өөр нэг залуу 3-улаа ирээд авчирсан адууг үзэж байгаад авахаар болсон. Батболд ганцаараа Эмээлт рүү тууж аваачиж өгөхөөр явсан.Би тэр айлд үлдэж байгаад засмал замаас машинд сууж хот руу орсон. Тэр хулгайлсан адуунаас би нэг ч төгрөг аваагүй. Батболд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Тэр хулгайлсан хүрэн азаргатай адуун дотор цав цагаан ланзан тамгатай хар гүү, 2-3-н цагаан бор морь, 2-3 саарал морьд байсан. Бусад адуу нь бараан голцуу байсан. Азарга нь бөөн сүүлтэй адуу байсан гэж мэдүүлжээ. /2-р хав.х-58/

-Хохирогч Д.Дашдэмбэрэл нь 2013 оны 6 сард өөрийн 40 орчим  тооны  адууг  алдсан  болох  нь  хэрэгт авагдсан гэрч Б.Ойдовын “…Манайх 2013 онд 60-70 тооны азрага адуутай байсан. Уг бүртгэлтэй адууны 20 гаран адуу нь манай ахын хүү Дашдэмбэрэлийн адуунд байдаг байсан. 2013 оны 6 сард Хар хужирт гэх газраас алдагдсан гэж Дашдэмбэрэл хайгаад явж байсан...” мэдүүлэг /5-р хав.х-19/, гэрч Р.Энхтайваны “Дашдэмбэрэл нь адуутай. Яг хэдэн тооны адуутайг мэдэхгүй. 2013 оны 6 сард Хар хужирт гэх газраас 40 орчим тооны адуу алдсан гээд сураглаад хайгаад явж байсан. Шинэ хүрэн гэх нэртэй хүрэн азаргатай адуутай байсан. Түүнийгээ алдсан гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хав.х-27/, хохирогч Д.Дашдэмбэрэлийн  мэдүүлэг   /3-р хав.х 22-24/,  /5-р хав.х-16/ зэргээр нотлогдож  байна.

 

Хэрэгт  нотлох  баримтаар  авагдсан, шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн  байцаалтын  шатанд  Эрүүгийн  хуульд заасан  үндэслэл, журмын  дагуу цуглуулж, бэхжүүлсэн  байх  тул  шүүх  нотлох  баримтаар  үнэллээ.

 

Дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч Ш.Энхболд  нь 2010 оны 8 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн А.Санжаасүрэнгийн 19 тооны адууг, иргэн А.Баярцогтын 27 тооны адууг, 2010 оны 8-9 сард Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын “Ац холбоо” гэх газраас иргэн С.Мөнхнасангийн бөөн сүүлтэй цавьдар зээрд азаргатай  19 тооны адууг, 2012 оны 10 сарын 4-5-ны хооронд Сайнцагаан сумын Тэвш баг Хотгор тойромын ус гэх газраас иргэн Б.Ганбаатарын  хонгор азаргатай 45 тооны адууг тус тус  хулгайлсан болох нь тогтоогдож байна гэж  шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

 

Харин шүүгдэгч Ш.Энхболдын  “...2013 оны 6 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хар хужирт” гэх газраас иргэн Д.Дашдэмбэрэлийн бөөн сүүлтэй хүрэн азаргатай 42 тооны адуу хулгайлсан...” гэх мэдүүлэг нь сэжиг таамаглал төрүүлж байгаа боловч хэрэгт цугларсан баримтаар энэ нь хангалттай нотлогдохгүй байгаа тохиолдолд шүүх таамаглалд үндэслэж асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Дашдэмбэрэлийн  алдсан гэх  42 тооны  адууг  шүүгдэгч  Ш.Энхболд  хулгайлан  авсан, мөн  энэ  үйлдлийг Наранболдтой хамтран үйлдсэн гэх мэдүүлэг нь шүүгдэгчийн  мэдүүлгээс  өөр  баримтаар  батлагдахгүй байна. 

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 16.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн  мэдүүлгийг  нотлох  баримтаар  тооцох  боловч уг  мэдүүлэг  дангаараа  түүнийг  яллах  үндэслэл  болохгүй ” гэж,   мөн  хуулийн  1.15 дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт “... Эрүүгийн  хэрэгт  хамааралтай бүхий  л нотлох б аримтыг шалгасан  боловч шүүгдэгчийн  гэм  буруутай эсэхэд эргэлзээ  гарвал түүнийг  шүүгдэгчид ашигтайгаар  шийдвэрлэнэ...” гэж  тус тус заасан  байх  тул шүүгдэгч  Ш.Энхболдод холбогдуулан  Эрүүгийн  хуулийн /2002/ 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт  зааснаар яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  “...2013 оны 6 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хар хужирт” гэх газраас иргэн Д.Дашдэмбэрэлийн бөөн сүүлтэй хүрэн азаргатай 42 тооны адуу хулгайлсан...” гэх  хэргийг  хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т “энэ зүйлийн 1.1-д заасны  дагуу хэрэгсэхгүй  болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаана” гэж заасан  байх  тул “...2013 оны 6 сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Хар хужирт” гэх газраас иргэн Д.Дашдэмбэрэлийн бөөн сүүлтэй хүрэн азаргатай 42 тооны адуу хулгайлсан...” гэх хэргийг хэрэг  бүртгэлтэнд буцаахаар  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Энхболд нь 2010 оны 8 сараас 2012 оны 10 сар хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр хохирогч А.Баярцогт, А.Санжаасүрэн нарын 46 тооны адууг, хохирогч Ж.Мөнхнасангийн 19 тооны адууг, хохирогч Б.Ганбаатарын 45 тооны адууг буюу нийт 110 тооны адууг хулгайлан бусдад нийт 65.332.998 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

2/ Шүүгдэгчид оногдуулах  ял, шийтгэлийн  талаар:

 

Шүүгдэгч Ш.Энхболдод Эрүүгийн  хуулийн  /2002 оны/ 145 дугаар  зүйлийн  145.4 дэх хэсэгт  зааснаар  ял  сонсгон  яллах  дүгнэлт  үйлдэж   хэргийг  шүүхэд  шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн /2015 оны/  1.9 дүгээр зүйлийн 1-д Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байх тул Ш.Энхболдод  ял сонсгон, яллах  дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн   зүйлчлэлийг  шинэ  Эрүүгийн  хуулийн  17.1 дүгээр  зүйлийн  2.3 дахь хэсэг   болгон  өөрчилж, мөн  зүйл хэсэгт  зааснаар  8 жилийн  хугацаагаар  хорих  ял  оногдуулах  нь  зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн /2015 оны/ 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ш.Энхболд нь  хулгайлах гэмт хэргийг хоёр ба түүнээс  дээш  удаа  үйлдсэн нь эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал болж байх  ба эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Сум  дундын 4 дүгээр  шүүхийн  2014.07.29-ний  өдрийн 74-р шийтгэх  тогтоолоор  шүүгдэгч Ш.Энхболд  нь Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.4 дэх хэсэгт зааснаар  200.000 төгрөг  хурааж 13 жилийн  хугацаагаар  хорих  ялаар, 261 дүгээр зүйлийн  261.1 дэх  хэсэгт зааснаар  1 жилийн  хугацаагаар  хорих  ялаар  шийтгүүлж, хөнгөн  ялыг  хүндэд  нь багтаан  биечлэн  эдлэх  ялыг 13 жилийн  хугацаагаар  хорих  ялаар тогтоож  шийдвэрлэжээ.

Эрүүгийн  хуулийг  дагаж  мөрдөх  журмын  тухай хуулийн  1 дүгээр  зүйлд “2015 оны 12 дугаар  сарын 03-ны  өдөр баталсан  Эрүүгийн  хуулиар гэмт  хэрэгт тооцохгүй болсон, үйлдэл  эс үйлдэхүйд  2017.07.01-ний  өдрөөс өмнө  үйлчилж байсан Эрүүгийн  хуулиар  ял  шийтгүүлсэн  этгээдийг эдлээгүй үлдсэн  үндсэн  болон  нэмэгдэл ял, эрүүгийн  хариуцлагын  бусад арга  хэмжээнээс  чөлөөлнө” гэж  заасан  ба шинэ  Эрүүгийн  хуулинд мөрдөн  байцаалтын шатнаас  оргосон үйлдлийг гэмт  хэрэгт  тооцохгүй болсон, хулгайлах гэмт хэрэгт  эд  хөрөнгө  хураах  нэмэгдэл  ял  хэрэглэхээр заагаагүй  байх тул  Сум  дундын 4 дүгээр  шүүхийн  2014.07.29-ний  өдрийн 74-р шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн  хуулийн  145 дугаар  зүйлийн  145.4 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 200.000 төгрөг  хураах ял,  Эрүүгийн  хуулийн  261 дүгээр  зүйлийн  261.1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн  хугацаагаар  хорих  ялаас тус тус Ш.Энхболдыг чөлөөлөх нь  зүйтэй гэж  үзлээ.  

Мөн Эрүүгийн хуулийн /2015 оны/  1.9 дүгээр зүйлийн 1-д Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байх тул шүүгдэгч  Ш.Энхболдод Сум дундын 4 дүгээр  шүүхийн  2014 оны 7 сарын  29-ний  өдрийн  74 дүгээр  шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар  зүйлийн  145.4 дэх хэсэгт  зааснаар ял оногдуулсан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/  17.1 дүгээр  зүйлийн   2.3 болгон  өөрчлөхөөр шийдвэрлэв.

Учир нь  :  2002 оны  Эрүүгийн  хуулинд  мал  хулгайлах гэсэн  зүйл заалт байхгүй байсан ба  Эрүүгийн  хуулийн  /2015 оны / 17.12 дахь хэсэгт “мал хулгайлах”  гэмт  хэргийг шинээр хуульчилжээ.  Энэхүү хууль нь Мал хулгайлахыг  хулгайлах гэмт хэргээс тусад нь  гэмт  хэрэгт  тооцсон Эрүүгийн  хууль 2017.07.01-ний  өдрөөс  эхлэн  мөрдөгдөж  эхэлсэн  тул  шинээр гэмт хэрэгт  тооцох  болсон  зүйл заалтаар  шүүгдэгчид  ял оногдуулах нь  шүүгдэгчийн  эрх  зүйн  байдлыг  дордуулна  гэж  шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж заасан бөгөөд Сум дундын 4 дүгээр  шүүхийн  2014 оны 7 сарын  29-ний  өдрийн  74 дүгээр  шийтгэх  тогтоолоор  Ш.Энхболдод оногдуулсан  13 жилийн хугацаагаар  хорих  ялыг  дүйцүүлэн  хасч  тооцоход 5 жил 7 сар 9 хоног  болж  байна.

              Ш.Энхболд нь Сум дундын 4 дүгээр  шүүхийн  2014 оны 7 сарын  29-ний  өдрийн  74 дүгээр  шийтгэх  тогтоолоор  оногдуулсан  хорих  ялаас 1 жил 8 сар 23 хоногийн  хорих  ялыг биечлэн эдэлсэнийг хасч үлдэх 3 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих  ялыг биечлэн  эдлүүлэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Ш.Энхболд нь Сум дундын 4 дүгээр шүүхийн  2014.07.29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор 13 жилийн  хугацаагаар хорих  ялаар шийтгүүлсэн ба 2015 оны 4 сарын 9-ний  өдрийг хүртэл 1 жил 6 сар 16 хоногийн  хорих ял /хх-ийн 2-р хх-ийн 94/, 2016.04.01-ний /5-р хх-ийн 55-рт/ өдрөөс 2016.06.08-ны /5-р хх-ийн 128-рт/  өдөр хүртэл 2 сар 7  хоногийн хорих  ял  буюу нийт 1 жил 8 сар 23  хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байна.

              Эрүүгийн  хуулийн  6.9 дүгээр  зүйлийн  1-д  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан  байх  тул шүүгдэгч  Ш.Энхболдод  энэхүү  шийтгэх  тогтоолоор  оногдуулсан 8 жилийн  хугацаагаар хорих  ял  дээр  Сум дундын  4 дүгээр  шүүхийн  2014 оны 7 сарын 29-ний  өдрийн  74 дүгээр  шийтгэх  тогтоолоор  оногдуулсан  хорих  ялаас  эдлээгүй  үлдсэн  3 жил 10 сар 16 хоногийн  хугацаагаар  хорих  ялыг нэмж нэгтгэн  шүүгдэгч  Ш.Энхболдын  биечлэн  эдлэх  ялыг 11 жил 10 сар 16 хоногийн  хорих ялаар  тогтоолоо.

              Эрүүгийн  хуулийн  5.6 дугаар  зүйлийн  2-т “Нээлттэй, хаалттай хорих  байгууллагын нөхцөлийг  хуулиар  тогтооно” гэж,  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай хуулийн 199 дүгээр  зүйлийн  199.2 дахь хэсэгт  “хаалттай хорих  ангийн  тусгай зэрэглэлд...6 жил түүнээс дээш хугацаагаар хорих  ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ” гэж  заасан  байх тул шүүгдэгч  Ш.Энхболдод  оногдуулсан  11 жил 10 сар  16 хоногийн  хорих  ялыг хаалттай  хорих  ангийн  тусгай зэрэглэлд эдлүүлэхээр  шийдвэрлэв.

              Шүүгдэгч  Ш.Энхболд нь  энэ  хэргийн  улмаас  2015.04.09-ний  өдрөөс 2016.04.01 хүртэл 359 хоног 2016.06.09-ний  өдрөөс  өнөөдрийг  хүртэл   393 хоног  буюу нийт  752 хоног цагдан хоригдсон байх тул хорих ял эдэлсэн   хугацаанд нь оруулан  тооцно.

 

              3/ Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Ш.Энхболд нь хохирогч Б.Ганбаатарын 45 тооны  адууг  хулгайлж  24.175.998 төгрөгийн /4-р хх-ийн 208-2014-рт/, хохирогч С.Мөнхнасангийн 19 тооны  адууг  хулгайлж 12.542.000 төгрөгийн /хх-ийн 39-41/, хохирогч А.Санжаасүрэнгийн 19 тооны адуу хулгайлж 13490000 төгрөгийн /5-р хх-ийн 28-32/,  хохирогч А.Баярцогтын 27 тооны адуу хулгайлж 15125000 төгрөгийн /5-р хх-ийн 33-36-рт/ буюу бусдад  нийт 65.332.998 төгрөгийн хохирол  учруулсан   болох нь хэрэгт  авагдсан хөрөнгийн мэргэжлийн үнэлгээчнээс гаргасан үнэлгээгээр  тогтоогдож байна.

Хэрэгт  авагдсан  баримтуудаар  хохирогч С.Мөнхнасан  5 тооны  адуу хүлээн  авсанаас  2 нь хулгайд алдагдсан адуу ба 3 нь түүнээс гарсан төл, хохирогч Б.Ганбаатар 17 тооны адуу хүлээн авснаас  11 адуу нь  хулгайд алдагдсан  адуу ба 6 нь түүнээс гарсан  төл  байна.

Иймд хохирогч С.Мөнхнасангийн  хүлээн  авсан 2 тооны адуу, хохирогч Б.Ганбаатарын  хүлээн  авсан 11 тооны  адууг шүүгдэгчээс  гаргуулах  хохирлын  хэмжээнээс  хасч  тооцох үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч  Ш.Энхболдоос 55.529.444 төгрөгийг  гаргуулан хохирогч С.Мөнхнасанд 10.856.000 төгрөгийг, хохирогч А.Санжаасүрэнд 13490000 төгрөгийг, хохирогч А.Баярцогтод 15125000 төгрөгийг, хохирогч Б.Ганбаатарт 16.058.444 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Энхболд нь Б.Ганбаатарын 45 тооны адууг А.Лувсанбалдантай хамтран  хулгайлсан  гэж  мэдүүлсэний  дагуу мөрдөн  байцаалтын  шатанд А.Лувсанбалданг сэжигтэн  яллагдагчаар  татаж  шалгасан  боловч гэмт  хэрэгт  хамтран  оролцсон  болох  нь тогтоогдоогүй  байна.  Гэрч А.Лувсанбалдан нь  Б.Ганбаатарын 45 тооны  адууг  туулцсан  боловч  хулгайн адуу  гэдгийг  нь  мэдээгүй, адуу  туулцсаны  хөлсөнд дараа  нь Ш.Энхболдоос 100.000 төгрөг  авсан, уг 100000 төгрөг нь гэмт хэрэг  үйлдэж  олсон эд зүйлийн  үнэ болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн гэрч З.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Бонго Фронтер маркийн 3971 УНБ улсын дугаартай автомашиныг хурааж  ирүүлсэн  ба  уг  тээврийн  хэрэгслийн Я№0457360 тоот гэрчилгээнд 39-71 УНБ ачааны автомашины эзэмшигч Г.Мөнхбаяраас Зандангийн Мягмарсүрэнгийн нэр дээр 2010 оны 8 сарын 18-нд шилжсэн тэмдэглэл хийгдсэн болох нь тогтоогдож байна. /тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувь/

            Шүүгдэгч Ш.Энхболдын  “...мөнгийг Зандан гуайд өгсөн. Түүний 4 сая төгрөгөөр нь хүүдээ хөх өнгийн фортер машин авч өгсөн байсан...” гэх мэдүүлэгтэй цаг, хугацааны  хувьд тохирч байна.  Мөн уг тээврийн  хэрэгслийг  эзэмшигч  гэх  З.Мягмарсүрэн нь Ш.Энхболдоос 4 сая  төгрөг  зээлж машин  авсан  гэх  боловч энэ  нь  баримтаар хангалттай тогтоогдохгүй, байх тул А.Санжаасүрэн, А.Баярцогт, С.Мөнхнасан нарын  адууг зарж борлуулсан орлогоор Бонго Фронтер маркийн 3971 УНБ улсын дугаартай автомашиныг худалдаж  авсан  байна гэж  үзлээ.

            Иймд гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан зүйлийг  Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.5 дугаар зүйлд  зааснаар  албадан гаргуулж, Бонго Фронтер маркийн 3971 УНБ улсын дугаартай автомашиныг худалдан  борлуулсан  орлогыг хохирогч С.Мөнхнасан, А.Санжаасүрэн, А.Баярцогт нарт  хувь  тэнцүүлэн  олгож, 100.000 төгрөгийг  хохирогч Б.Ганбаатарт  тус  тус олгож, уг  мөнгөн  дүнг  энэхүү шийтгэх тогтоолоор  шүүгдэгч  Ш.Энхболдоос  гаргуулахаар  шийдвэрлэсэн  хохирлоос  хасч  тооцох  нь  зүйтэй  байна.

            Мөрдөн байцаалтын шатанд Бонго Фронтер маркийн 3971 УНБ улсын дугаартай автомашиныг 3500000 төгрөгөөр /5-р хх-ийн 14-рт/  үнэлсэн боловч уг үнэлгээгээр  шүүгдэгчид төлөх  хохирлоос  хасч  тооцох  боломжгүй юм.

Бонго Фронтер маркийн 3971 УНБ улсын дугаартай автомашиныг эзэмшигч гэх  З.Мягмарсүрэн нь  өөрт хохирол  учирсан  гэж  үзвэл шүүгдэгч Ш.Энхболдоос иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  журмаар  нэхэмжлэх  эрхтэй болохыг  дурдав.

Шүүгдэгч Ш.Энхболд нь Шинээ, Баясаа, Гэрэлээ, Болд, Н.Баттөгс, Б.Бараахас,  Л.Лувсанбалдан, Д.Зандан, Б.Чинбат, З.Мягмарсүрэн, Батболд, Наранболд гэх хүмүүстэй хамтран болон эдгээр хүмүүсийн захиалгаар хулгай хийдэг байсан гэсэн мэдүүлгийг өгч байсан  ба   мөрдөн  байцаалтын  шатанд эдгээр  хүмүүсийг  холбогдуулан шалгасан  боловч  дээрх нэр бүхий хүмүүс нь Ш.Энхболдын мэдүүлсэнчлэн захиалагч, зохион байгуулагчаар хамтран оролцсон байдал тогтоогдоогүй ба эдгээр хүмүүсээс хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар  зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус  заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Энхболдод холбогдуулан 2013 оны 6-р сард Д.Дашдэмбэрэлийн 42 тооны адууг хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Энхболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн  хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.3 болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Их-Адаацаг овгийн Шатарын Энхболдыг бусдад ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Их-Адаацаг овгийн Шатарын Энхболдод 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн /2016 оны/ 1 дүгээр зүйлд заасныг баримтлан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн /2002 оны/ 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Ш.Энхболдод оногдуулсан  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас, мөн тогтоолоор  Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 200000 /хоёр  зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хураах ялаас тус тус Ш.Энхболдыг чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын  29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Энхболдод Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.3 болгон өөрчилсүгэй.

7. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг баримтлан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Ш.Энхболдод оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг дүйцүүлэн хасахад 5 /таван/ жил 7 /долоон /сар 9 /ес/ хоног болж байгаагаас биечлэн эдэлсэн 1 /нэг/ жил 8 /найман/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг хасч, эдлээгүй үлдсэн хорих ял нь 3 /гурван/ жил 10 /арван / сар 16 /арван зургаа/ хоног болсоныг тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Энхболдод энэ тогтоолоор оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ш.Энхболдын биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ жил 10 /арван/  сар 16 /арван зургаа/  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Энхболдод оногдуулсан 11 /арван нэгэн/ жил 10 /арван/  сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Энхболдын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 752 /долоон зуун тавин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Энхболдоос 55529444 /тавин  таван сая таван зуун хорин есөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/  төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт 16058444 /арван зургаан сая тавин найман  мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг, хохирогч С.Мөнхнасанд 10856000 арван сая найман зуун тавин зургаан мянган/ төгрөгийг, хохирогч А.Санжаасүрэнд 13490000 /арван гурван сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг, хохирогч А.Баярцогтод 15125000 /арван таван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

12. Хохирогч Б.Ганбаатар нь 11 тооны адуу, хохирогч С.Мөнхнасан 3 тооны адуу хүлээн  авсныг хохирлоос хасч тооцсон  болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан З.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 39-71 УНБ улсын дугаартай “Бонго пронтер” маркийн автомашин, С.Лувсанбалдангийн эзэмшлийн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус албадан гаргуулж, 39-71 УНБ “Бонго пронтер” маркийн автомашиныг худалдан борлуулсан орлогыг хохирогч С.Мөнхнасан, А.Санжаасүрэн, А.Баярцогт нарт хувь тэнцүүлэн олгож, 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг хохирогч Б.Ганбаатарт олгож, уг мөнгөн дүнг энэхүү тогтоолоор Ш.Энхболдоос гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлоос хасч тооцсугай.

14. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  захиаг /1хуудас/ Ш.Энхболдод холбогдох эрүүгийн 201212000216 тоот хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц энэхүү тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт тээврийн хэрэгслийн гэрчилгээ /АЯ №0457361/, 100000 төгрөг бэлнээр, “Бонго пронтер” маркийн автомашин зэргийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, баримтыг 201212000216 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.

16. Иргэн З.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 39-71УНБ “Бонго пронтер” маркийн тээврийн  хэрэгсэл нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа ба 100000 төгрөг бэлнээр, АЯ №0457361 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нь энэ хэрэгт хадгалагдаж байгаа болохыг тус тус дурдсугай.

17. 39-71 УНБ улсын дугаартай “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх З.Мягмарсүрэн нь өөртөө хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Энхболдоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

18. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Энхболдод  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

19.Энэхүү тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ

 

ШҮҮГЧИД                                           Л.ОДОНЧИМЭГ

 

                                          Г.МӨНХБАТ