| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2108001570567 |
| Дугаар | 2022/ДШМ/6 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/6
2021 12 22 2022/ДШМ/6
Б.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
хохирогч Л.Г,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1067 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108001570567 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ын Д, 1990 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 35-2 тоотод байх гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Гийг “хамт архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон хөл рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж, зодон, мөн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.Гийн цээжний баруун ар тал руу 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний баруун ар талд суганы арын шугамаар 8, 9-р хавирганы завсраар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн нэвтэрсэн элэгний баруун дэлбэнгийн 7, 8-р сегментийг гэмтээсэн шарх, зүүн чихний дэлбэн, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Б.Дыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Б.Дын биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын эдлэх 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгахыг дурдаж, Б.Дыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: “Миний бие гэмт хэргийн тал дээр маргах зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Миний бие 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр авто осолд орж 2 хөл, аарцаг ясны хүнд хугаралтай бүрэн эдгэрээгүй. Сургууль, цэцэрлэгийн 4-10 насны 4 хүүхэдтэй, эхнэр Г хүүхдүүдээ асарч байгаа тул ажил хийх боломжгүй. Энэ байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Хохирогч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 4-10 насны хүүхэдтэйгээ үлдсэн. Нөхрийн минь ялаас хөнгөлж өгнө үү. Өөрөө маш их гэмшиж байгаа. Надад ямар нэгэн гомдол байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхийн шатнаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Шүүх хуралдааны шатанд гэм буруугийн талаар маргаантай байдал үүссэн. Шүүх хуралдаанаас завсарлага аваад тайлбарласан боловч дахин маргасан байдлаар тайлбар өгсөн. Одоо гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. 4-10 насны 4 хүүхэдтэй. Шүүгдэгчийн гэм буруугаас хохирогчийн биед үүссэн шарх бүрэн эдгэрсэн. Б.Д осолд ороод суга таягтай болсон, одоо таяггүй явж байгаа. Түүний эхнэрийн хувийн байдал, 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нь өөрийгөө бүрэн дунд боловсролтой гэдэг боловч 8 дугаар анги төгссөн гэх гэрчилгээ байдаггүй. Бага боловсролтой боловч уншиж, бичиж чаддаг. Бүрэн дунд, бага боловсролын ялгааг мэддэггүй. Ээжээс нь асуухад 8 дугаар анги төгсөөгүй, гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолборын архиваас шүүлгэсэн боловч Б.Д нь 2004-2006 оны хооронд улсын шалгалт өгсөн, 8 дугаар анги төгссөн гэх мэдээлэл байхгүй гэдэг мэдээллийг өгсөн. Учир байдлыг ойлгоогүйн улмаас гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзээд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугийн талаар маргаж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр анх гэм буруугийн талаар маргаагүй гэж байсан боловч шүүх хуралдаанаас завсарлага аваад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Үүнийг гэм буруугийн талаар маргаж байна гэж прокурор дүгнэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээнд нийцсэн. Мөн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2021/ШЦТ/1067 дугаар бүхий шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцийн талаар хуульчилсан бөгөөд 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих байдлуудыг нарийвчлан зохицуулжээ.
Харин шүүх, шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл, хорих ял оногдуулахдаа уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэлийг бүрэн тусгаагүй атлаа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй болжээ.
2021/ШЦТ/1067 дугаар бүхий шийтгэх тогтоолын 2 дугаар нүүрийн төгсгөл хэсэг “хутганы алын хэсэг нь 13.5 см, бариул” гэсэн үгээр дуусаж, 3 дугаар нүүрийн эхний хэсэг “байсан 1 ширхэг хутганд” гэх үгээр эхэлж, мөн 3 дугаар нүүрийн төгсгөл хэсэг “хутга нь хохирогчийн 8, 9” гэсэн тоогоор дуусаж, 4 дүгээр нүүрийн эхний хэсэг “-Л.Гийн хохирогчоор өгсөн” гэх үгээр эхэлж, мөн 4 дүгээр нүүрийн төгсгөл хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээх” гэх үгээр төгсөж, 5 дугаар нүүрийн эхний хэсэг “өөрийн болон гэр бүлийн” гэх үгээр эхэлж, мөн 5 дугаар нүүрийн төгсгөл хэсэг “6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2” гэсэн заалтаар төгсөж, 6 дугаар нүүрийн эхлэл “Уг хэрэгт 1 ширхэг хутга хураагдсан” гэсэн өгүүлбэрээр эхэлсэн нь тус тус ойлгомжгүй, утга агуулгын хувьд зөрүүтэй, зөрчилтэй болсон байна.
Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд шийтгэх тогтоолын хуудасны эхлэл төгсгөл, мөр хоорондын өгүүлбэр дутуу, агуулга зөрүүтэй, хэл зүйн утга найруулга алдагдсан, хууль зүйн дүгнэлт дутуу бичигдсэн зөрчил тогтоогдлоо.
Энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1067 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ