| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2026/1043/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1138 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1138
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Н.Халиунаа,
хохирогч Б.Ц***,
шүүгдэгч Б.М*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
*** ургийн овогт Б***гийн М*** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М*** нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 0600 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоот хашаанд байсан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Ц***г шүүгдэгчийн эзэмшлийн нохой нь хазаж, улмаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,
хохирогч Б.Ц*** шүүхийн хэлэлцүүлэгт “...2025 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө ажилдаа явах гээд 6 өнгөрөөгөөд гараад явж байтал гэнэт араас нохой ирээд намайг татаж унагаад хазсан. Тэгээд авраач ээ би нохойд идүүлчихлээ гээд орилсон чинь М*** гарч ирээд нохойгоо барьчихсан зогсож байсан. Тэгээд би эргэж мөлхөөд гэр рүүгээ орж хүүхдүүдээ дуудаад эмнэлэг рүү явсан. М*** цуг эмнэлэг рүү яваад эмнэлэг дээр очиж боолгоод оёулсан...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,
шүүгдэгч Б.М*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй тус тус шүүх хуралдаанд оролцоцгоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.М*** нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 0600 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоот хашаанд байсан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Ц***г шүүгдэгчийн нохой нь хазаж, улмаар хохирогчийн биед баруун зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд олон тооны хууларч урагдсан ил шарх, баруун бугалга, шуу, сарвууны ар гадаргуу, хэвлий, зүүн гарын 2,3,4,5 дугаар хуруунууд, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо ***ын *** тоотод орших суух М.Б***аас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан эзэнтэй нохойнд хазуулсан, одоо ГССҮТ-д байна...” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал),
2. СХДЦГ ЦХ-2, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны “...эзэнтэй нохойнд хазуулсан. Одоо ГССҮТ-д байна...” гэх хуудас (хавтаст хэргийн 08 дахь тал),
3. Хохирогч Б.Ц***гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би СХД-н 25-р хороо ***ын *** тоот гэрээсээ 06 цагийн үед ажилдаа явах гээд гарахад манай гудамжинд ямар нэгэн хүн нохой харагдаагүй, тэгээд яг хашаанаасаа гараад хажуу айлын үүдэнд гэнэт нэг нохой гарч ирээд шууд дайраад миний зүүн гараас хазаж зуун газарт унгаасан, тэгээд газарт унасан байхад нөгөө нохой над руу дайраад байхаар нь би хүн байна уу? туслаарай гээд орилж байтал нэг хүн ирээд нөгөө нохойг надаас холдуулан цаана хашаандаа уяж байсан. Тэгээд би босоод гэр лүү буцаж орон хүүхдүүдээ дуудаж гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаагийн байгууллагад хандсан... Тийм тухайн нохой манай хажуу айлын нохой байсан... Урьд өмнө над руу дайрч байгаагүй, урьд өмнө тэр нохой хашаан дотроо төмөр хашаанд хориотой байдаг байсан нохой... Тухайн үед миний зүүн гарын шуу хэсэг баруун хөлийн шилбэ мөн зүүн гарын хуруу сарвуу хэсэгт хазаж урсан. Мөн миний хэвлий хэсэгт урагдсан... Би шинжээчийн дүгнэлттэй бүрэн санал нийлж байна... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 хороо *** *** тоотод нөхрийн хамт амьдардаг юм. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 06 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гараад гудамдаа явж байхад манай хажуу айлын нохой гудамд сул явж байгаад над руу дайраад намайг хазаж гэмтээсэн ба миний гар, хөл, гэдэс, зэрэг газраас хазсан. Би туслаарай гээд орилоход нохойны эзэн гэх М*** гарч ирээд нохойгоо аваад би гэр лүүгээ орсон. Тэгээд би хүүхдүүдээ дуудаад гэмтлийн эмнэлэгт явсан мөн нохойны эзэн М*** хамт эмнэлгийн байгуулга руу явсан... Манай хажуугийн айл өмөн нохойгоо сул тавьж байгаагүй хашаа нь дотроо төмөр хашаан дотор байдаг... Би шүүх эмнэлгийн тогтоолтой танилцсан... Нохойны эзэн миний эмчилгээний бүх зардлыг гаргасан надаас ойролцоогоор 100.000 төгрөг зарлага гарсан. Нохойны эзэн надад эмчилгээ хийлгээ гээд 500.000 төгрөгийг өгсөн байгаа. Надад эмчилгээний баримт байхгүй байгаа. Би баримт цуглуулаагүй... Би шинэ гэмтлийн эмнэлэгт 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ны хүртэл 9 хоног хэвтсэн эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Мөн хэд хэдэн удаа өрхийн эмнэлгээр боолт хийлгэсэн өөр эмчилгээ хийлгээгүй. Одоо биеийн байдал гайгүй болж байгаа. Би ажилдаа 1 сар гаран яваагүй эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэсэн... би эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн... Би сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх эмнэлгээр тогтоолгохгүй. Харин ажилгүй байсан өдрийн зардал болох цалингаа нэхэмжилж байна... Би "Нарны хаан” цэцэрлэгт тогооч ажил хийдэг 1,500,000-2,000,000 төгрөгийн цалин авдаг... Би нохойд хазуулсны улмаас 1 сар гаран ажилгүй байсан ба энэ ажилгүй байсан цалин хөлсөө нэхэмжилж байна. Би 1 сарын 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн цалин хөлс тогооч хийгээд авдаг юм. Өөр нэхэмжлэх эд зүйл байхгүй... Надад 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн цалин хөлсийг гаргаад өгчих өөр хэлж ярих зүйл алга... Би сэтгэцэд учирсан гэм хороо тогтоолгомоор байна... Би 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 23 хоног ажилдаа яваагүй энэ ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 21-22 дахь тал),
4. Шүүгдэгч Б.М***ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр холбогдогчоор өгсөн “...2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагийн үед би өөрийн нохойгоо хашаандаа сул тавьсан. Тухайн үед манай нохойны ороо орсон байсан болохоор хашаанаас гаргаад явуулчихсан юм. Тэгээд өглөө нь буюу 05 цагийн үед нохойгоо хашаандаа оруулах гээд хайгаад олдохгүй болохоор нь би гэртээ буцаад орсон. Гэртээ орж ирээд байж байтал 06 цагийн үед манай нөхөр гэрээс гараад нохойгоо хайгаад удалгүй буцаж орж манай нохой хажуу айлын хүн рүү дайраад урчихлаа гэхээр нь би гэрээс гартал манай нохой хашаанд ороод ирчихсэн байсан. Тэгээд би хажуу айл руу ороод хажуу айлын эгчийг хазуулсан гэх газрыг нь юмаа боогоод нөгөө эгчийн хүүхдүүдтэй хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд тухайн өдөртөө нөгөө айлын хүмүүс цагдаа дуудсан... Би урьд өмнө нохойгоо сул тавьж байсан, гэхдээ хашаанаас гаргаж байгаагүй хашаандаа сул тавьдаг байсан... Тухайн үед манай нохой орилоод улиад байхаар нь би мал эмнэлгээс залгаж яасан талаар асуутал танай нохойны ороо орсон байна, нохойгоо шөнө хашаанаасаа гаргаад золбин нохойтой ч болов хээлтүүлчих танай нохой 1-2 хоног явж байгаад буцаад ирчихнэ гэхээр нь би нохойгоо анх удаа хашаанаас гаргасан... Би урьд өмнө энэ төрлийн зөрчил үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй... Манай нохой урьд өмнө хүн рүү дайрч байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар *** тоотод оршин суудаг юм. Манай нохой олон өдөр гаслаад улиад байсан болохоор мал эмнэлэг рүү залгаад энэ талаараа асуутал нохойны ороо орсон байна та нохойгоо сул тавиад хашаанаасаа гаргаад явуулчихаа 1-2 хоног яваад буцаад хүрээд ирнэ гэхээр нь би 2025 оны 11 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө 00 цагийн үед нохойгоо сул тавиад хашаанаасаа гаргасан юм. Тэгээд үүрээр буюу буюу 05:00 цагийн үед нохойгоо буцаад оруулах гээд хашаанаасаа гараад нохойгоо хайхад байхгүй байсан. Тэгээд нэлээн хайж байгаад 6 цагийн үед гэртээ орж ирээд байж байх үед хашааны гадаа хүн орилохоор нь гараад хартал манай нохой хажуу айлын хөрш болох Ц*** эгчийг хазчихсан байсан тэгээд би нохойгоо салгаж хашаандаа оруулж уяад дараа нь Ц*** эгчийг аваад эмнэлэг орсон... Манайх нохойгоо урд өмнө нохойгоо сул тавьж хашаанаасаа нэг ч удаа гаргаж байгаагүй... Би Ц***гийн биед учирсан дүгнэлттэй уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй. Миний хариуцлагагүй байдлаас болж үүссэн учраас би буруугаа хүлээж байна. Тухайн болсон асуудлын дараа манайх нохойгоо буудуулсан... Манайх цаг хугацаанд нь хийгдэх ёстой тариа эм тариаг бүгдийн хийлгэж байсан... Би Ц*** эгчийг анх эмнэлэгт үзүүлсэн үеэс эхлээд байнга өөрөө хамт явж эмчилгээг нь хийлгэдэг байсан, тухайн үед эм тариа гээд 268.400 төгрөгөөр эм тариа авч байсан мөн Ц*** эгч ажилгүй удаан гэртээ байсан болохоор өөртөө хэрэгтэй зүйлсээ аваарай гээд 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг өгсөн... хүний биеийг хохироосон учраас зохих хуулийн хариуцлага хүлээнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
мөн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өдөр манай нохой хажуу хөрш эгч болох Б.Ц***г хазаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрч гэмт хүлээж байна би энэ асуудалдаа хариуцлага хүлээнэ... Тухайн гэмтлийг манай нохой хазаж гэмтэл учруулсан... Би Ц*** эгчийн хохирлыг барагдуулсан байгаа. Анх нохойд хазуулсан үеэс эхлээд бүх эмчилгээний зардлыг гарсан мөн эм тариа шаардлага бүх зардлуудыг гаргасан Надаас одоо ойролцоогоор 800.000 орчим төгрөгийн зардал гарсан байгаа үүнээс 300.000 төгрөгийн баримт нь надад байгаа... Надад эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй гэртээ эмчийн хяналтад байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал),
7. 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Манай хажуу айлын нохой байсан болохоор олон удаа харсан болохоор таньж байгаа...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 74-78 дахь тал),
8. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан “...Иргэн Б.Ц*** нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоотын үүдэнд эзэнтэй нохойд хазуулж гэмтсэн гэх гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц*** нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 452.000 төгрөгийн тусламж үйлчилгээг авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд Б.М***-с гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү....” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 81 дэх тал),
9. Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шинжээч эмч Т.Хонгорзулын “...1. Б.Ц***гийн биед баруун зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд олон тооны хууларч урагдсан ил шарх, баруун бугалга, шуу, сарвууны ар гадаргуу, хэвлий, зүүн гарын 2,3,4,5 дугаар хуруунууд, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-28 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Шүүгдэгч Б.М*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах" буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 0600 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Ц***г хазаж эрүүл мэндэд нь "баруун зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд олон тооны хууларч урагдсан ил шарх, баруун бугалга, шуу, сарвууны ар гадаргуу, хэвлий, зүүн гарын 2,3,4,5 дугаар хуруунууд, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
3. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3."гэрийн тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг; ойлгохоор, мөн хуулийн зүйл хэсгийн 3.1.1 дэх заалтад 3.1.1."асран хамгаалагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах болон нохой, муурыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад "тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг ойлгохоор тус тус хуульчилжээ. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт асран хамгаалагчийн үүргийг хуульчилсны дотор 9.1.2 дахь хэсэгт гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт гэрийн тэжээвэр нохойг хамааруулан ойлгох бөгөөд амьтанд зохих хамгаалалт хэрэглэх гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлийг хэрэглэхийг ойлгох ба тус гэмт хэргийн халдлагын зүйл нь хүний эрүүл мэнд, амь нас байдаг. Өөрөөр хэлбэл орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас амьтан бусдын амь бие, эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учрахыг ойлгох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах" гэмт хэргийн объектив шинж нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүй байх бөгөөд субьектив тал нь өөрийн тэжээвэр амьтныг хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас тэжээвэр амьтан нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог, уг эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
4. Тодруулбал, шүүгдэгч Б.М*** нь хуульд заасны дагуу өөрийн тэжээж байсан нохойны асран хамгаалагч болох бөгөөд хуулиар тухайн тэжээвэр нохойг бусдад аюул учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэг хүлээх юм. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцахын зэрэгцээ хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээнээс хамаарч Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд өөрийн эзэмшлийн орчиндоо аюул учруулж болох амьтан болох нохойг аюулгүй байлгах тал дээр анхаарал алдаж “нохойны ороо нь орсон тул уяанаас нь суллаад хашаанаас түр гаргасан” буюу зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч руу дайрч гэмтэл хор уршиг учруулж байгаа хайхрамжгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.М***ын эзэмшлийн тэжээвэр амьтан болох нохой нь хохирогч Б.Ц***г хазаж урсан үйлдэл, хохирогчийн биед учирсан баруун зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд олон тооны хууларч урагдсан ил шарх, баруун бугалга, шуу, сарвууны ар гадаргуу, хэвлий, зүүн гарын 2,3,4,5 дугаар хуруунууд, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой ба уг гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Б.М***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” гэж тус тус зохицуулжээ.
3.3. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц*** “...гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлс /23 хоногийн хугацааных/, ...сэтгэцэд учирсан хохирол...” зэргийг,
мөн хохирогч Б.Ц*** нь үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 452,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан баримт[1]-аар тогтоогдох ба холбогдох байгууллагаас уг зардлыг нэхэмжлэхээ тус тус илэрхийлсэн байна.
3.4. Тодруулбал шүүгдэгч Б.М*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц***д 500,000 төгрөг гаргаж өгсөн байх бөгөөд баримтаар нэхэмжилсэн 268,000 төгрөг зэргийг төлж барагдуулсан талаар хохирол төлбөртэй холбоотой асуудалд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас маргаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт харилцан зөрүүгүй тус тус мэдүүлжээ.
3.5. Түүнчлэн хавтаст хэргийн 72 дахь талд “*** цэцэрлэг” БСБ-ийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай албан бичигт “...Б.Ц*** нь МХҮХ ТББ-ын дэргэдэх *** цэцэрлэгт тогоочоор ажилладаг бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 12-ноос 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нохойд уруулж эмчлүүлсний улмаас 23 хоног ажлаас чөлөөлөгдөж эмчлүүлсэн... үндсэн цалин 1,100,000 төгрөг бөгөөд 1 өдөрт ногдох цалин 50,000 төгрөгөөр бодогддог болно....” гэжээ.
Тухайлбал, хохирогч Б.Ц***гийн дээрх гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны буюу 23 хоногийн цалин, хөлс нь 1,150,000 төгрөгөөр тооцогдсон бөгөөд уг тооцогдсон 1,150,000 төгрөгийн цалин, хөлснөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М***ын хохирогч Б.Ц***д төлж барагдуулсан 500,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.
3.6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М***аас 550,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ц***д,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 452,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэв.
3.7. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц*** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Б.М***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Б.М***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М***д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч М*** нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гэм буруу дээрээ маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргаж,
хохирогч Б.Ц*** болон шүүгдэгч Б.М*** нараас тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг тус тус дурдав.
4.4. Шүүгдэгч Б.М***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М***д оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М***д сануулж шүүх шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Б.М***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ургийн овогт Б***гийн М***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М***д оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М***д сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М***аас 550,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ц***д,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.М***аас 452,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц*** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
[1] Хавтаст хэргийн 69-71 дэх тал