Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1887

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М, Ц.Т  нар нь хамтран Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах Ү-2204009 тоот улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Ариг банкнаас зээл авсан ба зээлийн эргэн төлөлт удааширсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2017/02339 тоот шүүгчийн захирамжаар тус банканд 30 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. Б.М, Ц.Т , М.Б, М.Ба нарын өмчлөлд байх Ү-2204009 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг “Х” ХХК-аар үнэлүүлсэн байх бөгөөд тус компани нь бидний хөрөнгийг 42 909 000 төгрөгөөр үнэлжээ. Бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлэх үнийн санал өгөөгүй бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн А зэрэглэлд хамаарах бөгөөд бодит зах зээлийн үнэлгээ нь 60 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийн хооронд байхад хэт нэг талыг барьж бодит зах зээлийн ханшнаас зориуд доогуур үнэлгээ хийсэн нь хууль бус юм. Иймд “Х” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2339 захирамжаар Б.М, Ц.Т  нараас 30 015 000 төгрөгийг гаргуулж, Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.М, Ц.Т  нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч, төлбөр төлөгч Б.М, Ц.Т , М.Б, М.Ба нарт үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй тул хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц давж заалдах гомдолдоо:

… Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэт нэг талын байр суурийг хамгаалж, хуулийг буруу хэрэглэж, буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож шийдвэр гаргасан.

Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны өмнө хуульд заасан эрхийнхээ хүрээнд тухайн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах, гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр "Х" ХХК-ийн хуульд заасны дагуу гуравдагч этгээдээр оролцуулах, өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүйгээр хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхийн аль ч шатанд өөрт шаардлагатай хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхтэй байхад үндсэн эрхийг минь ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан Б.О  нь оролцсон байхад үүнийг шүүх нь үнэлж дүгнэхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд илт эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байхад шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлагатай нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулахгүйгээр хэт нэг талыг байр суурийг хамгаалж, хуулийг буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2017/02339 дугаартай захирамжаар Б.М, Ц.Т  нараас 30 000 000 төгрөгийг гаргуулж, “Ариг банк” ХХК-д олгохоор талуудын эвлэрлийг баталсан бөгөөд шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/14923 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 1361 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 18261598 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 15-18, 24/

 

            Барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах Ү-2204009 тоот улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1598 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03/18261598 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. /хх29,32/

 

            Дээрх хураагдсан эд хөрөнгөд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр болон 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч Б.М, Ц.Т  нар, өмчлөгч М.Б, М.Ба нарт 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотуудаар удаа дараа хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх 34,36,38/

 

            Шинжээч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 42 909 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Х” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Х” ХХК-ийн эрх, үүрэгт хэрхэн сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/02457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ