Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга С.Уянга

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Д.Янжинлхам нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Д.Янжинлхамд холбогдох эрүүгийн 1722000000001 тоот  хэргийг  2017 оны  08 сарын 08-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 41 настай, эмэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам  бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн  Дэлгэрцогт сумын 3-р баг Дэлгэр-Эмт гэх  газар нутаглах,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Дашбэлийн Янжинлхам /РД: ЗЕ76092003/

Шүүгдэгч Д.Янжинлхам нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвд  өөрийн нөхөр болох Б.Батжаргалыг шилээр зүсэж  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Янжинлхам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрцогт  сумын төв дээр өөрийн нөхөр Б.Батжаргалын хамт ирсэн юм. Тэгээд сумын зааланд бөхийн тэмцээн болж байхаар нь  үзээд сууж байтал манай нөхөр хүн хүргэж  өгчихөөд ирье гээд явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь хайгаад явж байтал  сумын зүүн  хойд лагераас гарч ирсэн. Уулзаад яахаараа архи уудаг юм гээд цээж рүү нь гараараа хоёр удаа цохьсон. Тэгтэл мотоциклио газар хэвтүүлээд надаас зугтаасан. Тэгэхээр нь газарт архины хагархай шил байхаар нь аваад араас нь шидсэн. Тэгтэл далны доод хэсэгт нь оноод  цус гараад байхаар нь сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн. Бид хоёр эвлэрсэн. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэв.

2. Хохирогч Б.Батжаргалын “...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрцогт суман дээр бөхийн барилдаан болж байсан. Би бөх үзэж байгаад өдрийн 12 цагийн  орчим  залнаас  гарч Алтаа, Хуягаа, Өсөх гэсэн  найзуудтайгаа таарч  нэг шил архи уучихаад эхнэрээ хайгаад явж байтал  сумын зүүн хойд лагерт эхнэр  өөдөөс гараад ирсэн. Тэгээд хүрээд очтол эхнэр Янжинлхам чи яагаад алга болов, хонь мал хэцүүдлээ гээд миний шилэн хүзүү орчим  цохихоор нь эргээд зугтаатал араас архины шил аваад шидсэн ба миний  зүүн далны  доод хэсэгт оносон. Тэгтэл миний  зүүн  суганы хавирга  орчимоос  бага зэрэг цус гарсан. Эхнэр маань  эмнэлэг  рүү  ярьж түргэн  дуудсан ба манай сумын эмч аймаг  руу  авчирч намайг  үзүүлсэн. Тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн   байгаагүй. Надад ямар нэгэн  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  ...” гэх мэдүүлэг /хх-ийн  11-13-рт/

3. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ны  өдрийн 170200200 дугаартай “ 1.2 Б.Батжаргалын биед зүүн суганы  арын  шугамаар 4-5-р хавирганы түвшинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Б.Батжаргалын  хэлж байгаа цаг хугацаанд үүссэн  байх  боломжтой.  4.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх /хх-ийн 18-рт/ дүгнэлт зэрэг бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Янжинлхам нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвд  өөрийн нөхөр болох Б.Батжаргалын араас архины шил шидсэн, уг архины шил нь хагархай байсны улмаас Б.Батжаргалын биеийг  зүсэж  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Янжинлхам нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Янжинлхам тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Д.Янжинлхамд  Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.Янжинлхамд торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Б.Батжаргал нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй ...” гэснийг   тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн  Дашбэлийн Янжинлхамыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Янжинлхамд дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Янжинлхам нь энэхүү шийтгэх  тогтоолоор оногдуулсан  торгох  ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн 2 хувааж төлөхөөр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Д.Янжинлхам нь энэ хэргийн улмаас  цагдан  хоригдсон хоноггүй,   энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн  хөрөнгөгүй, хохирогч Б.Батжаргал нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Янжинлхамд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ