Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

 

 

 

 

 

  2022             01              04                                          2022/ДШМ/33

                                               

О.М, Б.Х нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

хохирогч, шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Г.Нямсүрэн,

хохирогч, шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч С.Батнасан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1220 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлоор О.М, Б.Х нарт холбогдох 2106000001756 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн О-ын М, 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн *** дугаар баг, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

           

Б овгийн Б-н Х, 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, *** гудамж, *** дүгээр байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

           

            Шүүгдэгч О.М нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 4 дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд Б.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодон, түүний зүүн бугалга, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Х нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 4 дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд О.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодон, биед нь тархи доргилт, баруун шанаа, хүзүүний баруун доор, хүзүүний зүүн доор, цээжний зүүн урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.М, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Оюунболдын М, Баян буурал овгийн Бат-Ирээдүйн Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, Б.Х нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М, Б.Х нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М, Б.Х  нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан. Уг тогтоолыг Б.Хд 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 00 минутанд танилцуулсан болох нь Б.Хгийн гарын үсэг, танилцсан огноогоор тогтоогддог. Гэтэл мөрдөгч хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” санал гаргаж, хэргийг прокурорт шилжүүлдэг. Өөрөөр хэлбзл мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад 2 хоногийн дараа буюу мөрдөн байцаалтын хугацаа дуусчихсан байхад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйл, 31.13 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Яллагдагчаар татсан тогтоолыг Б.Хд танилцуулаад, яллагдагчид эрх, үүргийг тайлбарлан өгч, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагааг явуулсан нь хавтаст хэргийн 41-46 дугаар талд авагдсан байдаг. Уг эрх үүрэг тайлбарласан баталгаа болон мэдүүлэг авах ажиллагааны тэмдэглэлд огноо бичээгүй байгаа нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Б.Х мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө хэмээн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байхад түүнийг өмгөөлөгч авах боломжоор хангаагүй, түүнээс мэдүүлэг авах ажиллагааг дахин явуулаагүй нь мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй”, 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх эрхүүдийг нь хязгаарласан үйлдэл болсон. Б.Х шүүх хурлын үеэр маргааны дараа хийсэн бичлэг, фото зураг зэргийг мөрдөгчид гаргаж өгсөн боловч хавтаст хэрэгт хавсаргаагүй байгаа тухай мэдүүлж, тухайн үед зүүн мөр мултарсан өвчтэй байсны улмаас бусдад гэмтэл учруулах чадваргүй байсан талаараа мэдүүлдэг. Гэвч анхан шатны шүүх хавтаст хэрэгт дээрхи байдал огт дурьдагдаж байгаагүй хэмээн няцаасан бөгөөд миний үйлчлүүлэгч Б.Хгаас яллагдагчаар мэдүүлэг аваагүйгээс дээрхи нөхцөл байдал дурьдагдаагүй, эрхийг нь хязгаарласан үйлдэл болсныг дахин дурьдах нь зүйтэй. Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд Ч.Мөнххуягийн тайлбарыг хавсаргасан байдаг. Уг тайлбарт О.Мын биед учруулсан гэмтлийг цамцаа булаацалдаж байх явцад би учруулсан хэмээн Ч.Мөнххуяг тайлбарлаж бичсэн байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тайлбарын талаар огт мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй бөгөөд хохирогч О.М ч анхан шатны шүүх хурлын үеэр асуусан асуултанд буюу өөрийн биед учруулсан гэмтлийг хэн учруулсан талаар үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байхад миний үйлчлүүлэгч Б.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хэлж байгаа цаг хугацааны талаар анхан шатны шүүх хурал дээр яригдсан. Техникийн шинжтэй алдаа гарсан болохыг үгүйсгэхгүй. Мөн яллагдагчаар мэдүүлэг авахдаа цаг хугацааг бичээгүй байна гэдэг. Энэ хугацааг бичсэнээр хэрэгт ямар ач холбогдолтой талаар мөн анхан шатны шүүх хурал дээр яригдсан. Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд Ч.Мөнххуягийн тайлбарыг нотлох баримтад тооцоогүй гэж байна. Энэ нь тайлбар болохоос биш хууль сануулж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Анх хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гэрч Мөнххуяг, Цэцэгбаяр, хохирогч О.М, Б.Х нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Бүгд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед энэ талаар огт яригдаагүй. О.Мын биед учруулсан гэмтлийг цамцаа булаацалдаж байх явцад би учруулсан гэх зүйл огт дурдагдаагүй. Б.Х нь гэр бүлийн хүн болох Мөнххуягт дарамт учруулсан байх магадлал өндөр байна. О.М нь гэмтлийг Б.Х учруулсан гэдгийг тодорхой мэдүүлсэн. Мөнххуяг нь “би учруулсан байх” гэдэг болохоос биш “би учруулсан” гэж хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн нөхцөл байдал нь хоёр эмэгтэй нэг эрэгтэйг булаацалдаж байгаа юм. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 2 хоногийн дараа танилцуулсан байна гэж он сартай холбоотой асуудлыг олж харчихаад мөрдөн байцаалтын ажиллагааг зөрчсөн гэж ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ” гэж  тодорхойлсон. Прокурорын шатанд хэрэг хянагдаж шүүхэд хэргийг шилжүүлэхэд Б.Х нь хэргийн материалтай танилцаагүй үйл баримт байсан учир прокурорын шатанд танилцуулсан нь үнэн. Харин ч ингэж танилцуулсан нь хэргийн материалтай танилцаж гомдол санал гаргах эрхийг нь хангасан. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаа байгаа тул Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн алдаанд хамаарахгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Б.Х “бичлэг мөрдөгчид өгсөн, миний гар өвчтэй байсан” гэж ярьдаг гэхдээ энэ талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэж байгаа. Энэ нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэх зохицуулалттай. Шүүх хурал дээр шүүгдэгчийн гэнэт хэлж байгаа зүйлийг шинээр нотлох баримт болгож түүн дээр тулгуурлаж дүгнэлт гаргах боломжгүй тул шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд явагдсан гэж үзэж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед Мөнххуяг тайлбар гэх зүйлийг бичиж өгсөн тул мөрдөгч авч хэрэгт хавсаргасан. Мөнххуяг нь өмнө хавтаст хэргийн 20-21 дүгээр талд гэрчээр мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Үүнд нь яагаад маргалдсан, юу болсон талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Дараа нь ийм тайлбар бичиг өгснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх дээр өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.М нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 4 дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд Б.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодон, түүний зүүн бугалга, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Х нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 4 дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд О.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодон, биед нь тархи доргилт, баруун шанаа, хүзүүний баруун доор, хүзүүний зүүн доор, цээжний зүүн урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Мыг хохирогчоор тогтоосон шийдвэр гараагүй байхад түүнээс хохирогчоор мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоосон тогтоол байхгүй байхад хохирогчоор авсан мэдүүлгийг хууль ёсны гэж үзэхгүй бөгөөд шүүх энэ мэдүүлгийг үнэлж, шийтгэх тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.  

Мөн шүүгдэгч Б.Х нь яллагдагчаар мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх 46/-д “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэсэн байхад түүнээс дахин мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасныг зөрчсөн байна.

Эдгээр үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрийн дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн магадлалд заасан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.М, Б.Х нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1220 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.М, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч О.М, Б.Х нарт холбогдох хэргийг прокурорт очтол тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ